Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Б.Түвшинтөр

         Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Чд холбогдох 2416000200026 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай, З овгийн А.Ч.

            Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас З овгийн А.Чг согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн ... тоотод миний хоёр найзын гэр бүлийг үймүүлэх гэж байна гэх зүйлээр шалтаглан Б.Шыг хэвтэж байхад нүүр рүү сандлаар цохиж, хөлөөрөө дэвсэж түүний биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод байх Т.Мын гэрт хамт архи ууж байсан Б.Шыг хойд орон дээр унтаж байхад “миний хоёр найзын гэр бүлийг үймүүлэх гэж байна” гэх зүйлээр шалтаглан нүүр рүү сандлаар цохиж, хөлөөрөө дэвсэж, аяга авч шидэн түүний биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Ч гэм буруутай болох нь:

 

   Шүүгдэгч А.Чгийн шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-нд Т.М гэдэг айлын хүн орой залгаад дуудаад байхаар нь очсон. Орой 10 цаг болж байсан. Тэгээд очсон чинь архи шахаад байхаар нь тэрийг нь уусан. Б.Ш гэдэг ахыг би танихгүй. Очиход хэвтэж байсан байхгүй юу. Тэгээд ууж байсан чинь тэр Б.Ш нь Т.Мт “би танайд 2, 3 удаа ирж байна. Танайд ирэхдээ би эхнэртэй чинь унтаж хэвтээгүй шүү” гэж хэлсэн. Т.М тэгэхэд “та яагаад намайг доромжлоод байгаа юм. Өдөөд байгаа юм уу” гээд тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгээд Т.М гараад явчихсан. Т.Мыг гарсных нь дараа Б.Ш Т.Мын эхнэр Хг орон дээр сууж байхад “би танай нөхөрт хэлчихлээ. Одоо чамайг хардах болов уу, яах бол” гэж хэлсэн чинь эхнэр нь “та одоо айл гэр үймүүлэх гэж байгаа юм шиг яах гэж манай нөхөрт янз, янзын юм яриад байгаа юм бэ” гээд хэрүүл хийсэн. Тэгээд Т.М авгайгаа дуудаад гадаа  хэрэлдээд байхаар нь би Б.Ш гэдэг хүнийг согтуудаа цохичихсон байсан. Тэр цохисноо би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэчихсэн байсан болохоор мэдэхгүй байгаа... Би ажилгүй. 2 нялх хүүхэд хараад гэртээ байдаг. Хохирлыг төлөх гээд өөр рүү нь ярьсан чинь “би одоо данс өгөхгүй. Угаасаа шүүх, цагдаа нь шийдээд өгөх байх. Би өөртэй чинь ярихгүй” гээд надтай утсаар ярихгүй байсан. Дансаа өгөхгүй байсан. ...Бусдын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би одоо хүүхдүүдийн хичээл амарчихсан болохоор хөдөө явж эгчтэйгээ барилгын ажил хийх гэж байгаа. Торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү. ” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,

 

          Хохирогч Б.Шын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Т.М гэх хүнтэй дэлгүүр ороод Т.М нэг шил архи аваад Ц эхнэртэйгээ тэр гурав дэлгүүрээс гарч ирсэн. Бид нар Т.Мын гэрт очсон. Сууж байтал Анхныбаяр, А.Ч хоёр орж ирсэн. ...Би Т.Мт би танайд чамайг байхгүйд 2-3 удаа ирсэн шүү. Чи намайг Хтай унтаж хэвтээд байдаг гэж бодоод байдаг юм биш биз дээ гэж хэлсэн. Тэгээд би тоглож байна гэж хэлээд гэрийн хойморт хэвтээд өгсөн. Намайг хэвтэж байхад А.Ч гэх эмэгтэй миний нүүр рүү сандлаар цохисон. Би архи уусан дээрээ бүр манараад миний нүднээс цус гараад байсан. Би намайг яагаад хэвтэж байхад цохиж байгаа юм. Би чамд ямар гэм хийсэн юм гэхэд А.Ч намайг айл гэрийн хүмүүсийг хооронд нь муудалцуулсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал Х дундуур орж ирээд салгасан. Би А.Чтэй андуураад Хг үсдээд зулгаасан тэр нь миний буруутай үйлдэл байсан. Намайг А.Ч унагаагаад миний нүүр хэсэг рүү дэвчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90-р хуудас/,

 

          Гэрч Т.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Ш ах надад танайд би 2-3 удаа ирсэн чамайг байхгүйд ирсэн гэж гэр бүл үймүүлэх гээд яриад байсан. Тэгээд манай эхнэр Хг хоёулаа унтчих уу гээд байсан. Би тэр үед нь нэг их ойшоогоогүй юу яриад байгаа юм бэ та намайг доромжлоод байгаа юм уу гэж хэлсэн. Б.Ш за ах нь тоглож байна гэж хэлээд гэрийн хойморь хэсэгт газар унтаад өгсөн... Би хадам ээжийг гуйгаад Б.Ш манайд унтаж байгаа. Бид нар гарчхаад ирье гэж хэлчхээд эргээд ороход бөөн зодоон болсон байсан. Б.Ш ах гэрийн хойморьт нүднээс нь цус гараад хэвтэж байсан. Тэгсэн А.Ч миний хоёр найзын гэр бүлийг үймүүлдэг хэн бэ гэж хэлээд очоод Б.Ш ахын цус гарч байсан нүдэн дээр дэвссэн. Б.Ш нь яаж байна пиздануудаа гэж хэлээд босоод ирсэн. А.Ч, Б.Ш хоёр барьцалдаж аваад тэр хоёрын дундуур манай эхнэр ороод салгах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102-р хуудас/,

 

          Гэрч Э.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Ш ах манай нөхөрт би 2-3 удаа танайд ирсэн чамайг байхгүйд ирсэн гэж гэр бүл үймүүлэх гээд яриад байсан. Тэгсэн намайг Х хоёулаа унтчих уу гээд байсан. Манай нөхөр юу яриад байгаа юм бэ та намайг доромжлоод байгаа юм уу гэж хэлсэн. Б.Ш ах за ах нь тоглож байна гэж хэлээд гэрийн хойморьт газарт унтаад өгсөн... А.Ч манай хоёр найзыг чи салгалаа гээд Б.Ш ахыг сандлаар нүүр рүү нь цохисон. Тэгээд нүүр рүү нь дахиад өшиглөчихсөн. Б.Ш ах босож жорлон минь гээд хоорондоо хэрэлдэж байсан А.Ч нь манай хоолны шкабан дээрээс цагаан өнгийн шаазан аяга аваад Б.Ш ахын нүүр рүү шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-112-р хуудас/,

 

Говь-Алтай аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “...1.2 Б.Шын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Б.Шын биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. 

 

        Шүүгдэгч А.Ч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч А.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 265,950 төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад гарсан зардал болох 155,000 төгрөгийг шүүгдэгч нь төлөөгүй байх тул шүүгдэгчээс 265,950 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Шт, 155,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлөх нь зүйтэй байна.

Мөн Хохирогч Г.Б.Ш нь “...Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна...” гэсэн бөгөөд хэрэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон ДЮ... регистрийн дугаартай Б.Шын сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн...” гэх агуулга бүхий Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн баримт /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/ авагдсан байна.

Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 (тав) дахин нэмэгдүүлснээс 12,99 (арван хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ. 

Иймд Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 (зургаан зуун жаран мянга) төгрөгийг  5 (тав) дахин нэмэгдүүлж хохирогч Б.Шын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

   2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч А.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Иймд шүүгдэгч А.Чгийн 5 хүүхэдтэй амьдардаг, Цээл сум руу явж барилгын ажил хийх гэж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

 Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч З овгийн  А.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

     4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Чд мэдэгдсүгэй.

     5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     6. Шүүгдэгч А.Чгээс 155,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэг буюу Нийгмийн даатгалын Эрүүл мэндийн санд, хохирол 265,950 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,300,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Шт тус тус олгосугай.

     7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА