Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 51

 

М.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Яллагдагч                                     М.А-

Нарийн бичгийн дарга                 Б.Мандуул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаар захирамжтай, М-ийн А-д холбогдох, 2018000000107 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч М.А-гийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт М-ийн А-.

Яллагдагч М.А- нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг Хараагийн 1-р гудамжны 1 тоотод иргэн Х.А-ыг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаар захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.А-д холбогдох эрүүгийн 2018000000107 дугаартай, 1 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэрэг Прокурорын газарт очтол яллагдагч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагч М.А- давж заалдах гомдолдоо:

Х.А- нь надтай тааралдах болгондоо дарамталж, үг хэлээр доромжилдог байснаас болж түүнийг жаахан айлгавал зүгээр болчих болов уу гэж бодсоноос болсон юм. Надад түүнийг алах санаа зорилго байгаагүй болно. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан зүйл ангийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

Прокурор эсэргүүцэлдээ:

Хохирогч Х.А-ы “...2020 оны 02 сарын 25-ны өдөр 15 цагийн үед манай найз Б- гэж дууддаг нэр нь Г- найз ирсэн. Тэр үед би гэртээ ганцаараа байсан болохоор найздаа хоол хийж өгсөн. ...2020 оны 02 сарын 26-ны өдөр бид хоёр унтаж амарцгаасан 17 цагийн үед манай гэрийн амбаарын хаалгын чимээ гараад манай гэрт зүс таних хүн орж ирэхээр нь өндийгөөд босох гэтэл нөгөө хүн миний цээжин тус газар 2 удаа, гэдэс орчим, баруун гарын тохой бугалга хэсэгт 1 удаа хатгасан тэгэхээр нь барьж аваад хутгатай гартай зууралдахад миний зүүн гарын шуу хэсэгт зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /хх 17-18 тал/, шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн “...хаалгаа цоожлоогүй найзтайгаа цуг унтаж байхад хаалга дуугараад хүн орж ирэхээр нь өндийгөөд харсан чинь М.А- орж ирээд чи намайг дандаа ингэдэг шүү гээд хутгалсан. Хааяа тааралдахаараа тамхины мөнгө нэхдэг...” талаар мэдүүлсэн мэдүүлэг.

Яллагдагч М.А-гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би тухайн үед халамцуу гэхдээ тасраагүй тухайн үед болж байгаа асуудлыг бүдгийг мэдэж байсан. ...дэлгүүрийн гадаа таксинаас буухад дэлгүүрээс А- гарч ирж байгаад таарсан зөрөхдөө намайг дарамталсан маягтай үг хэлээд өнгөрсөн тэгэхээр нь миний уур хүрээд ер нь айлгая гэж бодоод гэрээсээ хутга аваад А-ы гэрт ортол А- хэвтэж байгаад босож ирэх шиг болсон хажууд нь нэг залуу унтаж байсан. Би шууд А- дээр очоод цээж орчим, гар булчин хэсэг гэдэс уруу нь хатгачихсан...” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд М.А-гийн “...хохирогч тааралдахаараа дарамталсан үг хэлдэг. ...урьд өдөр нь буудал дээр тааралдаад хашаан дотроо дуудаад очсон чинь 2 хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд надад архи хийж өгөхөөр нь уухад адилхан архичин байж ямар цэмбэгэр хувцасладаг юм бэ гэж нөгөө ярьдаг юмнуудаа ярихаар нь чи намайг дандаа ингэдэг шүү гээд гараад явсан. ...тэгээд ер нь айлгая гэж бодоод гэрт ороход А- өндийгөөд босоод ирэхэд нь чи намайг дандаа ингэдэг шүү гэж хэлээд хутгалсан, айлгах санаа зорилготой байсан, тэрнээс биш хонь гаргаж чадахгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд яллагдагч М.А- нь согтуурсан мансуурсан үедээ үл ялих зүйлээр шалиглан, танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдсон байна. Яллагдагч М.А- нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ анхнаасаа түүнийг амь насыг хохироох буюу хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилгоор бусдын эрүүл мэндэд халдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Түүнчлэн яллагдагч М.А- нь хүнийг санаатай алахад чиглэсэн үйлдэл хийсэн, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хохирогч нас бараагүй байна. Иймд хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дугаар зүйлийн 2.т энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан учир яллагдагч М.А- нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Прокурорын зүгээс яллагдагч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан. Харин шүүхийн захирамжид “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг хөтөлбөргүй шалгаж нотлоогүй, өөрөөр хэлбэл хүнийг санаатай алахаар завдсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Яллагдагч М.А-д холбогдох дээрх үйлдлийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт санаа зорилго нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үзэх дүгнэн үзэх боломжтой буюу яллагдагчийн эрх зүйн байдлыг хүнийг санаатай алахыг завдсан гэж хүндрүүлэн зүйлчлэхгүйгээр хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Шүүхийн захирамжид 2020 оны 03 сарын 03-ны өдөр яллагдагч Х.А-гаас мэдүүлэг авахдаа өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байхад өмгөөлөгч оролцуулахгүй мэдүүлэг авч Үндсэн хуульд заасан “өөрийгөө өмгөөлөх” эрхийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.2.д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй тул яллагдагч Х.А-гийн гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэжээ.

Х.А-гаас яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг тайлбарлан өгч мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.т заасныг баримтлан прокурор давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч М.А- тайлбартаа:

Анхан шатны шүүх намайг хүн алахыг завдсан гэж үзсэн, би айлгая гэсэн зорилготой байсан. Иймд прокурорын дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.А-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалсны үндсэн дээр хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтыг нотлох баримтаас хасах, шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй байж болохоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заажээ.

1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хэргийг мөрдөн шалгах явцад энэ хэрэгт холбогдсон Х.А-гаас хэргийн талаар 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр мэдүүлэг авчээ. Гэтэл Х.А- тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ илчилсэн ирсэн байтал гэрчээр мэдүүлэг авч, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээх тухай хууль сануулсан нь Монгол улсын үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 14.д заасан эрхийг зөрчсөн байна гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Энэ тохиолдолд уг мэдүүлгийг нотлох баримтаас хасаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан бусад баримт, мэдүүлгүүдийг Тухайлбал: хохирогч Х.А-, гэрч Ц.Г-, Д.Батцоож, Дархан-уул аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 212 дугар дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон бусад баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

2. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3.д заасан ”… Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн.... өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэсэн заалтыг зөрчиж 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр сэжигтэн М.А-г байцаахдаа өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр аваагүй тул энэ мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж дүгнэжээ.

Шүүгчийн захирамжид заасан зүйл хэсэг нь:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй зарим этгээдүүдийг заавал өмгөөлөгчтэй оролцуулах тухай зохицуулалт ба эдгээр этгээдүүдээс бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно. гэж зохицуулсан зохицуулалтыг шүүх буруу ойлгож, тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр сэжигтэн М.А-г яллагдагчаар татах тогтоол үйлдэж, тогтоолыг танилцуулсныг дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулан улмаар мөн хуулийн 16.3 дугаар зүйлд заасны дагуу яллагдагч М.А-гаас мэдүүлэг авчээ.

Энэ мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүйгээс гадна яллагдагч М.А- өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг урьдчилан танилцуулсны үндсэн дээр өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдэл  тогтоогдохгүй байна.

Иймд хэргийг прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаар захирамжийг хүчингүй болгож, М-ийн А-д холбогдох, 2018000000107 дугаартай эрүүгийн  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                 ШҮҮГЧ                              Ц.ТУЯА

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР