Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1044

 

Ч.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04056 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д-д холбогдох

 

3 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т,

Хариуцагч Д.Д-,

Хариуцагчийн өмгөөлөгч А.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.О- би 2017 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 3 дугаар орцонд байрлах дугуйн дэлгүүрээс дугуй худалдан авахаар болсон ба худалдагч Д.Д- хүүгийн минь сонгон авсан дугуйг 2 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд 2017 оны 08 дугаар арын 02-ны өдөр урьдчилгаа гэж түүний Хаан банк дахь 5166318224 тоот дансанд 1 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх мөнгийг дугуйг авахдаа өгөхөөр тохирсон. Гэтэл тэрээр мөнгөө яаралтай шилжүүл, дугуйн үнэ 3 100 000 төгрөг болсон. Маш сайн чанартай дугуй, танай хүүхэд 18 нас хүртлээ унахад ямар нэг асуудал гарахгүй гэж хэлсэн учраас өөрийн эгч Ч.Насанжаргалын Хаан банкны 5041306003 тоот данснаас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2 100 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 3 100 000 төгрөгөөр уг дугуйг худалдан авсан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр уг дугуй хойд хэсгээрээ хугарсан. Иймд эдийн доголдол буюу чанар муутай дугуйг надад худалдсан учир би Д.Д руу утасдаж “дугуй эвдэрчихлээ, чанартай дугуй гэсэн ч чанаргүй дугуй байна” гэдгийг хэлсэн ба тэрээр аваад ир гэсний дагуу дугуйг өгч явуулсан. Үүнээс хойш одоог хүртэл сураггүй болсон бөгөөд хүн явуулж Ц.Д-тай уулзуулахад “засварын зардал 600 000 төгрөг гарна” гэж хэлсэн ба уг мөнгийг намайг төл гэсэн бөгөөд би төлөх боломжгүйгээ хэлсэн. Надад эдийн доголдолтой, чанар муутай унадаг дугуй нийлүүлсэн дугуйны үнэ 3 100 000 төгрөгийг Д.Д-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Намсрай гэх фэйсбүүк хаягнаас үйлчлүүлэгч холбогдон “хямдавтар бартаат замын уулын унадаг дугуй сонирхож байна” гэсэн ба манай дэлгүүрт захиалаад ирэх боломжтой бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийн бартаат замын уулын дугуй захиалахаар болсон. Ч.О- нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба захиалга ирэхээс өмнө унадаг дугуйны зарим нэг эд ангийг сайжруулан нэмэлт тоноглолтой болгохыг захиалагчийн зүгээс хүссэн бөгөөд сайжруулсан нийт өртөг 3 500 000 төгрөг болсон тухай Ч.О-д мэдэгдсэн.

Дугуйны эмээлийн доод хэсгээр амаржинтай болгосон, Японы шиманогийн тоноглол буюу араа, гинж, дөрөө, урд, хойд тоормосыг сольсон бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 2 100 000 төгрөгөө дансаар шилжүүлсэн. Ч.О-ын худалдан авсан дугуйг энд авчирч угсарсан бөгөөд нэхэмжлэгч тал дугуйгаа шалгаад авсан. Миний хувьд ямар нэг компани, хуулийн этгээдийн өмнөөс худалдаа хийдэггүй. Би худалдан авагч Ч.О-ын хүсэлтийн дагуу дугуйныхаа үнийг 2 100 000 төгрөг болтол нь бууруулахад хамгаалалтын бээлий, цамц зэрэг 270 000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг бэлэглэхийг надаас шаардсан ба н.Намсрай болон хамт ирсэн ахад нь боломжгүй бол заавал авах шаардлагагүй, урьдчилгаа 1 000 000 төгрөгийг нь буцааж өгөх боломжтойгоо хэлсэн. Тэд дугуйгаа аваад явсан бөгөөд үүнээс хойш 28 хоногийн дараа 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дугуйны рамыг хугалчихлаа гээд зургийг нь явуулсан ба зургийг нь шалгаж үзэхэд хэрэглээний гэмтэл байсан.

Би Тайвань руу дугуй худалдаж авдаг газар руугаа Ч.О-ын мессежээр явуулсан дугуйны зургийг явуулахад тухайн газар хэрэглээний гэмтэл гэж надад хэлсэн. Гэхдээ надад энэ талаар баримт байхгүй ч би өөрөө дугуй унадаг хүн болохоор сайн мэдэж байна. Би Ч.О-д гэмтсэн рамыг засуулах эсвэл солих боломжтой, засуулахад 350 000 төгрөг, бүтэн солиход 680 000 төгрөгийн өртөгтэйг хэлсэн бөгөөд хэд хоногийн дараа надад унадаг дугуйг авчирч өгсөн. Үүнээс хойш Ч.О- нь нэг бол бүтнээр солиулна, эсхүл засуулмаар байна гэсэн эргэж буцсан зүйл ярьж байсан.

Засварын хөлс 350 000 төгрөгийг төлөөд дугуйгаа авч болно. Унадаг дугуйг буцаах тохиолдолд би тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглээ, эд ангийнх нь элэгдэл, хорогдлыг тооцож үзээд тухайн худалдан авсан үнийн талыг нь буцааж өгөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Д-аас 3 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 64 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04056 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ “дугуйны эмээлийн доод хэсгээр амаржинтай болгосон, Японы шиманогийн тоноглол буюу араа, гинж, дөрөө, урд, хойд тоормосыг сольсон” энэ үйлдэл нь үйлдвэрээс зориулалтын дагуу ирэх ёстой байсан унадаг дугуйг нэхэмжлэгчийн зүгээс өөрчлөхийг хүссэн идвэхитэй үйлдэл байгаа. Учир нь эхэлж 2 000 000 төгрөгөөр зарах гэж байсан унадаг дугуйг Ч.О- нь нэмэлт тоноглол хийлгэснээр 1 100 000 төгрөг болж нэмэгдсэн. Тус дугуй хэрэглээний гэмтэл буюу рам нь амаржин тавьсан газраараа хугарсан гэмтэлтэй байна.

Мөн шийдвэртээ “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар, иж бүрдлийн талаар ямар нэг дутагдалтайн улмаас худалдан авагчийн хэрэгцээг хангаж чадахгүй эд хөрөнгийг биет байдлын доголдолтой хөрөнгө гэх ба худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, өөр төрлийн эд хөрөнгөөр солих, боломжгүй бол үнийг төлнө” гэж үзсэн бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар ижил нэр төрлийн дугуйгаар сольж өгөх нь худалдагчийн үүрэг байтал анхан шатны шүүхээс хэрэглэх байсан хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй бөгөөд өөр төрлийн эд хөрөнгөөр солиулах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн “Хариуцагч Д.Д- нь нэхэмжлэгч Ч.О-д биет байдлын доголдолтой хөрөнгө нийлүүлсэн нь тогтоогдсон тул тэрээр худалдан авагч буюу нэхэмжлэгч Ч.О-ын шаардсанаар үнийг төлөх үүрэгтэй байна” гэж үзсэн нь мөн адил Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасныг үнэлж үзээгүй, нэхэмжлэгчийн хүсэл зориг болох дугуйны загвар болон үндсэн рамд өөрчлөлт оруулсан, хэрэглээний гэмтэл зэргийг анхан шанты шүүхээс үнэлж үзээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, үндэслэл болгосон баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Хариуцагч Д.Д-д холбогдуулан 3 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч Ч.О- нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас уулын болон бартаат замын зориулалттай унадаг дугуйг 3 100 000 төгрөгөөр худалдан авсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь дугуйны үнэд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 2 100 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөгийг хариуцагчид түүний Хаан банкны дансаар шилжүүлж, унадаг дугуйг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нь хүлээн авч хэрэглэсэн боловч дугуйны рам хугарч, зориулалтын дагуу унаж хэрэглэх боломжгүй болсонтой холбоотойгоор мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дугуйг хариуцагчид буцаан өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 3-7 дугаар тал/

 

Худалдсан эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй тохиолдолд биет байдлын доголдолтой гэж үзэх тул хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчжээ. Хариуцагч уг биет байдлын доголдлыг мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар арилгах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хариуцагч хэрэглэгчийн буруу хэрэглээний улмаас дугуйны рам хугарсан байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Дугуйны гэмтэл юунаас болсныг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлт шүүхэд гаргаагүй байна.

 

Хариуцагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлэх болон доголдлыг арилгах үүргээ зөрчсөн гэж түүнд шилжүүлсэн 3 100 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан агуулгаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу татгалзаж, хариуцагчаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 3 100 000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Хариуцагч хуулиар хүлээлгэсэн доголдлыг арилгах үүргээ хэрэгжүүлээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж шилжүүлсэн зүйлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй болно.

 

Иймд шүүх гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн зүйлийг биет байдлаар буцаан шаардах үндэслэлийг тодорхойлсон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч доголдлыг арилгуулах талаар шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04056 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-аас 3 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                           Ш.ОЮУНХАНД

 

                                                   С.ЭНХТӨР