Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0446

 

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.П*****,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн Ерөнхий газар,

Гуравдагч этгээд: “Ө******” ХХК,

Маргааны төрөл: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө******”ХХК-нд холбогдох хэсэг болон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Ө******”ХХК-нд олгосон Ү-22030009004 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хуульд нийцсэн эсэх газрын  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.П*****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч T.Ө******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.М нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Р.П*****гээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн Ерөнхий газар холбогдуулан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийг гаргасан буруутайг тогтоож, дээрх захирамжийн “Ө******”ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.П*****д 0.01 /100 м.кв/ газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, “Ө******”ХХК-нд олгосон Ү-22030009004 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө******” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч Р.П***** шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: 

1/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 146  дугаар шийдвэрээр “Ө******” ХХК-д газар олгосон захирамжийг түдгэлзүүлсэн дахин нягтлан шалгаж, хэмжилт хийсний үндсэн дээр дахин акт гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл 146 тоот шийдвэрийг биелүүлэхгүй байсан учир гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамж авсан боловч бас л шийдвэрийг гүйцэтгээгүй. Ингээд Улаанбаатар хотын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2019 оны 04 дүгээр сарын 08-нд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 тоот захирамжийг жилийн дараа надад гардуулсан. Тэгээд нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл өгч хариуг авахаар очиход “Нэг заалтаараа шүүхийн шийдвэрийг биелүүлж, нөгөө заалтаараа “Ө******” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж гарсан” гэж ажилтан Б.Ванхүү хэлсэн. Өөрөөр хэлбэл нэг заалтаараа эзэмших эрхийг хүчингүй болгоод үүнийхээ дараа захиргааны ерөнхий хуульд заагдсаны дагуу талуудыг оролцуулан алдаа дутагдлаа засаад дараагийн акт гаргах ёстой байсан.

2/Нийслэлийн засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 тоот захирамжаар иргэн Р.П*****-д Сүхбаатар дүүргийн 8 дүгээр хороонд дэлгүүр үйлчилгээний зориулалтаар 0.01 га буюу 100 м.кв газрыг дэлгүүр үйлчилгээний зориулалтаар, “Ө******” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 0.005 га буюу 50 м.кв газрыг тус тус олгосон байна.

Нэг захирамжаар газар эзэмших эрх олж авсан Р.П*****-д Нийслэлийн засаг даргын захирамж гаргасныг мэдэгдээгүй, түүнд гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй атлаа “Ө******” ХХК-д ямар нэгэн үндэслэлгүйгээр, Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр газрыг нь 96 м.кв гэж болгож гэрээ байгуулсан байгаа нь шударга үйлдэл мөн гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд засаг даргын А/226 тоот захирамжийг Нийслэлийн газрын алба хуульд нийцүүлж биелүүлэхгүй, иргэн Р.П*****-тэй газар эзэмших гэрээ байгуулахгүй 2020 он буюу өнөөдрийг хүрсэн байгаа нь Монгол Улсын иргэн адил тэгш байх эрхтэй гэсэн Үндсэн Хуулиар олгогдсон заалт ноцтой зөрчигдсөн болохыг харуулж байна.

3/Учир нь иргэн Р.П***** нь захиргааны шүүх байгуулагдаагүй байсан учир зөрчигдсөн эрхээ хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх бусдын эзэмшил газар луу түрж барилга барьсан учир буулгах нь зүйтэй гэж үзэн шийдвэрлэж байсан нь Сүхбаатар дүүргийн Шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 22-ны 3379 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 21-ний 287 дугаар шийдвэрүүдээс тодорхой харагддаг.

4/Засаг даргын захирамжаар 0.01 га газар эзэмших эрх олж авсан Р.П*****тэй Нийслэлийн газрын алба нь ашиг сонирхлын зөрчлөөр гэрчилгээ олгож, газар эзэмших атлаа “Ө******” ХХК-д ямар ч үндэслэлгүйгээр 00.05 га газрыг нь байгуулаагүй гэрээ нэмэгдүүлж /авлига, хээл хахуультай шууд хамааралтай/ 96 м.кв газар эзэмшүүлсэн, улмаар түүний газар томорсоор 144 м.кв болсон байгаа нь газрын алба нь мөнгөтэй хүний талд л Үйлчилдэг байсан нь үйл баримтаас Р.П*****гийн 20 гаруй жилийн шүүхээр явсан маргаан хянагдсан тодорхой харагдаж байна.

5/Нийслэлийн засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 тоот захирамжаар 0.01 га газрыг/100 м.кв/ Р.П*****д олгосон энэхүү захирамжийг эрх бүхий этгээд хүчингүй болгоогүй хуулийн хүчин төгөлдөр, харин газар эзэмших гэрээ, гэрчилгээг газрын алба өнөөдрийг хүртэл эс үйлдэхүй гаргаж, эрхийг олгохгүй байсан нь шүүхээр тасралтгүй маргах үндэслэл болсон гэж үзэж байна.

6/Мөн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж авахдаа газрын зөвшөөрөл болон эзэмшиж ашиглаж буй бодит зураг, үл хөдлөхийн үнэлгээг үндэслэн Эд хөрөнгийн бүртгэлд бүртгэх бөгөөд улсын бүртгэлд авагдсан фото зургаар иргэн Р.П***** нь хангалттай том газартай, өөрийн хил хязгаараа хамгаалж хашаалж ашиглаж байсан үйл баримт 427 тоот шийдвэртэй хавтаст хэрэгт нэгэнт авагдсан байгаа нь хүний хөрөнгийг хэн нэгэн этгээд танил тал, ашиг хонжоо хайж дээрэмдэж авч болохгүй гэдгийг харуулж байна.

Мөн 50 м.кв газар баригдах ёстой байсан барилга үндэслэлгүйгээр томорч 144 м.кв газар болсон, бусдын эзэмшил ашиглалтад байвал зохих буюу Р.П*****-гийн газарт баригдсан байх тул “Ө******” ХХК-д олгогдсон Ү-2203009004 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Би амины хэрэгцээнд газар эзэмших гэрчилгээ авахын тулд 1994 онд Н.Багабанди ерөнхийлөгчийн захирамжилсан  зааврын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар уламжлан, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гарган 300 м.кв газрыг авсан. Би Барилга засварын трест гэдэг газарт 25 жилийн турш ажиллаад тэтгэвэрт гарсан. Тухайн үед 25 м.кв аккумляторын өрөөг надад хувьчилж өгсөн. Тухайн үед тус өрөөний хажуу дахь газрыг би авч улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аван, барилгын материалын дэлгүүр ажиллуулж байсан. Би тус газрынхаа 172 м.кв газрыг хашаалж, үлдсэн газартаа шон зоосон байсан. Үүний дараа хамт ажилладаг байсан н.Ө****-ийн ээжийг тус газартаа түр буулгасан.  Тухайн газарт үйлдвэр үйлчилгээний чиглэлээр ажиллахад дахин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл авдаг гэсний дагуу бичиг баримтаа бүрдүүлэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ өгсөн. Тухайн үед Өмөн өргөдөл өгсөн байсан. Үүний дагаа надад 172 м.кв газрыг, харин н.Ө**** 50 м.кв газрыг 1997 оны 224 дүгээр захирамжаар олгосон юм байна, үүнийг нь би тухайн үед мэдээгүй. Би тухайн үед Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Э.Т***** гэдэг хүнтэй очиж уулзахад “...Та компанийн орц гарцыг хааж хашаа барьсан байна, хашаагаа буулгачих, эсвэл танд газар өгөхгүй...” гэж хэлсэн. Үүний дараа н.Өлзийтчимэгийн ээж н.Д****гийн хүмүүсийн хамт ирж миний хашааг буулгаж эхэлсэн, ингээд маргаан үүссэн. Би Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад “...Та кадастрын зургийн дагуу яагаад гэрээ хийж газрын төлбөрөө төлөөгүй юм бэ...” гэж асуусан. Би 2001 онд тухайн газрыг надад өгөх тухай захирамж гарсныг мэдсэн. Одоо Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тухайн 100 м.кв газартай холбоотой гэрээ хийгээгүй гэж тайлбарласан байна. Тухайн үед Газар зохион байгуулалтын албанд ажиллаж байсан  50 м.кв газартай айлд 96 м.кв газартай гэж засаж гэрээ хийсэн байсан. Би 300 м.кв газрынхаа 172 м.кв газрыг хашаалж авсан байсан, одоо надад газар байхгүй болсон. Одоо надад тухайн 172 м.кв газрыг маань олгуулж өгнө үү. Тус хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд анх 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн анхны шаардлага маань Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 0146 тоот шийдвэрийг биелүүлэхээр  2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 тоот захирамж гаргасныг буруутай болохыг тогтоолгож, А/258 тоот захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага  гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагч татсан. Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 тоот захирамжийн дагуу Р.П*****д 100 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, “Ө******” ХХК-д олгогдсон Ү-22030009004 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт хэлэлцсэн “Ө******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 тоот захирамж гаргасан буруутайг тогтоолгож, захирамжийн “Ө******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0146 тоот шийдвэрээр “Ө******”ХХК-д олгосон захирамжийг түдгэлзүүлж, шинэ захиргааны акт гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүүг шинэ захиргааны акт гаргах ажиллагааг Нийслэлийн Засаг даргаас сайн дураар хэрэгжүүлээгүй. Иргэн Р.П***** болон “Ө******”ХХК нар нь тэгш эрхтэй, хэн нэгэн нь давуу байдал авдаг зарчим байхгүй ёсгүй учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс 0146 тоот шийдвэр гаргаж, шинэ акт гаргахыг даалгасан хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шийдвэрийг гүйцэтгэхийг шаардаж байсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.

Нийслэлийн Засаг даргаас А/258 тоот захирамжийг гаргаж, “Ө******” ХХК-д газар эзэмших эрхийг олгохдоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0146 тоот шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар ямар ч нотлох баримт байхгүй, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаарх аргачлалыг огт мэдэхгүй. Р.П*****гийн хүсэлтээр үүссэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ямар ч баримт байхгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж шинэ захиргааны акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэр гаргасан байхад үүнийг ойлгодоггүй, хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй бол шүүхээс тайлбар авах ёстой. Анх “Ө******”ХХК нь 50 м.кв газартай байсныгаа нэмэгдүүлж 128 м.кв газар болгосон. “Ө******” ХХК-ийн эзэмшиж байсан газар тасралтгүй томордог. Тус компани нь бусдын хууль ёсны газрыг үндэслэлгүйгээр авдаг “Ө******”ХХК нь бодит байдалд 156 м.кв газрыг ашиглаж байна гэдэг хариу тайлбар ирүүлсэн. Р.П***** нь анх 300 м.кв газартай, 24 м.кв аккумляторын өрөөг ажиллаж байсан байгууллага нь татан буугдахад хувьчилж авсан, үүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Р.П***** нь 24 м.кв газраа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхийн тулд газрын гэрэл зураг, газрын бодит хэмжээг хэмжээд, 100 м.кв газрыг хашаалж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд нь улсын бүртгэлийн байгууллагаас 24 м.кв газарт нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохдоо холбогдох баримтуудыг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож байсан баримтууд байдаг. Нэхэмжлэгч нь тухайн үед хашаалсан газраа алдсан. Тэгэхээр А/258 тоот захирамж гарахдаа шүүхийн шийдвэрийг биелүүлж, Р.П***** болон “Ө******” ХХК-ийг оролцуулан Нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар хэлэлцсэн асуудал байхгүй. Шүүхээс шийдвэр гаргахдаа Р.П***** нь 100 м.кв газар авах эрхтэй байсан, энэ хүний газар үндэслэлгүйгээр багассан байна гэдэг үндэслэлээр гарсан. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг шаардаж байгаа Р.П*****г Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэг ч удаа хүлээн авч уулзаагүй, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар огт уулзаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн гэдгээр тайлбарладаг. Гэтэл шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэрхэн биелүүлсэн талаарх нотлох баримт огт байхгүй. Ийм учраас шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу биелүүлээгүй нь хууль бус байна, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр А/258 тоот захирамжийг гаргасан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн 0146 тоот шийдвэрийг биелүүлээгүй учраас Нийслэлийн Засаг даргын А/258 тоот захирамж нь хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

Дараагийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Р.П*****д 100 м.кв газрыг олгох талаар, харин “Ө******”ХХК-д 50 м.кв газрыг олгохоор захирамж гарсан. Энэ захирамж хүчин төгөлдөр буюу энэ захирамжийг хүчингүй болгосон шийдвэр байдаггүй. Тус захирамжаар 2 өөр хүн нэг цаг мөчид, нэгэн зэрэг газар эзэмших эрхийг олж авсан. Нэг нь 50 м.кв газраа үндэслэлгүйгээр томруулсан, харин Р.П***** 100 м.кв газар дээрээ газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээгээ авч чадаагүй. Учир нь Р.П*****д тус Нийслэлийн Засаг даргын захирамж гаргасныг мэдэгдээгүй, тус захирамжийг биелүүлэх талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ямар ч арга хэмжээ аваагүй. Ингээд Р.П***** нь иргэний хэргийн шүүхэд газраа чөлөөлүүлэхээр хандаж байсан. Нэгэнт 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 тоот захирамжийн Р.П*****д холбогдох хэсэг хүчингүй болоогүй буюу хүчин төгөлдөр байгаа учраас шинэ акт гаргахыг даалгасан 0146 тоот шүүхийн шийдвэрт нийцнэ гэж үзэж байна. Яагаад гэвэл Р.П*****д А/226 тоот захирамжаар газар олгосноо хүчингүй болгоогүй учраас 0146 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Р.П*****гийн 100 м.кв газрыг чөлөөлж, шинэ акт гаргаж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулах эрхтэй гэж үзэж байгаа юм. Шүүхийн 0146 дугаар шийдвэрийн дагуу шинэ актыг гаргахыг даалгасан учраас газар чөлөөлөх асуудлыг иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж харж байна. Р.П***** нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд 22 жилийн турш явж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0146 дугаар шийдвэрээр Р.П***** газар эзэмших эрхээ баталгаажуулаад, гэрээ байгуулж, гэрчилгээгээ аваад авах ёстой байтал энэ хүнд одоог хүртэл юу ч байхгүй байна. Үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу хэдэн м.кв газар авах нь тодорхойгүй байна. Гэхдээ үүнийг тодорхой болгох үндэслэл нь Нийслэлийн Засаг дарга асан Ж.Н******ын гаргасан А/226 тоот захирамжийн дагуу олгосон 100 м.кв газрыг шинэ акт гаргаж, гэрчилгээ олгохыг даалгах юм бол тус маргаан нэг мөр эцэслэгдэх юм байна гэж үзэж байна. Иймд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын А/226 тоот захирамжийг хүчинтэй гэж үзэж байна.

“Ө******” ХХК-д олгосон Ү-22030009004 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд тайлбарлая. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болдог, үүнийг төр, иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас төрийг төлөөлж байгаа Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь шүүхийн 0146 дугаар шийдвэрт заасан зөрчлийг арилгаж, Р.П*****гийн газар эзэмших эрхийг сэргээхийн тулд зайлшгүй “Ө******”ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг хойш нь татуулах шаардлагатай болно. Р.П*****гийн газар эзэмших эрхийг сэргээх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад үүнийг биелүүлэхгүй байна. Нийслэлийн Засаг даргаас шинэ акт буюу захирамж гаргахын тулд үл хөдлөх хөрөнгийн асуудал зайлшгүй шийдвэрлэгдсэн байх ёстой. Хэрвээ шүүхээс үүнийг шийдвэрлэхгүй бол тухайн үл хөдлөх хөрөнгийн асуудал хэрхэх нь тодорхойгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн үл хөдлөх хөрөнгө буюу “Ө******”ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй бол Нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийн дагуу шинэ захиргааны акт гаргах боломжгүй юм. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0146 дугаар шийдвэрийг биелүүлж шинэ захиргааны акт гаргахын тулд “Ө******”ХХК-ийн газраас зайлшгүй хасах шаардлагатай болно. Тэгэхээр шинэ акт гаргаж Р.П*****гийн 100 м.кв газрын эзэмших эрх сэргэх юм бол “Ө******”ХХК-ийн барилгыг хойш нь татуулах нөхцөл байдалтай байгаа юм. Тийм учраас тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох эсхүл түдгэлзүүлэх эсэхийг шүүхээс шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл гэж байгууллага байдаг юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0146 дугаар шийдвэрийг биелүүлэхийн тулд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Р.П*****д хэрхэн газрыг нь нэмэгдүүлж олгох талаар ажиллагаа хийх ёстой байсан. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл гэдэг нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны доторх хэсэг бүлэг хүмүүс байдаг юм шиг байна. Тус зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын захирамж гардаг гэж тайлбарлаж байна. Тухайн зөвлөлийг хэрхэн байгуулах талаар холбогдох хууль, журамд заасан зүйл байдаггүй, мөн тус зөвлөл нь одоо байдаггүй татан буугдсан гэж тайлбарладаг. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын А/258 дугаар захирамж нь тус зөвлөлийн шийдвэрийг үндэслэж гарсан нь илт хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тус зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, холбогдох хууль тогтоомжийг гаргуулахаар шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч ямар ч нотлох баримт байдаггүй юм байна. Тэгэхээр тухайн зөвлөлийн шийдвэрийг үндэслэх эрх Нийслэлийн Засаг даргад байхгүй гэж харж байна. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийн 30 дугаар хэсэгт байгаа “Ө******” ХХК-д газрыг эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Иргэн Р.П***** болон “Ө******” ХХК-д түр ашиглуулах эрх олгогдсон тухайд:

Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Иргэн Р.П*****үрэв эд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд 100 м.кв /0.01 га газрыг дэлгүүр, үйлчилгээний, “Ө******” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 50 м.кв /0.005 га/ газрыг түр ашиглах эрх тус тус олгосон байна.

2/Иргэн Р.П*****гийн “Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаартай захирамжийн дагуу Р.П*****тэй 0.0.1 (100 м.кв) газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлийн тухайд:

Иргэн Р.П*****д Нийслэлийн Засаг даргын 1997 оны захирамжийн дагуу 100 м.кв газрыг түр ашиглуулах эрх олгосон боловч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа гэрээ байгуулж байгаагүй, 20 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, мэдээллийн санд кадастрын зургийг оруулаагүй байна. Түүнчлэн захирамжийн дагуу олгосон газраа хашаа барьж тэмдэгжүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй байна. Өөрөөр хэлбэл, газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул гэрээ байгуулах эрх зүйн үндэслэлгүй байна.

3/ “Ө******” ХХК-д олгогдсон газрын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/423 дугаартай захирамжаар “Ө******”ХХК-д Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үйлчилгээний зориулалтаар 128 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

“Ө******”ХХК-иас 2018 оны 1 дүгээр сард “Хугацаа сунгах тухай хүсэлт”-ээ ирүүлсний дагуу тус албаны дэргэдэх "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна. Иргэн Р.П***** "Газар эзэмших хүсэлт" гаргасан эсэх нь тодорхойгүй, бусдын эрх, ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4/Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэгэхээр 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/223 дугаар захирамжаар иргэн Р.П*****д 100 м.кв газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар олгогдсон. Харин н.Ө***** 50 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Нэхэмжлэгч Р.П***** нь 1997 онд эзэмшүүлсэн 100 м.кв газраа зориулалтын дагуу ашиглаагүй, мөн гэрээ байгуулж, газрын төлбөрөө төлөөгүй, мэдээллийн санд газрын кадастрын зургаа оруулаагүй байгаа учраас гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Мөн тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болсон байна. Харин “Ө******” ХХК-д 1997 онд олгогдсон 50 м.кв газар нь 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 423 дугаар захирамжаар 128 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гарсан. Мөн тухайн компанийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах хянан шийдвэрлэх зөвлөлөөр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцүүлж, улмаар дэмжигдэн газар эзэмших эрхийн хугацаа нь сунгагдсан. Тэгэхээр нэхэмжлэгч Р.П*****гийн эрх, ашиг нь хөндөгдсөн эсэх тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

4.Хариуцагч Нийслэл Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/423 тоот захирамжаар “Ө******” ХХК-д Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үйлчилгээний зориулалтаар 128 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

2/ “Ө******”ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын Газар зохион байгуулалтын албанд хандан хугацаа сунгах тухай хүсэлт ирүүлсний дагуу тус албаны дэргэдэх "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна. Мөн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаартай шийдвэрийн дагуу нөхцөл байдлыг судлан “Ө******” ХХК-ний барилгын сууриар, бусдын орц, гарцыг хаалгүйгээр дахин шинэ акт гаргасан байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийн дагуу хуулльд нийцэж гарсан захирамж ба “Ө******”ХХК-ний эзэмшлийн газар нь бусдын газартай давхцалгүй иргэн Р.П*****гийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө******* шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлд байрлах 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Ө******” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдөр холбогдох нотлох баримт баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байна.

2/“Ө******” ХХК 2670216/ нь тус ул хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг, хүсэлт, "М****” ХХК-иар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээ, гэрээ газрын кадастр /144 м.кв талбайтай/, эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд 2002 оны 2 дугаар сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2203009004 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0047590 дугаартай гэрчилгээ олгосон.

3/Тус бүртгэлийг бүртгэхэд тухайн үед мөрдөгдөж байсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг баримталж бүртгэлийг бүртгэсэн бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан байна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 0047590 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлснийг дахин авах хүсэлтийн дагуу Улсын ерөнхий бүртгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны  өдрийн А/140 дугаартай тушаалаар хүчингүй болгож дахин 000626134 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өнөөдрийн байдлаар "А***” ББСБ-тай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 120000000 / нэг зуун хорин сая/ төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн бүртгэлүүд хувийн хэрэгт авагдсан байна” гэжээ.

6.Гуравдагч этгээд “Ө******” ХХК шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Иргэн Р.П*****гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар татсан захиргааны хэрэгт манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа болно. Нэхэмжлэлд манай компанийн эзэмшиж буй газрын Нийслэлийн Засаг Даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 тоот захирамжийг хүчингүй болгох тухай тусгажээ.

2/Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 27-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшиж буй газрын хэмжээ өөрчлөлттэй байгаатай холбогдуулан газрын нарийвчлан хэмжиж, 156 м.кв талбай бүхий болохыг тогтоож Нийслэлийн засаг даргын 2018 оны 03 сарын 27-ны өдрийн А/258 тоот захирамжаар баталгаажуулж газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгосон.

3/Манай компани нь зохих хууль дүрмийн дагуу газар эзэмшиж байгаа бөгөөд холбогдох газрын төлбөрийг тухай бүрд нь төлж үүргээ биелүүлсээр ирсэн. Иймд иргэн Р.П*****гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н****    2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Р.П*****гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажллагаанд миний бие оролцож байгаа бөгөөд өнөөдрийн товлогдсон шүүх хуралдаанд шалтгаанттайн улмаас биечлэн оролцох боломжгүй байх тул гуравдагч этгээд талыг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө******” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 1.1.Тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн “Ө******” ХХК-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 1.2.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн нэг дэх заалтаар Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу хавсралтад заасан 34 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилжээ.

1.3.Тус захирамжийн хавсралт, хүснэгтийн 23 дугаарт гуравдагч этгээдэд үйлчилгээний зориулалтаар 156 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

1.4.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын хэлэлцсэн асуудлын 30 дугаарт гуравдагч этгээдийн газрын хэмжээг өөрчлөх хүсэлтийг дэмжжээ.

1.5.Харин тус зөвлөлийн хуралдаанаар мөн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрт заасан ажиллагааг хийгээгүй, нөхцөл байдлыг тодруулаагүй, уг шийдвэрийг хэлэлцээгүй болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02-06/834 тоот албан бичгээр нотлогдож байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ”, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заажээ.

1.6.Дээрхээс дүгнэвэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байх бөгөөд уг шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын оролцоог хангаж, маргаан бүхий газрын асуудлыг сайтар судалж, тодруулж дахин шинэ акт гаргаагүйгээс маргаан дахин даамжрах үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн нь хэдэн м.кв газар эзэмших боломжтой эсэх, тэдгээрийн газрын хэмжээг бодитоор тогтоох талаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй зөвхөн гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэж Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар түүний газрын хэжээг өөрчилсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулж байна.

Тодруулбал нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газар дээр үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэг бөгөөд тэдгээрийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүдэд дурьдсан газрын хэмжээ, үл хөдлөх эд хөрөнгүүд байгаа газрын хэмжээ нь өөр хоорондоо зөрүүтэй байх тул дээрх шүүхийн шийдвэрт тусгасан ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө******” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийг гаргасан буруутайг тогтоож, дээрх захирамжийн “Ө******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ө******” ХХК-нд олгосон Ү-22030009004 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагуудын тухайд:       

 2.1.Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 424 дүгээр “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамжаар мөн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тоот албан бичгээр хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн байна.

2.2.Гэтэл дээр дурьдсанчлан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар гуравдагч этгээдийн хүсэлтийг хэлэлцсэн, улмаар уг зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4/1261 тоот албан бичигт “Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 03/2055 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах”-ыг мэдэгдсэн гэсэн атлаа дээрх албан бичиг болон шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй байна.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд энэхүү заалт нь зөвхөн анх газар эзэмших тухай хүсэлт гаргахад хамааралтай бус газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газрын хэмжээ, зориулалт өөрчлөхөд ч мөн хамааралтай юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.3.Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын маргаан эцэслэгдээгүй, хэн нь хэдэн м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурьдснаар эрх бүхий, байгууллага албан тушаалтнаас тогтоогоогүй байхад гуравдагч этгээдэд 144 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон нь хуульд нийцээгүй байх тул дээрх бүртгэлийн мөн хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал, үл хөдлөх хөрөнгө нь газар, түүний хэвлий дээр байршиж эрхийн гэрчилгээгээр баталгааждагийн хувьд тухайн газрын маргаан эцэслэгдээгүй байхад өмчлөх эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн гэж үзэхгүй.

Гурав. Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.П*****д 0.01 /100 м.кв/ газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлагын тухайд:

3.1.Дээр дурьдсанчлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт анх газар эзэмшүүлсэн болон одоо эзэмшиж буй /үл хөдлөх хөрөнгүүд байршиж буй/ газрын хэмжээний талаарх маргаан эцэслэгдээгүй, уг нөхцөл байдлыг тогтоох үүргээ захиргааны байгууллагаас биелүүлээгүй, шүүхийн шийдвэрт дурьдсан ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай бөгөөд ингэснээр тэдгээрийн газар эзэмших эрх, газрын хэмжээг нарийн тогтоох учиртай.

3.2.Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 0.01 /100 м.кв/ газар эзэмшихээр шийдвэрлэсэн хэдий ч одоо эзэмшиж буй талбайн хэмжээ илтэд зөрүүтэй, уг нөхцөл байдлыг тогтоох талаар гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13 заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.П*****гийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө******” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож,  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө******” ХХК-нд холбогдох хэсэг болон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Ө******” ХХК-нд олгосон Ү-22030009004 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.П*****д 0.01 /100 м.кв/ газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ