Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

 

 

    2023          08           15                                       2023/ШЦТ/59   

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн   шүүх  хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч Ш.Дамдинбазар

            Шүүгдэгч Т.Дашням нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Тайваны Дашнямд холбогдох эрүүгийн 2340000000038 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 5 дугаар хороо Нарийн 18-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн  1 , 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт Тайваны Дашням /РД:СЩ88100911/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Дашням нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадна 2023 оны 06 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд хохирогч Э.Төгөлдөрийн баруун шанаа руу гараараа цохисны улмаас Э.Төгөлдөр нь газар унахдаа чулуу мөргөж, зүүн хөмсөг, зулайд шарх бүхий гэмтлийг үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Дашням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Т.Дашням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлттэй бүрэн танилцсан. Шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй. Хохирогч Э.Төгөлдөрийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг.

Хоёр: Эрүүгийн 2340000000038 дугаартай хэргээс улсын яллагч:

-Хохирогч Э.Төгөлдөрийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 06 сарын 17-ны өдөр сумын төвд оройн 23 цагийн орчим “М” баарнаас гарч ирэхэд танил ах Дашнямтай таарсан, энэ үед Дашням ах дөнгөж ирчихээд ууж идээд яваад байхын далчигнаад байгаарай. Төгөлдөр минь гээд намайг баруун шанаан тус газар гараараа цохих үед би нэлээн согтолттой байсан учраас би хөл алдаад унахдаа нэг чулуу мөргөөд толгойгоо хагалчихсан юм, тэр хавьд шугам янзалсан юм уу яасан юм мэдэхгүй шороо чулуу их байсан санагдаж байна, ингээд цагдаагийн эргүүл таараад цагдаа дээр бид хоёрыг авчирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас)

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, Ц.Тунгалагтамир 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаартай дүгнэлтээр:

1.Э.Төгөлдөрийн биед зүүн хөмсөг, зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 12-13 хуудас хуудас)

-Шүүгдэгч Т.Дашнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 06 сарын 17-ны өдөр “М” бааранд 22:00-00:00 цагийн хооронд ганцаараа орж 3 лааз пиво уусан, баар хаах болоод гарч байх үед үүдэнд Төгөлдөртэй таараад ахын хувиар архи уучихсан байхаар нь архи уудаг болчихсон юм уу хариач чи гэсэн чинь Э.Төгөлдөр нэлээн халамцуу таньд хамаагүй гэхээр нь би баруун шанаанд нь нэг удаа л цохисон. Тэр үед Э.Төгөлдөр унаад босохдоо цус болчихсон байсан. Тэгээд Э.Төгөлдөр эмнэлэг явж боолгоё гээд би эргүүлийн цагдаатай таараад цагдаагийн хэлтэс дээр ирсэн, цагдаа нар өглөө ирээрэй гээд явуулахад нь би өглөө нь ирээгүй юм. Утсаар залгах байх гэж бодсон юм” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.Дашням нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадна 2023 оны 06 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд хохирогч Э.Төгөлдөрийн баруун шанаа руу гараараа цохисны улмаас Э.Төгөлдөр нь газар унахдаа чулуу мөргөж, зүүн хөмсөг, зулайд шарх бүхий гэмтлийг үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

 

-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан хохирогч Э.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 335 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Т.Дашням нь хохирогч Э.Төгөлдөрийн биед зүүн хөмсөг, зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Т.Дашням нь хохирогч Э.Төгөлдөрийн биед зүүн хөмсөг, зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, гэр бүлийн гишүүдийн бие биенээ хүндэтгэх нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Шүүгдэгч Т.Дашням нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Дашнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Т.Дашням нь хохирогч Э.Төгөлдөрийн биед зүүн хөмсөг, зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч Э.Төгөлдөр нь шүүгдэгч Т.Дашнямаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх тайлбарыг гаргасан байна.

Иймд шүүгдэгч Т.Дашням нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгосон шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, түүнд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

              Шүүгдэгч Т.Дашнямд 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний хөрөнгө, сарын орлого, ам бүлийн байдал, эрхэлсэн ажил зэргийг харгалзан 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Т.Дашням нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Т.Дашням нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Т.Дашнямд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:           

 

1.Шүүгдэгч Боржигин овогт Тайваны Дашнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Тайваны Дашнямыг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дашнямд оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дашням нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Т.Дашням нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дашнямд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

              8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Дашнямд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ