Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-тхолбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ц.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ч.О-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс Самсунг А-14 маркийн гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Ч.О-д 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Эрүүгийн **************  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ч.Оийн эзэмшлийн хар өнгийн “Тоёота кроун” загварын тээврийн хэрэгслээс Самсунг А-14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Од 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М-н өгсөн:“...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Оийн өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Мөрөн сумын 1 дүгээр хороонд байдаг “Далай” гэх эрэгтэй найзындаа Энхмаа, Батзаяа, ..........М.ө гэх Энхмаагийн таньдаг ах нарын хамт өөрийнхөө хар өнгийн сгоwn маркийн машинтай очсон. Тэгээд тэднийд ганц шил архи уучхаад тэднийхээс явахдаа машин бариулахаар Баттогтох гэх найзыгаа дуудсан. Баттогтохыг ирэхэд нь би Энхмаа, Батзаяа, М.... нарын хамт тэднийхээс машинтайгаа яваад гэр гэрт нь хүргэж өгөхөөр эхэлж Энхмааг 05 дугаар хороонд хүргэж өгөөд дараа нь Батзаяа ******** хоёрыг Мөрөн сумын 10 дугаар хороонд хүргэж өгөхөөр очсон. Тухайн үед машин дотор Батзаяа, М........, Баттогтох бид дөрөв байсан юм. М.ө, Батзаяа буух үед машин дотор Батзаяатай тоглоом шоглоомоор хоорондоо ноцолдсон, тэр үед миний утас машины голын хайрцагт дуугарч байсан, тэгээд удалгүй Батзаяа, М...хоёр буусан, би Баттогтохтой хамт гэр рүүгээ явахаас өмнө утас байхгүй болсныг мэдээд утас руугаа хоёр удаа залгахад утас дуудаж байсан, гурав  дахь удаа залгахад холбогдох боломжгүй  болсон. Тухайн үед Баттогтох  миний утсыг  ******** гэх залуу  машин дотор арын суудал дээр бариад сууж байгаад аваад буусан, би тухайн үед өөрийнх нь утас юм байна гэж бодсон юм гэж хэлсэн. Мөн ******** би утасгүй болчихоод байна гэж Баттогтоход хэлж байсан гэж ярьсан. Баттогтох хэлэхдээ ********г гэртээ хүргүүлэхгүй юм уу гэхэд нэг мөсөн Батзаяагийн тэнд бууя гэж хэлсэн байсан. Батзаяагийн гадаа ******** буугаад Батзаяа гэртээ ороод ******** өөр тийшээ явсан байсан. Миний утас Самсунг А-4 загварын  ногоон өнгийн  ар хэсэгтээ  дараалсан 3 камертай  эвдрэл  гэмтэлгүй утас байсан.  Тухайн алдагдах  үедээ  өнгөгүй  цагаан  өнгийн гэртэй  байсан. Би Хөвсгөл аймгийн Мобиком салбараас  2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөгөөр үнэлж байна. Согтолт гайгүй байсан. Бага зэрэг халаалттай байсан... Би алдсан гар утастайгаа адил загварын буюу Самсунг А-14 маркийн гар утас буцаан авч гар утасны хохирлоо барагдуулсан. Гэхдээ гар утасны үнэлгээ хийлгэхэд би үнэлгээчний ажлын хөлсөнд 30.000 төгрөг төлсөн. Мөн цагдаагийн байгууллагаас дуудах бүр нааш цааш ирж очиход таксигаар явсан нийт 40.000 төгрөгөө нэхэмжилмээр байна. Энэ хохирол мөнгөө тооцох юм бол би нийтдээ одоо 70.000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Би утсаа алдаад хэд хоног гар утасгүй явсан, мөн цагдаагийн байгууллагаар нааш цааш ирж очиж мэдүүлэг өгөх гээд цаг зав, ажлаа алдсан болохоор гомдолтой байна. Миний гар утсыг авсан бол өгчих гэхэд аваагүй гээд өгөхгүй гүрийгээд байсан болохоор би тэрэнд бас гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 26 тал/,

Гэрч Д.Сүхбатын өгсөн: “ ... 2023 оны яг сайн сар өдрийг нь мэдэхгүй байна манай найз гэх залуу ирээд Самсунг-А14 маркийн гар утсыг надад 200.000 төгрөгөөр зарсан. Би тухайн гар утсыг шалгаж үзээд худалдаж аваад буцаагаад хүнд зарсан ийм зүйл болсон. Манай найз Дэлгэрбаян гэх залуу ирээд Самсунг -14 маркийн гар утсыг шалгаж үзээд  худалдаж  аваад буцаагаад  хүнд зарсан ийм зүйл  болсон. Манай найз Дэлгэрбаян  хувиараа бизнес хийдэг холбоо барих дугаар нь 88280006 дугаарын утастай. Би хүнээс утас худалдаж авахдаа өөрийнхөө сим картыг хийж шалгаж авсан 88061576 гэсэн дугаар миний дугаар мөн Самсунг-А14 маркийн гар утас байсан. Би тэрийг бол мэдээгүй манай найз Дэлгэрбаяр таксинд явж байгаад өөрийнхөө таньдаг залууд зарсан юм гэж хэлж байсан. Тухайн гар утсыг өөр хүнд зарсан Дэлгэрбаян өөр адилхан загварын гар утас худалдаж авч өгсөн гэж байсан. Миний тухайд гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  33-34, 36 тал/,

Гэрч Ц.Дэлгэрбаянгийн өгсөн: “...Ц.М миний төрсөн дүү байгаа юм. 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр би таксинд явж байтал манай төрсөн дүү Ц.М машинд орж ирээд утас авах уу гэхээр нь би Самсунг-А14 маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь зах дээр авч очоод утас зардаг зүс таних Сүхээ гэх хүнд  200.000 төгрөгөөр зарсан ийм зүйл болсон. Манай эхнэр Д.Отгонхүү, Ц.М бид гурав л байсан. Миний өөрийн гар утас гэж хэлсэн юм. Ганц юм уух гээд мөнгөний хэрэг болсон гэж байсан. Бэлнээр  150.000 төгрөг өгөөд Самсунг-А14 маркийн гар утсыг авсан. Танина миний төрсөн дүү байгаа юм архи дарс уугаад байхаар би харьцдаггүй юм...Би Ч.Од дахин адил загварын гар утас 200.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн... Тэр мөнгөө дүүтэйгээ ярьж тохироод авлага өглөггүй болсон... Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  39-40, 42 тал/,

Гэрч Б.Батзаяагийн өгсөн: “...Тухайн өдөр намайг О.Л  машинтайгаа манайхаас намайг ирж авсан,  тухайн үед Энхмаатай ирсэн байсан. Тэгээд бид гурав 1 дүгээр багт Далай гэх найзындаа очих замд Энхмаагийн найз гэх ******** гэх залуу тааралдахаар нь түүнийг хамт аваад Далайгийнд очсон. Бид нар Далайгийнд очоод тэнд хоол идчихээд нэг шил архи уусан, тэгээд тэднийхээс явах болоход Отгонгэрэл машинаа эрүүл хүнээр бариулна гээд Баттогтох гэх найзыгаа дуудсан. Баттогтох ирээд О.л машиныг Баттогтох унаад бид нарыг гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тухайн үед бид нар бага зэрэг согтсон байсан.  Эхлээд Энхмааг гэрт нь хүргэж өгөөд дараа нь ********г гэрт нь буулгах гэтэл танай үүдэнд  хамт бууя гээд гэрийнхээ гадаа буугаагүй. Энхмааг гэрт нь буулгаж  өгчихөөд  явж байхад  машины дунд талын хайрцагт цагаан өнгөггүй гэртэй утас харагдаж байсан,  тэгээд манай гадаа ирэхэд ******** надтай хамт буусан, машинд явж байхад ******** надад утас байхгүй гэж ярьж байсан, нэг утас нэг утас дуугараад байсан, тэр утсыг ******** барьсан  сууж байснаа надтай манай хашааны үүдэнд  буухдаа аваад буусан, ******** хамт буугаад манай хашааны гаднаас  гэр рүүгээ явсан. Тухайн үед би утас аваад буух үед нь утасгүй гэж хэлж байсныг санаагүй гэртээ орсон. Дараа нь бодоход О.л утас алга болчихлоо гэж асуухад нь ******** гэх залууг утасгүй гэж ярьж байснаа утас аваад бууж байсан талаар санаж байгаа юм.  Тухайн залуу бага зэрэг согтолттой байсан. Хэтрүүлж хэрэглэсэн зүйлгүй байсан. Бид нартай тааралдахаасаа өмнө уусан байж магадгүй. Сайн танихгүй, архи уудаг, архины хамааралтай. Эрхэлсэн тодорхой ажилгүй залуу байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Гэрч П.Отгонхүүгийн өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын сүүлээр би нөхөр Ц.Дэлгэрнямтай явж Мөрөн сумын 10 дугаар хороо Цалгиун гэх дэлгүүр дээр явж байтал Ц.М гар утас авах уу гээд зогсож байсан. Тэгэхээр нь үзэж харж байгаад 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Самсунг-А14 маркийн гар утас зарсан яг өнгийн бол сайн хараагүй, манай нөхөр Ц.Дэлгэрбаяр, Ц.М бид гурав л байсан. Бэлнээр 150.000 төгрөг өгөөд Самсунг-А14 маркийн гар утсыг авсан. Надад Самсунг-А14 маркийн гар утас зарсан хүнийг одоо харвал танина манай нөхрийн төрсөн дүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн ТХҮ-923/8375 дугаартай:“...тус үнэлэгдэж буй Самсунг-14 гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 52-54 тал/,

Үүрэн холбооны “Юнител” грүппийн Хөвсгөл аймаг дахь салбарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12-01/475 дугаартай: “... 352072271694427 имей кодтой утсанд 88280006 дугаарыг 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 05-нд хийж ашигласан байна.  88280006 дугаар Доржсүрэн Отгонхүү, РВ76101101, Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг “Шувуут” хавсралтаар дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагааг хүргүүллээ...” албан бичиг, хавсралт /хх-ийн 74, 102-114 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

           Ч.Оийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 10 тал/,

Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 13-17 тал/,

Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

Шүүгдэгч Ц.Мийн өгсөн:“... Би 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр байсныг сайн санахгүй байна, хамт архи ууж байсан хүмүүстэйгээ хамт О.л гээд хүүхний машинд явж байгаад буухдаа машин дотор байсан гар утсыг нь аваад буучихсан. Тэгээд би тэр гар утсаа ах Дэлгэрбаянд миний гар утас байгаа юм гэж хэлээд зарсан. Мөнгөөр нь архи уусан. Тэгээд дараа нь манай ах өөр адилхан гар утас авч өгч  хохирол барагдуулсан. Миний тухайд өөрөөсөө 220.000 төгрөг Дэлгэрбаян ахад өгч, адилхан гар утас олоод өгөөрэй гэж хэлсэн. Намайг ******** гэдгээр нь хүмүүс сайн мэддэг юм. Манай найз нөхөд хамт архи дарс уудаг хүмүүс бол ******** гэдгээр нь л мэднэ. Манай хуурай дүү Энхмаа гээд эмэгтэй байдаг юм. Тэрний л найз нь гэсэн. Би сайн танихгүй. Тэр өдөр л хамт архи ууж таарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Оийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс Самсунг А-14 маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Ч.Од 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Мийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.М нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.О, гэрч Д.Сүхбат, Ц.Дэлгэрбаян, Б.Батзаяа, П.Отгонхүү нарын өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн ТХҮ-923/8375 дугаартай  дүгнэлт, Үүрэн холбооны “Юнител” грүппийн Хөвсгөл аймаг дахь салбарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12-01/475 дугаартай албан бичиг, хавсралт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ч.Оийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг магадлан нягтлахад шүүгдэгч Ц.М нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ч.Оийн эзэмшлийн хар өнгийн “тоёота кроун” загварын тээврийн хэрэгслээс Самсунг А-14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Од 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Ц.Мийн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Мийн үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  Ц.М нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Ч.Оийн эзэмшлийн хар өнгийн “тоёота кроун” загварын тээврийн хэрэгслээс Самсунг А-14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ч.Од 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт   хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Од 600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн ТХҮ-923/8375 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.

Хохирогч Ч.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би алдсан гар утастайгаа адил загварын буюу Самсунг А-14 загварын гар утас буцаан авч гар утасны хохиролоо барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/-д,  мөн шүүгдэгч Ц.М, хохирогч Ч.О нарын хооронд байгуулсан: “...Ц.М нь утсаа хайж, чирэгдэл учруулсаны төлбөр болох 70.000 төгрөгийг  төлсөн. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх эвлэрлийн гэрээг шүүх хуралдаанд гаргаж өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Мийг  хохирогч Ч.Од төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.М нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Ц.Мийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Боломжтой бол мөнгөн торгууль төлье...” гэжээ.

 Шүүгдэгч Ц.М нь шүүх хуралдаанд “торгууль ял оногдуулж өгнө үү” гэж  мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Ц.Мийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийхэд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал: шүүгдэгч Ц.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн  хор уршиг, түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, түүний хөрөнгө орлогын байдал, ажил эрхлэлт зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч  Ц.Мийн  хувийн байдлын хувьд, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ц.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.  Шүүгдэгч *** овогт Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Ц.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.   

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Ч.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН