| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0197/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/206 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/206
2024 03 15 2024/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,
улсын яллагч А.Дэлгэрмөнх,
хохирогч Ж.Г,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн “2411 00021 0139” дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ............................ тоотод өөрийн гэртээ төрсөн эх Ж.Гг нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй” гэв.
Хохирогч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Төрсөн хүү маань намайг байнга зоддоггүй. Анх удаа зодсон, согтуудаа ийм зүйл хийсэн байх гомдол санал байхгүй. Ийм юм хийх хүн биш” гэв.
Эрүүгийн 2411 00021 0139 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр миний хүү Г.Б нь нилээн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манай гэрт орж ирээд надаас хоол нэхэхээр “хоол байхгүй идэх юм байхгүй байна” гэтэл миний орон дээр гараад унтаад өгсөн тэгээд намайг “та унт” гэхээр нь “за чи унт унт би одоо ингэж байгаад унтана” гэж хэлчихээд сууж байтал Г.Б нь гэнэт босож ирээд шууд намайг цохиод авсан тэгтэл миний зүүн талын нүдний дээд хэсгээс цус гарахаар нь би сандраад цусаа тогтоолгох гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм миний биед учирсан байгаа тухайн гэмтлийг манай хүү Г.Б нь тухайн өдөр гараараа нэг удаа цохиж миний биед учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №14851 дугаартай шинжээчийн: “Ж.Ггийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий байдлаар хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 17-21-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 6-р хуудас/,
Шүүгдэгч Г.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/,
Шүүгдэгч Г.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 49-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ............................ тоотод өөрийн гэртээ төрсөн эх Ж.Гг нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ж.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр миний хүү Г.Б нь нилээн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манай гэрт орж ирээд надаас хоол нэхэхээр “хоол байхгүй идэх юм байхгүй байна” гэтэл миний орон дээр гараад унтаад өгсөн тэгээд намайг “та унт” гэхээр нь “за чи унт унт би одоо ингэж байгаад унтана” гэж хэлчихээд сууж байтал Г.Б нь гэнэт босож ирээд шууд намайг цохиод авсан тэгтэл миний зүүн талын нүдний дээд хэсгээс цус гарахаар нь би сандраад цусаа тогтоолгох гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм миний биед учирсан байгаа тухайн гэмтлийг манай хүү Г.Б нь тухайн өдөр гараараа нэг удаа цохиж миний биед учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №14851 дугаартай: “Ж.Ггийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий байдлаар хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-21-р хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 6-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Ггийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч Г.Б нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Ж.Ггийн биед учирсан зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Г.Бгаас өөр этгээд энэ гэмтлийг учруулсан болон энэхүү гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэх нь учир дутагдалтай бөгөөд тухайн үйлдэлдээ хандсан шүүгдэгчийн сэтгэхүйн онцлог, хохирогч, шүүгдэгч нарын хоорондын гэр бүлийн харилцааны дотоод уур амьсгал, урьд өмнө хүчирхийллийн шинжтэй нөхцөл байдал бий болж байсан зэргийг өргөн агуулгаар нь дүгнэж үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоосны эцэст хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нь зүйтэй.
Харин шүүгдэгч Г.Бгийн тухайд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй өмнө нь огт гаргаж байгаагүй талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Шүүгдэгч Г.Бгийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 9-р хуудас/ тул шүүгдэгч Г.Бг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Г.Б нь нийтээр тогтоосон зан суртахууны хэм хэмжээ болох эцэг, эхээ хайрлан хүндэтгэх, гэр бүлээ тэжээн тэтгэх болон Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн үндсэн үүрэг болох хууль сахин биелүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргээ биелүүлээгүй төрсөн эхээ зодож биед нь гэмтэл учруулжээ.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж оногдуулах торгох ялыг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох ялын хэмжээ нь 450 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна” гэж тодорхой хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулалт тул торгох ялын хамгийн доод хэмжээг түүнээс доошоо багасгах хууль зүйн боломжгүй болно.
Иймд өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй тул улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний дотор гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР