Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Ө.Н*******,

шүүгдэгч М.Ө******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Ө*******т холбогдох эрүүгийн 2415000000039 дугаартай, 163/2024/0058/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дүгэржав овогт Мягмарсүрэнгийн Ө*******, Булган аймгийн Х******* суманд 1979 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 45 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Булган аймгийн Х******* сумын Хутагт * дүгээр багийн Тарвагатайн **** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй, регистрийн дугаар 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.Ө******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай охин Ө.Н*******ийг хадгаламжийн мөнгөө үрсэн, өөрөөсөө ах хүнтэй дотно харилцаа тогтоосон гэх шалтгаанаар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн** дугаар хороо *** дугаар байрны *** тоотод байхдаа гар утасны цэнэглэгчээр ороолгож, толгой руу нь гараараа цохисон, мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ө.Н*******ийн бие эрх чөлөөнд халдаж гар утасны цэнэглэгчээр ороолгох, галын хайчаар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

         1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч М.Ө******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатарын хотын Баянгол дүүргийн 5 дугаар хороо 170 дугаар байрны 16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай охин Ө.Н*******ийг “хадгаламжийн мөнгөө үрсэн, өөрөөсөө ах хүнтэй дотно харилцаа тогтоосон” гэх шалтгаанаар гар утасны цэнэглэгчээр ороолгож, толгой руу нь гараараа цохисон, мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багийн нутагт мөн дээрх шалтгаанаар Ө.Н*******ийг гар утасны цэнэглэгчээр ороолгох, галын хайчаар цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь яллагдагч М.Ө*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/, хохирогч Ө.Н*******ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, гэрч Ө.Н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрч Н.М өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, гэрч М.П өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Ө.Ө өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, гэрч Б.Г өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, гэрч Л.Х өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 80-81 дэх тал/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 6-12 дахь тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/, ярилцлагын тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/, түр хамгаалах байрны үйлчилгээг дуусгах бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх маягт /хавтаст хэргийн 17 дахь тал/, Булган аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/12 дугаартай тушаал /хавтаст хэргийн 119 дэх тал/, зарлагын баримтууд /хавтаст хэргийн 120-124 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Ө******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд бүрэн бус дунд боловсролтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.

3. Эрх зүйн дүгнэлт

М.Ө*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр өөрийн төрсөн охин Ө.Н*******ийн биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” хүндрүүлэн зүйлчлэхээр, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарна гэж заасан.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч М.Ө*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4. Хохирол, хор уршиг

Хохирогч Ө.Н*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Ө*******ийг хохирогч Ө.Н*******эд төлөх төлбөргүйд тооцлоо.

Булган аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны А/12 дугаартай тушаалаар хохирогч Ө.Н*******ийн түр хамгаалах байранд 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд үйлчилгээ авсан зардалд 154,700 төгрөг зарцуулжээ.

Булган аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил хамгаалахын газраас иргэний нэхэмжлэгчээр гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Пагмасүрэнг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь байгууллагаас гарсан зардал болох 154,700 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтыг ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Ө*******аас 154,700 төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт төлүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Ө******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч М.Ө*******ийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч М.Ө*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэн, тус ялыг 4 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Хэрэв шүүгдэгч М.Ө******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулав.

2.2. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Ө******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дүгэржав овогт Мягмарсүрэнгийн Ө*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө*******ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө*******т оногдуулсан таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ө*******т сануулсугай.

5. Шүүгдэгч М.Ө*******аас хохирогч Ө.Н*******ийн түр хамгаалах байрны үйлчилгээ авсан зардал 154,700 төгрөгийг гаргуулж, Булган аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт олгуулсугай.

6. Шүүгдэгч М.Ө******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Н******* нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ө*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ