Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1043

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00320 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Д-, Д.Ц-нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 128 563 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Д- нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай банктай гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.Ц-гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нар нь тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар өөрсдийн өмчлөлийн орон сууцнуудыг барьцаалсан. Зээлдэгч нар нь үндсэн зээлээс 213 050 090 төгрөг, зээлийн хүү 63 440 826,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 847 423.93 төгрөг нийт 277 338 340,25 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан. Ц.Д-, Д.Ц-нарын зүгээс 1480010848 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, гэрээний 3.2.1-т заагдсан үүргээ биелүүлээгүй. Банкны зүгээс зээлдэгч Ц.Д-, Д.Ц-нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар мэдэгдэж, мэдэгдэх болон шаардах хуудас хүлээлгэн өгөхөөр очиход хүнгүй, банкинд ирж уулзахыг шаарддаг боловч ирдэггүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 36 949 909,18 төгрөг, зээлийн хүү 11 321 938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 856 716 төгрөг, нийт 50 128 563,18 төгрөг, зээлийн гэрээний 3.2, 3.2.9 дэх заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нотариатын үйлчилгээний хөлс 28 500 төгрөг, нийт 50 541 190 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг баталгаат ипотекийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Х бтай зээлийн гэрээ байгуулж, 250 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан, хугацаанд нь нийт 298 338 000 төгрөг төлсөн. Одоо зээлийн үндсэн төлбөр 16 338 000 төгрөг төлөх үүрэгтэй. Зээлийн үндсэн хүү 2 687 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417 000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 19 422 000 төгрөг төлөх тооцоотой. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 27 062 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Ц-шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х бнаас ямар нэгэн зээл аваагүй. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байгаагүй. Гэтэл зээлийн болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгч хэмээн миний нэрийг оруулсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д-, Д.Ц-нараас үндсэн зээл 36 949 909 төгрөг, зээлийн хүү 11 321 938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 856 716 төгрөг, нийт 50 128 563 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 28 500 төгрөг, нийт 50 541 190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х б ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д-, Д.М нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204033880 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон /13361/, 54 дүгээр байр, 20 тоот хаягт байрлалтай 70.57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204033883 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон /13361/, 54 дүгээр байр, 08 тоот хаягт байрлалтай, 72.57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 974 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 533 974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 320 тоот шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч байна.

1. Шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд оролцсон тухай

“Х б” ХХК-ийн шүүхэд төлөөлөх эрх олгосон гэх гүйцэтгэх захирал н.Болдын тушаалд Х бны салбарын захирлуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг тусгаагүй байхад салбарын захирлууд өөрийн ажилтнууддаа итгэмжлэл олгохдоо дээрх хуулийн заалтад заасан эрхийг заасан нь хууль бус байна.

2. “Х б” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ц.Д-д 100 000 000 төгрөгийн зээл олгосон байх ба уг зээлийн үүргийн хугацаа дуусаагүй байхад буюу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түүнд дахин 250 000 000 төгрөгийн зээл олгосон байна. Энэхүү зээлийг олгохдоо 100 000 000 төгрөгийг албан ёсоор олгож 150 000 000 төгрөгийг олгох зээлийн гэрээний үүргийг хаасан байна. Иймд Х б 100 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй болохоос 250 000 000 төгрөгийн зээл олгосон гэх хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй юм.

3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж, 54 дүгээр байрны 8 тоотыг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдсэн шүүхийн шийдвэр буруу. Учир нь Бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Үл хөдлөх хөрөнгийг дахин барьцаалахаар гэрээ байгуулсан бол гэрээ тус бүрийг энэ зүйлд заасны дагуу бүртгэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, дээрх үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар тусгасан нь буруу байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг жич зарлана хэмээн захирамжид заасан атлаа хэргийн материалд утсаар дуулгав гэж бодит бус тэмдэглэл хийж хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзсэн нь хууль бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Ц.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбатын шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр мөн оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байх ба уг шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй байна. /хэргийн 114 дүгээр тал/

 

Хэргийн 115 дугаар талд тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутын шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт авагдсан байх ба уг баримтад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, Н.Чинбат нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн болон утас нь холбогдохгүй байгаа талаарх тэмдэглэгээ хийгджээ. Харин хэний ямар дугаартай утас холбогдохгүй байсан нь тодорхойгүй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болно гэснийг зөрчсөн үзэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт боломжит хугацааны өмнө мэдэгдээгүй нь тухайн этгээдийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзнэ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй нь талуудын эрх тэгш байх зарчмыг зөрчжээ.

 

Гэтэл шүүх хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц-болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх боломжгүй байна.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хариуцагч Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00320 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533 974 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧИД                          Ш.ОЮУНХАНД

 

                                        С.ЭНХТӨР