Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/49

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б*******т холбогдох эрүүгийн 2415000000022 дугаартай, 163/2024/0057/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Тосон овогт Бүрэнтөгсийн Б*******, Х******* аймгийн Т суманд 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт, Булган аймгийн Х******* сумын Х******* 4 дүгээр баг ** хотхоны **** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, ********* мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр баг Х******* тосгоны “Эргэл” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагч цагдаа, дэд ахлагч Б.Нийг “эхнэртээ маргалдлаа” гэх шалтгаанаар албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “заамдаж мөрдөс, энгэрийн хувийн дугаарыг хуулан” хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Б.Б******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр баг Х******* тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Эргэл” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагч, Булган аймгийн Цагдаагийн газрын Х******* сумын сум дундын цагдаагийн тасгийн Х******* тосгоны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Нийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “эхнэртэйгээ маргалдлаа” гэх шалтгаанаар заамдаж “цагдаагийн албаны дүрэмт хувцасны мөрдөс, хувийн дугаарыг хуулах” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь яллагдагч Б.Б*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/, хохирогч Б.Нийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, гэрч А.Нарангаравын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/, гэрч Н.Ж өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч О.М өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч Б.А өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дэх тал/, гэрч Э.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дэх тал/, гэрч Б.Д өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд х*******ттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд бүрэн бус дунд боловсролтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.

 

 1.3. Эрх зүйн дүгнэлт

 Шүүгдэгч Б.Б*******ын цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, “эхнэртэйгээ маргалдлаа” гэх шалтгаанаар заамдаж “цагдаагийн албаны дүрэмт хувцасны мөрдөс, хувийн дугаарыг хуулах” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байхын зэрэгцээ хууль бус болох нь илэрхий атал тэрээр хүсэж үйлдсэн байх гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд хийсэн аутентик тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд Б.Н нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2023 оны Б/21 дугаар тушаалаар Х******* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Х******* тосгоны цагдаагаар томилогдсон байх тул “хууль сахиулагч” ойлголтод хамаарна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Б.Нийн хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн иргэнд “согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байна, мөн энэ баарны хаах цаг болсон, эртхэн харьж амрах” талаар шаардлага тавихад түүнийг хүч хэрэглэн эсэргүүцсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Б*******ыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.4.  Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Н нь мөрдөн байцаалын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Б.Б*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

2.2. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тосон овогт Бүрэнтөгсийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанХууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ЁНДОНСАМБУУ