| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0333/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 52
Б.Д-, Х.Т-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
ЗХэргийн индекс: 166/2019/0333/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч Б.Д-
Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч П.Батжаргал, З.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Мандуул нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ын Д-, Х-гийн Т- нарт холбогдох, 1718001480254 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Ж- овогт Б-ын Д-.
Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай, Ж- овогт Х-гийн Т-.
Шүүгдэгч Б.Д- нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Д- Н-" Хувьцаат компанийн салбар “Н- А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн ажилтан гагнуурчин Б.Б-, уурын зуухны тогооны операторчин Ш.Б- нарыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.т заасан шаардлагад нийцээгүй /ажлын байрыг өөрчлөхдөө ажилтантай тохироогүй, ажиллуулах хугацааг тушаалд заагаагүй, тушаалыг танилцуулаагүй/ 19 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын байрыг өөрчлөн цэвэрлэх байгууламжинд үйлдвэрийн арьс ширийг угааж боловсруулсан химийн элемент агуулсан бохирыг/лаг/ соруулах ажил хийлгэхдээ:
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.т зааснаар ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, улмаар мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь заалт болон Монгол Улсад мөрдөж байгаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуйн хувцас-өрөнхий шаардлага MNS ISO 13688:2000 стандартын 3.4.д заасан шаардлагыг хангасан хувцас, хамгаалах хэрэгслээр хангалгүйгээр тус үйлдвэрийн захирлын баталж мөрдүүлж байгаа “Д- Н-” Хувьцаат компанийн нийт ажилчдын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 3.1.4, 3.1.5, 5.1.2.т заасны дагуу ажилчдыг зохих сургалтанд хамруулаагүй, өөрчлөгдсөн ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгааг тодорхой, ойлгомжтой байдлаар өгөөгүй, эрүүл мэндийн үзлэгт хамруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5.т зааснаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй,
Шүүгдэгч Х.Т- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.т заасны дагуу “Д- Н-” ХК-ийн салбар “Н- А-” ХХК-ийн аж үйлдвэрийн инженерээр буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцаж ажиллаж байсны хувьд тус үйлдвэрийн захирлын баталж мөрдүүлж байгаа “Д- Н- ХХК-ийн нийт ажилчдын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 3.1.3, 3.1.4, 3.1.5, 7.1.5 дахь заалтууд, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-27.3.7 дахь хэсэгт заасан чиг үүргийг зохих ёсоор биелүүлж ажиллаагүйн улмаас химийн хортой бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн орчин буюу хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй нөхцөлд ажиллуулж байснаас тус үйлдвэрийн цэвэрлэх байгууламжинд үйлдвэрлэлийн осол гарч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилтан Б.Б-, Ш.Б- нар нь химийн бодист хордсоноос цэвэрлэх байгууламжийн доторх бохирт /лаг/ унаж нас барсан.
Шүүгдэгч Б.Д-, Х.Т- нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3.т заасан үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлийг хангуулах, түүнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2 хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт Ж- овогт Х-гийн Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Т-ыг цагаатгаж,
-Шүүгдэгч Ж- овогт Б-ын Д-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б.Д-г 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар цагаатгагдсан этгээд Х.Т- 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн кабель утастай насос, аюулгүй ажиллагааны 3 ширхэг дэвтэр, 1 хавтас 49 хуудас тушаал зэргийг хуулбарлан, хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эх хувийг “Н- А-” ХХК-нд буцаан олгож, маск 3 ширхэг, өмд-цамц цув 1 хос, амь хохирогч Ш.Б-ы 1 хос түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С- нь орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 30.606.952 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 2.997.165 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-ын сургалтын төлбөр 2.130.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.д зааснаар иргэний хариуцагч “Н- А-” ХХК амь хохирогч Ш.Б-, Б.Б- нарын оршуулгын зардалд тус бүр 9.000.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн төлөөлөгч Д.С-ийн өмгөөллийн хөлс гэх 6.000.000 төгрөгийн шаардпагыг хэрэгсэхгүй болгож,
-Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,
-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд Х.Т-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн батапгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач нар хордлогын улмаас ухаан балартаж унаагүй, харин цахилгаанд цохиулсны улмаас нас барсан байх магадлалтай, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогддог. Тухайлбал МХЕГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017-11-13-ны өдрийн дүгнэлт, шинжээч эмч Э.О-, гэрч Г.Б- нарын мэдүүлгээс харахад зөөврийн насосны кабелийн шалбархай хэсэг нь усан дотор байсан нь тодорхой болсон.
Иймд уг эргэлзээг арилгах нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой, зайлшгүй хийгдэх ажиллагаа байсан тул өмгөөлөгчийн зүгээс эхлээд зөөврийн цахилгаан мотороос цахилгаан алдагдаж байгаа эсэхийг тогтоолгох, дараа нь үхлийн шалтгааныг тогтоолгох, дараа нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, яллагдагч талуудын төлөөллийг тэгш оролцуулан цахилгаан насосноос цахилгаан алдагдаж байгаа эсэх талаар туршилт ажиллагааг хийлгэх тухай хүсэлтийг яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гаргасан боловч хамгийн түрүүнд хийх ёстой, цахилгааны мэргэжлийн хүнийг оролцуулан ямар ч хүндрэлгүй хийх энэ ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийгээгүй орхигдуулсан.
Хавтаст хэргийн 11-12 дахь хуудсанд авагдсан прокурорын “Хүсэлт шийдвэрлэсэн тухай” мэдэгдэх хуудсанд “ ... усны насосны кабелаас цахилгаан алдагдаж байсан эсэх талаар туршилт хийж, туршилтын явцад хүн цахилгаан гүйдэлд цохиулж нас барах боломжтой эсэхийг туршиж үзэх нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд хууль зөрчсөн ажиллагаа болно” гэснээс үзэхэд усны насоснаас цахилгаан алдагдаж магадгүй тул туршилтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсч болзошгүй гэж прокурор өөрөө болгоомжилж байсан нь нотлогдоно. Нөгөө талаар заавал хүн дээр турших ямар ч шаардлагагүй бөгөөд багажаар хэмжихэд л болох зүйл байсан.
Иймд хэргийн газрын агаарт хүхэрт ус төрөгчөөс /H2S/ өөр хорт бодис илрээгүй, илэрсэн хүхэрт ус төрөгчийн агаар дахь хэмжээ нь хүн ухаан алдах хэмжээнээс 5 дахин бага байсан нь тогтоогдсон болон зөөврийн насосноос цахилгаан гүйдэл алдагдсаны улмаас талийгаач ухаан алдаж шингэн дотор унасны улмаас хүний амь нас хохирсон байж болзошгүй нөхцөл байдал илт байгаа талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар мэтгэлцсэн боловч уг нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ анхан шатны шүүх заагаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2.т “дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхааралгүй орхигдуулсан”, 1.3.т “дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэж заасныг зөрчсөн нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Ухаан алдах хэмжээний хордлогын бодис илрээгүй байхад идэр насны эрүүл саруул хоёр хүн хадуурт хяргуулсан, аянганд цохиулсан мэт нэгэн зэрэг ухаан алдаж, шингэнд унаж осолдсон шалтгаан хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийгдээгүй.
Мөрдөн байцаалтын шатанд усны зөөврийн мотороос цахилгаан алдагдаж байгаа эсэхийг шалгаагүй атлаа “... усны насосны цахилгааны хэвийн байдал алдагдсанаас цахилгаан гүйдэлд цохиулж нас барсан гэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж прокурор хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байсан тул аймгийн прокурорт гомдол гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-нд “... Энэ шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй” гэсэн байх боловч хариу өгсөн өдрөө хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогчийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан.
Хэрвээ цахилгаан гүйдэл алдагдсаны улмаас талийгаач нар ухаан алдсан нь тогтоогдсон бол шүүгдэгч Б.Д- болон талийгаач нарын үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх дээр дүгнэлт өгөх боломжтой байлаа.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зөөврийн мотороос цахилгаан алдагдаж байгаа эсэхийг тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 7.2 дугаар зүйлийн 1.д “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн нь үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.т заасныг үндэслэн дараах нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргасан. Үүнд:
-Ус сувгийн удирдах газрын усны төв лабораторийн сорил /2-р хавтас 47-48/, Гаалийн төв лаборторийн 0021051 дугаартай дүгнэлт /2-р хавтас 13-14/, МХЕГ-ын бүрэлдхүүнтэй шинжээчдийн 2018.05.21-ний өдрийн №05-078/11 дугаар “Ослын тухай” дүгнэлт, ЭМЯ-ны Хор судлалын салбар зөвлөлийн шинжээч Т.Ө-ы шинжээчийн дүгнэлт /2-р хавтасны 73-75/-үүдийг тус тус гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.т “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заасныг зөрчсөн тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
-ЭМЯ-ны Хор судлалын салбар зөвлөлийн шинжээч С.Ю-, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн судлаач Б.А- нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4.т “шинжээч дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлана”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.д “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно” гэж заасныг тус тус зөрчиж, 2 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан байх тул нотлох баримтын шаардлага хангадаггүй тул нотлох баримтаас хасуулахаар хүсэлт гаргасан.
Гэтэл дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлэлгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3.т заасныг зөрчсөн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг чанд сахиж, аюулгүй ажиллагааны журам, зааварчилгааг батлуулан мөрдүүлж ажиллаж байсан баримт хэрэгт хангалттай авагдсан.
Иймд нэг нь ажил олгогчийг буруутгасан, нөгөө нь хэилтанг буруутгасан шинжээчийн 2 дүгнэлт нь эрс зөрүүтэй байсан тул дахин шинжээч томилсон. Гэтэл шинжээчийн багийн бүрэлдэхүүнд орсон С.Ю-гийн дүгнэлт нь илтэд үндэслэлгүй, илт нэг талыг барьсан дүгнэлт болсон.
Үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар 3 дахь дүгнэлт гараагүйн улмаас Б.Д-гийн үйлдэл болон осолдогч нарын нас барсан үйл явцын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нь эргэлзээтэй үлдсэн.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Д-г Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн гэж ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад няцаагдаж үгүйсгэгдсэн.
Гэтэл анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд байхгүй үндэслэлээр шүүгдэгчийг буруутгаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Шийтгэх тогтоолд “шүүгдэгч Х.Т-ыг “Н- А-” ХХК-нд 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар инженер техникийн алба, техникийн аюулгүй ажиллагааны инженерээр томилсон байх ба түүнийг хөдөлмөр, аюулгүй байдлын инженерээр томилсон ажил олгогчийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 ажил олгогч нь хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан байх тул шүүгдэгчийг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм” гэж дүгнээд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцсон нь шүүх хэт нэг талыг барьсан, явцуу дүгнэлт болсон гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон тус компанийн гүйцэтгэх захирлын тушаалууд болох эрх зүйн актууд, бусад бичгийн нотлох баримтуудаар Х.Т- нь ажил үүргийн хувьд дээрх хэрэгт шууд хамааралтай буюу хэрэг гарсан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан 2 ажилтанг хариуцан ажиллаж, тэдэнд хөдөлмөр аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг өгч байсан, уг зааварчилгааг өгсөөр ирсэн үйл баримт хангалттай тогтоогдсон болно.
Тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаар тушаалаар нас барсан 2 ажилтан Ш.Б-, Б.Б- нарын ажлын байрыг өөрчлөн, цэвэрлэх байгууламжинд бохир /лаг/ соруулах ажилд томилж ажиллуулсан ба инженер Х.Т-ын шууд удирдлаганд ажиллаж, Х.Т- нь өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллуулж байсан нь холбогдох бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай тушаалууд болох эрх зүйн хэм хэмжээний актууд зэрэг баримтуудаар нотлогдсон.
Х.Т-ыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тушаалаар 2151 кодтой, цахилгааны инженер, аж үйлдвэрийн инженерээр томилсон, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.т “... ажил олгогчоос бүтэц, зохион байгуулалтын хувьд хариуцсан ажилтан, зөвлөл ажиллуулах“, мөн хуулийн 27.3.т заасан ажилтан, зөвлөлийн хэрэгжүүлж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллуулах хуулийн зорилтыг хангах үүднээс тус компаний гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар “Хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр, эрүүл ахуй, техникийн аюулгүй ажиллагааны нэгдсэн алба байгуулах тухай” тушаалаар холбогдох албыг байгуулсан.
Үүний дагуу тус албаны гишүүдийн ажил үүргийг хуваарилж тогтоосон “Д- Н-” ХК-ийн нийт ажилчдын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг батлан мөрдүүлж ажиллаж ирсэн байна.
Уг журмын 3-р зүйлийн 3.1.3.т “үйлдвэрлэлийн менежер нь хариуцсан цех, хэсгийн ажилчдад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг нарядын дагуу тогтмол өгнө” гэх, мөн журмын 3.1.4.д “ажлын байр өөрчлөх, эрсдэлтэй ажлын байранд шилжин ажиллах ажилтанг тушаал гарган, ХАБЭААХ инженерээс аюулгүй ажиллагааны давтан зааварчилгааг авсны дараа шилжүүлэн ажиллуулна” гэх, мөн журмын 3.1.5.д “ажлын байр өөрчилсөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилтан ажиллуулахыг хориглоно” гэх заалтуудыг Х.Т- нь нас барсан 2 ажилтан Ш.Б-, Б.Б- нарыг хариуцан ажиллаж байсны хувьд дээр дурьдсан хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ ханган биелүүлээгүй нь нотлох баримтаар нотлогдсон ба мөн шинжээчийн дүгнэлтээр ч энэ үүргийг Х.Т- ханган биелүүлэх эрх бүхий этгээд мөн болохыг тогтоосон болно.
Дээрх нөхцөл байдлыг нотолсон бичгийн нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлж, хэрхэн үгүйсгэсэн, няцаасан үндэслэл, үүнийг нотолж буй баримтын талаар тогтоолд тодорхой, ойлгомжтой байдлаар тусгаагүй, хэргийн байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5.д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:
Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шинжээчийн дүгнэлтүүд хууль зөрчиж гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах үндэслэлтэй. Хэрэв Б.Д-г цагаатгахгүй бол үхлийн шалтгааныг дахин шалгаж тогтоохоор хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэж шүүгдэгч Х.Т-ыг цагаатгасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хэлцлээр хүлээсэн үүрэг байхгүй байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Т-ын өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:
Химийн хортой бодис тарснаас болж хохирогч нас барсан болох нь тогтоогдсон. Х.Т-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Д- тайлбартаа:
Хоёр хүний амь эрсдсэнд эмгэнэл илэрхийлж байна. Осол ямар шалтгаанаас болоод гарсан талаар би эргэлзэж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн нухацтай авч үзнэ үү гэж хүсэж байна гэв. Шинжээчийн дүгнэлтээр агаарт хорт бодис байхгүй гэж байхад түүнээс болоод нас барсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Шинжилгээгээр 5.5 хорт бодис үхэлд хүргэх шалтгаан биш гэж гарсан байхад намайг буруутгаж байгаад эргэлзээтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Д-, Х.Т- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Б.Д-г Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Д- Н-" ХК-ийн салбар “Н- А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн ажилтан гагнуурчин Б.Б-, уурын зуухны тогооны операторчин Ш.Б- нарыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.т заасан шаардлагад нийцээгүй /ажлын байрыг өөрчлөхдөө ажилтантай тохироогүй, ажиллуулах хугацааг тушаалд заагаагүй, тушаалыг танилцуулаагүй/ 19 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын байрыг өөрчлөн цэвэрлэх байгууламжинд үйлдвэрийн арьс ширийг угааж боловсруулсан химийн элемент агуулсан бохирыг/лаг/ соруулах ажил хийлгэхдээ:
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.т зааснаар ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, улмаар мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь заалт болон Монгол Улсад мөрдөж байгаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуйн хувцас-өрөнхий шаардлага MNS ISO 13688:2000 стандартын 3.4.д заасан шаардлагыг хангасан хувцас, хамгаалах хэрэгслээр хангалгүйгээр тус үйлдвэрийн захирлын баталж мөрдүүлж байгаа “Д- Н-” Хувьцаат компанийн нийт ажилчдын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 3.1.4, 3.1.5, 5.1.2.т заасны дагуу ажилчдыг зохих сургалтанд хамруулаагүй, өөрчлөгдсөн ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгааг тодорхой, ойлгомжтой байдлаар өгөөгүй, эрүүл мэндийн үзлэгт хамруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5.т зааснаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй,
Шүүгдэгч Х.Т- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.т заасны дагуу “Д- Н-” ХК-ийн салбар “Н- А-” ХХК-ийн аж үйлдвэрийн инженерээр буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцаж ажиллаж байсны хувьд тус үйлдвэрийн захирлын баталж мөрдүүлж байгаа “Д- Н- ХХК-ийн нийт ажилчдын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 3.1.3, 3.1.4, 3.1.5, 7.1.5 дахь заалтууд, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-27.3.7 дахь хэсэгт заасан чиг үүргийг зохих ёсоор биелүүлж ажиллаагүйн улмаас химийн хортой бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн орчин буюу хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй нөхцөлд ажиллуулж байснаас тус үйлдвэрийн цэвэрлэх байгууламжинд үйлдвэрлэлийн осол гарч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилтан Б.Б-, Ш.Б- нар нь химийн бодист хордсоноос цэвэрлэх байгууламжийн доторх бохирт /лаг/ унаж нас барсан гэж
Шүүгдэгч Б.Д-, Х.Т- нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3.т заасан үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлийг хангуулах, түүнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2 хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт Х.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.Т-ыг цагаатгаж, шүүгдэгч Б.Д-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С- нь орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 30.606.952 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 2.997.165 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-ын сургалтын төлбөр 2.130.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний хариуцагч “Н- А-” ХХК амь хохирогч Ш.Б-, Б.Б- нарын оршуулгын зардалд тус бүр 9.000.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн төлөөлөгч Д.С-ийн өмгөөллийн хөлс гэх 6.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х.Т-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн батапгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр хохирогч Ш.Б-, Б.Б- нар ямар учир шалтгаанаар нас барсныг эргэлзээгүй шалгаж тогтоож чадаагүй, шинжээчдийн дүгнэлтүүд эрс зөрүүтэй, дараа дараагийн дүгнэлтүүд нь хоорондоо уялдаагүй, нэг дүгнэлт нь нөгөөхөө баталсан, эсхүл үгүйсгэсэн шинжгүй, аль дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй, бүрэн биш байхад эдгээр өөр өөр дүгнэлтүүдийн эргэлзээг арилгуулахаар нэмэлт шинжилгээ хийлгүүлээгүй дутуу шалгасан байна. Үүнд:
1.Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээч, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Б-гийн 2017-11-13-ны өдрийн №05/092/22 дугаар дүгнэлтээр ...Осолдогч нарын задлан шинжилгээгээр цус, ходоодноос 0.7-0.8 промиль этилийн спирт илэрсэн нь хэрэгт байгаа тул нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн осол биш, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7.д заасан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх гэснийг зөрчсөн... /2-р хх-33-39-р хуудас/ гэсэн.,
-Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяагийн 2018-05-17-ны өдрийн 16 дугаар шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн гаргасан шинжээчдийн 2018-05-21-ний өдрийн Ослын тухай 05/078/11 дугаар дүгнэлтээр ...Осолдогч нар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж осолд орсон тул “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1.д аасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцно.../2-р хх-84-88- хуудас / гэсэн 2 өөр агуулгатай дүгнэлт гарчээ.
-Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээч эмч Э.О-ийн гаргасан 2017-09-27-ны өдрийн 73, 74 дугаар задлан шинжилгээний дүгнэлтүүдээр ...талийгаач Б.Б-, Ш.Б- нар нь амьсгалын зам шингэнээр бөглөрсөн амьсгал бүтэлтийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан... /1-р хх-212, 227-р хуудас/ гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд түүнээс 2 удаа мэдүүлэг авахад:
2018-03-12- ны өдөр ...талийгаач нарын биед цахилгаан гүйдэлд цохиулсан шинж тэмдэг илрээгүй., цахилгаан гүйдэлд цохиулсны дараа хүний биед шинж тэмдэг нь цахилгаан тэмдэг үүсдэг... гэсэн мэдүүлэг өгсөн., / 1-р х.хийн 220 хуудас /
...дараагийн буюу 2019-01-19-ний өдөр талийгаач нарын цогцост хордлогын гэх шинж тэмдэг илрээгүй, усан дотор байхад цахилгаан гүйдэл дамжсан бол цахилгаан тэмдэг үүсэхгүй... гэж 2 өөр агуулгатай зөрүүтэй мэдүүлэг өгчээ./ 3-р х.хийн 14-148-р хуудас /
Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Д- 2019-06-13-ны өдөр гаргасан “нэмэлт” 720, 721 дугаар дүгнэлтдээ ... ямар бодист хордсон болохыг эд, эсийн шинжилгээгээр тогтоох боломжгүй.., задлан шинжилгээний дүгнэлтэнд гадна үзлэгээр цахилгаан гүйдэлд цохиулсны ул мөр илрээгүй байна.., гэж дүгнээд цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас ямар шинж тэмдэг илрэх талаар асуухад хариулт өгөөгүй., байна.
Энэ дүгнэлтээр ...эсийн шинжилгээг дахин хийхэд тархи, уушигний хаван илэрсэн.., хаван ходлогын улмаас үүссэн байх боломжтой гэжээ., гэтэл өмнөх дүгнэлт буюу 2019-06-13-ны өдрийн дүгнэлтээр эд эсийн шинжилгээ авсан эсэх нь тодорхойгүй., түүнчлэн ...хордлогын улмаас нас барсан байх боломжтой... гэсэн нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн байна.
Давтан дүгнэлтээр өмнөх дүгнэлтээ бүгдийг болон заримыг батлах эсхүл үгүйсгэж болох боловч нэмэлт дүгнэлт нь өмнөх дүгнэлтээр ойлгомжгүй зүйлийг тодруулах дутуу зүйлийг нэмэх агуулгатай бөгөөд дээрх эхний бөгөөд нэмэлт дүгнэлт нь өөр агуулгатай дүгнэлт гарсан байхад шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй.
Мөн хэрэгт авагдсан Ус сувгийн удирдах газрын усны төв лабораторийн сорил /2-р х.хийн 47-48-р хуудас/, Гаалийн төв лабораторын 0021051 дугаар дүгнэлт /2-р ххийн 13-14-р хуудас/, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018.05.21-ний өдрийн 05-078/11 дугаар “Ослын тухай” дүгнэлт., ЭМЯ-ны Хор судлалын салбар зөвлөлийн шинжээч Т.Ө-ы шинжээчийн дүгнэлтүүдийг нь /2-р х.хийн 73-75-р хуудас / гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.т заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заасныг зөрчсөн шинжтэй байхад шүүх энэ талаар тодруулж дүгнэлт хийлгүй нотлох баримтаар үнэлсэн нь эргэлзээтэй.,
-ЭМЯ-ны Хор судлалын салбар зөвлөлийн шинжээч С.Ю-., Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн судлаач Б.А- нар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “дахин” дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4.т заасан “шинжээч дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлана”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.д “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн “хоёроос дээш” шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно” гэж заасныг тус тус зөрчиж, 2 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт тэр тусмаа дахин дүгнэлт гаргасан нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна хууль ноцтой зөрчсөн ., байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээс яагаад, аль дүгнэлтийг үнэлсэн аль дүгнэлтийг нь үгүйсгэсэн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй бүх дүгнэлтийг хуулж бичжээ.
Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай байна.
2. Анхан шатны шүүх Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт Х.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаас хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, өмгөөлөгчийн саналыг няцааж үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, тодорхой дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг зөрчжээ.
Мөн хохирогч Б.Б-, Ш.Б- нарын үхлийн шалтгаан хангалттай тогтоогүй байхад Х.Т-ыг цагаатгасан нь үндэслэлгүй.
3.Шүүгдэгч Х.Т-, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Б.Хишигдэлгэр нар нь ажлын байрны тодорхойлолтоор ямар, ямар ажил үүрэг гүйцэтгэдэг талаар холбогдох ажиллагааг хийж, тэд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын амь нас хохироход хүргэсэн байдал гаргасан эсэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаагүй орхигдуулсан байх тул шалгах шаардлагатай.
Түүнчлэн хохирогч Б.Б-, Ш.Б- нар нас барахад хэн, ямар буруутайг тогтоогоогүй, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв эсэх, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон эсэхийг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлээгүй нь буруу байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зохих ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бурэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх гэсэн., давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээс ...шүүгдэгч Х.Т-ыг цагаатгасан нь буруу, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.2., 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-ын Д-, Х-гийн Т- нарт холбогдох, 1718001480254 дугаартай, 6 хавтас бүхий эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан этгээд Х.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг болон прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ