| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0039/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,
улсын яллагч Б.Түвшинтөр,
хохирогч М.Э-н өмгөөлөгч О.Золбаяр, /цахимаар/
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
хохирогч М.Э,
шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Т-т холбогдох 2316001860018 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ********** сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг ******* сумын ******** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, О овогт М-н Т.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Т-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1. Шүүгдэгч М.Т нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сум төвд байрлах хохирогч М.Э-н гэрт түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч “...чи миний ахыг алсан, би чамтай тооцоо бодох гэж байна...” гэх байдлаар амгалан тайван байдлыг алдагдуулан дураараа авирлаж, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан, улмаар гэрийн гадаа хохирогчийг зодож биед нь зүүн шанаа, хамар, баруун шанаа руу нь цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун зүүн дээд доод зовхи, зүүн сарвуу, баруун гуя, өвдөг, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1.1. Хохирогч М.Э-н шүүх хуралдаанд өгсөн “...Чухам манайд тэр шөнө орж ирчхээд эхлээд манай эхнэрийг зодох гээд дайраад байхаар нь би хамгаалаад байсан. Тэгээд аргадсаар байгаад яг гарсан чинь л машины түлхүүр гартаа атгаж байгаад миний хамар руу цохиж эхэлсэн ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.2. Шүүгдэгч М.Т-н шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн үед хийсэн хэрэг, үйлдэлдээ одоо хүртэл гэмшиж явдаг. Тухайн үед хийсэн үйлдлүүд маань бүгд миний буруу. Буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3. Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд би гэртээ амарч байхад манайд М.Т нь дайрч орж ирээд “би Т байна чи миний ахыг алсан, би чамтай тооцоо бодох гэж байна” гээд над руу дайраад намайг зодох гээд байсан. Тэгээд Т нь анх манайд орж ирэхдээ нэг залуугийн хамт орж ирсэн тэр залуу нь намайг хамгаалаад “намайг ахаа та хувцсаа өмсөөрэй” гээд Т-г бариад байж байх хооронд тэр залууг Т зодоод байсан. Тэр хооронд би хувцсаа өмсөж амжсан. Тэгээд би Т-г “...ахын дүү дэндүү согтсон байна. Ахын дүү хариад амар гээд хэлсэн...” тэгсэн Т манай эхнэр лүү “...чи их олон юм их ярьдаг, нөхрийнхөө урдуур орж ирж ярьдаг...” гээд зодох гээд байсан... Би Т-г аргадаад тайвшруулж байхад Т “...за тэгээд явъя...” гэхээр нь гэрээс дагуулаад гарсан. Би машинд суулгах гэтэл ...“чи миний ахыг алсан биз дээ...” гээд намайг зодсон. Эхлээд миний зүүн шанаа руу цохисон би доошоо хараад байж байхад баруун гартаа машины түлхүүр атгачихсан байсан тэр гараараа миний хамар руу тэгээд баруун шанаа руу тэгээд зүүн шанаа руу дахиад цохисон тэгээд миний хамраас цус гараад Т намайг нэг харчихаад хаяад явсан ... Т миний хоёр шанаа хэсэг рүү 4-5 удаа цохисон тэгээд хамар луу нэг удаа цохисон нүд лүү нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/
1.4. Гэрч Ц.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Тухайн шөнө 03 цагийн үед Т үл таних залуутай гаднаас согтуу хашхираад орилж орж ирсэн. Гаднах хаалга дутуу цоожлогдчихдог тул дутуу түгжигдсэн байсныг хаалга татаад ороод ирсэн. Эвдэрч хэмхэрсэн зүйлгүй. Тэгээд орж ирээд “...миний ахыг чи алсан...” гэж орилоод манай нөхөр Э гутлаа өмсөж байхад нь дайраад байсан. Тэгээд манай ширээ, паар энэ тэр өшиглөөд байсан юм. Нөхөр чирээд гадаа аваад гарсан юм. Тэгээд гадаа юу болсныг нь мэдэхгүй, харж үзээгүй. Манай нөхөр Э гаднаас ирж ирэхдээ хамраас нь цус гараад нэлээд цус нөж болчихсон ороод ирсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/
1.5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Амартүвшин, Н.Энхцолмон, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1105 дугаартай “... М.Э-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун зүүн дээд, доод зовхи, зүүн сарвуу, баруун гуя, өвдөг, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирчээ ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна ... М.Э-н биед тогтоогдсон гэмтлүүд нь нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах заалтад хамаарахгүй...” гэх агуулга бүхий дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 108-110 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч М.Т нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн үед Говь-Алтай аймгийн ********** сум Эрүүл мэндийн төвийн хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг эвдэлж, ханын толь, вакум цонхны давхар шил, тасалгааны дан шилийг хагалж, нийт 1,577,746 (нэг сая таван зуун далан долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
2.1. Шүүгдэгч М.Т-н шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн үед хийсэн хэрэг, үйлдэлдээ одоо хүртэл гэмшиж явдаг. Тухайн үед хийсэн үйлдлүүд маань бүгд миний буруу. Буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.2. Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03 цагийн үед иргэн Т нь тус сумын Эрүүл мэндийн төв дээр ирж согтуугаар агсам тавьж, манай эмнэлгийн гаднах хаалганы 2 талын шилэн вакум цонхийг давхраар нь хагалж, эмнэлэг дотор ороод эмнэлгийн бураан хананд байсан толийг хагалсан байсан. Шатны хажуу талын Э эмчийн хаалга, яаралтай тусламжийн өрөөний хамгаалалтын төмрийг сууриар нь сугалж, гагнууртай хэсгээр хугалж хөдөлгөсөн, дээд давхарт гараад төрхийн тусгаарлалтын хаалганы шилэн цонх гурвыг хагалсан, хамгийн мухрын өрөөнд байсан өрөөнд орж хүчил төрөгч өтгөрүүлэгчийг зад өшиглөж хэрэглэх боломжгүй болгосон зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг эвдэлж хэмхэлсэн байсан. Мөн манай тухайн ээлжинд хонож байсан сувилагч Х-г айлгасан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хонож байсан иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж, танхайрсан уг үйлдэлд арга хэмжээ авч, эмнэлгийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/
2.3. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн шөнө би Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан. 2023 оны 10 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө шөнийн 03 цагийн үед Т нь гаднаас Эрүүл мэндийн төв дээр согтуу орж ирээд, доод давхарт цонх хагарсан байсан. Би дээд давхарт нь хэвтэж байсан. Намайг гарч ирэхэд Т нь тайвширчихсан байсан тул би буцалсан ус өгөөд гаргаж явуулсан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас/
2.4. “Ашид Билгүүн” ХХК-н 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-921/4691 дугаартай “хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нэг ширхгийг 1,317,476(нэг сая гурван зуун арван долоон мянга дөрвөн зуун далан зургаа) төгрөгөөр, хананы толь нэг ширхэг 80,000(наян мянга) төгрөгөөр, вакум цонхны давхар шил нэг ширхэг нь 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгөөр, тасалгааны дан шил нэг ширхэг нь 60,000 (жаран мянга) төгрөгөөр, нийт эд хөрөнгийн хохирлыг 1,577,746(нэг сая таван зуун далан долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгөөр тогтоосон” агуулга бүхий дүгнэлт/1-р хавтаст хэргийн 165-167 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Т-н хүн байнга амьдрах орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн дээрх хэрэг болсон цаг хугацаанд хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийн шинжийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, түүнчлэн Говь-Алтай аймгийн ********** сумын Эрүүл мэндийн төвийн хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг эвдэлж, ханын толь, вакум цонхны давхар шил, тасалгааны дан шилийг хагалж, нийт 1,577,746 (нэг сая таван зуун далан долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр, түүний амьдарч буй байранд нэвтрэн орсон шүүгдэгчийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангана. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн шинжид тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгож, аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргасан, түүнчлэн сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байдлаар эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, эвдэлсэн үйлдлүүдийг хамааруулдаг хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /1-р хавтаст хэргийн 207 дугаар хуудас/
2. “Ашид Билгүүн” ХХК-н 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-921/4691 дугаартай “хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нэг ширхгийг 1,317,476(нэг сая гурван зуун арван долоон мянга дөрвөн зуун далан зургаа) төгрөгөөр, хананы толь нэг ширхэг 80,000(наян мянга) төгрөгөөр, вакум цонхны давхар шил нэг ширхэг нь 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгөөр, тасалгааны дан шил нэг ширхэг нь 60,000 (жаран мянга) төгрөгөөр, нийт эд хөрөнгийн хохирлыг 1,577,746(нэг сая таван зуун далан долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгөөр тогтоосон” агуулга бүхий дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 165-167 дугаар хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М.Э нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд амбулаторын үзлэгээр 20,000 төгрөг, яаралтай тусламж 90,000 төгрөг, алсын 450,000 төгрөг, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ 80,000 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан байна. Нийт 640,000 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/
4. Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд. /1-р хавтаст хэргийн 60-63/
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Эрдэнэтуяа, Э.Мөнхнаран нарын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дугаартай “... М.Э-н сэтгэцэд гэмт хэргийн нөхцөл байдлын шалтгаант сэтгэл зүйн гэмтлийн дараах стресс, сэтгэл түгшилтийн шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/
6. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Говь-Алтай аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай “...М-н Т нь Эрүүл мэндийн төвийн хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, ханы толь, гадна хаалганы вакум цонхны давхар шил, тасалгааны хаалганы дан шил зэргийн 1,577,746 (нэг сая таван зуун далан долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийн хохирлыг барагдуулсан болно” гэх албан бичиг.
7. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 640,000 (зургаан зуун дөчин мянга) төгрөг төлсөн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч М.Э-т 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөг төлсөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Т-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч М.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500(таван зуун зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000(нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч М.Т-т оногдуулсан дээрх торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2,000(хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын сан болон Говь-Алтай аймгийн ********* сумын Эрүүл мэндийн төвд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна.
Харин хохирогч М.Э-н нэхэмжлэлээс шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршигтай холбоотой зайлшгүй гарах зардалд хамаарахгүй шатахууны үнэ 233,260(хоёр зуун гучин гурван мянга хоёр зуун жар) төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5,000,000 (таван сая) төгрөг, нийт 5,233,260 (таван сая хоёр зуун гучин гурван мянга хоёр зуун жар) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан гэж шүүх үзэж эмийн үнэ 81,600 (наян нэгэн мянга зургаан зуу) төгрөг дээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 4,620,000(дөрвөн сая зургаан зуун хорин мянга) төгрөгөөр тооцон хохирлын нийт төлбөрийн хэмжээг 4,701,600 (дөрвөн сая долоон зуун нэг мянга зургаан зуун) төгрөгөөр тогтоолоо. Үүнээс шүүгдэгчийн хохирогчид төлсөн 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг хасаад 1,951,000 (нэг сая есөн зуун тавин нэгэн мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Өмгөөлөгчийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж байгаа хэдий ч мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлахаар хуульчлагджээ. Уг журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дахь хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тогтооно гэж, 3 дугаар зүйлийн 3.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд гарсан зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд гарсан зардлыг шүүгч тус тус тооцож, тухай бүр тэмдэглэл үйлдэн баталгаажуулна. Мөрдөгч, прокурор, шүүгч зардлыг баталгаажуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бичгээр гаргасан нэхэмжлэлийг харгалзаж болно.” гэж, 3.2-т “Мөрдөгч, прокурор, шүүгч энэхүү журмын 3.1-д заасан тэмдэглэлийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын маягтыг бөглөн тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, эсхүл дээд шатны даргаар хянуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана” гэж, 3.3-т Мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх баримт, маягтыг энэхүү журмын 3.2-т заасны дагуу хавтаст хэрэгт хавсарган прокурор, шүүхэд шилжүүлнэ” гэж, 3.6-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал тооцоогүй, эсхүл хавтаст хэрэгт тусгаагүй тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрх үүсэхгүй” гэж, 3.7-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах тухай шийдвэрийг гаргахдаа энэхүү журмын 3.1, 3.2-т заасан мөрдөгч, прокурор, шүүгчийн тэмдэглэл, маягт, тэдгээрт хавсаргасан нотлох баримтын эх сурвалжид үндэслэнэ.” гэж тус тус зохицуулсан байна. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан бол мөрдөгч, прокурор дээрх баримтуудыг үйлдэн хэрэгт хавсаргахаар, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан бол шүүгч хийхээр зохицуулсан гэж ойлгоно. Гэтэл хэрэгт дээрх журмын дагуу бүрдүүлсэн баримт авагдаагүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэдэг нь улсын төсвөөс дээрх журмын дагуу бүрдүүлсэн баримтын дагуу санхүүжүүлсэн зардлыг ойлгох бөгөөд үүнд насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн “өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний төлбөрийг хамааруулах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 640,000 (зургаан зуун дөчин мянга) төгрөг, хохирогч М.Э-т 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөг, Говь-Алтай аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвд 1,577,746 (нэг сая таван зуун далан долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 (гурав) хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт М-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500(таван зуун зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000(нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500(таван зуун зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500(таван зуун зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000(нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялуудыг нэмж нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,000(хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Т-т сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч М.Э-н нэхэмжлэлээс 5,233,620(таван сая хоёр зуун гучин гурван мянга зургаан зуун хорь) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Т-с хохиролд 1,951,000 (нэг сая есөн зуун тавин нэгэн мянга) төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 640,000 (зургаан зуун дөчин мянга) төгрөг, хохирогч М.Э-т 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөг, Говь-Алтай аймгийн *********** сумын Эрүүл мэндийн төвд 1,577,746 (нэг сая таван зуун далан долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 (гурав) хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА