Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

              Улсын яллагч Ц.Чингүүн,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

              Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн    27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 2  дугаар  сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Л.М нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 25- ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ‘Можуулай” хүнсний дэлгүүрийн гадна 9577 ХӨА улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн а/ “Жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг... хориглоно”, 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.5 дахь хэсгийн а/ “Зам тээврийн осолд холбогдсон жолооч... тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэснийг тус тус зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслээс буугаад баруун урд талын хэсгээр нь алхаж явсан хохирогч Б.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шилбэ ясны ил хугарал бүхий хүнд хохирол учруулсан, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн  ************ дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.М 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Можуулай” хүнсний дэлгүүрийн гадна Тоёота Акуа загварын 9577 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”, 10.1,  3.5 дахь хэсгийн адахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчиж явсан ********* мөргөж түүний эрүүл мэндэд зүүн шилбэ ясны ил хугарал бүхий хүнд хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мын өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч **********ийн өгсөн: “..2023 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө би Тариалан сумын Давааны ар 6 дугаар  багаас Тариалан сумын төв рүү орж ирээд гадуур өвс ачих хүнтэй уулзаж байгаад Тариалан сумын иргэн Л.М гэдэг хүн рүү би утсаар залгаад уулзахаар болоод Тариалан сумын баярын талбайн ар талд Л.Мтай уулзаад би **********ын машинд суусан. ********** бид хоёр адууны наймааны талаар яриад 2-лаа нэг шил архи авч уухаар болоод Цагаан-Уул дэлгүүрээс Аураг гэдэг нэртэй 0.75 граммтай архи аваад бид хоёр машин дотор ууж архи тал дунд нь байхад найз Батболд гэдэг залуутай утсаар яриад гэрийнх нь гадаа очсон Батболд гэрээсээ гарч ирээд бид гурав нөгөө авсан архиа ууж дуусаад ********** Можуулай гэдэг дэлгүүр орж 0.75 граммтай Аураг нэртэй архи 1 шилийг аваад бид гурав Тариалан сумын төвийн урд хэсэг рүү гараад **********ын машин дотор юм ярьж сууж уусан. Тухайн авсан архи ууж дуусаад би ерөнхийдөө юмаа мэдэхээ байгаад их согтсон байсан. Дахиж бид гурав Можуулай дэлгүүр ороод архи авах гэж Можуулай дэлгүүрийн гадаа ирээд юу болсон талаар мэдэхгүй нэг мэдсэн чинь би машинд дайруулаад газар унасан хэвтэж байсан, тэгсэн Батболд машинаас бууж ирээд намайг босоорой гээд татаад байсан харин Л.М бууж ирээд босооч яагаад баашлаад  байгаа юм бэ гэж байсан. Батболд намайг чирээд машины ард талын суудал руу суулгаад   ********** машинаа бариад Батболдыг орхиод манай гэр Бадрах 4-20 тоотод ирээд манай хашааны гадаа байсан машин өнгөрч зогсоод буцаж машин шүргээд зогсохоор нь би хаалга онгойлгоод өөрөө арай хийж буусан. ********** яваад өгсөн. Би гудманд явж байсан хүүхдээр гэрээсээ хүн дуудуулсан манай Хишигбат гарч ирээд намайг үүрээд гэрийн хаалган дээр аваачсан би Хишигбатыг эмнэлэг дууд гэсэн чинь цагдаа ирээд араас нь эмнэлэг ирсэн. Эмч нар намайг аваад Тариалан сумын эрүүл мэндийн төв дээр ирээд цус тогтоогоод Мөрөн сум руу авч явсан. Би Л.М болон Батболд хоёрыг сайн танина. .. Тухайн сууж явсан Тоёота Акуа маркийн 95-77 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн Л.М барьж явсан. Можуулай дэлгүүрийн гадаа ирээд намайг Л.Мтай юм яриад машины урдуур гарах гэхэд ********** машинаараа намайг мөргөсөн. Машинд дайруулаад миний зүүн хөлний хянгар яс хугарч цуурсан, 10 хадуулсан, одоо шөнө болохоор янгинаж их өвдөнө. .. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Хэвийн байгаа, надад ********** нь 6,500,000 төгрөг өгсөн байгаа. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38, 40 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “...********** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.051.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.  Энэ мөнгийг гэм буруутай хүнээр төлүүлэхээр манай байгууллагын зүгээс нэхэмжлэл гаргаж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

Гэрч Б.Мягмардуламын өгсөн: “.. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Тариалан суманд манай гэрт байсан хүн над руу залгаад *********** ахыг машинаар дайраад явсан юм шиг байна хөл нь хугарсан байна, та ирээч гэхээр нь би сургуулиас гарч явах замаараа Тариалан сумын цагдаа руу утсаар манай ахыг хүн машинаар дайраад явсан юм шиг байна, мөн манай хашааны үүдэнд байсан машиныг мөргөөд явсан байна гэсэн дуудлага өгсөн. Манай ах *********** намайг гэртээ ирэхэд гэрийн гадаа хашаан дотор  босож чадахгүй хэвтэж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би очоод *********** ахаас хэнтэй явж байгаад хөлөө хэнд дайруулсан юм бэ гэхэд би **********тай хамт явж байгаад ********** намайг машинаараа дайраад явчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

Гэрч Б.Хишигбатын өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Тариалан сумын хөдөө хадлан авч байгаад Тариалан сумын төв орж ирээд Баасанжав гэдэг айлд байж байсан чинь гаднаас хүүхэд хашхираад байхаар нь гараад очсон чинь манай *********** талын хамаатны ах байхаар очсон чинь *********** ах хэвтэж байхаар нь юу болов гэж асуусан чинь ахынх нь хөл хугарчихлаа гэж хэлсэн, гадаа байсан. Миний эзэмшлийн Тоуоtа Rav-4 маркийн 12-21 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хашааны гадаа зогсож байхад жолооч талын урд ард хоёр хаалгыг мөргөөд хонхойлгосон байсан мөргөсөн машин нь байхгүй байхаар нь би Тариалан сумын цагдаад дуудлага өгч *********** ахыг эмнэлэг рүү аваачиж өгсөн... Тэгээд байж байтал *********** ах чиний машиныг намайг авчирч гэрийн гадаа буулгасан хар өнгийн  Тоёота Акуа мөргөөд явсан гэж ярьж байсан. *********** ах надад хөлөө хэрхэн яаж хугалсан талаараа юм яриагүй удалгүй дүү охин нь гэртээ  ирээд  эмнэлэг рүү  аваад явсан. *********** ах архи уусан байсан. Надад бол машин мөргөсөн асуудал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөргөсөн хүн нь машин янзалж  өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

Гэрч Ч.Батболдын өгсөн: “..Би 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Л.М болон ********** гэдэг хоёр хүнтэй уулзсан. Миний утас руу Л.М болон ********** хоёр залгаж чат бичсэн байсан. Дараа нь *********** утсаар над руу залгаад танай гадаа байна гэхээр нь би гарч очсон. Би Л.Мын машин дотор хойд суудалд суусан чинь тэр хоёр нэг шил архи задлаад тухайн архийг тойруулан гурвуулаа юм ярьж уусан. Дараа нь Л.М ойрхон дэлгүүр орж 1 шил архи аваад тухайн архийг  ууж байгаад би  машинаас буугаад бие засаад  суусан чинь  би нилээн муудсан тасралтын байдалтай болсон байсан. Нэг мэдсэн би машин дотор сэрээд харсан чинь дуугарахгүй байхаар нь машины хаалгыг онгойлгоод харахад гадаа *********** газар сууж байхаар нь би чи юу хийгээд сууж байгаа юм бэ гэхэд *********** хөл эвгүй болчихлоо босож чадахгүй байна гэж байсан. Би машинаас буугаад ***********ийг машинд суулгах гэж татаад дийлдэггүй арай хийж машинд суулгаад би цаашаа бие засах гэж явсан чинь тэр хоёр намайг  орхиод хөдлөөд явсан араас нь хашхираад сонсоогүй яваад өгсөн. Тэгэхээр нь би мотоциклтой хүн явж байхаар нь гуйж араар нь суугаад Л.Мын гэрт очсон байхгүй байхаар нь дэлгүүрийн урд руу гарч ирээд цагдаад мотоциклоо хураалгаад явган үлдээд явж чадахгүй нэлээн муу байсан. Тэгж байтал  манай ах ирж намайг гэрт хүргэж өгсөн. Бид гурав нийлж машин дотор 2 шил 0.75 граммтай архи уусан. Би тухайн үед машины арын суудалд унтаж байгаад сэрсэн чинь ********** машины үрүүл дээр, ********** гадаа газар сууж  байсан. **********ийн хөл яаж  бэртсэн талаар би мэдэхгүй унтаж байгаад сэрсэн хөл бэртчихлээ гэж байсан... Би камерын бичлэгийг үзлээ ********** арын хаалгыг онгойлгосон байна. Би архи  уугаад нэлээн муудсан унтаж байсан болохоор **********той юм ярьсан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55,57 тал/,

Гэрч Х.Шүрэнцэцэгийн өгсөн: “... 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Оюунгэрэл гэдэг миний утас руу танай нөхөр Л.М машинаараа Б.Б дайраад өөрөө байхгүй байна гэж надад хэлсэн тэгж л мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

Гэрч Б.Оюунгэрэлийн өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн төвд би ээлжээр байсан. 2023 оны 09 дүгээр сарын 25-нд 17 цаг 45 минутад Б.Мягмардулам гэдэг хүн утсаар ах ********** машинд дайруулсан гээд хашаан дотроо хэвтэж байна босож чадахгүй байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу эмчтэй хамт Бадрах 7 дугаар баг 2-22 тоотод очсон чинь ********** хашаан дотроо хэвтсэн гутлын түрүү цус болсон, зүүн хөл хойшоогоо эргэсэн байдалтай байсан. Хүнээр үүрүүлж эмнэлэгт авчирч хэвтүүлээд анхны тусламж үзүүлж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэсэн. **********ийн зүүн шилбэ хэсгээрэй хугарсан гэмтэлтэй байсан. ********** хэлэхдээ ********** машинаар мөргөөд хашаанд авчирч орхиод явсан гэж ярьж байсан. ********** нэлээн архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Хэргийн газар  үзлэг хийсэн:  “Хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал 1 дүгээр багт байрлах Ану үйлчилгээний төвийн гадна байх Монжуулай нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа  шороон зам бүхий хөрсөн газар байх ба ертөнцийн зүгээр баруун талд байх Монжуулай нэртэй хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд буюу 5 метрийн зайд баруун чигт зогссон байсан гэх ба хэрэг болсон гэх газар машин зорчих зам бүхий зорчих хэсэггүй, борооны ус болон шавар ихтэй байх ба машинаар мөргөсөн хэсгийг А үсгээр тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн авч тухайн газарт машины мөргөсөн эвдрэл, гэмтэл байж болзошгүй гэж үзэх үзлэг хийхэд тухайн газарт ямар нэгэн ул мөр байхгүй байсан тул 3 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авч үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20  тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Үзлэг хийсэн тээврийн хэрэгсэл нь Япон улсад  2014 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд Монгол улсад импортлогдож, орж ирсэн хар өнгийн Тоёота Aqui маркийн 9577 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Үзлэгээр бага оврын суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл байх ба дотор талдаа саарал өнгийн суудлын бүрээстэй, гадна хэсэгт урд хэсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, харин хойд зүүн талын гүпэр урагдсан гэмтэлтэй, цагаан өнгийн урт 9577 ХӨА гэсэн номертой өөр тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байх учир үзлэгийг дуусгаж 4 кадр зураг бэхжүүлэн авлаа...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 тал/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...Можуулай дэлгүүрийн хойд хэсгийг харах зориулалтаар байрлуулсан хяналтын камерын дотор дэлгэцэнд 6 дугаартай байх камерын бичлэгт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны 16 цаг 16 минутад Тоуоtа Aqui маркийн 95-77 ХӨА дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогсож байгаа машин дотроос 1 хүн бууж машины урд хэсгээр тойрон тээврийн хэрэгслийн ард талын хаалга болон жолооч талын хаалгыг онгойлгож байгаад буцааж хаан тээврийн хэрэгслийн урдуур тойрох үед 16 цаг 20 минутад жолооч талын урд хэсгээр мөргөж буй нь бичигдэж газар унасны  дараа тээврийн хэрэгслээс 2 хүн бууж ирж мөргөсөн хүнийг машинд чирч суулган жолооч машинаа бариад явж байгаа нь 16 цаг 30 минутад бичигдэж ард нь сууж явсан зорчигч үлдэж нь бичигдсэн байв...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28 тал/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 30 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 31 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар  06-ны өдрийн 507 дугаартай: “...**********ийн биед зүүн шилбэ ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. **********ийн биед үүссэн гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл  нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 69 тал/,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 тал/,

Техникийн шинжээчийн  2023  оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/139 дугаартай: “...Аqua маркийн 95-77 ХӨА улсын дугаартай автомашины жолооч Л.М нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид .. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно”, 10.1-р заалт буюу жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.5 “а”-р заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч ... тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Аqua маркийн 95-77 ХӨА улсын дугаартай   тээврийн  хэрэгслийн  хөдөлгөөнд  оролцож  байсан  газар нь  тээврийн хэрэгсэл  зорчих боломжтой байгаа тул “ зам”-д хамаарна. Дээрх  замын  тээврийн  осолд  замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ болон  бусад нөхцөл байдал  нөлөөлөөгүй гэж үзэж байна. Аqua маркийн 95-77 ХӨА улсын дугаартай автомашины  жолооч Л.М нь  МУ-ын  ЗХД-ийн 3.7 “а” болон 10.1-р  заалтуудыг  зөрчсөн  нь  зам тээврийн ослын  шалтгаан болсон гэж үзэж байна..” гэх тайлан /хх-ийн 76-77 тал/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 97 тал/,

2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүгдэгч Л.М, хохирогч ********** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 111 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 113 тал/,

Шүүгдэгч Л.Мын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “..Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байхад өдрийн 14 цагийн үед над руу *********** залгаад ганц юм уух уу уулзаж ярих юм байна гэхээр нь би  зөвшөөрөөд ***********той баярын талбайн ард уулзсан. Тухайн үед би өөрийнхөө 9577 ХӨА улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тэгээд *********** бид хоёр баярын талбайн ард нэг шил 0,75 литрийн архи хувааж уугаад байж байхад *********** нь Батболд гэдэг залууг очиж авна гээд байхаар нь тэр залууг нь очиж авсан. Тэгээд *********** бид хоёр Батболдтой хамт авсан архиа хувааж ууж дуусгаад дахиад нэг шил авахаар Тариалан сумын төвд байдаг Ану дэлгүүр лүү явсан. Ану дэлгүүрийн гадаа очиход *********** дэлгүүр ороод нэг шил архи аваад гараад ирэхээр авсан архийг нь уугаад дахиад төвийн урагшаа гарч уугаад буцаж сумын төв орж баар руу орохоор ирсэн. Тэгээд баарны гадаа ирээд ***********ийг машинаас буусан гэдгийг мэдэлгүй харалгүй хөдлөөд машинаараа ***********ийг дайрчихсан. Ийм л үйл явдал болсон. Тухайн үед *********** машинаас буугаад миний талаар ирээд надтай юм ярьж байгаад хаалга хаахаар нь би ард сууж байсан Батболдтой юм ярьж байгаад машинаа урагш нь хөдөлгөсөн чинь *********** машины урд байж таарсан. ***********ийг би машины урд хэсэг рүү явсан гэдгийг нь анзаарч хараагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 85 тал/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт хавсарган ирүүлсэн Сиди зэргээр хангалттай нотлогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “..Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу тогтоогдож байна гэж үзэж байна. Дурьдаад хэлэх юм бол энэ гэмт хэрэг бичлэгээс үзэхэд санаатай мөргөсөн юм болов уу гэсэн зүйл ажиллагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа 2023 оны 9 дүгээр сараас хойш удааширсан. Шинжлэх ухаан технологийн их сургуулиар дүгнэлт гаргуулсан.  Гэрч болон яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахад хэн аль нь согтуурсан байсан. Бие биетэйгээ маргасан гэдэг зүйл яриагүй учир санаатай гэдэг үйлдэл үгүйсгэгдсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Гэм буруугийн тухайд маргаан байхгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.М болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч **********ийн хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Батболдын тээврийн хэрэгсэл ослын газраас хөдлөөд зугтаасныг харж гэрчилсэн мэдүүлэг, гэрч Б.Мягмардулам, Б.Хишигбат нарын өгсөн хохирогч болон зам тээврийн ослын газраас хөдлөөд зугтаасныг гэрчилсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Мын жолоодож явсан 9577 ХӨА улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэл нь Л.Мын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл болохыг гэрчилсэн гэрч Х.Шүрэнцэцэгийн  өгсөн мэдүүлэг, зорчигч **********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч ********** нь ослын улмаас түргэн тусламжийн үйлчилгээ авсан талаар мэдүүлсэн гэрч Б.Оюунгэрэл, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нарын өгсөн мэдүүлэг,  хохирогч **********ийн биед  хүнд гэмтэл үүссэн болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар  06-ны өдрийн 507 дугаартай дүгнэлт, Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, хохирогчид тусламж үзүүлэх, цагдаад мэдэгдэх ... гэх үүргээ биелүүлэлгүй ослын газрыг зориуд орхиж, Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсныг тогтоосон  Шинжлэх ухаан, технологийн  их сургуулийн Механик, Тээврийн сургуулий багш, шинжээч нарын  2023 оны 11 дүгээр сарын 15-ны  өдрийн 06/139 дугаартай  шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд  мөрийн баримтаар хураагдаж  ирсэн Сиди зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Л.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн 9577 ХӨА улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Можуулай” хүнсний дэлгүүрийн гадна зам дээр жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах, зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, хохирогчид тусламж үзүүлэх, цагдаад мэдэгдэнэ гэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Б.Б  мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас **********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн ослын газрыг зориуд орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч **********ийн биед  хүнд гэмтэл үүссэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Мын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Тодруулбал: тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.М нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

         Шүүгдэгч Л.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалт буюу  Жолоочид .. согтууруулах ундаа.. хэрэглэсэн... үедээ.. тээврийн хэрэгсэл жолоодохыг .. хориглоно..”, Мөн дүрмийн 10.1-т “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана..”, мөн дүрмийн 3.5 “а” дахь заалт  “Зам тээврийн осолд холбогдсон жолооч.. тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх..” гэсэн заалтыг  тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Л.М нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Можуулай” хүнсний дэлгүүрийн гадна талд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх цаг хугацаанд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж эхэлсэн байна.

 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж мөн,  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус  заажээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Л.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих  гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Шүүгдэгч Л.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч **********ийн  эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  ********** нь “ ...Л.Маас 6.500.000 төгрөг хүлээн авсан,  цаашид нэхэмлэх зүйлгүй,  гомдол саналгүй гэх мэдүүлэг,  шүүгдэгч Л.М, хохирогч ********** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 111 тал/-д, шүүгдэгч Л.Маас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 6.500.000 төгрөгийг хохирогч **********ид шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 106 тал/-д тус тус хэрэгт авагдсан хохирогч шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Мыг хохирогч **********ид энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.051.000 төгрөгийг шүүгдэгч Л.Маас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Л.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.051.000 төгрөгийг Төрийн сангийн 100170020002 дугаарын дансанд шилжүүлсэн Төрийн банкны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 125 тал/ хэрэгт авагдсан байна.

              Иймд Төрийн  сангийн 100170020002 тоот данснаас 2.051.000 төгрөгийг  буцаан гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.   

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Л.Мын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.М-ыг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан, автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих  гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт,  мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч Ц.Чингүүн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:“.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах,  2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах саналыг гаргаж байна..” гэв.

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж сайн дураараа эвлэрсэн. Шүүгдэгч Л.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэх заалтуудад хамаарахаар байна. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү....” гэв.

              Шүүгдэгч Л.Мын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч Л.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Л.Мын гэм буруутай үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т “.....тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас  гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас  гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,   2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн санкцтай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Л.М нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Л.Мд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Мд тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Л.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг  СД-г   хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт Л.М**********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих  гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.М **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус  хэрэглэх, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М **********ыг 2700 (хоёр мянган долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Л.М-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, хяналт тавихыг Хөвсгөл аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянган долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.М-д тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан  2700 (хоёр мянган долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн  тоолсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Л.М-ын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Төрийн  сангийн  100170020002 тоот дансанд төлсөн 2.510.000 /хоёр сая тавин нэгэн мянга/ төгрөгийг буцаан гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

10.  Энэ хэрэгт шүүгдэгч  Л.М цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичигггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДӨЛГӨӨН