Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

  2024         03            21                                           2024/ШЦТ/54

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.Б,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.У,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Бийн Бд холбогдох эрүүгийн 2335002400012 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны 01 дүгээр сарын 16-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн ......... сумын .......... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй О овогт Бийн Б /РД:....................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хэвгийн адаг гэх газарт 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шороон гадаргуутай зам дээр улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикль жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.в, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч иргэн Д.Сын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хэвгийн адаг гэх газарт 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шороон гадаргуутай зам дээр улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикль жолоодож яваад осол гаргаж зорчигч иргэн Д.Сын амь насыг хохироосон болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-15 дахв тал),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-28 дахь тал),

Амь хохирогчийн Д.Сын өвчний түүх (хавтаст хэргийн 30-58 дахь тал),

Мотоцикльд хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 61-64 дэх тал),

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бгийн “Би 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Сагил сумын төвд байсан бөгөөд Э.Б над руу утсаар залгаад 15 цагийн орчимд залгаад “С толгойн хагарсан ухаангүй байна”гэж надад хэлсэн бөгөөд би сумын эрүүл мэндийн төвөөс эмч аваад явсан. 17 цагийн орчим би Б гэх айлын гадна очиход амь хохирогчийг профокс маркийн тээврийн хэрэгсэл дотор оруулж суулгачихсан байсан. Мөн уг тээврийн хэрэгслийн арын суудал дээр Б.Бөөрөө сууж байсан. Эмч амь хохирогч болон Б.Бнарыг биеийг үзэж дулаан газар оруулах шаардлагатай байна гэхээр нь Баярхүүгийн гэр лүү оруулж гэрийн баруун тал амь хохирогчийг хэвтүүлээд шингэн залгаж эмчилгээ хийсэн. Харин Б.Бийг гэрийн зүүн талаар хэвтүүлж эмчилгээ хийсэн бөгөөд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Б.Бнь миний нөхрийг мотоциклтой ирж авснаас болж зам тээврийн осолд орж амь насаараа хохирсон. Би Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, тушаал, журам, аргачлалтай, танилцан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт заасан “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс шийдвэрлэнэ” гэх заалтыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88, 92-93, 95 дахь тал),

Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 10 цагийн орчимд Б.Б, Д.С хоёр манай гэрт ирээд цай уугаад мэнд ус мэдээд гарсан. Манайд ирэхдээ ямар улаан өнгийн мотоциклтой ирээд удаагүй. Б.Б, Д.С нар манай гэрт ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл эрүүл байсан бөгөөд манай гэрээс гараад явсан дахин эргэж ирээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

Гэрч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн малын гэр нүүлгэж байгаад 12 цагийн орчим Б, С нар миний урдаас мотоцикльтой ирж байсан. Би Увс аймгийн Сагил сумын 3-р багт байрлах Мөст гэх газраас Түргэн сумын Даваагийн булаг гэх газар луу өөрийн портер маркийн .... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэрээ нүүлгэж байсан юм. Тухайн үед Б.Б мотоцикль жолоодож байсан ба ард нь Д.С ах суугаад явж байсан бөгөөд миний урдаас ирэхдээ мотоцикл нь хоёр тийш дайвалзаж байсан болохоор би зам тавьж өгөөд машинаа зогсоогоод өнгөрөөсөн. Би цааш хөдлөөд Түргэн сумын нутаг Давааны булаг гэх газарт гэрээ буулгачихаад өөрийн төрсөн эцэг Ц.Эын хамт буцаж малаа авахаар явсан юм. Буцаж явж байх замд Сагил сумын 3-р багийн нутаг Хэвийн адаг гэх газарт байх далангийн зам дээр замаас гарч осолдсон мотоциклийг хараад машинаа зогсоогоод яваад очиход мотоцикль сайр руу орж осолдсон мотоциклийн амаржин хугарч урд дугуйн салсан хажууд нь Б.Б, Д.С ах ухаангүй байсан бөгөөд Б нь Д.С ахыг дэрлэчихсэн байсан. Намайг гэрээ ачаад өвөлжөө рүүгээ нүүж байх замд осол болсон газраас 3 км зайд таарахад Бэгз мотоцикль жолоодож байсан. Бийн ард амь хохирогч Д.С ах сууж явсан. Харин машинд сууж явахдаа Б.Б ах юм ярьж чадахгүй байсан бөгөөд мотоцикль хэн жолоодож байгааг асуусан боловч Бэгз ах хариулаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-102, 104 дэх тал),

Гэрч З.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Б, Д.С хоёр 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн орчим мотоцикльтой ирсэн. Манайд ирээд Экс нэртэй 0.75 литрийн 2 шил архи аваад явсан. Дахиж буцаж манайд ирээгүй. С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан харин Б.Бнь эрүүл байх шиг байсан. Мөн Б.Б мотоцикль жолоодож явсан болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж бодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-109 дэх тал),

Гэрч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Д.Стай Увс аймгийн Сагил сумын 3-р баг “Толгойн өтөг” гэх газарт хамт өвөлжиж байгаа юм. Д.С ах гэртээ ганцаараа байдаг бөгөөд би гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт өвөлжиж байгаа юм. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө Б.Б мотоцикльтой манай гэрт ирээд Д.С ахтай уулзаад дагуулаад явсан. Тухайн үед Б.Б, Д.С хооронд юу ярьсныг мэдэхгүй хамт гараад явсан. Тухайн үед ойролцоогоор 9 цагийн орчим байх өглөө хонь бэлчээрт гаргахын урд талд Б.Бах ирээд Д.С ахыг дагуулаад явсан. Б.Бах, Д.С ах хоёр Б.Бахын мотоцикльтой яваад буцаж ирээгүй. Б.Б, Д.С ах хоёр манай гэрийн гаднаас мотоцикльтой хөдлөхдөө архи уугаагүй эрүүл хөдөлсөн. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111-113 дахь тал),

Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт эхнэр Ө, хүү Б, бага хүү Э төрсөн ах К /хөгжлийн бэрхшээлтэй/, төрсөн дүү О /хөгжлийн бэрхшээлтэй/ нарын хамт “Мөс” гэх газраас гэрээ нүүлгээд “Даваагийн булаг” гэх газар луу явж байсан юм. Тэгээд замд 12 цагийн орчимд санагдаж байна осол болсон газраас холгүй “Бөөрөг” гэх газарт Б.Б, Д.С нартай зөрсөн юм. Б.Б, Д.С нар улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой явж байсан бөгөөд Бэгз жолоо барьчихсан явж байсан. Харин Д.С ард нь сууж явж байсан. Тухайн үед би өөрийн хүү Батбаярын хамт явж байсан бөгөөд гэрээ “Давааны булаг” гэх газар буулгачхаад буцаад малаа авахаар явсан. Тухайн үед 15 цагийн орчим байх малаа авах гээд явж байх замд “Хэвгийн адаг” гэх газарт Бэгз, Сүхтулга нар осолдчихсон байсан бөгөөд миний хүү Батбаяр машинаа зогсоогоод осол болсон газар дээр хүү Батбаярын хамт очиход Б.Б, Д.Снар ухаангүй байсан. Харин мотоцикл урд амаржин хугарч дугуй нь салчихсан байсан. Хүү Б Б.Бийг очоод сэрээхэд Б.Б ухаан ороод босоод ирсэн. Харин Д.Сыг сэрээх гэхээд ухаан орохгүй байсан бөгөөд хүү Бын хамт өргөөд машинд оруулж суулгасан. Харин Б.Бөөрөө босоод хөлөөрөө машинд суусан. Тэгээд машинд суулгаад Б гэх хүний гэрт Б.Б, Д.Снарыг үлдээгээд Сагил сумын эрүүл мөндийн төв болон хэсгийн төлөөлөгчид мэдэгдчихээд хүү Б бид хоёр мал руугаа явсан. Би мал дээр очоод үлдээд хүү Быг буцаагаад Бгийн гэр лүү явуулсан. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал),

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Бээс авсан гэх 108111811 дугаартай хуруу шилтэй цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. Б.Бнь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Б.Бээс авсан гэх 108111811 дугаартай хуруу шилтэй цусанд слиртийн агууламж илрээгүй О.Бэгзээс цусны дээж авах үед эрүүл байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 124-125 дахь тал),

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 103 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Д.Саас авсан гэх 108111996, 108111740 дугаартай хуруу шилтэй цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. Д.Снь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Д.Саас авсан гэх 108111996, 108111740 дугаартай хуруу шилтэй цусанд слиртийн агууламж илрээгүй Д.Саас цусны дээж авах үед эрүүл байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 131-132 дахь тал),

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Амь хохирогч Д.Сын биед баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун, зүүн чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны язарч хууларсан шарх, баруун хацар ясны нумын хугарал, духны баруун хэсэг, баруун зулайн хуйханд, баруун нүдний гадна буланд, зүүн хөмсөгний дотно дээд талд, зүүн нүдний гадна буланд, дээд, доод уруул, баруун шилбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд, зүүн зулайн хуйханд, баруун тохой, баруун, зүүн далны хэсэгт, баруун өгзөг, баруун, зүүн хөлийн уланд 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал, тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун, зүүн чамархайн суурь хзсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны язарч хууларсан шарх, баруун хацар ясны нумын хугарал, духны баруун хэсэг, баруун зулайн хуйханд, баруун нүдний гадна буланд, зүүн хөмсөгний дотно дээд талд, зүүн нүдний гадна буланд, дээд, доод уруул, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн чихний дэлбэнд, зүүн зулайн хуйханд, баруун тохой, баруун, зүүн далны хэсэгт, баруун өгзөг, баруун, зүүн хөлийн уланд 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтлүүд нь нам температурын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Д.Сын биед үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч Д.Снь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас тархи хавагнан гавлын дотоод даралт ихсэж тархи шаантаглан тархины багана хэсэг буюу амьсгал зүрх судасны төвийн дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 137-141 дэх тал),  

Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны 15 дугаартай “LXYPCM08B0196458 арлын дугаартай мустанг-5 загварын тээврийн хэрэгсэлд хянах самбар хагарсан, урд 2 амартизатор тасарсан, урд кырло тахийсан, хянах самбарын хамгаалалт гулзайж бэхэлгээ тасарсан, тоормосны пидал салж унасан, тормосны чөмөг мултарч тахийсан, банк баруун урдуур хонхойсон, баруун урд дөрөө тасарсан зэрэг эвдрэл гэмтэл гарсан байв. Тоормослохтой холбоотой эд анги тоормосны пидал салж унасан, тоормосны чөмөг мултарч тахийсан” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 151-152 дахь тал),

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Замдаа би өөрийн адуугаа хайж явсан бөгөөд нуурын хажуугаар явахдаа өөрийн адуугаа харж явсан. Мөн нуурын ойр орчимд будан буусан байсан, мөн урдаас салхилж байсан. ...далан дагаж замаасаа гараад явж байтал урд жалга таарсан. Тухайн жалгыг би будан татаж, урдаас салхилж байсан болохоор хараагүй учраас шууд яваад орчихсон. Тэгээд мотоцикль осолдож би ухаан алдсан Нэг ухаан орох үед амь хохирогчийн хамаатны хүн Э.Б намайг тэвэрчихсэн ахаа сэрээрэй гээд орилж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 177-178 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь  Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Б.Бнь “Мустанг-5“ загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж тодорхойлсонд энэ тохиолдол хамаарч байна.

Шүүгдэгч Б.Б нь “А” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь (хавтаст хэргийн 11 дэх тал)-аар тогтоогдож байна.

Жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж,

Мөн дүрмийн 3.4.в-д “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж,

Мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.Снь нас барсан байна.

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Амь хохирогч Д.Сын биед баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун, зүүн чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны язарч хууларсан шарх, баруун хацар ясны нумын хугарал, духны баруун хэсэг, баруун зулайн хуйханд, баруун нүдний гадна буланд, зүүн хөмсөгний дотно дээд талд, зүүн нүдний гадна буланд, дээд, доод уруул, баруун шилбэнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд, зүүн зулайн хуйханд, баруун тохой, баруун, зүүн далны хэсэгт, баруун өгзөг, баруун, зүүн хөлийн уланд 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал, тархины гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун, зүүн чамархайн суурь хзсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны язарч хууларсан шарх, баруун хацар ясны нумын хугарал, духны баруун хэсэг, баруун зулайн хуйханд, баруун нүдний гадна буланд, зүүн хөмсөгний дотно дээд талд, зүүн нүдний гадна буланд, дээд, доод уруул, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн чихний дэлбэнд, зүүн зулайн хуйханд, баруун тохой, баруун, зүүн далны хэсэгт, баруун өгзөг, баруун, зүүн хөлийн уланд 2 дугаар зэргийн хөлдөлт гэмтлүүд нь нам температурын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Д.Сын биед үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч Д.Снь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас тархи хавагнан гавлын дотоод даралт ихсэж тархи шаантаглан тархины багана хэсэг буюу амьсгал зүрх судасны төвийн дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 137-141 дэх тал)-ээр амь хохирогч Д.С ослын улмаас нас барсан болох нь тогтоогдож байна.

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн “Б.Бийн биед баруун хацар, баруун хоншоорын хөндийн урд болон арын хана, баруун нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны нийлмэл хугарал, зүүн дээд 5-р шүд (25-р шүд)-ний булгарал, баруун доод 6,7-р шүд (46, 47-р шүд)-ний хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 157-158 дахь тал)-ээр шүүгдэгч Б.Бийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байна.

Шүүгдэгч Б.Бнь “Мустанг-5“ загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зорчигч Д.Сын амь нас хохирсон явдалтай шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Бнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас Д.Сын амь нас хохирсон байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт 8.739.132 төгрөгийн 4 төрлийн зээл, буяны ажил болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал 11.694.490 төгрөг, Талийгаачийг оршуулах, аймгаас сум руу авч явах шатахууны зардал 3.009.445 төгрөг, осол гарсан газарт бөө авч очиж тахиулах, буяны ажилд оролцсон лам нарын гар цайлгасан хохиролд 3.500.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохиролд 99.000.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ШТМ-ын зарлагын падаан 123.005 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс 7.500.000 төгрөг төлсөн учир нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасаж тооцоод 118.566.082 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

1. Зээлийн тухайд

Амь хохирогч Д.Сын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкнаас авсан 3.000.000 төгрөгийн “Малчин, мал бүхий этгээдийг дэмжих зээл”-ийн үлдэгдэл 665.496 төгрөг,

- 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкнаас авсан 3.500.000 төгрөгийн “Малчны зээл”-ийн үлдэгдэл 2.217.066 төгрөг, нийт 2.882.562 төгрөгийн зээл нь хэрэг учрал гарахаас өмнө авагдаж, зориулалтын дагуу зарцуулагдан, үр шимээрээ хуваарийн дагуу төлөгдөж байсан тул үлдэгдэлийг хамтран зээлдэгч, хамтран зээлдэгч байхгүй тохиолдолд амь хохирогчийн өв залгамжлагч төлөх үүрэгтэй.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бгийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкнаас авсан 4.250.000 төгрөгийн “Хадгаламж барьцаалсан зээл”-ийн үндсэн зээл, зээлийн хүү 4.941.759 төгрөг,

-2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкнаас авсан 790.000 төгрөгийн “Хадгаламж барьцаалсан зээл”-ийн үндсэн зээл, зээлийн хүү 914.821 төгрөг,  нийт 5.856.580 төгрөгийн зээл нь энэ гэмт хэргийн улмаас хор уршигт тооцогдохгүй тул зээлдэгч өөрөө хариуцан төлөх үүрэгтэй.

Иймд дээрх 4 төрлийн зээл 8.739.132 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

2. Сэтгэцэд учирсан хохирлын тухайд

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны буюу сэтгэцэд учирсан хохиролд 99.000.000 төгрөгийн нэхэмжилсэн.

 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж хуульчилжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.

Дээрх зүйл хэсэгт зааснаар амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хор уршгийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (550’000)-г 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгчээс 82’500’000 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бт олгож, илүү нэхэмжилсэн 16.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Оршуулгатай холбогдон гарсан болон бусад зардлын талаар:

Амь хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх явцад гарсан болон оршуулга, түүнтэй холбоотой зан үйл гүйцэтгэхтэй холбогдон 18.326.950 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн  хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн зүгээс 7.500.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул төлсөн хохирлыг хасаж тооцоход 10.826.950 төгрөгийн хор уршиг төлөгдөөгүй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон оршуулгын зардал 10.826.940 төгрөг дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр 82.500.000 төгрөгийг нэмж, нийт  93.326.940 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7.500.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөнг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 10.826.950 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар 82.500.000 төгрөг, нийт 93.326.950 төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б олгож, 25.239.132 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Бнь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Бээс авсан гэх 108111811 дугаартай хуруу шилтэй цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. Б.Бнь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Б.Бээс авсан гэх 108111811 дугаартай хуруу шилтэй цусанд слиртийн агууламж илрээгүй О.Бэгзээс цусны дээж авах үед эрүүл байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 124-125 дахь тал)-ээр шүүгдэгч Б.Бийг эрүүл байсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Бурьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 182 дахь тал)–аар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдал болон зан төлөвийн талаар Гэрч Б.Эын өгсөн: “Б.Бнь төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, догшин зан авиргүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг тааруулаад хэрэглэчихдэг, зөөлөн дөлгөөн, хар бор ажилд сайн, тусч цайлган сэтгэлтэй, тусархаг, эелдэг зөөлөн, мал маллах ухаан хурц хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал), Гэрч Т.Агийн өгсөн: “Б.Бнь төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, догшин зан авиргүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг тааруулаад хэрэглэчихдэг, зөөлөн дөлгөөн, хар бор ажилд сайн, тусч цайлган сэтгэлтэй, тусархаг, эелдэг зөөлөн, мал маллах ухаан хурц хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

   Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн “Б.Бийн биед баруун хацар, баруун хоншоорын хөндийн урд болон арын хана, баруун нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны нийлмэл хугарал, зүүн дээд 5-р шүд (25-р шүд)-ний булгарал, баруун доод 6,7-р шүд (46, 47-р шүд)-ний хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 157-158 дахь тал)-ээр шүүгдэгч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал буюу өөрийнхөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж,  3 /гурав/ жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Бнь Увс аймгийн Сагил сумын нутаг мал маллан нүүдэллэн амьдардаг бөгөөд Сагил сумын малчинд өвөлжөө-хаваржаа-зуслан-намаржаа нүүх замдаа Түргэн сумын нутгаар зайлшгүй дайрч өнгөрдөг, эрүүл мэндэд нь учирсан хохирол буюу гэмтлээ зайлшгүй 2 дугаар шатлалын эмнэлэг буюу Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай байдлуудыг харгалзан ялтан Б.Бэд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Сагил-Түргэн-Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Б.Бнь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 мотоцикль битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 шил архи, хар өнгийн хос савхин бээлий, мотоциклийн толгой хэсгийн 3 ширхэг хагархай хэсгийг тус тус  устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч О овогт Бийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчисний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж,  3 /гурав/ жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Бэд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Сагил-Түргэн-Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Б.Бнь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч Б.Бээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 10.826.950 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар 82.500.000 төгрөг, нийт 93.326.950 гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бт олгож, 25.239.132 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч 7.500.000 төгрөгийн хохирол төлснийг дурдсугай. 

8. Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 мотоцикль битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 шил архи, хар өнгийн хос савхин бээлий, мотоциклийн толгой хэсгийн 3 ширхэгийг хагархай хэсгийг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ