Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00334

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00334

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн тоотод оршин суух, .... дугаар регистртэй, эмэгтэй, Боржигон овогт Г.Д,

ХариуцагчХөвсгөл аймгийн А сумын Хатгал тосгонд оршин суух, эрэгтэй,  дугаар регистртэй, Боржигон овогт Г.Б-т холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2021/00222/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Г.Б 2019 оны 8 дугаар сард танилцан, 10 дугаар сараас хамтран амьдарсан. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бидний дундаас хүү Г төрсөн болно. Хүүхдээ гарснаас хойш Г.Б нь бидэн дээр ирэх нь багасч, одоо бүр миний хүүхэд биш гэх болсон.

Иймд Г.Б миний хүү Д.Г төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Г.Д нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Г.Д 2019 онд танилцсан ба 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.Г төрсөн. Бид гэрлэлтийн батлахгүй тул хүү Г нь эх Д овоглож, төрсний гэрчилгээ авсан. Д.Г нь Г.Б  миний төрсөн хүүхэд мөн юм. Шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Г.Б холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Г.Б нар 2019 оны 8 дугаар сард танилцан, хамтран амьдарч байх хугацаандтэдний дундаас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Д.Г төрж, эх Г.Д овоглож бүртгүүлэн, эхийн асрамжид байдаг, одоо эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгч Г.Д ...Г.Б 2019 оны 8 дугаар сард танилцан, 10 дугаар сараас хамтран амьдарсан. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бидний дундаас хүү Г төрсөн... гэх тайлбар, хариуцагч Г.Б ...Г.Д 2019 онд танилцсан ба 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.Г төрсөн. Бид гэрлэлтийн батлахгүй тул хүү Г нь эх Дөлгөөнөөр овоглож, төрсний гэрчилгээ авсан. Д.Г нь Г.Б миний төрсөн хүүхэд мөн... гэх тайлбар,

Орхон аймгийн .....сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон РД: .....дугаар регистртэй, Боржигон овогт Д.Г, хүү, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн ....газар төрснийг Орхон аймгийн .....төрсний бүртгэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №6101001330 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Энхжих мандариваа өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн Д.Г, эрэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул хүү Гийхнарын төрсөн эцгээр Г.Б тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Д.Г нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир эцэг Г.Б сар бүр тэтгэлэг гаргуулж,хүү Д.Г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Г төрсөн эцэг нь Г.Б мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Г 05 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг хүү Д.Г сар бүр эцэг Г.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Д.Г сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.282.800 төгрөг болж байна.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Г.Д эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохиххүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төлөх хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 1.123 төгрөгийг улсын орлогод оруулах, хариуцагч Г.Б улсын тэмдэгтийн хураамж бүгд 105.537 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Д олгох нь зүйтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Д хүндэтгэн үзэх шалтгаанаар, хариуцагч Г.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Г төрсөн эцэг Боржигон овогт Г.Б мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Д.Г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Боржигон овогт Г.Б хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.157 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.123 төгрөгийг улсын орлогод оруулах, хариуцагч Г.Б улсын тэмдэгтийн хураамж бүгд 105.537 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.Д олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчталууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА