| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0051/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/53 |
| Огноо | 2024-03-20 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/53
2024 03 20 2024/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д, Ө.Н,
Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Нийн Бд холбогдох эрүүгийн 2335000000275 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19....... оны 3 дугаар сарын 20-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин ам бүл 9, эхнэр 7 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын ....... дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Нийн Б /РД:............................./.
Холбогдсон хэргийн утга:
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 4 дүгээр сард Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Нэн ховор амьтан болох Борцгор хотон /Pelicanus crispus/ шувууны хошууг Улаанбаатар хотоос 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр худалдан авч, улмаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн Салхит хороололд оршин суух гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 4 дүгээр сард Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Нэн ховор амьтан болох Борцгор хотон /Pelicanus crispus/ шувууны хошууг Улаанбаатар хотоос 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр худалдан авч, улмаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн Салхит хороололд оршин суух гэртээ хадгалсан болох нь:
Фейсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-8 дахь тал),
Эд мөрийн баримт /Борцгор хотон шувууны хошуу/ хураан авсан тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Цагаанхайрхан сумын иргэн Н.Б борцгор хотон шувууны хошуу хууль бусаар хадгалсан талаар мэдэж байна өөр надад мэдэх зүйл байхгүй. Шинжээч эмч М.Тийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтээр экологи эдийн засгийн үнэлгээг 11.790.000 төгрөг гэж тогтоосон ба тухайн мөнгөн дүнг Н.Б төлж барагдуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дахь тал),
Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний утсаар миний фейсбүүк хаягаар орж Цагаанхайрханы зарын группт хотонгийн хошуу зарна гэж зар оруулсаны дараа тухайн эд зүйлийг хотонгийн хошуу гэдгийн мэдсэн ба урьд өмнө энэ талаар мэдээгүй байсан. Сүүлд энэ асуудал болсны дараа нөхрөөсөө хаанаас авсан талаар асуухад 2021 оны 4 дүгээр сарын сүүлээр хотод Нарантуул зах дээр явж байгаад худалдаж авсан гэж хэлж байсан. Тухайн хүнээ огт танихгүй, зах дотор тааралдаад авах уу гэхээр нь авчихсан гэж хэлж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Манайд галт зэвсэг байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эрхтэн нь шувууны хошуу байна. Уг хошуу нь Борцгор хотон \Pelicanus crispus\ шувууны хошуу байна. Уг эд эрхтнээр тухайн шувууны нас хүйсийг тогтоох боломжгүй. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн нэн ховор амьтны жагсаалтад орсон Борцгор хотон шувуу нь нэн ховор амьтан. Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай Засгын газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор Борцгор хотон 11.790.000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 125 дахь тал),
Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны хавар 4 дүгээр сард Улаанбаатар хот руу ажил гарч явсан ба тухайн үед Улаанбаатар хотод очоод Нарантуул зах дээр хувцас сонирхож явж байтал үл таних эрэгтэй намайг дуудаж уулзсан ба тухайн хүн куртикныхаа дотор талаас урт нарийн нэг зүйл гаргаж ирж үзүүлэн надад хандаж “Хотон шувууны” хошуу байгаа юм. Хурдан морины хөлс хусах сайн, хэл ам сайн дардаг юм. Чи авах уу гэхээр би хямд өгнө гэж хэлэхээр нь би тухайн үл таних хүнд хандаж чи тэгээд хэдэн төгрөгөөр зарах вэ гэж асуухад би бэлэн 2.000.000 төгрөгөөр зарна доош хямдруулахгүй гэж хэлэхээр нь би тухайн үл таних хүнээс хотон шувууны хошуу гэх зүйлийг авч үзэж сонирхож байгаад тухайн үл таних хүнд бэлэн 2.000.000 төгрөг өгч худалдан авч өөрийн жижиг хувцасны цүнхэндээ хийж авч явсан юм. 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр манай эхнэр О гэийн эд зүйл янзалж байгаад авдар дотроос тухайн даавуунд ороосон Хотон шувууны хошууг олж надаас ямар эд зүйл болох талаар асууж тодруулахад би эхнэр От Улаанбаатар хотоос хоёр жилийн өмнө 2.000.000 төгрөгөөр худалдан авсан ба хурдан морины хусуур хийдэг, хэл ам дардаг гэхээр худалдан авсан тухайгаа хэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өвс тэжээл худалдан авах мөнгө төгрөг хэрэг болоод байхаар эхнэр Оийн О Ж, С гэх хаягаас “Хоотонгийн хошуу зарна утас 80........97” гэх утга бүхий тухайн Хотон шувууны хошууны 2 зургийн хамт Увсын Цагаанхайрхан сум албан ёсны бүлгэм гэх фейсбүүк группт нийтэлсэн юм. Би 2022 оны 5 сард Увс аймгийн Баруунтуруун суманд явж байгаад авто аваарт орж толгойндоо хүнд бэртэл авсан ба аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3 удаа толгойн зүүн хэсгийг нөхөх хагалгаанд орж байсан тухайн ослыгн дараагаас миний баруун болон зүүн хэсгийг нөхөх хагалгаанд орж байсан. Би тухайн хүнээс хаанаас яаж агнасан талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Улаанбаатар хотоос Цагаанхайрхан сум руу нийтийн унаанд сууж гэртээ авч ирж гэрийнхээ авдар дотор даавуунд ороож хадгалсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Хууль бусаар ан агнах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдан авсан бол” гэж тодорхойлжээ.
Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эрхтэн нь 39 см урттай, толгойн гавал ястай шувууны хошуу байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 125 дахь тал)-ээр шүүгдэгч Н.Бийн худалдан авсан, хадгалсан шувууны хошуу нь Борцгор хотон шувууны хошуу болох нь тогтоогджээ.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Нэн ховор амьтныг нэрчлэн заасан бөгөөд үүнд Борцгор хотон /Pelicanus crispus/ шувуу багтаж байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д"ангийн гаралтай түүхий эд" гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтэнийг ойлгоно” гэж заасанд толгойн гавал ястай борцгор шувууны хошуу хамаарна.
Шүүгдэгч Н.Б нь нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг бусдаас худалдан авсан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдан авсан...” гэж заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 4 дүгээр сард Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Нэн ховор амьтан болох Борцгор хотон /Pelicanus crispus/ шувууны хошууг Улаанбаатар хотоос 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр худалдан авсан байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж, мөн зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Б нь 2021 оны 4 дүгээр сард Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Нэн ховор амьтан болох Борцгор хотон /Pelicanus crispus/ шувууны хошууг Улаанбаатар хотоос 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр худалдан авсан үйлдэлд нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөр ногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 2 дугаар бүлэгт заасан шувууны 8-д Борцгор хотон /Pelicanus crispus/-ы экологи-эдийн засгийн үнэлгээ 6.570.000 /зургаан сая таван зуун далан мянга/ төгрөг гэж тогтоожээ.
Шүүгдэгч Н.Бөөс Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан /6.570.000x2=13.140.000/ 13.140.000 /арван гурван сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хурааж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Н.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан заасан “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал )-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Амбулаториор эмчлүүлэгчдийн карт (хавтаст хэргийн 101-102 дахь тал), 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан магадлах комиссын шийдвэр (хавтаст хэргийн 103-106 дахь тал)-үүд тус тус хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Бөд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Бөд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Борцгор хотон шувууны хошууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Нийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Бөд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Бөд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Бөөс 13.140.000 төгрөгийг хурааж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Борцгор хотон шувууны хошууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Бөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ