| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0035/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М Л-ын Ц-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ..., ... настай, яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... байдаг, ам бүл ..., хамт амьдардаг, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Л-ын Ц /РД: .../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ц нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчим Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ... багийн нутаг дэвсгэрт Lexus-470 LX /лексус-470 лэкс/ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно в/.түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй ... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 23.8 “суудлын автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч насанд хүрээгүй А.У-ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л-ын Ц нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчим Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ... багийн нутаг дэвсгэрт Lexus-470 LX /лексус-470 лэкс/ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно в/.түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй ... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 23.8 “суудлын автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч насанд хүрээгүй А.У-ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-ийн 19/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8-9/, жолоочийн согтуурууах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/, ослын газарт хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17/, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай техникийн эвдрэлийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30/, ... ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 33-37/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 40-48/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50/, ... замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/, шүүгдэгч Л.Ц-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-88/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 96/, Г.М-ын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 99/-ээр санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Л.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Л-ын Ц /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ын Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Ц-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Л.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц