Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын туслах прокурор Д.Нэргүй

насанд хүрээгүй хохирогч Н.Галавбадраа

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Насанбат

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч  Ц.Рашзэвэг, Ш.Маам

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа

шүүгдэгч Д.Хишигбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Даваадоржийн Хишигбаярт холбогдох 20161900071 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, 2 дүү нарын хамт Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багт оршин суух, хувьд оногдох хөрөнгө 600 толгой малтай, улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваадоржийн Хишигбаяр, /РД:НР86021571/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Хишигбаяр нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 23-24 цагийн үед морьтой гэр рүүгээ явж байхдаа Төв аймгийн Өндөрширээт сумын хойд талд иргэн Х.Загдсүрэнгийн өмнөөс чинь хурдан морь ирж яваа гэж хэлж анхааруулсаар байхад зөрөөд өнгөрчихнө гэж хөнгөмсөгөөр найдаж, морь тарлан өөдөөс нь ирж байсан 12 настай Н.Галавбадраагийн унаж явсан морьтой мөргөлдөж улмаар Н.Галавбадраагийн бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Д.Хишигбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн хэрэг гарсан өдөр сумын төвөөс яваад санамсаргүй мөргөлдөж хүүхдийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би маргааш нь морио уралдуулах гээд яарч давхиж яваад ийм зүйл боллоо. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Галавбадраа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр Хишгээ ах 2-3 шил архи уугаад найз нартайгаа барилдаад зодолдоод зурагтын тавиур хагалаад байж байсан. Би энэ хэргийн улмаас хүнд гэмтэл авсан тул хичээлдээ явж чадахгүй байгаа. Миний толгой, бие байнга өвддөг. Би яаж мөргөлдсөнөө санахгүй байсан. Би нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн байсан.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Насанбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд энэ хэргийн улмаас хүүхдийнхээ эмчилгээний зардалд 16.000.000 төгрөгийг зарцуулсан. Өөрийн эзэмшлийн малыг зарж борлуулж хүүхдийнхээ эмчилгээнд зориулсан. Эмчилгээнд зарцуулсан гэх нотлох баримтууд одоогоор алга байна. Д.Хишигбаяр надад хохирлын 1.500.000 төгрөгийг өгсөн гэв.

 

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл: Уг хэрэг гарсан гэх газар нь Төв аймгийн Өндөрширээт сумын Ертөнцийн зүгээр чанх хойшоо автомашин шороон замаас 512 метр зайтай ертөнцийн зүгээр чанх хойшоо болон зүүн талаараа тал, тэр орчмын газраараа битүү цагаан дэрстэй, ертөнцийн зүгээр чанх баруун талаар өндөрлөг уулсын ертөнцийн зүгээр чанх хойшоогоо чанх урагшаа үргэлжилсэн хамар толгодтой мөн ертөнцийн зүгээр чанх баруун талаараа 30 орчим метр замаас зайтай цагаан дэрстэй автомашины зам нь элсэрхэг ертөнцийн зүгээр зүүн талаараа бүдэг автомашины зам, тод замаас 40 метр газар гараад буцаад ордог мөртэй, уг тод замд жижиг бүдэг зам ертөнцийн зүгээр чанх хойд үзүүрэээс 21 метр зайтай газар унасан гэх газарт ямар нэгэн хэрэгт ач холбогдолтой мөр болон эд зүйл байхгүй элсэрхэг газрын хөрсөнд ширэг тачирхан ногоотой байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд.../хх-ийн 4-7 дугаар хуудас/

 

Гэрч Т.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын наадам болсон орой Соёлын төвд тоглолт болно гээд Соёлын төвд 22 цагийн үед байж байсан. Манай нөхөр Насанбат хүү Галавбадраа нар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр уралдах саарал зүсмийн хязаалан насны морио тарлах гээд Өндөрширээт сумын төвийн зүүн хойд Өртөө толгой гэх газар руу явсан. Тэгтэл манай аав Туваанжав Соёлын төвд ирээд надтай уулзаад манай хүү Галавбадрааг мориноосоо унасан Хишигбаяр гэх залуутай морьтой мөргөлдсөн гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч дэслэгч Батхуягийг дагуулаад сумын эмнэлэг дээр очиход манай хүү Галавбадраа ухаантай тэгэхдээ ам, хамар нь дэлбэрсэн юм шиг улаан нялга болсон цус гараад байсан, морьтой мөргөлдсөн гэх Хишигбаяр нь архи хэрэглэсэн байсан. Би морьтой мөргөлдөж унасан газарт нь очоогүй, цагдаад өргөдөл өгч шалгуулахад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан тул дахин шалгуулах хүсэлт гаргасан. Хишигбаяр нь хүүгийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн өөр мөнгө төгрөг өгөөгүй, хүү маань одоо хичээлдээ явахгүй 2 хөл нь их сул болсон, толгой нь эргээд байна гэж хэлдэг, толгой нь лугшиж өвддөг болсон. Зуун талын шүд араагаараа юм зажилж идэж чадахгүй баруун талын шүд, араагаараа юм иддэг, байнга ууралж уйлдаг, 00-ын өрөө орохын хооронд шууд өмдөндөө өтгөн, шингэнээ өөрийн мэдэлгүй гаргадаг болсон. Ер нь хэцүү л байна. Би хүү Галавбадраас юу болсон талаар асуухад саарал зүсмийн хязаалан насны морио унаад ганцаараа тарлаад явж байсан.  Тэгээд юу болсныг санахгүй байна нэг мэдэхэд Улаанбаатар хотод эмнэлэгт байсан гэж хэлсэн. Хишигбаяр манайхтай өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй, Хишигбаяр нь архи хэрэглэсэн байсан, хэр зэрэг хэрэглэсэн хэр хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Туваанжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын наадам болсон. Уралдуудах гэж авч ирсэн морьдуудад тэжээл өгчихөөд явах гээд уяж байсан морьдууд дээрээ Өндөрширээт сумын хойд талд өөрийн цагаан өнгийн 93-76 УНС улсын дугаартай Т.Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Цэнд-Аюушийн хамт зогсож байхад манай хүргэн Насанбат уралдуулах саарал зүсмийн хязаалан үрээгээ тарлаж уралдуудна гээд 12 настай өөрийн хүү Галавбадраагаар унуулаад хойшоо явж байгаад буцаагаад давхиулсан. Тэр үед гадаа харанхуй байсан тул давхиж байгаа нь харагдахгүй байсан. Эхнэр Цэнд-Аюуш бид хоёрыг машиндаа сууж байхад юм мөргөлдөж байгаа юм шиг тас хийгээд хүүхэд уйлахаар нь Галавбадрааг мориноосоо уначихлаа гэж бодоод машинаа асаагаад гэрлээ тусгаад очиход Галавбадраа мориноосоо унасан аав Насанбат нь ирчихсэн, тэврээд сууж байсан. Хажууд нь Хишигбаяр зогсож байсан. Юу болсон талаар асуухад Галавбадраа саарал зүсмийн үрээгээ унаж дахиулж явахад Хишигбаяр нь цагаан зүсмийн морьтой өөдөөс нь давхиж яваад харанхуй шөнө мөргөлдсөн гэж байсан. Хишигбаяр архи хэрэглэсэн согтуу байсан. Хүргэн Насанбат хүү Галавбадрааг миний машинд тэвэрч байгаад сумын эмнэлэгт очиж үзүүлээд цааш нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт рүү явсан. Хишигбаяр Өндөрширээт сумын төвөөс гараад хойшоо морьтой явж байсан гэсэн. Загдсүрэн Хишигбаярыг хойшоо явах гэхэд нь өөдөөс чинь хүүхэд морь тарлаж давхиулж ирж байгаа гэхэд Хишигбаяр тойроод явчихна гэж хэлээд тоохгүй яваад тэгээд мөргөлдсөн гэсэн. Галавбадраа толгой байнга өвдлөө гэж хэлдэг, хамар нь байнга битүүрч гуншигнадаг, байнга л уурладаг болсон, сургуульдаа явахаар ядраад байна гээд одоо сургуульдаа явахгүй байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Гэрч Б.Дэлгэртүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Хишигбаяртай Өндөрширээт суманд хамт сургуульд сурч байсан найзууд юм. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өндөрширээт сумын наадам болсон миний уяж уралдуулсан үрээ 5-т давхиад оройны 18 цагийн орчим манайд Хишигбаяр, Зоригбат бид 3-уулаа уулзаад Зоригбатын гэрт очиж 0.75 литрийн Болор нэртэй архи, 2.5 литрийн Боргио пиво хувааж ууж сууж байгаад Хишигбаяр морио манаж хононо гээд гадаа харанхуй болсон байхад явсан. Хишигбаярыг морьтой явж байгаад морь унасан хүүхэдтэй мөргөлдсөн талаар сонсож мэдсэн. Хишигбаяр бид нар архи ууж, бага зэрэг согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

Гэрч Х.Загдсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай найз Насанбат хязаалан насны хурдан морио 2016 оны 07 дугаар сарын 21-ний орой нар жаргаад харуй бүрий болж байхад тарлах гээд сумын төвийн ар Хөмөх гэх газар луу хүү Галавбадраагаар унуулаад хөтлөөд явсан. Би зогсож байтал удалгүй манай сумын Хишигбаяр гэх залуу сумын төвөөс гарч ирсэн. Би Хишигбаярт өмнөөс чинь хурдан морь ирж яваа гэж хэлэхэд давхиад яваад өгсөн. Удалгүй хүүхэд уйлахаар нь Хишигбаярын араас явахад Насанбатын хүү Галавбадраатай мөргөлдсөн байсан. Намайг мөргөлдсөн газар очиход хүүгийн аав ирчихсэн хүүгээ тэврээд сууж байсан, газар уяж байсан хурдан морь хэвтэж байсан. Хүүг аваад сумын төвийн эмнэлэг явсан. Хишигбаяр нь ганцаараа цагаан морь унасан, сумын төвөөс давхиж ирсэн. Би Хишигбаярт холуур яваарай гэж хэлэхэд давхиад явсан. Намайг зогсож байхад гэнэт хүүхэд уйлахаар нь очиход цус болчихсон, Галавбадраа аав нь тэвэрчихсэн Хишигбаяр нь Цэнд-Аюуш эгчтэй хэрэлдээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

Гэрч Б.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Насанбат ах хүүгээ тэвэрчихсэн, уйлчихсан, миний хүүг авраач гэж чанга хэлээд орж ирсэн. Би хүлээн авахад оруулаад эмч Даваадолгор, Зулсайхан, Өлзиймаа болон асрагч нарыг дуудсан. Галавбадраа эмнэлэгт аав нь авчирсан араас нь Цэнд-Аюуш болон Туваанжав нар нь орж ирсэн. Удалгүй мөргөлдсөн гэх залуу нь орж ирсэн. 2 морьтой хүн хоорондоо мөргөлдсөн гэж хэлсэн. Өвчтөн Галавбадраа нь хагас ухаантай эмч нар хүнд талдаа байсан гэж хэлж ярилцаад байсан. Би эмчийн зааврын дагуу эмчилгээ хийсэн. Дараа Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төв рүү Даваадолгор эмч авч явж хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

Гэрч А.Зулсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Дуудлагын эмч Даваадолгор эмчилгээ хийж байсан. Би нэмэлт дуудлагаар эмнэлэг дээр ирэхэд гадаа маш харанхуй байсан 23 цаг өнгөрч байсан. Галавбадраа нь эмнэлэгт ирэхдээ хагас ухаантай, үүдэн шүд нь ёзоороороо унасан, хамрын яс бяцарсан, хамрын үзүүр нь угаараа сэтэрсэн, цус их хэмжээгээр алдсан байдалтай эмнэлэгт ирсэн. Галавбадрааг эмнэлэгт аав нь авчирсан гэсэн. 2 морьтой хүн хоорондоо мөргөлдсөн гэж хэлсэн. Нөгөө мөргөлдсөн гэх залуу нь архи үнэртүүлсэн биеийг нь үзэхэд гайгүй  хэвийн байсан. Өвчтөн Галавбадраа нь хагас ухаантай, ухаан нь орж гараад ухаан алдаад байсан, хүнд талдаа байсан яг одоо хийсэн эмчилгээгээ санахгүй байна, шөнө анх хүлээж авсан эмч нь аваад Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Гэрч Л.Зоригбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай найз Хишигбаяр нь өөрийн ухаан мэдрэлтэй байсан, биеэ авч явах чадваргүй болоогүй, эрүүл шахуу байсан. Морио манана гэж хэлээд явсан. Би 2016 оны 07 дугаар сарын 22-ны өглөө мэдсэн, надтай таарсан хүн болгон танай найз Хишигбаяр өнгөрсөн шөнө морьтой мөргөлдөөд мөргөлдсөн хүүхэд нь Улаанбаатар хот руу явсан гэж яриад байсан. Мөргөлдсөн хүүхэд нь Насанбатын хүүхэд гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Гэрч С.Гансүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед сумын төвийн Хөмөх гэх газарт найз Насанбат, Загдсүрэн, Туваанжав, Цэнд-Аюуш гэх хүмүүстэй байж байсан юм. Манай найз Насанбат нь хязаалан насны хурдан морио тарлаж хөдөлгөж байсан. Насанбат морио хүү Галавбадраагаар унуулаад өөрөө хөтлөөд эргүүлж өгсөн, барих газар нь Загдсүрэн зогсож байсан. Би наана нь машин замаас холдуулаад ирэхийг нь хүлээгээд сууж байсан. Тэгтэл Насанбатын хадам аав Туваанжав гуай хүүхэд уйлаад байна мориноосоо уначихлаа гээд орилоод байсан. Би Цэнд-Аюуш, Туваанжав гуай нарын хамт очиход манай сумын Хишигбаяр Насанбатын хүүг тэвэрчихсэн газарт сууж байгаад сумын эмнэлэг рүү авч явсан. Гадаа харанхуй болсон үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Намайг машинд сууж байхад Цэнд-Аюуш гуай хүүхэд болохоо байлаа гээд хэлэхээр нь машинаас буугаад хойшоо гүйхээр нь араас нь очтол Хишигбаяр нь  Галавбадрааг тэвэрсэн, хажууд нь цагаан морь босчихсон, саарал морь газарт хэвтсэн байсан. Хойноос нь хүүгийн аав Насанбат ирчихсэн, хажууд нь Загдсүрэн Хишигбаярт өмнөөс чинь морь ирж яваа гэж хэлээд байхад зөрөөд явчихна гээд давхиад явсан гэж хэлж байсан. Санаатай мөргөөгүй байх, Загдсүрэн, Хишигбаярт хэлсэн үгэнд нь ороод хүлээж байгаад явсан бол ийм зүйл болохгүй байсан байхаа...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Гэрч Л.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын наадам болсон ба 22-23 цагийн орчим уралдуулах гэж авчирсан морьдууд хооллуулчихаад явах гээд Өндөрширээт сумын төвийн хойд талд морьдууд дээрээ ирчихээд өөрийн цагаан Т.Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Туваанжавын хамт зогсож байхад хажууд хүргэн Насанбат 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр уралдуулах саарал зүсмийн хязаалан үрээгээ давхиулах гээд 12 настай өөрийн хүү Галавбадраагаар унуулаад хойшоо явж байгаад буцаагаад давхиулсан тэр үед гадаа харанхуй болсон байсан бөгөөд давхиулж байгаа нь харагдахгүй байсан. Туваанжав бид хоёрыг машиндаа сууж байхад юм мөргөлдөж байгаа юм шиг тас хийгээд явчихсан, тэгснээ хүүхэд уйлахаар нь Галавбадрааг мориноосоо уначихлаа гэж бодоод Туваанжав бид хоёр машинаа асаагаад очиход Галавбадраа мориноосоо унасан аав Насанбат нь ирчихсэн тэврээд сууж байсан. Хажууд нь Хишигбаяр гэж залуу зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Галавбадраа саарал зүсмийн морьтой өөдөөс нь давхиж яваад харанхуй шөнө мөргөлдсөн байсан. Хишигбаяр нь архи хэрэглэсэн согтуу байсан. Галавбадрааг машинд суулгаад сумын эмнэлэгт рүү аваад явсан. Дараа нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүлээлэнгийн шинжээч нарын гаргасан 1237 дугаартай дүгнэлт: Н.Галавбадраагийн биед суурь ясны 2 талын жигүүр сэртэнгийн ташуу хугарал зүүн гайморийн хөндийн урд хананаас дээш зүүн ухархайн урд хана, хамрын зүүн хажуу хэсэг, уг хэсэг рүү үргэжилсэн цөмөрсөн нийлмэл хугарал, баруун гайморийн хөндийн урд хананаас хамрын баруун хажуу хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, доод үүдэн 3 шүдний булгарал, зүүн гайморийн хөндийн дотор хананд сэлтэрсэн хугарал, 2 талын гайморийн хөндийн цус хуралт, зүүн хацар, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал хамар, эрүүнд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Морьтой явж байгаад морьтой хүнтэй мөргөлдөх болон мориноос унах үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Доод үүдэн 3 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1543 дугаартай дүгнэлт: Урьд гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1237 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Галавбадраагийн биед суурь ясны жигүүр сэртэнгийн хугарал, гайморийн хөндийн урд, гадна, хажуу хана цөмөрсөн нийлмэл хугарал, хамар ясны хугарал, доод эрүүний үүдэн шүдний булгарал, хацар зовхины зөөлөн эдийн няцрал, хамар эрүүнд шарх гэмтлүүд учирсан байна. Н.Галавбадраагийн нүүрний хэсэгт учирсан гэмтэл учирсан бөгөөд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дэх хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6, 3 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги 10 хувь алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 128-129 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Хишигбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 23-24 цагийн үед согтуугаар морьтой гэр рүүгээ явж байхдаа хөнгөмсөгөөр найдаж, морь тарлан өөдөөс нь ирж байсан 12 настай Н.Галавбадраагийн унаж явсан морьтой мөргөлдөж улмаар Н.Галавбадраагийн биемахбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Т.Мягмарсүрэнгийн.... “манай нөхөр Насанбат хүү Галавбадраа нар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр уралдах саарал зүсмийн хязаалан насны морио тарлах гээд Өндөрширээт сумын төвийн зүүн хойд тал руу Өртөө толгой гэх газар руу явсан. Тэгтэл манай аав Туваанжав Соёлын төвд ирээд надтай уулзаад манай хүү Галавбадрааг мориноосоо унасан Хишигбаяр гэх залуутай морьтой мөргөлдсөн гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч дэслэгч Батхуягийг дагуулаад сумын эмнэлэг дээр очиход манай хүү Галавбадраа ухаантай тэгэхдээ ам, хамар нь дэлбэрсэн юм шиг улаан нялга болсон цус гараад байсан, морьтой мөргөлдсөн гэх Хишигбаяр нь архи хэрэглэсэн байсан”....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

гэрч Н.Туваанжавын... “эхнэр Цэнд-Аюуш бид хоёрыг машиндаа сууж байхад юм мөргөлдөж байгаа юм шиг тас хийгээд хүүхэд уйлахаар нь Галваабадрааг мориноосоо уначихлаа гэж бодоод машинаа асаагаад гэрлээ тусгаад очиход Галавбадраа мориноосоо унасан аав Насанбат нь ирчихсэн, тэврээд сууж байсан. Хажууд нь Хишигбаяр зогсож байсан. Юу болсон талаар асуухад Галавбадрааг саарал зүсмийн үрээгээ унаж дахиулж явахад Хишигбаяр нь цагаан зүсмийн морьтой өөдөөс нь давхиж яваад харанхуй шөнө мөргөлдсөн гэж байсан, Хишигбаяр архи согтууруулах зүйл хэрэглэсэн согтуу байсан. Хүргэн Насанбат хүү Галавбадрааг миний машинд тэвэрч хэвтэж байгаад сумын эмнэлэгт очиж үзүүлээд цааш нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт рүү явсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

гэрч Б.Дэлгэртүвшингийн....”18 цагийн орчим манайд Хишигбаяр, Зоригбат бид 3-уулаа уулзаад Зоригбатын гэрт очиж 0.75 литрийн Болор нэртэй архи, 2.5 литрийн Боргио пиво хувааж ууж сууж байгаад Хишигбаяр морио манаж хононо гээд гадаа харанхуй болсон байхад явсан. Хишигбаярыг морьтой явж байгаад морь унасан хүүхэдтэй мөргөлдсөн талаар сонсож мэдсэн. Хишигбаяр бид нар архи уусан, бага зэрэг согтуу байсан”....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

гэрч Х.Загдсүрэнгийн... “манай найз Насанбат хязаалан насны хурдан морио 2016 оны 07 дугаар сарын 21-ний орой нар жаргаад харуй бүрий болж байхад тарлах гээд сумын төвийн ар Хөмөх гэх газар руу хүү Галавбадраагаар унуулаад хөтлөөд явсан. Би зогсож байтал удалгүй манай сумын Хишигбаяр гэх залуу сумын төвөөс гарч ирсэн. Би Хишигбаярт өмнөөс чинь хурдан морь ирж яваа гэж хэлэхэд давхиад яваад өгсөн. Удалгүй хүүхэд уйлахаар нь Хишигбаярын араас явахад Насанбатын хүү Галавбадраатай мөргөлдсөн байсан”....гэх мэдүүлэг /хх-ийн 28/

гэрч Б.Нандин-Эрдэнийн.... “өвчтөн Галваабадраа нь хагас ухаантай эмч нар хүнд талдаа байсан гэж хэлж ярилцаад байсан. Би эмчийн зааврын дагуу эмчилгээ хийсэн. Дарааа Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төв рүү Даваадолгор эмч авч явж хүлээлгэн өгсөн”...гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

гэрч А.Зулсайханы.... “Галавбадраа нь эмнэлэгт ирэхдээ хагас ухаантай, үүдэн шүд нь ёзоороороо унасан, хамрын яс бяцарсан, хамрын үзүүр нь угаараа сэтэрсэн, цус их хэмжээгээр алдалдсан байдалтай эмнэлэгт ирсэн. Галавбадрааг эмнэлэгт аав нь авчирсан гэсэн. 2 морьтой хүн хоорондоо мөргөлдсөн гэж хэлсэн”....гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

гэрч С.Гансүхийн.... “намайг машинд сууж байхад Цэнд-Аюуш гуай хүүхэд болохоо байлаа гээд хэлэхэд нь машинаас буугаад хойшоо гүйхээр нь араас нь очтол Хишигбаяр нь Галваабадрааг тэвэрсэн, хажууд нь цагаан морь босчихсон, саарал морь газарт хэвтсэн байсан. Хойноос нь хүүгийн аав Насанбат ирчихсэн, хажууд нь Загдсүрэн Хишигбаярт өмнөөс чинь морь ирж яваа гэж хэлээд байхад зөрөөд явчихна гээд давхиад явсан гэж хэлж байсан. Санаатай мөргөөгүй байх, Загдсүрэн, Хишигбаярт хэлсэн үгэнд нь ороод хүлээж байгаад явсан бол ийм зүйл болохгүй байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

гэрч Л.Цэнд-Аюушийн....”Туваанжав бид хоёрыг машиндаа сууж байхад юм мөргөлдөж байгаа юм шиг тас хийгээд явчихсан, тэгснээ хүүхэд уйлахаар нь Галавбадрааг мориноосоо уначихлаа гэж бодоод Туваанжав бид хоёр машинаа асаагаад очиход Галавбадраа мориноосоо унасан аав Насанбат нь ирчихсэн тэврээд сууж байсан, хажууд нь Хишигбаяр гэж залуу зогсож байсан. Хишигбаяр нь архи хэрэглэсэн согтуу байсан..../хх-ийн 34-35/,

шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1237 дугаартай дүгнэлт, хохирогчийн хохирлын баримтууд, шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1543 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Хишигбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар шүүгдэгч Д.Хишигбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Д.Хишигбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, 55.1.10 дахь хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн, мөн эмчилгээний бодит зардлыг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм буруугийн нөлөөлөл буюу морь унаж байгаа хүүхдэд хамгаалах малтай, хувцас өмсгөөгүй, харанхуй шөнө морь тарласан, хүүхдийнхээ аюулгүй байдалд хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн тул ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нь үндэслэлтэй гэж үзлээ.  

 

           Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Насанбат нь хохиролд 16.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримт шүүхэд  гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Хишигбаяр нь төлсөн тул энэ тогтоолоор шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох И.Насанбатын хайхрамжгүй үйлдлээс нөлөөлсөн байх тул цаашид гарах эмчилгээний зардлын тодорхой хувийг шүүгдэгч Д.Хишигбаяраар хариуцуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Хишигбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Даваадоржийн Хишигбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хишигбаярт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар ялтан Д.Хишигбаярт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Хишигбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Хишигбаярт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Өндөрширээт сумын цагдаагийн хэсэгт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Д.Хишигбаяр нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Хишигбаярт урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 8. Ялтан Д.Хишигбаяр нь насанд хүрээгүй хохирогч Н.Галавбадраа болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт хохирлын 1.500.000 төгрөгийг төлсөн, насанд хүрээгүй хохирогч Н.Галавбадраа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

9.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, ялтан Д.Хишигбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Хишигбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ