| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0318/3 |
| Дугаар | 128/ШШ2021/0448 |
| Огноо | 2022-06-10 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2021/0448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г *****” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ашигт малтмалын маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э******, Д.Н******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г *****” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч “Г *****” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 469 дүгээр шийдвэрээр MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус олгожээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжилт жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.
3. Нэхэмжлэгч “Г *****” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан боловч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/353 дугаар албан бичгээр гомдлын хариуг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гардан авч, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч W X шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт зааснаар жилийн ээлжит газрын төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр цуцалсан.
Цуцалсан мэдэгдлийг манай байгууллага хүлээн аваагүй бөгөөд 2021 оны 11 сарын 11-ний өдрийн мэдэгдэлд хаяг буруу бичигдсэн, буцаагдсан байдаг. Мэдэгдлийг буруу хаягаар явуулснаас болж сонсох ажиллагааг явуулахгүйгээр Кадастрын хэлтсийн даргын гаргасан 2021 оны 510 дугаар шийдвэр үндэслэлгүй юм.
4.1. Манай компанийн эрх бүхий албан тушаалтан Б.Ц****** 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс ковид тусч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа сахарын өвчин нь хүндэрч эмчлэгдэж байгаад 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарсан даруйдаа төлөх ёстой ээлжит газрын төлбөрийг алдангийн хамт Төрийн сангийн 100900000712 дугаар дансанд төлсөн юм. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн тухайгаа нотлох баримтын хамт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт гомдол гаргасан ба 2022 оны 01 дүгээр сарын 14-ний хариуг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бичиг хэргийн ажилтангаас гарын үсгийг нь дугтуйн дээр зуруулан хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мэдэгдлийг 11 дүгээр сарын 04-ний өдөр шуудангаар явуулсан боловч буцаагдсан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мэдэгдэл 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буцаагдсан байхад хуульд заасны дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй юм. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц****** Ашигт малтмал газрын тосны газарт хандсан байдаг. Бидний төлсөн төлбөр одоог хүртэл Ашигт малтмал газрын тосны газрын төрийн сангийн дансанд байдаг. Нэхэмжлэгч байгууллагын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн албан бичгийн хариуг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгснийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр н.О******* гэдэг бичиг хэргийн ажилтнаас нь авсан тэмдэглэл хэрэгт авагдсан. Өмнө нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагад хандаж байсан.
5.1. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2 төлбөрийг алдангийн хамт тушаасан. Маргаан бүхий захиргааны актыг гарахаас өмнө дээрх нөхцөл байдлыг судлаагүй нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Хэдийгээр 8 дахь жилийн төлбөр төлж байгаа боловч “Г *****” ХХК эрхийг шилжүүлж авснаас хойших хамгийн анхны төлбөр байсан. Хариуцагчийн тайлбар дээр 2021 оны 11 дүгээр сарын 20-ны дотор гэсэн байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс тоолоод үзвэл 12 дугаар сард төлбөр төлөгдсөн учраас тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх боломжтой байсан. Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэлтэй эсвэл Ашигт малтмал газрын тосны газарт бүртгэлтэй хаягаар явуулсан гэдэг ч шуудангийн дугтуй дээр өөр хаяг бичигдсэн байдаг. Гэтэл 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийн мэдэгдэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо гэсэн хаягаар ирж 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан байдаг бөгөөд хаягийн эргэлзээтэй асуудлууд байдаг.
Б.Ц******-т гүйцэтгэх захирлыг орлох эрх олгогдоогүй. Итгэмжлэлийн дагуу үйл ажиллагаанд оролцож байгаа. ...” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д***** шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... “Г *****,” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МВ-*******, МВ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байна.
Төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 34 дүгээр зүйлийн 34.7-т “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, мөн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол цуцлахаар хуульчилсныг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МВ- *******, МВ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр цуцалжээ.
6.1. Төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 тоот албан бичгээр дээр дурдсан аж ахуйн нэгжийн манай байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэлтэй албан ёсны хаягаар нь “цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл”-ийг хүргүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасныг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5907 тоот албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын МВ-*******, МВ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тухай мэдэгджээ.
6.2. Төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Иймд “Г *****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэлээ болгож Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэж үзэн д олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын MV-*******, MV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гээд 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэжээ.
3. Нэхэмжлэгчид анх тухайн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн буюу 2021 оны төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, хуульд заасан боломжит хугацаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор алдангийн хамт төлөхөөр байжээ.
4. Гэтэл нэхэмжлэгч нь төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн нь төлөх ёстой хугацаанаас 50 хоног, алдангийн хамт төлөх боломжит хугацаанаас 20 хоногоор тус тус хэтрүүлэн төлжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа цар тахлын улмаас хил хаалттай байсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц****** нь өвчтэй байсан талаар дурьдаж, “Х *****” ХХК-ийн харьяа “И *****,” уламжлалт эмнэлэгт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд “Сахарный диабет 2 типа” оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтыг ирүүлсэн хэдий ч энэхүү үйл баримтыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь тухайн төлбөрийг заавал биечлэн төлөхийг шаарддаггүй, урьдчилж буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлөх боломжтой байсан, мөн цахим банк эсхүл бусад хүн, хуулийн этгээдээр дамжуулан төлөх боломжтой юм.
6. Маргаан бүхий төлбөрийг нэхэмжлэгчийг төлөөлж 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х.М******* гэх иргэн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
7. Хэдийгээр маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тухайн жилийн төлбөр төлөгдөж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл арилсан хэдий ч нэгэнт хуулиар тухайлан төлбөр төлөх хугацаа, мөн алдангийн хамт төлөх боломжит хугацааг нарийн тогтоож өгсөн байх тул уг хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
8. Мөн хариуцагч байгууллага өөрт бүртгэлтэй байгаа нэхэмжлэгчийн хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичгийн бүртгэлийн дэвтэрээр тогтоогдож байх бөгөөд Ашигт малтмал тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Г *****,” ХХК нь хаяг болон утасны дугаарын өөрчлөгдсөн мэдээллийг төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй нь хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г *****,” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г *****, “ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ