Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 48

 

Я.Э-, С.О-, Г.Б-

Б.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0124/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.МанлайБ- даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                     Б.Батсүх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч        Ө.Өлзиймаа

Нарийн бичгийн дарга                Б.Мандуул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолтой, С-ын О-, Б-гийн Ц-, Г-ийн Б-, Я-гийн Э- нарт холбогдох, 1918007670587 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

М- Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Ц- овогт С-ын О-.

М- Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Ц-.

М- Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, М- овогт Г-ийн Б-.

М- Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, С- овогт Я-гийн Э-.

Шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нар нь бүлэглэн, 2019 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” баараар үйлчлүүлж байхдаа тус баарны үйлчлэгчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар тухайн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Г-, цагдаагийн ахлагч Ч.Б-, цагдаагийн дэд ахлагч Ч.Х-, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.О- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ц- овогт С-ын О-, Б- овогт Б-гийн Ц-, М- овогт Г-ийн Б-, С- овогт Я-гийн Э- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ц- овогт С-ын О-, Б- овогт Б-гийн Ц-, М- овогт Г-ийн Б-, С- овогт Я-гийн Э- нарт тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нарт оногдуулсан торгох ялын 2.700.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд сард 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нарт анхааруулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1,9.т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

Хууль сахиулагч нар шүүгдэгч С.О-ыг хамт яваа эхнэр Я.Э-ад хариуцуулаад явуулах боломжтой байхад эрүүлжүүлнэ гэж буруу шаардлага тавьсан нь цагдаагийн албан хаагчдын шаардлага хуульд нийцсэн эсэхэд эргэлзээ төрж байна.

“Эрүүлжүүлэх” гэдэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хэвийн бус яваа этгээдийн амь насыг хамгаалах, түүнийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдэхээс, өөрөөр хэлбэл согтуурлын улмаас өөрийгөө жолоодох чадвараа ямар нэгэн хэмжээгээр алдсан этгээд гэмтэж бэртэх, осолдох, хүйтний улиралд осгох, бусдын хууль бус үйлдэлд өртөж хохирох, бусдад гэмтэл учруулах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрахаас сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллага, албан тушаалтны зүгээс авч байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл эрүүлжүүлэх ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбогдсон үйл ажиллагаа биш, харин ч хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажиллагаа юм.

Хууль сахиулагчид нь Цагдаагийн албаны тухай хууль, дүрэм, журамд нийцүүлэн албан үүргээ гүйцэтгэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.д зааснаар шаардлага тавих эрхтэй. Уг шаардлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчөөгүй байх, Эрүүлжүүлэх журмыг зөрчөөгүй байх ёстой.

Гэтэл хэргийн үйл баримтаас үзэхэд “баарнаас гар” гэсэн шаардлага тавихад “гарахгүй” гэж эсэргүүцсэн юм уу, “эрүүлжүүлнэ, машинд сууцгаа” гэсэн шаардлага эсэргүүцсэнээс үйл явдал өрнөөд байгааг тодорхой нотлоогүй.

Нөгөөтэйгүүр хохирогчоор тогтоогдсон хууль сахиулагчид албан үүргээ биелүүлэхдээ тухайн үед шүүгдэгч нарын хууль зөрчсөн яг ямар үйлдэлд, ямар шаардлагыг хэн, хэнд, ямар байдлаар тавьсныг хэн хэн хэрхэн яаж шаардлага эсэргүүцсэн, ямар үндэслэлээр эрүүлжүүлэх байр луу хүргэх арга хэмжээ авч хүний эрх чөлөөнд халдах болсон, эрүүлжүүлэх байр луу хүргэхээс өмнө согтуурал шалгах багаж хэрэглэсэн эсэх тодорхойгүй.

Шүүгдэгч тус бүрийн үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, тогтоол ойлгомжгүй шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэсэн нь хангалттай тогтоогдоогүй.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарт холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Тухайн асуудлыг эв зүйгээр зохицуулж чадаагүйгээс үүдэж маргаан болсон байдаг. Хууль сахиулагчийн шаардлага нь хууль ёсны байх ёстой бөгөөд цагдаагийн албаны дүрэм журамд нийцээгүй. Эрүүлжүүлэхийн эмч, цагдаа н.А- нарын мэдүүлгээр 1 бүхэл ч хүрээгүй согтолттой байсан, тухайн үед гэр бүлийн хүн нь хамт явж байхад гэрт нь хүргэж өгч болох байсан. Гэмт хэрэг биш зөрчил байж болно гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Цагдаагийн албан хаагч нар нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй. Маргаан үүссэний улмаас цагдаа нар үүрэг авсны дагуу очсон. Хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх санаа зорилго шүүгдэгч нарт бүгдэд нь байсан. Цагдаагийн алба хаагч нар шүүгдэгч нарт 1 цагийн хугацаанд шаардлага тавьсан болов ч хэн нь ч биелүүлээгүй бүгд эсэргүүцэж байсан. Шүүгдэгч нар цагдаагийн алба хаагчдыг хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлүүдийг гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нарыг бүлэглэн, 2019 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” баараар үйлчлүүлж байхдаа тус баарны үйлчлэгчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар тухайн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Г-, цагдаагийн ахлагч Ч.Б-, цагдаагийн дэд ахлагч Ч.Х-, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.О- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нарт тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялын 2.700.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд сард 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нар “Queen” бааранд үйлчлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус баарны ажилчидтай “архиа ууж дуусаагүй байхад хаах цаг боллоо гэж баарнаас гарахыг шаардсан” гэх шалтгаанаар маргалдаж, Г.Б- нь хамгаалагч Пүрэвжавыг заамдаж маргалдахад баарны ажилтан С.О- нь эргүүлийн цагдаа Ч.О-, Ч.Б-, Ч.Х- нарыг дуудсан ба тэд С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нарыг хэрүүл маргаанаа зогсоох шаардлага тавихад хууль сахиулагч цагдаа нарыг эсэргүүцэж зууралдаж, улмаар Я.Э- нь цагдаа Ч.Б-ын нүүр лүү нь цохиж,  өвлийн куртканы баруун талын ханцуйны оёдол хэсгээр нь, ханцуйнд байрлах бүчийг, ногоон өнгийн хантаазны баруун суга болон зүүн талын энгэрт байрлах хувийн дугаарыг оёж бэхэлсэн хэсэг зэргийг урсан, мөн О.Г-гийн баруун гарын долоовор хурууг хазсан, цагдаа Ч.Х-тай зууралдаж ногоон өнгийн хантаазыг урж, энэ үед түүний “Ipone-8 plass” загварын гар утас унаж эвдэрсэн, Б.Ц- нь цагдаа нарыг “та нарыг ажилгүй болгоно шүү” гэж заналхийлж, цагдаагийн дуудлагаар ирсэн албаны 76-09 ДАР улсын дугаартай “Хьюндай гранд старекс” маркийн автомашины хойд талын гуперыг өшиглөж хагалсан, С.О- нь “ерөөсөө та нартай үзнэ, та нар хэнтэй харьцаж байгаагаа мэдэж байна уу, та нар намайг уурлуулвал юу болохыг мэдэж байна уу” гэж цагдаагийн жолооч О.Г-гийн толгой, нүүр лүү нь гараараа цохисон, Г.Б- нь цагдаа нарыг “намайг хэн гэдгийг мэдэх үү, надаар оролдвол дэмий юм болно шүү” гэх мэт үг хэллэг хэлж, хууль сахиулагч нарын албан үүргээ биелүүлэх үед тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, тэднийг түлхэх, цохих, хувцсыг нь урах, мөрдсийг нь хуулах, биед нь халдах зэрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж сүрдүүлсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч нарын мэдүүлэг, гэрч Н.Г-, Н.У-, Б.П-, С.О-, Д.А-, Д.Ц- нарын мэдүүлэг, хохирогч О.Г-, Ч.Х- нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 905, 906 дугаар дүгнэлт, Цагдаагийн газрын эзэмшлийн “Хьюндай гранд старекс” маркийн автомашины хойд гупер 200.000 төгрөг болохыг үнэлсэн “Капитал зууч” ХХК-ийн 2019-10-29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

               Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулсан хэдий ч шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б-, Я.Э- нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв. 

              Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн ... шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:   

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.О-, Б.Ц-, Г.Б- нарт хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2., 3.3., 6.7 дугаар зүйлийн 1.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Я.Э-ад зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай...гэж өөрчилсүгэй. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч  С.О-, Б.Ц-, Г.Б- нар тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                            Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ