Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг

шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Өлзийцэцэг

шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нарт холбогдох 201619000780 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 7 дугаар гудамж 8 тоотод оршин суух хаягтай, одоогоор Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг төмөр замын 284 дүгээр зөрлөгт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дов овогт Тогоогийн Мягмар, /РД:ЧА73080717/

 

            Монгол улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороолол 8 байр 9 тоотод оршин суух, одоогоор Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг 284 дүгээр зөрлөгт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тугч овогт Бадарчийн Энхбат, /РД:ТБ72072071/

 

            Монгол улсын иргэн 1977 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын төрсөн, 39 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, фермер авто аж ахуйч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт оршин суух, Улаанбаатар хотод Төгс Аз ХХК-нд жолооч, туслах ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Даваахүүгийн Хатанзориг /РД:ДА77048117/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг Гацууртын ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 12.1434 метр куб хэрэглээний хуурай нарс мод бэлтгэж, 2016 оны 10 дугаар сарын 01, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд ЗИЛ-131 маркийн ачааны автомашинаар тээвэрлэн экологи эдийн засагт 622.955 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Т.Мягмар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хатанзориг, Энхбат нарын хамт түлээний модонд явсан. Тухайн үед хаалга нь онгорхой байсан болохоор ой нээгдсэн гэж бодсон. Тэгээд 50 ширхэг мод бэлтгээд Зоригоогийн хашаанд буулгасан гэв.  

 

Шүүгдэгч Б.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мягмар, Хатанзориг нарын хамт галын түлээгээ хийгээд орой бууж ирсэн. Авч ирсэн модоо Хатанзоригийн гэрийн хашаанд буулгачихаад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үлдсэн модоо авч ирээд Мягмар бид 2 модоо хувааж авсан гэв.

 

Шүүгдэгч Д.Хатанзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Энхбат, Мягмар нартай түлээний модоо бэлдээд 50 ширхэг модыг би аваад үлдсэн модыг Мягмар, Энхбат нар хувааж авсан гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, болон үзлэгийн явцад бэхжүүлж асван гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6, 16 дугаар хуудас/

 

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцал бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, уг ажлыг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хийж байна. Манай Батсүмбэр суманд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ойд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах хориотой сумын засаг даргын захирамж гарсан байсан. Тухайн хугацаанд Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Төмөр замын 284 дүгээр тоочиг гэх газар оршин сууж амьдардаг Энхбат, Мягмар, Хатанзориг гэх 3 хүн ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй хуурай шинэс модыг бэлтгэж хашаандаа буулгасан байна. Тухайн үед нүдэн баримжаагаар харахад Хатанзоригийн хашаанд 11 кум метр, Энхбатын хашаанд 9 метр куб модыг буулгасан байсан. Тухайн модыг ямар ч байсан Хатанзоригийн Зил 131 маркийн машинаар 1 удаа татсан байсан. Нөгөө модыг нь ямар тээврийн хэрэгсэл ашиглан татсан байсныг мэдэхгүй. 2 удаа тээвэрлэсэн шинжтэй харагдаж байсан. Хэсгийн төлөөлөгч тухайн модонд үзлэг хийсэн. Тус мод бэлтгэсэн газар нь ашиглалтын бүсийн ойд хамаардаг бөгөөд 3 дугаар мужлалд хамаардаг. Тухайн мод бэлтгэсэн уулны хэсэг газрын Гацууртын ам гэж нэрлэдэг. Тухайн Хатанзорийгийн бэлтгэсэн модыг үзэхэд хэрэглээний 3 метрийн урттай мод байсан. Харин Энхбатын хашаанд байх модыг эхлээд 2016 оны 10 дугаар сарын эхээр очиж үзэхэд уртаараа 4 метр орчим байсан дараа нь очиж үзэхэд голоор нь тайраад 2 метрийн урттай болгосон байсан. Ер нь түлээний модны стандарт нарийн үзүүрийн диаметр нь 5 см-аас илүүгүй, урт нь 2.2 метрээс илүүгүй байх ёстой байдаг. Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний мод байсан. Миний хувьд экологийн эдийн засгийн үнэлгээгээр гарсан төлбөрийг тус сумын төрийн сангийн дансанд барагдуулсан тохиолдолд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Бямбажав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би уг автомашиныг 1990 оны үед худалдан авч байсан. Тэгээд 2009 онд Хатанзориг гэх хүнд 1.800.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үедээ Хатанзориг надад 200.000 төгрөг дутуу өгсөн байсан. Тухайн үедээ мөнгийг гүйцэт өгөхгүй байсан тул бичиг баримтыг нэр дээр шилжүүлээгүй байсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Оюундулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Хатанзориг, Т.Мягмар, Б.Энхбат нарыг танина. Энэ хүмүүс бол Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг төмөр замын 284 дүгээр тоочигт байдаг нутгийн хүмүүс гэдгээр нь танина. Ямар нэг харилцаа холбоо байхгүй. Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн хэрэг гарах үед 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө сумын төв орж засаг даргаас эргүүл шалгалт хийх үүрэг даалгавар аваад орой гэртээ ирсэн юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын Өлгий гэх газар 7 хоног эргүүл шалгалт хийсэн. Харин хэсгийн төлөөлөгч Наранбаатар дараа нь Хатанзориг, Энхбат нарын хашаанд бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн байсан. Надад мод бэлтгэлээ гэж огт хэлээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ой хаалттай байсан тул ойд мод бэлтгэх үйл ажиллагааг хориглосон байсан. Тухайн газар ой нээгдсэн үед галын түлшний мод бэлтгэх зөвшөөрөл олгодог. Уулын ам руу гарахад замыг нь хааж хашаа барьсан хаалга нь цоожтой байдаг. Харин 2016 оны 09 дүгээр сараас хойш хүмүүс хадлан бэлтгээд байсан тул хашааны хаалгыг онгорхой орхисон байсан юм. Би эргүүл шалгалтаас бууж ирээд хаалгыг цоожилсон...гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Отгонбуянгийн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №4 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Батсүмбэр сумын 2013 онд хийлгэсэн ойн зохион байгуулалтын ажлын тайлан, хэрэг бүртгэгч Б.Наранбаатарын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс харахад шилмүүст төрлийн шинэс мод байна. Дээрх моднууд хагаралтай, өмхөрч эхэлж байгаа, ургах чадваргүй болсон босоо мод байсан байсан. Иймд уг модыг хэрэглээний хуурай мод гэж үзнэ.

Хууль бусаар бэлтгэсэн 50 ширхэг буюу 6.6397 метр куб модны үнэлгээ 34.0626.61 төгрөг болж байна.

Ойн тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн ангид гаргаж ойн мэргэжлийн байгууллага албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх 34 дүгээр зүйлийн 34.1, энэ хуулийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно. 34.2, энэ хуулийн 34.1 дэх хэсэгт заасан эрхийн бичигт иргэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана гэж тус тус заасан байдаг. Иймд эрх бүхий албан тушаалтнаас мод бэлтгэхээс өмнө, мод бэлтгэх эрхийн бичиг авна...гэх дүгнэлт.../хх-ийн 63 дугаар хуудас/

 

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Отгонбуянгийн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт: Батсүмбэр сумын 2013 онд хийлгэсэн ойн зохион байгуулалтын ажлын тайлан, хэрэг бүртгэгч Б.Наранбаатарын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс харахад шилмүүст төрлийн шинэс мод байна. Дээрх моднууд хагархай, өмхөрч эхэлж байгаа, ургах чадваргүй болсон босоо мод байсан байна. Иймд уг модыг хэрэглээний хуурай мод гэж үзнэ.

Хууль бусаар бэлтгэсэн 48 ширхэг буюу 5.5037 метр куб модны үнэлгээ 282.339 төгрөг болж байна.

Ойн тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн ангид гаргаж ойн мэргэжлийн байгууллага албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх 34 дүгээр зүйлийн 34.1, энэ хуулийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан сум дүүргийн эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно. 34.2 энэ хуулийн 34.1 дэх хэсэгт заасан эрхийн бичигт иргэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана гэж тус тус заасан байдаг. Иймд эрх бүхий албан тушаалтнаас мод бэлтгэхээс өмнө, мод бэлтгэх эрхийн бичиг авна...гэх дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/

 

Шинжээч Ж.Отгонбуян мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Байгаль орчны аялал жуучлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт ойн сангийн 1 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хавсралтаар баталсан байдаг. Энэ үнэлгээний тайлбар хэсэгт хэрэглээний бөөрөнхий мод гуалинг 1.8-аар үржүүлнэ гэсэн итгэлцүүд байдаг. Батсүмбэр сумын дундын ойн сангийн мэргэжилтэн Ш.Цогтбаяр хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг үржүүлэх итгэлцүүрийг экологи эдийн засгийн үнэлгээнд нь биш хууль бусаар бэлтгэсэн модны эзэлхүүнд нь хиймэлээр өссөн дүн гарч харагдаж байна. Харин экологи эдийн засгийн үнэлгээ буюу мөнгөн дүн нь таарч байна. №04 дугаартай дүгнэлтийн мод нь 6.6397 метр куб, мөнгөн дүн 340.616 төгрөг болон 61 мөнгө, №05 дугаартай дүгнэлтийн мод нь экологи эдийн засгийн үнэлгээ нь 5.5037 метр куб, мөнгөн дүн нь 282.339 төгрөг 81 мөнгө болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг Гацууртын ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 12.1434 метр куб хэрэглээний хуурай нарс мод бэлтгэж, 2016 оны 10 дугаар сарын 01, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд ЗИЛ-131 маркийн ачааны автомашинаар тээвэрлэн экологи эдийн засагт 622.955 төгрөгний хохиро учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, болон үзлэгийн явцад бэхжүүлж асван гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6, 16/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцал бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/

иргэний нэхэмжлэгч Ү.Эрдэнэтуяагийн.... “Энхбат, Мягмар, Хатанзориг гэх 3 хүн ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй хуурай шинэс модыг бэлтгэж хашаандаа буулгасан байна. Тухайн үед нүдэн баримжаагаар харахад Хатанзоригийн хашаанд 11 кум метр, Энхбатын хашаанд 9 метр куб модыг буулгасан байсан. Тухайн модыг ямар ч байсан Хатанзоригийн Зил 131 маркийн машинаар 1 удаа татсан байсан. Нөгөө модыг нь ямар тээврийн хэрэгсэл ашиглан татсан байсныг мэдэхгүй. 2 удаа тээвэрлэсэн шинжтэй харагдаж байсан. Хэсгийн төлөөлөгч тухайн модонд үзлэг хийсэн. Тус мод бэлтгэсэн газар нь ашиглалтын бүсийн ойд хамаардаг бөгөөд 3 дугаар мужлалд хамаардаг. Тухайн мод бэлтгэсэн уулны хэсэг газрын Гацууртын ам гэж нэрлэдэг. Тухайн Хатанзорийгийн бэлтгэсэн модыг үзэхэд хэрэглээний 3 метрийн урттай мод байсан. Харин Энхбатын хашаанд байх модыг эхлээд 2016 оны 10 дугаар сарын эхээр очиж үзэхэд уртаараа 4 метр орчим байсан дараа нь очиж үзэхэд голоор нь тайраад 2 метрийн урттай болгосон байсан”...гэх мэдүүлэг /хх-43-44/,

иргэний нэхэмжлэгч Ц.Бямбажавын.... “би уг автомашиныг 1990 оны үед худалдан авч байсан. Тэгээд 2009 онд Хатанзориг гэх хүнд 1.800.000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үедээ Хатанзориг надад 200.000 төгрөг дутуу өгсөн байсан. Тухайн үедээ мөнгийг гүйцэт өгөхгүй байсан тул бичиг баримтыг нэр дээр шилжүүлээгүй байсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

гэрч Ж.Оюундуламын.... “2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын Өлгий гэх газар 7 хоног эргүүл шалгалт хийсэн. Харин хэсгийн төлөөлөгч Наранбаатар дараа нь Хатанзориг, Энхбат нарын хашаанд бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн байсан. Надад мод бэлтгэлээ гэж огт хэлээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ой хаалттай байсан тул ойд мод бэлтгэх үйл ажиллагааг хориглосон байсан. Тухайн газар ой нээгдсэн үед галын түлшний мод бэлтгэх зөвшөөрөл олгодог”...гэх мэдүүлэг /хх-ийн 54/, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4 тоот дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5 тоот дүгнэлт,

шинжээч Ж.Отгонбуяны... “Батсүмбэр сумын дундын ойн сангийн мэргэжилтэн Ш.Цогтбаяр хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг үржүүлэх итгэлцүүрийг экологи эдийн засгийн үнэлгээнд нь биш хууль бусаар бэлтгэсэн модны эзэлхүүнд нь хиймэлээр өссөн дүн гарч харагдаж байна. Харин экологи эдийн засгийн үнэлгээ буюу мөнгөн дүн нь таарч байна. №04 дугаартай дүгнэлтийн мод нь 6.6397 метр куб, мөнгөн дүн 340.616 төгрөг болон 61 мөнгө, №05 дугаартай дүгнэлтийн мод нь экологи эдийн засгийн үнэлгээ нь 5.5037 метр куб, мөнгөн дүн нь 282.339 төгрөг 81 мөнгө болж байна”...гэх мэдүүлэг /хх-ийн 39/, шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нарын мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нарт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.        

             

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211  дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна. 

 

            Шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

           

            Шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нарын зөвшөөрөлгүй бэлтгэсэн 12.1434 метр куб хуурай нарс мод нь хэрэглээний түлээний хуурай мод учраас ойн санд учирсан хохирлыг нугалж төлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг  нар нь хохиролд 622.952.42  төгрөгийг төлж барагдуулсан байна.   

 

            Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар

Мөрдөн байцаалтанд мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 12.1434 метр куб модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгох, шүүгдэгч Д.Хатанзориг, Т.Мягмар, Б.Энхбат нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗИЛ-131 маркийн 90-32 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ц.Бямбажавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн болох нь  №0121125 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгч Ц.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд модыг хууль бусаар бэлтгэхийн мэдээгүй, бичиг баримтаа шилжүүлээгүй байсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул ЗИЛ-131 маркийн 90-32 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн №0121125  дугаартай гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Ц.Бямбажавд буцаан олгох, мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Б.Энхбатын өмчлөлийн Самсунг нөт-2 маркийн гар утас, шүүгдэгч Т.Мягмарын Эволвео маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыр хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан 1 ширхэг улаан хүрэн өнгийн цахилгаан хөрөө  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Дов овогт Тогоогийн Мягмар, Тугч овогт Бадарчийн Энхбат, Бэсүд овогт Даваахүүгийн Хатанзориг нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг  нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 12.1434 метр куб мод мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улаан хүрэн өнгийн цахилгаан хөрөө зэргийг хурааж улсын орлого болгосугай.

 

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1  жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нарт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нарт урд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

9. Энэ хэрэгт ялтан Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн №0121125 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон ЗИЛ-131 маркийн 90-32 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдснийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Ц.Бямбажавд  буцаан олгох, мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор ялтан Б.Энхбатын өмчлөлийн Самсунг нөт-2 маркийн гар утас, ялтан Т.Мягмарын Эволвео маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыр хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 12.1434 метр куб модыг битүүмжилсэн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын орлого болготол хэвээр үргэлжлүүлж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар нарс модыг улсын орлого болгомогц дээрхи битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Ялтан Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Мягмар, Б.Энхбат, Д.Хатанзориг авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ