Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2021/00697

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           03             17

                                  184/ШШ2021/00697

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - хаягт байрлах, “Т-” ХХК /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - тоот хаягт оршин суух, Б- овогт Э-ын Э- /РД:-/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - тоот хаягт оршин суух, Б- овогт Э-ын Эл- /РД:-/ нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,944,957 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, хариуцагч Э.Э-, Э.Эл-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зээлдэгч Э.Э-, Э.Эл- нар нь 2018 оны 03 сарын 15-ны өдөр 118030130062 дугаартай зээлийн гэрээгээр “Т-” ХХК-иас тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор 10,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Э.Эл- нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг тооцож үзэхэд 2020 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,999,453 төгрөг, зээлийн хүү 4,116,253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 823,251 төгрөг, гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний зардал 6,000 төгрөг, нийт 11,944,957 төгрөгийн үүрэг үүсээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэг 11,944,957 төгрөгийг хариуцагч Э.Э-, Э.Эл- нараас гаргуулах, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан Киа Бонго-3 маркийн, 2005 онд үйлдвэрлэсэн, хөх өнгөтэй, - арлын дугаартай, - улсын дугаартай, бага оврын ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Э- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Э-, Э.Эл- нараас зээлийн гэрээний үүрэг 11,944,957 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. 2018.03.15-ны өдөр №118030130062 тоот лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өдрийн орлоготой болох зорилгоор 10,000,000 төгрөг авсан боловч Э.Э- миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй болж чихрийн шижин өвчтэй болсон тул ажлаасаа гарч мөн машинаараа тээвэрлэлт хийж өдрийн орлого цуглуулах боломжгүй болсон ба хааяа гарч олсон орлогоо зээлдээ хэсэгчлэн өгсөөр 6,000,000 төгрөг тушаасан байна. Э.Э- би өөрийн биеэр очиж уулзах боломжгүй хөдөө Баянхонгор аймагт сувилалд эмчлүүлж уг зээлийг төлөх боломжгүй болсон учир, 2019 оны 08 сард машиныг зараад зээлийг маань хааж үлдсэн зөрүүг надад олгоно уу гэсэн хүсэлтийг удаа дараа над руу холбогдоход нь хэлж мөн бичгээр хүргүүлж байсан. Ингэхэд өмнөөс нь машинаа манай гараашинд авчирч тавь тэгээд мөнгөө олж ирээд машинаа аваарай гэсэн хариу хэлдэг байсан тул төлөх ямар ч боломж гараагүй өөрөө орлогогүй, ажилгүй хөдөлмөрийн чадваргүй болсон тул хэцүү байдлаа удаа дараа тайлбарлаж байсан хэдий ч энэ байгууллага миний энэ хүндэтгэн үзэх, аргагүй шалтгааныг харгалзаж үзээгүй төдийгүй харин зээлийн хүүгээ авах гэж машиныг зарах ямар ч арга хэмжээ авхуулаагүй. Би үндсэн зээлийн үлдэгдэл 6,999,453 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй. Би энэ мөнгийг машинаараа л төлж барагдуулна. Барьцаа хөрөнгийг зарж борлуулсан мөнгөнөөс зээлийн мөнгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрнө” гэв.

 

Хариуцагч Э.Эл- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...“Т-” ХХК нь Э.Э-, Э.Эл- нараас зээлийн гэрээний үүрэг 11,944,957 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Миний ах болох Э.Э- нь энэ зээлийг 2018 оны 03 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс авах гэхэд зээлдэгч нар нь “Заавал хамтран зээлдэгчтэй байж зээл олгох журам манайд үйлчилдэг, тийм болохоор өөрийн эхнэр, нөхөр аав ээж, ах, эгчийн аль нэгийг дагуулж ир” гэсэн шаардлага тавьсан байсан. Ийм болохоор би банк бус дээр очсон. №118030130062 тоот лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулахад би “зөвшөөрсөн” гэдэг дээр л гарын үсэг зурсан. Энэ гэрээгээрээ надад нэг ч төгрөг өгөөгүй байж өнөөдөр намайг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өгсөн бол нэхэх эрхтэй гэж үзэж байна. Би тэр зээлийн гэрээнд нь батлан даалт гаргаагүй, хөрөнгөө барьцаалаагүй, ийм үүрэг хүлээх орлого ч, хөрөнгө ч байхгүй. Харин Э.Э- өвчний улмаас ажлаа хийж чадахааргүй болоод зээлээ ч төлөх боломжгүй болсон. Энэ зээлийн гэрээнд гарын үсэг зурсандаа би буруудаад байна. Ах нэгэнт нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол би бас зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын хувьд ах маань мэдэх байх” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

“Т-” ХХК нь хариуцагч Э.Э-, Э.Эл- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,944,957 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч    нэхэмжлэлийн    шаардлагын    үндэслэлээ  “...2018 оны 03 сарын 15-ны өдрийн 118030130062 тоот лизингийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 6,999,453 төгрөг, зээлийн хүү 4,116,253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 823,251 төгрөг, гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний зардал 6,000 төгрөг, нийт 11,944,957 төгрөгийг зээлдэгч Э.Э-, Э.Эл- нараас шаардана...” хэмээн тодорхойлов. 

 

Хариуцагч Э.Э- нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...зээлийн үлдэгдэл 6,999,453 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгийг зарж борлуулсан мөнгөнөөс зээлийн мөнгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрнө” гэж тайлбарлав.

 

Хариуцагч Э.Эл- “...зээлийн мөнгөнөөс 1 төгрөг ч аваагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргав.

 

Зээлдэгч Э.Э-, Э.Эл- нар нь автомашин худалдан авах зорилгоор “Т-” ХХК-тай 2018 оны 03 сарын 15-ны өдөр 118030130062 тоот дугаартай “Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ” нэртэй гэрээ байгуулан сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 10,000,000 төгрөгийг зээлсэн байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Киа Бонго-3 маркийн, 2005 онд үйлдвэрлэсэн, хөх өнгөтэй,  - арлын дугаартай, - улсын дугаартай, бага оврын ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг зээлдэгч нар унаж явах нөхцөлтэйгөөр, өмчлөх эрхийг зээлдэгч ““Т-” ХХК-д шилжүүлжээ. Зээлийн төлбөр төлөгдөж, барьцаа хөрөнгийн нэр шилжсэнээр гэрээний үүрэг дуусгавар болохоор тохиролцжээ. /хх-10-11, 56/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 235 дугаар зүйлд заасан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийх хуулийн шаардлага хангасан байна.

 

Хариуцагч нар нь гэрээ байгуулагдсан эсэх, мөн зээлийн үнийн дүнгийн тухайд маргаагүй бөгөөд харин хариуцагч Э.Эл- тухайн зээлийн 10,000,000 төгрөгөөс аваагүй, ах Э.Э-ын гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Зээлийн болон фидуцын гэрээнээс үзэхэд зээлдэгч Э.Эл- нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн, хэлцлийн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, аливаа этгээдийн дарамт шахалт доор гэрээ хийсэн байдал тогтоогдоогүй, эрх зүйн бүрэн чадамжтай, сэтгэцийн өвчингүй байхдаа гэрээ хийсэн байна. Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, гэрээний чөлөөт байдлын зарчмыг үндэслэн хийжээ. Тиймээс түүний тайлбар үндэслэлгүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд зээлдүүлэгчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 24 сар бөгөөд сард 580,000 төгрөгөөр үндсэн зээл болон хүүг төлөхөөр тохиролцсон ба зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 3,000,547  төгрөг, хүүнд 2,351,851 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,602 төгрөг, нийт  5,370,000 төгрөгийг төлжээ. 2018 оны 12 сарын 25-ны өдөр хамгийн сүүлд төлөлт хийж түүнээс хойш нэхэмжлэгчийн тооцоолсон 2020 оны 09 сарын 15-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 6,999,453 төгрөг /10,000,000-3,000,547/ зээлийн хүүнд  4,116,253 төгрөг /2018.12.25-2020.09-15-ныг хүртэл 21 сар буюу 630 хоногийн хүүг 2,8 хувиар тооцоход 4,115,678 төгрөг +хүүний үлдэгдэл 575 төгрөг/ нэмэгдүүлсэн хүүнд 823,251 төгрөг /хүүний 20 хувиас хэтрээгүй/, нийт 11,938,957 төгрөг шаардсан нь тооцооллын хувьд үндэслэлтэй бөгөөд хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нийт 11,944,957  төгрөг шаардсаны 6,000 төгрөг нь нотариатын зардал, 11,938,957 төгрөг нь зээлийн гэрээний үүрэг хэмээн тодорхойлсон ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн нотариатын зардал шаардана хэмээн тайлбарласан боловч уг заалтаар “...гэрээ цуцалсантай холбогдсон бүх хариуцлагыг зээлдэгч хүлээнэ” гэдэг нь нэхэмжлэгч Үндсэн хуулиар заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой гаргасан зардлыг /өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал гэх мэт/ зээлдэгч хариуцах ойлголт биш юм. Тиймээс нотариатын зардалд нэхэмжлэгчээс төлсөн 6,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Э.Э-, Э.Эл- нараас зээлийн гэрээний үүрэгт 11,938,957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох Киа Бонго-3 маркийн, 2005 онд үйлдвэрлэсэн, хөх өнгөтэй,  - арлын дугаартай, - улсын дугаартай, бага оврын ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 276,173 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Э-, Э.Эл- нараас 11,938,957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Киа Бонго-3 маркийн, 2005 онд үйлдвэрлэсэн, хөх өнгөтэй,  - арлын дугаартай, - улсын дугаартай, бага оврын ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 276,173 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ