Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1042

 

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00973 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Ө-т холбогдох

 

10 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б- нь 2017 оны 4 дүгээр сард У.Ө-тэй анх танилцаж, уулзсан. Тухайн үед У.Ө- нь өөрийгөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Байгаль орчны хяналтын ахлах мэргэжилтэнээр ажилладаг гэж танилцуулж, мэргэжлийн талаас нь зөвлөгөө өгч, үйл ажиллагааны зардалд 10 000 000 төгрөгийн санхүүжилт оруулчих, улмаар олсон ашгаа хуваах санал тавьсаны дагуу түүний нөхрийн Т.Мөнх-Очирын Хаан банк дахь 5133039746 тоот дансанд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9 000 000 төгрөг, 22-ны өдөр 600 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхээс өмнө болон дараа Х.Б-ын хувьд ямар техник, хэрэгслээр олборлолт явуулах, техник, хэрэгсэл байгаа газарт нь очиж үзэх гэсэн боловч танилцуулахгүй байсаар Ховд аймаг руу хувийн ажлаар явах үед Улаанбаатар хотоос техник, хэрэгслээ аваад Сэлэнгэ аймаг руу гарах гэж байгаа талаар мэдэгдсэн.

Ховд аймгаас Улаанбаатар хотод ирсний дараа У.Ө-тэй утсаар холбогдож, ажлын явцын талаар тодруулахад Сэлэнгэ аймагт олборлолт явуулах ажил бүтэхээ больсон, олборлолт хийх гэж байсан талбай /газар/-г өөр этгээд эзэмшээд биднийг оруулсангүй, Х.Зоригтхүү техник, хэрэгслээ аваад Төв аймаг явсан. Чиний мөнгийг удахгүй буцааж өгнө гэсэн. У.Ө-тэй удаа дараа холбогдож, оруулсан мөнгөө авахыг хүссэн боловч удахгүй өгнө, Х.Зоригтхүүгээр төлүүлнэ гэдэг байсан.

Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. У.Ө- өөрийн нөхөр Т.Мөнх-Очирын ХААН банкны дансны дугаарыг мессэжээр явуулсан байдаг боловч түүний мессэж нь нотлох баримтын шаардлага хангахгүй учраас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, үүний дагуу Х.Б- нь санхүүжилт болох 9 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Х.Б-, У.Ө- 2 хамтран ажиллахаар тохиролцсоноос хойш Х.Б-, Х.Зоригтхүү нар уулзсан.

У.Ө-ээс ирүүлсэн мессэжийн дагуу санхүүжилт болох 9 600 000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар У.Ө-т өмчлөх эрх үүссэн. Хэдийгээр өөрийн дансанд мөнгийг шилжүүлж аваагүй ч нөхөр Т.Мөнх-Очирын дансаар мөнгийг хүлээн авснаар өмчлөх эрх түүнд үүссэнээр тэрээр цааш захиран зарцуулсан. Эдгээр байдлыг үндэслээд У.Ө-тэй хамтран ажиллахаар тохиролцсон, тэрээр хариуцагч гэдэг нь тогтоогдоно.

Мөн У.Ө- тохиролцсон байснаа буцсанаас шалтгаалж, Х.Б- нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор өмгөөллийн төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн тул У.Ө-ээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг, өмгөөлөлийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, нийт 10 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б- нь Дорноговь аймагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, төлөвлөгөө тайлангаа батлуулж өгөхөд туслаач гэсэн хүсэлтийг дүү н.Мөнгөн-Эрдэнээр дамжуулан 2016 онд танилцаж байсан. У.Ө-ийн нөхөр Т.Мөнх-Очирын үеэл Х.Зоригтхүү нь нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл бүхий компанитай бөгөөд Сэлэнгэ аймагт нөхөн сэргээлтээр орон нутгаас нь өнгөрсөн жил газар өгсөн, машинаа надад түрээслээч, сайн геологичоос газар заалгаж авах хүсэлтийг тавьсан. Тухайн үед У.Ө- нь Х.Б-тай холбогдон “алтны нөөцтэй, эвдэрсэн газрын координат байгаа юу заагаад өгөөч” гэсэн хүсэлтийг утсаар тавихад тэрээр болно гэсэн хариуг өгсөн. Х.Б-ын өгсөн координатыг Х.Зоригтхүүд өгсөн бөгөөд тухайн газар очиж үзэхэд эрүүл газар боломжгүй юм байна гэж Х.Зоригтхүү утсаар хэлсэн. Энэ тухай Х.Б-т хэлсэн бөгөөд хамт яваад газраа заагаад өгөөч гэсний дагуу Х.Зоригтхүү, Х.Б- нар хамт яваад газраа заалгах гэсэн боловч жижиг машин нь халтирч гулгаад байна гээд газраа зааж өгөхгүй Х.Б- буцаад явсан байсан.

Х.Б- Сэлэнгээс ирсний дараа У.Ө- руу яриад нь та нартай хамтарч ажиллая, би сайн газар мэднэ та Х.Зоригтхүүд хэлээд өгөөч гэсэн. Энэ тухай Х.Зоригтхүүд хэлсэн боловч газраа зааж өгөхгүй буцсан нь ийм учиртай байсан юм байна гээд дургүйцээд байсан. Х.Б-, Х.Зоригтхүү 2 өөрсдөө уулзан хамтран ажиллахаар болж хоёулаа хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум уруу хамт явж газраа үзээд ирсэн тухай Х.Зоригтхүү манай нөхөрт хэлээд машинаа бэлдээрэй гэж хэлсэн байсан.

Х.Б- 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би 10 саяын хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжөө, тээвэрлэхээр болсон боловч 9 сая төгрөг л ахаасаа зээллээ гээд Х.Зоригтхүү рүү ярьсан гэсэн. Манай нөхөр өөрийн автомашинаа аваад тоног төхөөрөмжийг нь ачихаар Х.Зоригтхүүгийн хашаанд хамт байсан бөгөөд Х.Зоригтхүү нь карт байхгүй учраас манай нөхрийн данс уруу мөнгөө шилжүүлчих гэж яриад манай нөхрийн 5133039746 тоот Хаан банкны данс уруу 9 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Х.Б-ын шилжүүлсэн мөнгийг тухайн өдөрт нь Х.Зоригтхүүгийн Хаан банкны /5058157380/ данс уруу 8 400 000, 700 000 төгрөг, нийт 9 100 000 төгрөгийг шилжүүлэн, бэлэн 500 000 төгрөгийг өгсөн. У.Ө-ийн нөхрийн ачааны машин 1, түрээсийн 2 шланз дээрээ тоног төхөөрөмжөө ачаад Х.Зоригтхүү Сэлэнгэ аймаг уруу явсан. Х.Б- нь Ховд аймаг уруу ажлаар явах болсон тул өөрийн геологич эмэгтэйн утасны дугаарыг өгч тосож авна гээд явсан. Т.Мөнх-Очир болон Х.Зоригтхүү нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очоод геологич н.Туяа гэх эмэгтэйтэй уулзаад зааж өгсөн газар нь техникээ аваад очтол тэр газар нь өөр хүний тусгай зөвшөөрөлтэй газар байсан учраас яах учраа олохгүй 2 хоносон бөгөөд түрээслэсэн 2 автомашины шланзны жолооч нар уурлаж мөнгөө нэмж өгөхийг шаардсан байна.

Х.Б-ын утас холбогдох боломжгүй байсан учраас геологич гэх эмэгтэй энэ газрыг хүнийх байсныг би мэдэхгүй та нар тэр эзэнтэй нь уулз гээд дагуулж очиж уулзуулсан нь үнэхээр зөвшөөрөлтэй хүний газар байсан тул аргагүй буцахаар болж Х.Зоригтхүү түрээслэсэн 2 автомашинд тус бүр 1 500 000 төгрөг нэмж төлөн Заамар дахь гэртээ тоног төхөөрөмжөө буулгуулсан байна.

X.Зоригтхүү нь Х.Б-ын шилжүүлсэн мөнгөөр тоног төхөөрөмжөө ачихаар 2 автомашин түрээслэсэн бөгөөд Х.Б-ын хөрөнгө оруулалтаар өгсөн мөнгө нь тухайн ажил нь бүтээгүй, зорьсон ажлаа хийж чадаагүйгээс болсон бөгөөд харилцан тохиролцсоноосоо буцаж залилан хийсэн зүйлгүй. Х.Зоригтхүү нь манай нөхрийн автомашиныг авч явсан боловч бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. Нэгэнт ямар ч ашиг олоогүй буцаад ирсэн хүнээс яаж түрээс нэхэх вэ гээд өнгөрсөн.

Х.Б-ын шилжүүлсэн мөнгийг У.Ө-ийн нөхөр нь Х.Зоригтхүүд дансаар шилжүүлсэн бөгөөд миний хувьд нэг ч төгрөг аваагүй, манай нөхөр хамтран ажиллаж автомашинаа Х.Зоригтхүүд түрээслэхээр тохиролцсон. Х.Б- нь үүнийг мэдэж байгаа бөгөөд Х.Зоригтхүүгээс та ядаж хэдэн төгрөг аваад өгөөч гэж байнга утсаар ярьж, мессеж бичдэг байтал яагаад чухам намайг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй. Миний хувьд тухайн хүмүүсийг хооронд нь танилцуулсан бөгөөд хүн залилсан зүйлгүй, хүний мөнгө аваагүй учраас хариуцагчаар оролцох боломжгүй гэж үзэж байна.

Иймд Х.Б-тай хамтран ажиллахаар тохирсон зүйл байхгүй тул 10 600 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч У.Ө-ээс 10 600 000 төгрөг гаргуулах тухай Х.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00973 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Олборлолтын зардалд 2 удаагийн гүйлгээгээр 9 600 000 төгрөгийг хариуцагчийн нөхөр Т.Мөнх-Очирын Хаан банк дахь 5133039746 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхээс өмнө У.Ө- би өөрийн дансаар дамжуулан авах боломжгүй байна, манай нөхрийн данс руу мөнгөө шилжүүлчих гэсний дагуу олборлолтын зардлыг өгсөн дансанд нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхээс өмнө болон шилжүүлсний дараа миний хувьд ямар техник, хэрэгслээр олборлолт явуулах гэж байгаа юм, техник, хэрэгсэл байгаа газарт нь очиж үзье, танилцах хүсэлтийг хариуцагчид тавьж байсан боловч надад танилцуулахгүй байсаар намайг Ховд аймаг руу хувийн ажлаар явах үед Улаанбаатар хотоос техник, хэрэгслээ аваад Сэлэнгэ аймаг руу гарах гэж байгаа талаар утсаар мэдэгдсэн. Ховд аймгаас Улаанбаатар хотод ирсний дараа У.Ө-тэй утсаар холбогдож, ажлын явцын талаар тодруулахад Сэлэнгэ аймагт олборлолт явуулах ажил бүтэхээ больсон чиний мөнгийг буцааж өгнө гэсэн.

Дээрх үйл явдал болсноос хойш У.Ө-тэй удаа дараа холбогдож, хамтран ажиллах тохиролцоо биелээгүй тул оруулсан мөнгөө авахыг хүсэхэд удахгүй өгнө, Х.Зоригтхүүгээр төлүүлнэ гэдэг байсан ч сүүлдээ У.Ө- залгахаар утсаа авахаа больсон. Нөгөөтэйгүүр намайг Ховд аймаг руу явсан хойгуур Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очсон эсэх нь тодорхойгүй байсан учир тухайн асуудлаар миний зүгээс Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, шалгуулсан боловч тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2201 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй талаар дурдаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа “...нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохиролцоогүй, түүний хүсэлтээр эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулдаг Х.Зоригтхүүтэй танилцуулсан бөгөөд түүнээс санхүүжилт гэх 9 600 000 төгрөгийг аваагүй...” гэх тайлбар, гэрч Х.Зоригтхүүгийн “...Х.Б-ын 9 600 000 төгрөгийг би авсан. X.Батбаяр нь олборлолт хийх газар зааж өгөх, шатахууны зардлаа хариуцах, миний бие техник тоног төхөөрөмж болон тухайн сумаас авах бичил уурхайн зөвшөөрлийг хариуцах, ашгийн 30 хувийг Х.Б-, үлдэх 70 хувийг би авахаар тохиролцсон. У.Ө- биднийг танилцуулсан...” гэх мэдүүлэгт дурдаж байгаа шиг тохиролцоо бидний хооронд хийгдээгүй. Хэрэв ийм тохиролцоонд бид хүрсэн бол би олборлолтын зардлаа хариуцагчийн нөхрийн дансанд шилжүүлэх, түүнтэй хамтарч ажиллах талаар ярилцах шаардлага огт байхгүй байсан. Мөн “Энхзоо” ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон 2015/050 дугаар Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээг, ийм компани байсныг анх удаа л итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдлээ. Гэрч ч өөрийгөө тус компанийн захирал гэх боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Надад хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгт дурдсанчлан тэдэнтэй эвдэрсэн газрыг нөхөн сэргээх замаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд хамтарч ажиллах шаардлага огт байхгүй, ийм газарт олборлолт явуулахад миний эзэмшсэн геологич мэргэжлийн хэрэгцээ, шаардлага байхгүй, тэд өөрсдөө бие даагаад ч олборлолтоо явуулах боломжтой байсан нь хэнд ч ойлгомжтой. Тодруулбал, нөхөн сэргээлт гэж эвдэрсэн газрын аж ахуйн үнэ цэнэ, бүтээмжийг сэргээх, хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэлэх бөгөөд эвдэрсэн газар гэж аливаа үйл ажиллагааны улмаас аж ахуйн анхдагч үнэ цэнээ алдаж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эх үүсвэр болж хувирсан газрыг ойлгодог.

Харин хариуцагчтай анх тохиролцсончлон эрүүл, ямар нэгэн олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, ашиглагдаагүй газарт олборлолт явуулахад миний эзэмшсэн мэргэжил ихээхэн ач холбогдолтой буюу энэ тохиолдолд миний гол хүлээх үүрэг бол хариуцагчийн зөвшөөрөл авсан газрын аль хэсэгт олборлолт явуулах, тухайн газарт ашигт малтмал илэрц байгаа эсэхийг тодорхойлох, үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг хариуцах учраас л хариуцагч надад хамтран ажиллах санал тавьсан биз. Хариуцагч анх надтай уулзахдаа ч Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ийм газар байгаа, холбогдох зөвшөөрлийг зохицуулна гэдгээ хэлж байсан. Би ч үүнд нь итгэж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд зөвлөөд, ашиг олох боломжтой гэж үзээд саналыг зөвшөөрсөн. Гэтэл хариуцагч, гэрчтэй үгсэн хуйвалдаж шүүхэд худал тайлбар, мэдүүлэг гаргаж, шүүхийг төөрөгдүүлж, өөрт ашигтай шийдвэр гаргууллаа. Шүүх ч гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ гэрчийг тухайн хэрэгт ашиг сонирхлын үүднээс хандаж хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субъектив илэрхийлж байгааг, хариуцагчтай садан, төрлийн холбоотой, нэгдмэл сонирхолтой, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэгтэйгээр нотлогдож байгаа эсэхийг анхаарахгүй шийдвэрээ гаргалаа.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзвэл би хариуцагчтай анх хамтарч ажиллахаар тохиролцсон, У.Ө- гэрч Х.Зоригтхүүг надтай танилцуулсан, мөнгийг У.Ө- өөрийн нөхрийн цансаар дамжуулан авсан үйл баримт тогтоогддог.

1.2. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг товч тодруулбал

Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө шилжүүлэх болсон урьдачилсан нөхцөл нь өмнө өгүүлсэнчлэн ...Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших газарт ашигт малтмал олборлож, олсон ашгаа хувааж, хамтран ажиллах.... зорилго байсан бөгөөд талуудын хооронд Хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн. Мөнгийг би хариуцагчид түүний зөвшөөрсөн этгээдэд шилжүүлснээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1 дэх зохицуулалтаар хариуцагч этгээдийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч талууд тохиролцсоны дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ашигт малтмал олборлоогүй, цаашид хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчид шилжүүлсэн 9 600 000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Түүнчлэн өмгөөллийн “Легал полиси” ХХН-тэй гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авч, нэхэмжпэлийн шаардлагад хамаарч буй 1 000 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан уг гэрээ болон төлбөр төлсөн нь баримтаар тогтоогддог. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/ дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “...хууль зүйн туслалцаа авах, ...эрхтэй.” ч шүүхэд хандах, мэргэжлийн өмгөөлөгчөөс туслалцаа авах иргэний субъектив эрх нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд хэрэгжих үндэслэлтэй ба аливаа зөрчлөөс үүссэн хохирлыг буруутай этгээдээс гаргуулах нь иргэний эрх зүйн хамгаалалтын агуулгад нийцнэ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т зааснаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба учруулсан хохирлыг арилгуулах нь иргэний эрхийг хамгаалах аргад хамаардаг билээ. Энэ утгаараа өмгөөллийн хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээдээс гарч буй эд хөрөнгийн зардал мөн бөгөөд энэхүү эрх зүйн маргааны хувьд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, тохиролцооноосоо буцаагүй байсан бол нэхэмжлэгч шүүхэд хандах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан тул субъектив эрхээ хэрэгжүүлсний эрх зүйн хохиролтой үр дагаврыг буруутай этгээдэд хариуцуулахыг шаардах эрхтэй болно.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Хариуцагч У.Ө-т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, нийт 10 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Х.Б-аас нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохиролцоогүй, түүний хүсэлтээр эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулдаг Х.Зоригтхүүтэй танилцуулсан бөгөөд түүний шилжүүлсэн 9 600 000 төгрөгийг аваагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ашигт малтмал олборлох ажилд хамтарч ажиллахаар хариуцагч У.Ө-тэй тохиролцсон У.Ө- нь техник хэрэгсэл, ажиллах хүчин, холбогдох зөвшөөрлийн асуудлыг хариуцах, Х.Б- нь мэргэжлийн талаас зөвлөгөө өгөх, үйл ажиллагааны зардалд 10 000 000 төгрөгийн санхүүжилт оруулах, улмаар олсон ашгаа хувааж авахаар тохиролцсоны дагуу хариуцагчийн нөхөр Т.Мөнх-Очирын дансанд төгрөгийг шилжүүлсэн” гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан Т.Мөнх-Очирын нэр дээрх ХААН банкны 5133039746 тоот дансны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн орлогын мэдүүлэг, С.Хишигдоржийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигч, гэрч нарын тайлбар зэргээр нэхэмжлэгч Х.Б- нь 9 600 000 төгрөгийг Т.Мөнх-Очирын дансанд шилжүүлсэн ба тэрээр дээрх мөнгийг Х.Зоригтхүүд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. /хэргийн 6-7 дугаар тал/

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” заасан байх ба хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчтай хамтран ажиллахаар тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Хариуцагч хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг өөрөө авсан буюу авах зорилгоор өөрийн нөхөр Т.Мөнх-Очирын дансанд хийлгүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээгээр хариуцагч нь ямар нэг үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч хайгуулын үйл ажиллагаа явуулах гэж байгаатай нь холбогдуулж Т.Мөнх-Очир, Х.Зоригтхүү нартай холбож өгөх зорилгоор түүнтэй харьцсан гэх хариуцагчийн тайлбар нь тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан буюу хариуцагчийг гэрээний оролцогч тал гэж үзэх үндэслэл болохгүй юм. 

 

Нэхэмжлэгч дээрх үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00973 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                   ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                            С.ЭНХТӨР