Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

 

 

 

 

 

  2024           01       09                               2024/ШЦТ/54              

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч: Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.М-д холбогдох эрүүгийн 23090094526** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны 03 дугаар сарын 11-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны офицер мэргэжилтэй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ** дүүргийн ** дугаар хороо *** тоотод оршин суух ,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарыын 12-ны өдрийн 1186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож уг ялыг эдэлж байгаа,

Б овогт Т.М /********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг **** нэртэй хүнсний дэлгүүрт туслах ажилтнаар ажиллахдаа уг дэлгүүрээс 32 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 6.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Т.М нь “...үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг **** нэртэй хүнсний дэлгүүрт туслах ажилтнаар ажиллахдаа уг дэлгүүрээс 32 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 6.420.000 төгрөгийн... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 13-16-р хуудас/,

Т.М, Р.Т нарын ***  банкинд эзэмшдэг харилцах, хадгаламжийн данснуудын 2023 огы 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл дансны хуулга бүхий СиДи-нд үзлэг  хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 40-41-р хуудас/,

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 40-41-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 03 дугаар сары 23-ны өдрийн ТХҮ-923/6243 дугаартэй эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан, /ХХ-ийн 27-30-р хуудас/,

Хохирогч С.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би хувиараа **** нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зарын дагуу дэлгүүртээ туслах ажилтан авсан бөгөөд Т.М гэгч залуу ирж манайд ажиллах болсон. Ингээд ажиллах хугацаанд 2 сард орлого муу мөртлөө бараа бүтээгдэхүүн багасаад эхлэхээр худалдагч нараас асууж тодруулсан. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр туслах ажилтан Т.М нь дэлгүүрээс хог асгах нэрийдлээр бараа нууцаар гаргаж, хулгайлж байгаа нөхцөл байдал тогтоогдож, Т.М-с бараа бүтээгдэхүүн хааш нь яаж гаргадаг талаар талаар асуутал хойд талын цайны газарт оруулаад тавьчихсан байсан. Манай худалдагч тухайн үед хог асгасан эсэхийг шалгаж үзэхэд асгаагүй байсан бөгөөд ойр орчмоор явж үзэхэд хогийн цэгийн хажуу талд байрлах цайны газарт оруулж тавьсан байсан. Ингээд бараа авч гарч байгааг нь мэдсэн ба ойролцоогоор 10 гаран хоног тасралтгүй бараа гаргаж тавьсан гэж хэлсэн. Манай дэлгүүрээс 32 нэр төрлийн 6.867.800 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн алдагдсан болох нь тогтоогдсон. Манай дэлгүүр бүтэн камертай бөгөөд тэжээл нь складанд байдаг үүнийг Т.М нь мэдэх тул бараа хулгайлах бүртээ камер унтраасан байсан. Хулгайлсан бараагаа хойд хоолны газар болон СЮ-д тавьж байсан байна. Эдгээр бичлэгүүд нь байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/,

Гэрч Л.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би ***  банкны ******** тоот дансыг ашиглаад удаж байна. Би 2023 оны 04 дүгээр сар хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн хойшоо явах талын автобусны ТҮЦ-нд хайрцагтай бараа барьсан эрэгтэй хүн орж ирээд “манайх эгчээ 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байгаад больж байгаа юм. Уул нь манай аав, ээж хоёр л ажиллуулж байсан юм. Хөгшин хүмүүс дийлэхгүй болчихоод ядраад больсон. Одоо үлдэгдэл бараануудаа зарж байгаа юмаа, та бараа авахуу? Гээд асуусан. Тэгэхээр нь би эгч нь авахгүй ээ гээд хэлсэн. Үүнээс хойш манай ТҮЦ-ээр нилээн олон удаа орж ирээд юм яриад гарч ороод эхэлсэн. Тэгээд ер нь танилцсан бөгөөд өөрийгөө Мягмарсүрэн гэж танилцуулсан. Тэгээд нэг өдөр орж ирэхдээ бэлэн мөнгөтэй байсан ба надад карт байдаггүй ээ. Та нэг дансанд шилжүүлээд өгөөч манай аавын данс байгаа юм гэж хэлсэн ба 563.200 төгрөгийг бэлнээр өгөхөөр нь тухайн дүнгээр нь данс руу нь шилжүүлсэн. Үүний дараа байгаа 500.000 төгрөгийн гүйлгээ нь мөн адил бэлнээр авчраад бараагаа зарчихлаа та аавын данс руу шилжүүлээд өгөөч гэж хэлж бэлнээр мөнгө авчирсныг шилжүүлсэн гүйлгээ байгаа юм. Сүүлийн 400.000 төгрөгийн гүйлгээ нь орж ирээд 400.000 төгрөг шилжүүлээд өгөөч танд бэлнээр өгье гээд өөдөөс хараад инээсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм. Мөнгө авъя гэтэл уучлаарай эгчээ мөнгө байхгүй танд бараа өгчихье гээд гуйгаад  байсан. Тэгээд тухайн өдрөө ч бараагүй бөгөөд маргааш нь ч билүү, нөгөөдөр нь ч билүү орж ирээд баахан печень, чихэр, жоохон архи оруулж ирсэн ба тухайн барааг нь бөөний үнээр нь тооцож бодоход 300.000 төгрөг л болж байсан. 100.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Тэгээд тэрнээс хойш 100.000 төгрөгөө буцааж өгнөө гэж хэлээд алга болсон. Би яг хэдий хэмжээний бараа авсан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан тэр үедээ тооцож үзэхэд 300.000 орчим л болж байсан. 10 хүрэхгүй шил архи л байх шиг байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/,

Шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Хохирол төлбөрийнхөө зарим хэсгийг нь төлсөн. Үлдэгдлийг нь төлөх талаар гэрээ байгуулсан байгаа... гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Т.М-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.П-д 6.240.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М нь хохирогчид 2.950.000 төгрөгийн хохиролыг төлсөн талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Иймд шүүгдэгч Т.М-ээс 3.470.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.П-д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Т.М-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй... гэсэн дүгнэлтийг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.М-г шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1186 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114-р тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 112-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.М-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-г 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1186 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.М-ээс 3.470.000 төгрөг гаргуулж хохирогч С.П-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТҮВШИНТӨГС