| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/01124/И |
| Дугаар | 101/ШШ2021/00681 |
| Огноо | 2021-03-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/00681
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Цолмонгэрэл, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Ж-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Д-д холбогдох
Гэм хорын хохиролд 7,570,830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, иргэдийн төлөөлөгч Ц.Бэлэгсайхан, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, *******гийн 1 дүгээр хэсгийн 108 тоотод байршилтай өөрийн өмчлөлийн газар дээр 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бусдаас 10,000,000 төгрөгөөр амьдрах зориулалт бүхий 40 тн-ын контейнер худалдан авч хашаандаа буулгасан. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шатсан. Зүүн талын айлын жижиг амбаар шатах үед хамар хашаа болон миний өмчлөлийн контейнер шатсан. Хажуу айлаас гал алдаж нэг тал хашаа болон контейнер шатах үед манай хойд айл дуудлага өгснөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс болон гал команд ирээд галыг унтраагаад явсан байсан. Гал гарсан айл нь Б.Ж- миний эд хөрөнгө устаж гэмтсэн байхад шалгах шаардлагагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гээд явуулсан байсан. Гал гарсан айлын санал болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.*******ын тайлбарласнаар 50,000,000 төгрөгийн хохирол учраагүй тул хэрэг үүсгэхгүй гээд хэргийг хаасан.Миний бие удаа даараа гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгуулж галаас учирсан гэм хорын үнэлгээг шинжээчээр үнэлүүлэхэд 9,570,830 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Миний бие шатсан контейнерыг 2,000,000 төгрөгөөр үнэлээд худалдсан учир 9,570,830 төгрөгөөс 2,0000,000 төгрөгийг хасаад 7,570,830 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Д.Д-гээс надад учирсан хохирол 7,570,830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, *******гийн 1 дүгээр хэсэг 00 тоот хашаанаас гар гарсны улмаас зүүн талын 00 тоот хашааны зүүн хэсгийн хашааны банз, хашаанд байсан амбаар, амбаар дотор байсан замын хажуугийн брадор цутгадаг 25 ширхэг хэв, эвхээстэй 20 см гаруй утас шатаж хохирсон. Д.Д- миний бие гал гарсан өдөр өөрийн хүү н.Баярсайханыг эмнэлэгт сахиж байгаад гэртээ орж ирээд удаагүй байхад гал гарч байна, ус байна уу гэсээр нэг эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд гал гарсан талаар мэдсэн. Галын дуудлагыг гудамжинд явсан нэг эмэгтэй өгсөн байдаг. Хашааны эзэн н.******* Солонгос улсад ажлаар явсан эхнэр н.******* хүүхдүүдийн хамт 13 дугаар хороололд байр түрээсэлж байсан учир утсаар дуудсан. Мөн Эрдэнтовчийн хашааг харж үлдсэн ээж Туяаг дуудсан. Удалгүй гал унтраах анги ирж галыг унтраасан. Гал унтраах үйл явцад Д.Д-, Туяа контейнерын манаач гэх Мөнхбат нар байсан. Иргэн Туяа Мөнхбат нар тухайн үйл явдлыг зургийг өөрийн утсаар авч бичлэг хийсэн. Хашаа амбаар дотор нь байсан эд зүйлс шатсаныг хараад баруун хашаа руу орж харахад контейнер баруун болон үүдэн хэсгээр доогуур нь хатсан өвс шатсан байдалтай харлаж харагдсан. Контейнер дотор шатсан болон шатаж байгаа ямар нэг шинж тэмдэг огт байгаагүй. Хэрэв дотор нь юм шатсан бол манаач байсаар байтал хаалга үүдийг нь нээгээд гал команд ч гэсэн галыг бүрэн гүйцэд унтраах байсан. Эзэнгүй хашаа хаалга нь онгорхой хэн дуртай нь орж гарсан эвгүй хашаанд тамхины иш цогоос гарчихсан юмнуудаа гээд ярилцаж байтал цагдаагийн 3-4 хүн юу болсон талаар асууж лавлан нөхцөл байдлын талаар асууж зураг авч дуусаад шинжээчийн баг ирсэн эсэхийг асуусан. Хашааны эзэн н.******* Солонгос улсад байдаг учир хашааны эзэн эхнэр хоёр учрыг нь олно биз гээд орхисон. Нэхэмжлэгч нь олон сарын өмнө шатсан контейнераа хэргийн газраас авч явчхаад одоо ямар ч үндэслэлгүй 7,570,830 төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хүүхэд гагнуур хийдэг байсан одоо Солонгос улсад байгаа, хариуцагч ам бүл дөрвүүлээ амьдардаг. Д.Д- эмнэлэг яваад гэртээ ирээд 30 минутын дараа танихгүй хүн хаалгыг тогшоод ус байна уу, гал гарч байгааг хэлсэн. Тухайн хашаа нь хариуцагчийн дүү н.*******ы газар байгаа, өмчлөлийн гэрчилгээ гараагүй, хүргэн н.*******, н.******* нар газрын эзэмшлээ тохироод хариуцагч амьдарч байсан гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "Б.Ж-гийн нэхэмжлэлээр иргэн Д.Д-д холбогдох иргэний шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Иргэн Д.Д-гийн эзэмшлийн хашаа шатсанаас нэхэмжлэгч Б.Ж-гийн контейнер дэх эд зүйлс шатаж хохирол учирсан тухай хэлэлцэв. Иргэн Д.Д- гал гаргасан гэх нотлох баримт байхгүй. Гал гарсан шалтгаан тодорхойгүй бус учир нэхэмжилсэн мөнгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Хоорондоо эвлэрэн хэлэлцсэн нь дээр байх гэж бодож байна" гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж- хариуцагч Д.Д-д холбогдуулан гэм хорын хохиролд 7,570,830 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, *******гийн 1А дүгээр хэсэг 00 , 00 тоотуудад 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 03 минутад иргэн Д.*******ы эзэмшлийн хашаанд байрлах 2*3 хэмжээтэй модон амбаар, иргэн Б.Ж-гийн эзэмшлийн хашаанд байрлах 20 тн багтаамжтай контейнер зэрэг эд хогшил шатаж байсныг Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 63 дугаар анги гал түймрийг унтраасан үйл баримт тогтоогдсон болно./1-р хх-ийн 22-29 дүгээр тал/
Дээрх үйл баримттай холбоотой нэхэмжлэгчийн гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс шалгаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн №3806 тоот тогтоолоор ”гэмт хэргийн улмаас үүссэн болох нь тогтоогдохгүй, цаашид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгах хууль зүйн үндэслэлгүй гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн, тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул Прокурорын тогтоол хүчин төгөлдөр болжээ./1-р хх-ийн 4-20 дугаар тал/
Хавтас хэрэгт авагдсан:
Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 1А дүгээр хэсэг, Улаанхуаран гудамж 108 тоот хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаартай 436 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Ж-г,
хариуцагч Д.Д-гийн эзэмшлийн гэх Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 1А дүгээр хэсэг, Улаанхуаран гудамж 00 тоот хаягт байршилтай ******* нэгж талбарын дугаараар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, тус нэгж талбарт нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших болон өмчлөх эрх олгогдоогүй болох нь баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 37,174, 2-р хх-ийн 4-0 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч “....гал гаргасан айлын хүн миний эд хөрөнгө устаж гэмтэж, надад хохирол учирсан байхад шалгах шаардлагагүй, гомдолгүй, нэхэмжлэх эд зүйлгүй гээд цагдаагийн албан хаагчдыг явуулсан байдаг. Миний бие удаа дараа гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгуулж галаас учирсан гэм хорын хохирлын үнэлгээг 9,570,830 төгрөг гэж шинжээч тогтоосон...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Онцгой байдлын газрын харьяа Гамшиг туршилт шинжилгээний төвийг шинжээчээр томилж, шинжээчийн “......контейнерын дотор талаас утаа гарч байсан болохоор контейнерыг эвдэж орсон гэх гэрчийн мэдүүлгээс үзэхэд гал гарах шалтгаан нөхцөл нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй”, “..... гал гарсан газрын шатсан хэсэгт цэвэрлэгээ, үйлчилгээ засвар хийгдсэн байсан тул галын голомтыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ./1-р хх-ийн 176-186 дугаар тал/
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болох 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №1063/******* дугаар "Гал түймэр унтраасан тухай нотломж"-ийн 10.1-д “Контейнерын баруун хойд хэсгийн шар өвс шатсанаас гал түймэр үүссэн байж болох талаар” түймрийг унтраасан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 1 дүгээр салааны захирагч А.******* бичиж, бүрэлдэхүүн гарын үсэг зурсан байна./хх-ийн 22-29 дүгээр тал/
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1148 дугаар Б.Ж-гаас гаргасан Б33-2382 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан, уг Прокурорын тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс дахин шалгаж, тус дүүргийн Прокурорын газрын 2019 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн 3806 дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан үндэслэлээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. /хх-ийн 8-16 дугаар тал/
Нэхэмжлэгчийн “гэмт хэргийн хохирол 50,000,000 төгрөг хүрээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх тайлбар нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн 3806 дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолоор няцаагдаж байна.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор “Тод үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, *******гийн 1а хэсгийн 00 тоот хашаанд байрлах 40 тн хүн амьдрах зориулалттай вакум цонх, паркетан шал, бүрэн доторлогоо хийсэн контейнерыг 7,370,890 төгрөгөөр, 5 ханатай монгол гэр 1,000,000 төгрөг, гагнуурын аппарат 1,200,000 төгрөг нийт 9,570,830 төгрөгөөр үнэлжээ./хх-ийн 17-20 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч “би контейнерыг 2,000,000 төгрөгөөр бусдад худалдсан, монгол гэрийн хана 1 ширхэг, 5-6 ширхэг унь, гагнуурын аппарат ажиллахгүй болсон” гэж тайлбарлах боловч хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зурагт гал түймэрт өртсөн контейнерын жижиг 2 ширхэг вакум цонхтой талын доторлосон мод шатаж харласан, монгол гэрийн нэг хана, тооно, зуух зэрэг нь дүрслэгджээ./хх-ийн 32-36 дугаар тал/
Нэхэмжлэгч гал түймрийн улмаас өөрт учирсан хохирол болох контейнерыг 2,000,000 төгрөгөөр бусдад худалдсан, гагнуурын аппаратыг дахин ашиглах боломжгүй талаарх эрх бүхий этгээдээс тогтоосон баримтыг зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй нь түүнийг нотлох эрхээ алдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Хариуцагч Д.Д-гийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн контейнерт гал гарч, гэм хорын хохирол 7,570,830 төгрөгийн хохирлыг учруулсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хариуцагчийн гэм буруугийн үйлдэл хөдөлбөргүйгээр нотлогдохгүй, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд “иргэн Д.Д- нь гал гаргасан гэх нотлох баримт байхгүй, гал гарсан шалтгаан тодорхой бус учир харилцан эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн мөнгийг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дурдсан. Иргэдийн төлөөлөгч хариуцагч Д.Д-гээс гэм хорын хохирол нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул түүний дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин талуудыг эвлэрэн хэлэлцэх талаарх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 74 дүгээр зүйлийн 74.1, 00 дугаар зүйлийн 00 .3-д “Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзнэ." гэж зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх сайн дурын эрхээ эдлээгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байх тул талуудыг эвлэрэн хэлэлцэх боломжтой гэсэн түүний дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүйг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д-д холбогдох гэм хорын хохиролд 7,570,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 136,083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЯНЖИНДУЛАМ