| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0066/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/62 |
| Огноо | 2024-03-28 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/62
2024 03 28 2024/ШЦТ/62
Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб*******,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Б.Б*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б*******т холбогдох эрүүгийн 2315001320047 дугаартай, 163/2024/0066/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Лувсан овогт Бадмааванчигийн Б*******, Б******* аймгийн Б******* суманд 1969 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 54 настай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Б******* аймгийн Б******* сумын Жаргалант *** дугаар баг, *** дугаар байр *-* тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б******* Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын г******* сургуулийн нярваар ажиллаж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 19-ний орой тус сургуулийн дотуур байрны уурын зуухны түлшинд хэрэглэх зорилгоор бэлтгэсэн 28.1 тонн нүүрсийг хүлээн авч буулгах үедээ 10.04 тонн нүүрсийг авч, ажил үүргийн хүрээнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын г******* сургуульд 1,684,800 төгрөгийг хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь Б******* аймгийн Б******* сумын ерөнхий боловсролын г******* сургуульд няраваар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 19-ний орой тус сургуулийн дотуур байрны уурын зуухны түлшинд хэрэглэх зорилгоор бэлтгэсэн 28.1 тонн нүүрсийг хүлээн авч буулгах үед 10.04 тонн нүүрсийг бусдад шилжүүлэн өгч, албан тушаалын тодорхойлолтод заасан “бараа материал эд зүйлсийг бэлтгэж, хадгалах” чиг үүргийн хүрээнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 1,684,400 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь яллагдагч Б.Б*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.М өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 159-160, 163-164 дэх тал/, гэрч Л.Г******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, гэрч Б.Г******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 39-40, 84-85, 123-124 дэх тал/, гэрч Х.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 150-151 дэх тал/, гэрч М.А өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 35-36, 127 дахь тал/, гэрч Г.М өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 130-131 дэх тал/, гэрч Б.Дэлгэрцогтын өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 43-44, 154-155 дахь тал/, нүүрсэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 9-14 дэх тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-ОРХ/6621 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-55 дахь тал/, Б.Б*******ыг ажилд авах тухай тушаал, няравын албан тушаалын тодорхойлолт /хавтаст хэргийн 61-65 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрсдөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд шүүгдэгч нь бүрэн дунд боловсролтой, өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б*******ын үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин шунахайн сэдэлттэй, хууль бус болох нь илэрхий атал түүнийг хүсэж үйлдэн бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга, халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэдэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж эхэлсэн үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Б*******ын үйлдэл нь “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-ОРХ/6621 дугаартай дүгнэлтээр завшсан гэх 10.4 тонн нүүрсний үнэлгээг 1,749,168 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтад үндэслэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас бусдад 1,164,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б*******ын сургуулийн дотуур байрны уурын зуухны түлшинд хэрэглэх зорилгоор бэлтгэсэн 10.04 тонн нүүрсийг бусдад шилжүүлэн өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, тус зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Б*******ыг “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4. Хохирол, хор уршиг
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Б.Б******* нь хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Хэрэв шүүгдэгч Б.Б******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах хууль зүйн үр дагавартайг тусгайлан сануулав.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лувсан овогт Бадмааванчигийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б*******т мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******т тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б*******т сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ