Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0421

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А С Э Т********” ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б******, Ц.Т****** нар,

Маргааны төрөл: “А С Э Т********” ХХК-ийн зөрчилд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б******, Ц.Т******нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-25210000041 тоот нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь хуульд нийцсэн эсэх татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*****, хариуцагч О.Б******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*****, Ж.Д*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А С Э Т********” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б******, Ц.Т******нар холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б******, Ц.Т******нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-25210000041 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б******, Ц.Т****** нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-25210000041 тоот нөхөн ногдуулалтын актаар 2018 оны 446,114,400.0 төгрөгийн зөрчилд 44,611,440.0 төгрөгийн нөхөн татвар, 13,383,432.0 төгрөгийн торгууль, 8,922,288.0 төгрөгийн алданги, нийт 66,917,160.0 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.

3.Улмаар нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          4.Нэхэмжлэгч “А С Э Т********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

          1/Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б******, Ц.Т****** нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА25210000041 тоот нөхөн ногдуулалтын актаар 2018 оны 446,114,400.0 төгрөгийн зөрчилд 44,611,440.0 төгрөгийн нөхөн татвар, 13,383,432.0 төгрөгийн торгууль, 8,922,288.0 төгрөгийн алданги, 66,917,160.0 төгрөгийн төлбөр ногдуулсан актын тэмдэглэл хэсэгт зөрчлийн талаар дурдахдаа 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчил илрүүлж “Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэж тогтоосон.

          Гэвч хариуцлага хүлээлгэхдээ Татварын ерөнхий хуулийн 84-р зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага”-д нэмэгдсэн өртгийн албан татварыг зөрчсөн зөрчилд оногдуулах зүйлийг тодорхой хуульчилж өгсөн байхад Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийг баримтлан хуулийг буруу хэрэглэж хариуцлага оногдуулсан гэж үзэж байна.

          2/Манай компани нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Э” ТӨҮГ-тай 490,725,840 төгрөгийн 60 тн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулж барааг нийлүүлэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлбөрийн баримт /и-баримт/-ыг бүртгэж хүргүүлсэн. Бид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2018.0.04-ны өдөр 10,000,000 төгрөгийн борлуулалтыг хийж, сайн бүртгүүлж 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин 490,725,840 төгрөгийг и-баримтын системд дураар НӨАТ-ын суутган төлөгчөөр бүртгэсэн юм. Үүнээс өөр борлуулалтыг манай байгууллага хийгээгүй болно. Эдгээр нь татварын албаны и баримтын системд хадгалагдсан байгаа.

          Энэ талаар татварын хяналт шалгалтын явцад татварын улсын байцаагчид тайлбар өгч ТӨҮГ-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээ болон 490,725,840 төгрөгийн төлбөрийн баримтыг 2 удаа буюу нэмэгдсэн өртгийн албан татваргүй /2018.05.28/, нэмэгдсэн өртгийн албан татвартай /2018.06.04/, мөн 10,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн и-баримтуудыг үйлдсэн.

          Гэтэл татварын байцаагч 490,725,840 төгрөгийг Нэмэгдсэн өртгийн босго давсан нэмэгдсэн өртгийн албан татваргүй борлуулалт бүртгэсэн болохыг ч харгалзан үзээгүй, тодруулж асуугаагүй, нэмэлт материал шаардахгүйгээр 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн НА-25210000041 тоот нөхөн ногдуулалтын актаар 66,917,160.0 төгрөгийн төлбөрийг ногдуулсныг /нөхөн, торгууль, алданги/ ногдуулж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2, 5.6 заалтыг харгалзан үзэхгүй нөхөн ногдуулалтын актаар өндөр төлбөр ногдуулсан.

          3/Манай “А С Э Т********” ХХК нь санхүү татварын тайлангаа аккуэл сууриар бүртгэх бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 "нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-ын Бараа, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг дор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт, нэхэмжлэл үйлдсэн өдөр”, гэх заалтуудыг харгалзан үзэхгүй, орлого хүлээн зөвшөөрсөн төлбөрийн баримтын талаар тодруулга ярилцлага хийхгүйгээр Татварын хяналт шалгалтыг хийж Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т заасан татвар төлөгчийн эрх үүргийг эдлүүлээгүй.

          4/“Нөхөн ногдуулалтын акт"-ны тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тул тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудалд эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан  дараах зарчмыг үндэслэн тогтооно”....... мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн 44,611,440.0 төгрөгийн нөхөн торгууль, 8,922,288.0 төгрөгийн алданги, нийт 66,917,160.0 төгрөгийн төлбөр ногдуулахдаа татвар, 13,383,432.0 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ямар хуулийн, ямар заалтыг үндэслэн хэдэн хувиар ногдуулсан болох нь тодорхой бус, нөхөн ногдуулалтын актад дурдагдаагүй байгаа нь “нөхөн ногдуулалтын акт” ойлгомжгүй, хуульд нийцээгүй, тодорхойгүй, утга найруулгын хувьд алдаатай акт тогтоож, манай компанид хариуцлага ногдуулсан байна.

          Дээрх дурдсан үндэслэлүүдийг авч үзэхэд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б******, Ц.Т******нар нь “нөхөн ногдуулалтын акт” үйлдэхдээ Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д заасныг зорчиж хуульд нийцээгүй, тодорхойгүй, утга найруулгын хувьд алдаатай акт тогтоож, хариуцлага оногдуулсан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэг ".Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно", мөн хуулийн 37.6 дахь хэсэг “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу НА-25210000041 тоот "нөхөн ногдуулалтын акт”-ыг хууль бус захиргааны

акт гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б******, Ц.Т****** нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 66,917,160.0 төгрөгийн төлбөр ногдуулсан НA-25210000041 тоот "нөхөн ногдуулалтын акт”-ыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б******, Ц.Т****** нар нь “А С Э Т********” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж,  2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-24210000041 тоот нөхөн ногдуулалтын актаар 66,917,160 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсныг манай компанийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

“А С Э Т********” ХХК нь “Э *****" ТӨҮГ-тай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 490,725,740 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулж, бараагаа нийлүүлэн, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлбөрийн баримтаа бүртгүүлсэн. “Э *****" ТӨҮГ нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчтэй гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлнэ гэж шаардлага тавьсны дагуу манай компани нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 490,725,740 борлуулалтыг 2 удаа бүртгүүлсэн. Манай компанийн зүгээс татварын хяналт шалгалтын байцаагч нарт 2 ижил дүнтэй борлуулалт бүртгэсэн байна гэж тайлбарласан боловч үнийг харгалзан үзэлгүйгээр НА-24210000041 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 66,917,160 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсныг хэтэрхий өндөр дүн бүхий төлбөр ногдуулсан гэж үзэж байна. Тус төлбөр ногдуулсан нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-д заасныг үндэслэн  44,611,000 төгрөгийн нөхөн татвар,  13,383,432 төгрөгийн торгууль, 8,922,180 төгрөгийн алданги, нийт 66,917,160 төгрөгийн төлбөр ногдуулахдаа нөхөн татвар, торгууль, алдангийг ямар хуулийн ямар заалтыг үндэслэн, хэдэн хувиар ногдуулсан нь тодорхой бус, тухайн акт нь ойлгомжгүй, хууль нийцээгүй байна гэж үзэж байна. Мөн Татварын хяналт, шалгалтын үйл ажиллагааны журмын 6 дугаар зүйлийн 6.5.1-д “тэмдэглэх хэсэгт: хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн мэдээлэл, хяналт шалгалт хийх үндэслэл, өмнөх хяналт шалгалтад хамрагдсан байдал, шийдвэрлэлт, татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал /татварын төрөл, он тус бүрээр/, хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, дүн, зөрчсөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, татварын акт үйлдэх үндэслэл”-ийг тусгана гэж заасан байдаг. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар 44,611,440 төгрөгийн нөхөн татвар, 13,383,432 төгрөгийн торгууль, 8,922,280 төгрөгийн алданги, нийт 66,917,160 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан актын тэмдэглэл хэсэгт зөрчлийн талаар дурдахдаа “...2018 оны нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчил илрүүлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1, 8.1.1 дэх заалтыг зөрчсөн...” гэж тогтоосон атлаа харин хариуцлага хүлээлгэхдээ Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийг дурдсан байдаг. Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага” гэж тодорхой заасан байхад тус хуулийн 82 дугаар зүйлийг үндэслэсэн байна. Дээрх үйл баримтаас харахад татварын улсын байцаагч нар нь нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ Татварын ерөнхий хууль, холбогдох журам болон Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчиж, хуульд нийцээгүй, тодорхойгүй, утга найруулгын алдаатай актыг гаргаж хариуцлага ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5, 37.6-д заасны дагуу хууль бус захиргааны акт үйлдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу татварын улсын байцаагчийн НА-24210000041 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

5.Хариуцагч Ц.Т******, О.Б****** нар шүүхэд гаргасан  татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ “А С Э Т********” ХХК-д 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр татварын хяналт шалгалт хийх томилолт олгогдож шалгаснаар 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр НА-25210000051 дугаартай нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэсэн.

2/Татварын хяналт шалгалтад хамрагдсан 2018 онд 446,114,400.00 төгрөгийн “Э *****” ТӨҮГ-т нийлүүлсэн химийн бодисын борлуулалтын орлогыг тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;", 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж заасныг зөрчсөн.

3/Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 82 дугаар зүйлийн 82.1.2-д  "төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар." Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно: 84.1.2.нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй;” гэж заасныг баримтлан хариуцлага ногдуулахад татвар төлөгчийн эрх зүйн байдал дордож татварыг нөхөн төлүүлж мөн 40 хувийн торгууль ногдуулахаар байсан.

4/Татварын улсын байцаагчийн актаар дээрх зөрчилд хариуцлага ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөн татварт 30 хувийн торгууль ногдуулсан.

5/Мөн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна." /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж заасныг үндэслэн 20 хувийн алданги ногдуулсан болно. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг хэрэглэсэн ба Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар актыг хэвээр баталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2018 онд “Э *****” ТӨҮГ-тай хийсэн химийн бодисын борлуулалтын орлогыг тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган тооцоолол хийгээгүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, “Голомт” банкны дансны хуулга, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл зэргийг өгөн, сайн дураар нэмэгдсэн өртгийн албан суутган төлөөлөгчөөр бүртгүүлж, суутган төлөгчийн гэрчилгээ авсан. Ингэж гэрчилгээ авсан өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Э *****” ТӨҮГ-т борлуулалт хийж, ажил гүйлгээ, борлуулалт, төлбөрийн баримт үйлдсэн. Тэгэхээр тухайн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг ажил гүйлгээ хийж, төлбөрийн баримт үйлдсэн өдөр гэж үзнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.2.2-т энэ талаар тодорхой заасан байдаг. Тус хуулийн 10.2.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт, нэхэмжлэл үйлдсэн өдөр” гэж заасныг үндэслэн дээрх заасан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг, мөн хуулийн 10.2-т “Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно” гэж заасан. Үүний дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ аван, тухайн өдрөө төлбөрийн баримт үйлдэн, “Э*****” ТӨҮГ-т хийсэн борлуулалтаасаа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй гэдэгт нь хариуцлага хүлээлгэсэн. Татварын ерөнхий хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 84 дүгээр зүйлийн  84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно”, 84.1.2-т “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж заасан. Татварын ерөнхий хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль мөн гарсан. Тухайн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль буюу шинэчилсэн хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэхэд тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байдаг. Тэгэхээр 40 хувийн торгууль, 40 хувийн алданги нэхэмжлэгчид тавигдах гээд байсан учраас татварын төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс тухайн дагаж мөрдөж журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг баримтлан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу 20 хувиар алдангийн хэмжээг, харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг баримтлан 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулсан. Иймд хариуцлагын хувьд татварын төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байна. Харин үндсэн төлбөрийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн өдрөөс төлбөрийн баримтаа үйлдэж, борлуулалтаа хийсэн учраас нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэн нөхөн ногдуулах акт ногдуулсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б******, Ц.Т****** нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-25210000041 тоот нөхөн ногдуулалтын актаар 2018 оны 446,114,400.0 төгрөгийн зөрчилд 44,611,440.0 төгрөгийн нөхөн татвар, 13,383,432.0 төгрөгийн торгууль, 8,922,288.0 төгрөгийн алданги, нийт 66,917,160.0 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.

          2.Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гээд 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна” гээд 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гээд, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж тус тус заажээ.

          3.Нэхэмжлэгчээс “төлбөрийн баримтыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн, хууль буруу хэрэглэсэн” гэж, хариуцагчаас “гэрээний төлбөр 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлөгдсөн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль хэрэглэсэн” гэж тус тус маргажээ.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно” гэжээ.

          4.Нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт, өргөдөл гаргасныг хүлээн авч, мөн өдөр № 0054325 дугаар гэрчилгээг олгожээ.

 5.Нэхэмжлэгч нь “Э*****” ТӨҮГ-тай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2017/04-21 дугаар гэрээг байгуулж, гэрээний дагуу нийлүүлсэн барааны төлбөр 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн болох нь Голомт банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

6.Хэдийгээр нэхэмжлэгч нь уг худалдан авалтын тайланг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн гэх боловч энэ нь төлбөрийн нэхэмжлэх байх бөгөөд 2017/04-21 дугаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн, гэрээний төлбөр 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн, уг худалдан авалтаа огт тайлагнаагүй зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагч нарын дүгнэлт хуульд нийцжээ.

7.Харин маргаан бүхий захиргааны актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримталжээ.

Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно:, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж тус тус заажээ.

          8.Дээрх зөрчил нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны / үйлчлэлд хамаарах бөгөөд хариуцагч нараас маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүрээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хуулийн /2008 оны / 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасныг тайлбарлан хэрэглэсэн бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

          9.Хариуцагч нараас маргаан бүхий захиргааны актын тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэсэн нь маргаан бүхий зөрчлийг үгүйсгэх, зөрчлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.  

          Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг баримталсан хэдий ч үндэслэх хэсэгт баримтлах ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, зөрчлийн талаар дээрх хуулиудад нийцүүлж зөв дүгнэлт хийсэн, дээрх алдаа нь процессын шинжтэй байх тул хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүрээр зүйл,  Татварын ерөнхий хуулийн /2008 оны / 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “А С Э Т********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б******, Ц.Т****** нарт холбогдох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б******, Ц.Т****** нарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн НА-25210000041 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ