Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 314

 

Ц.Са-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 363 дугаар магадлалтай, 201625030322 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Ц.Са-.

Шүүгдэгч Ц.Са- нь 2015 оны эхнээс 2016 оны 3 дугаар сарын хооронд 21 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 131.002.436 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарын хооронд 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж 65.010.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ц.Са-д холбогдуулан хөрөнгө завших гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж, шүүгдэгч Ц.Са-г бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Са-гийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 121.803.436 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ц.Са-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Са-, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4, 39.7, 39.8 дугаар зүйлийг тус тус ноцтой зөрчжээ. Шүүхээс Ц.Са-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Нэр бүхий хохирогч нар нь “Эгэл амьдралын мөр” ТББ-ын Төрийн банкны дансанд мөнгө хийсэн гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч нарын шилжүүлсэн мөнгийг “Эгэл амьдралын мөр” ТББ зарцуулж хохирогчдыг хохироож байна уу, эсхүл Ц.Са- гэх хүн хохироож байгаа эсэх, мөн “Эгэл амьдралын мөр” ТББ-ын удирдах зөвлөл хэдэн гишүүнтэй болон захирал нь хэн болох, дансаар орсон гарсан байдал, удирдах зөвлөлийн гишүүдийг гэрчээр асуух зэрэг хуульд заасан үндэслэл журмыг гүйцэтгэхгүйгээр мөрдөн шалгаж, шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн, хохирогч нарын их хэмжээний мөнгийг хэн авч хэрхэн зарцуулсан талаар нарийн шалгаж тогтоогоогүй. Мөн нэр бүхий хохирогч, гэрч нар нь эмчилгээний журмаар Солонгос улс руу 1-3 сарын хугацаатай яваад ирсэн байдаг. Ц.Са- нь хүмүүсийг Солонгос улсын эмчилгээний виз хариуцдаг байгууллагатай харилцаж материалаа бүрдүүлэн өгч тэндээс зөвшөөрөл и-мэйлээр хүлээн авсны дараа Солонгосын элчинд материалыг өгч олон хүмүүсийг эмчилгээний визээр гаргасан боловч гарсан хүмүүс нь Солонгос улсад харлаж үлдэн буцаж ирэхгүй байснаас барьцаанд өгсөн мөнгийг нь буцааж олгохгүй байгаа шалтгааныг шалгаж тогтоолгүй, уг мөнгө хэний, ямар дансаар ямар данс руу орсныг тогтоолгүйгээр түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэж байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж прокурорын ялласан зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Са-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Са- нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж удаа дараагийн үйлдлээр нэр бүхий 36 хохирогчийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх Ц.Са-г БНСУлсад зорчих болон эмчлүүлэх виз гаргаж өгнө гэж олон тооны иргэдийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Са-гийн гэм бурууг үгүйсгэж, хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан “хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Са- нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул түүний гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 363 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Са-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН