| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 182/2019/01542/и |
| Дугаар | 135/шш2021/00002 |
| Огноо | 2020-12-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 135/шш2021/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 182/2019/01542/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: . . . аймгийн . . . сум, . . . дугаар баг, . . . дугаар хороолол, . . . дугаар байр, . . . тоотод оршин суух Ш овогт Х.А /утас. . ./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: . . . хот, . . . дүүрэг, . . . дугаар хороо, . . . дугаар хороолол, . . . тоотод байрлах “Т И” ХХК,
Хариуцагч: . . . аймгийн З.Д нарт холбогдох
"Гэм хорын хохирол 3,330,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А, хариуцагч “Т И” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, . . . аймгийн З.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.Б, иргэдийн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Т И” ХХК-аас ажлаа доголдолтой хийсний улмаас . . . аймгийн . . . багийн . . .-р байрны . . . тоотын . . . байранд учруулсан 3,180,000 / Гурван сая нэг зуун наян мянган төгрөг 00 мөнгө/ төгрөг гаргуулах тухай бөгөөд үүнээс улбаалсан гэм хорыг арилгуулах тухай болно.
Уг ажлын төсөвт өртөг нь 173,565,770 төгрөг байсан бөгөөд 2 жилийн баталгаат хугацаатай байна. Ажил 2018 оны 05 дугаар сарын 17-оос 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд миний бие гадаад улсад байж байгаад ирсэн бөгөөд бороо орох тутамд ус асгарч байсан байдаг. 2019 оны 07 дугаар сарын 30-ны үргэлжилсэн борооны дараа захирал Б гэгчид утасдан мэдэгдсэн бөгөөд ажилтай хэмээн ирэлгүй байсаар дээврийн засварыг 09 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд хүн явуулж лак түрхэн засварласан. Уг засварыг гүйцэтгэхдээ миний бие болон 10 дугаар багийн дарга, СӨХ, оршин суугчдын төлөөллийг байлцуулан акт үйлдэн баримтжуулаагүй болно. Улмаар Б нь ирж уулзан хохирлоо барагдуулах хүсэлт гаргахад хотод ажилтай тул уулзах боломжгүй хэмээсээр 10 сарыг хүргэсэн болно. Хариуцагч нь ажлыг гүйцэтгэхдээ барилгын стандарт шаардлагын дагуу хийгээгүй, ажил гүйцэтгэсэн ажилчид нь ажиллахаа больсон материал дутагдсан эсэх хийгээд мэргэжлийн ажлын тайланг хэлэх хүн байхгүй байсан. Ус тунарч аажмаар шүүрсээр доод 4 давхрын айл руу хүртэл асгарсан бетон нь нүхтэй байсан болно.
...Иймд иргэн миний бие өөрийн байранд учирсан хохирлыг нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. Өмнө нь манай байр Хаан банкны ипотекийн зээлд хамрагдахад зээлийн эдийн засагчтай хийсэн байрны чанарын акт сайн хэмээн үйлдэгдсэнийг хавсаргасан болно. Хаан банкны үдэгдсэн баримтад зураг нь хараар байсан болно. Дээвэр бүтэн хөгц, мөөггүй, ус гоожоогүй, бүрэн бүтэн байсан болно.
... аймгийн З.Д, “Т И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Т И” ХХК нь манай байрны дээврийн засварын ажил хийсэн. Засвар хийхээс өмнө манай байрны дээврээс ус гоождоггүй байсан. Засвар хийснээс хойш буюу 2019 оны 03 дугаар сард хавар болж цас хайлж дээврээс ус гоожиж эхэлсэн. Хариуцагч “Т И” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зохих норм журмын дагуу засварын ажил хийгээгүй.
...Иймд гэм хорын хохирол буюу байрны засварын зардал 3,180,000 төгрөг нь засварын мөнгө, бүтэн нэг жилийн хугацаанд шүүхээр хөөцөлдөж явсан бичиг хэргийн болон бусад зардал 150,000 төгрөг нийт 3,330,000 төгрөгийг хариуцагч . . . аймгийн З.Д, “Т И” ХХК нараас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “Т И” ХХК-ий шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч О.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Иргэн Х.А “Т И” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү тайлбарыг хүргүүлж байна.
1. Х.А нэхэмжлэлдээ дурдсанчлан манай компани нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх болон түүний өмнө үүрэг хүлээсэн ямар нэгэн гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй.
2. Манай компани хуульд заасан үндэслэл журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож барилгын дээвэр заслын ажил гүйцэтгэсэн. Энэхүү ажлаа ном журмын дагуу гүйцэтгэж, холбогдох байгууллагуудаар шалгуулж акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Уг ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна. Х.А гаргасан гомдлын дагуу ус алдсан гэх өдрөөс 2 хоногийн дараа газар нь очиж шалгахад манай компаний гүйцэтгэсэн ажил хэвийн, доголдолгүй байсан. Х.А гэрт орж шалгахад ус алдсан гэх шинжгүй байсан бөгөөд түүний “ус алдсан, ус алдсаны дараа засвар хийсэн” гэж тайлбарласан нь итгэхэд хэтэрхий үнэмшилгүй бодит байдалтай нийцэхээргүй байсан. Ус алдсан бол нойтон хананд шавардлага хийх, обой, эмүльс, таазны шохойны ажлыг шууд гүйцэтгэх ямар ч боломжгүй бөгөөд дор хаяж 10 хоног шаардлагатай.
3. Нэхэмжлэгч нь 3,180,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэ мөнгөн дүн нь яаж тооцоолж гаргасан нь ойлгомжгүй, нотлох баримт байхгүй.
4. Х.А шүүхийн үйл ажиллагаатай холбогдуулж бичсэн асуудлыг манай компани хариуцах боломжгүй. Эрх нь зөрчигдсөн хэн ч шүүхэд хандаж эрхтэй. Гэхдээ хэтэрхий дураараа аашилсан, шүүхийн ажилтнуудыг мэргэжлийн ур чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэх зэргээр дүгнэх эрх энэ хүнд байхгүй.
5. “Т И” ХХК-ий үйл ажиллагаа Улаанбаатар хот болон орон нутгийн хэд хэдэн объектод барилгын болон засварын үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан энэ хэрэг маргаанд оролцох, энэ хүнтэй маргалдах цаг зав байхгүй.
Манай “Т И” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ гэм хорын хохирол төлүүлэх гэсэн шаардлагаар нэхэмжлэлдээ дурдсан мөртлөө, одоо яриад байгаа зүйл нь . . . аймаг З.Д болон “Т И ” ХХК хоорондын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зүйл яриад байх юм. Манай компани хууль журмын дагуу сонгон шалгаруулалтад орж, барилгын дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээж авсан. Ажлын үр дүнгийн доголдлыг бид гэрээний дагуу хариуцна. Иргэн Х.А гомдол гаргасан гэсэн үндэслэлээр . . . аймгийн З.Д ирсэн мэдэгдлийн дагуу манай компаний ажилчид Дарханд ирж тус орон сууцанд үзлэг, шалгалт хийсэн. Ингэхэд манай компаний хийсэн засвартай холбоотой доголдол гэдэг зүйл илрээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 3,330,000 төгрөг хохирол гарсан гэдгийн үндэслэл нь тодорхойгүй байна. Мөн Х.А гэдэг хүн манай компанитай ямар нэгэн байдлаар үүргийн харилцаа үүсээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм” гэв.
Хариуцагч . . . аймгийн З.Д шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.Б нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч тал засварын ажил хийснээс болоод 3,330,000 төгрөгийн хохирол үүсчихлээ гэсэн шаардлага тавьж байна. Манай зүгээс төсвийн мөнгөөр ард иргэдийн аж амьдралыг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын ажил хийгдээд, түүний гүйцэтгэлийг хангуулж, үр дүнг нь улсын комиссоор баталгаажуулдаг чиг үүрэг бүхий байгууллага юм. Энэ хөрөнгө тавигдах шалтгаан нь ард иргэд, иргэдийн нийтийн хурлаас нь засварын ажил хийгдэх шаардлагатай байна гэсэн саналын дагуу энэ ажлыг тендер зарлан хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн гэрт ус алдсан асуудал нь урьд ус алддаг байсан уу ? засварын ажил гүйцэтгэсний дараа ус алдсан уу? гэдэг нь ярианаас нь эргэлзээтэй байна. Энэ засварын ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө төрийг төлөөлөн хүмүүс очиж, тус орон сууцанд зайлшгүй засварын ажил хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн. Барилгын тухай хуульд зааснаар өмчлөгдсөн хувь өмчийн орон сууцанд нэг удаа төрөөс засвар хийж болно гэсэн заалтыг үндэслэн сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Энэ ажил төрөөс батлагдсан журам, зааврын дагуу хийгдсэн. Манай талаас “Т И” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хангуулсан. Энэ ажлын гүйцэтгэл, чанар дээр хяналт тавьдаг байгууллага нь хяналтаа тавьсан. Энэ барилгын ажил 2017 оны 07 дугаар сард хийгдэж дууссаны дараа бороо их хэмжээгээр орсон. Хэрвээ барилгын ажил дутуу хийгдсэн бол айлууд руу ус алдах байсан, ус алдаагүй ямар нэгэн хүнээс гомдол гараагүй. Тиймээс 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр комисс ажиллуулаад энэ барилгын ажил чанарын шаардлага хангасан байна гэдгийг баталгаажуулсан цаас гарсан. Иймд Аймгийн З.Д тамгын газар тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй. Манай “Т И” ХХК-тай байгуулсан гэрээнд 2 жилийн хугацаанд хийсэн ажлаас нь болж ямар нэгэн алдаа дутагдал гарах юм бол энэ ажлыг “Т И” ХХК өөрийн хөрөнгөөр засаж, янзална гэсэн заалт байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
¯ÍÄÝÑËÝÕ íü:
Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч . . . аймгийн З.Д, “Т И” ХХК нарт холбогдуулан ус алдсаны улмаас учирсан хохирол 3,180,000 төгрөг, нэг жилийн хугацаанд шүүхээр хөөцөлдөж явсан бичиг хэргийн болон бусад зардал 150,000 төгрөг, нийт 3,330,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Нэхэмжлэгч Х.А нь . . . аймгийн . . . сумын . . . дугаар баг . . . дугаар хороолол . . . дугаар байрны . . тоот орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . . . тоот гэрчилгээгээр тогтоогдож байна /хх-137/.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн . . .дугаартай захирамжид заасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас . . . аймгийн З.Д 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн . . . дугаартай албан бичиг, . . . аймгийн З.Д, “Т И” ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн орон сууцны байрнуудын засвар, тохижилт /Дархан сумын 10, 11, 12, 13, 14, 15, 16-р баг/ Дээврийн засварын ажлыг гүйцэтгэх гэрээ, мөн өдрийн “Нийтийн эзэмшлийн орон сууцны байрнуудын засвар, тохижилт /Дархан сумын 10, 11, 12, 13, 14, 15, 16-р баг/ Дээврийн засварын ажлын хугацааг сунгасан гэрээ, Дээврийн ажил гүйцэтгэсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Д-. . . дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна. /хх-161-196/
Дээрх баримтуудаас үзэхэд . . . аймгийн З.Д, “Т И” ХХК нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, “Тотал импекс” ХХК нь Дархан сумын 10 дугаар баг, 380 айлын орон сууц...байрнуудын дээврийн засварын ажлыг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд “Т И” ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг комисс шалгаж, хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан байна.
Нэхэмжлэгч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...дээврийн засварын ажил хийж гүйцэтгэснээс хойших хугацаа буюу 2019 оны 03 дугаар сард дээврээс ус гоожиж, өөрийн өмчлөлийн орон сууцанд 3,180,000 төгрөгийн хохирол учирсан” гэж тайлбарлаж, уг шаардлагатай холбогдуулан “Капитал зууч” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Үнэлгээний тайлан” болон “Капитал зууч” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 60,000 төгрөгийн баримтуудыг,
Тэрээр шүүхээр явахад гарсан зардал 150,000 төгрөгийг шаардсан бөгөөд уг шаардлагатайгаа холбогдуулан хавтас хэргийн 146-149 дүгээр талд авагдсан “Монгол шуудан” компаниар үйлчлүүлсэн баримт, замын зардал, хоол хүнс авч хэрэглэсэн талаарх баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгчээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
“Капитал зууч” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Үнэлгээний тайлан”-д “...Х.А эзэмшлийн . . . сумын . . . дугаар баг . . . айл . . . тоот 30,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны дээврээс борооны ус их хэмжээгээр алдсаны улмаас уг байранд учирсан хохирлыг сэргээн засварлахад шаардагдах материалын болон засварын ажлын хөлсний зах зээлийн үнэ цэнэ нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 2,688,000 төгрөг байна” гэсэн /хх-15-23/ бөгөөд уг үнэлгээний тайланд тухайн орон сууцны дотоод байдлыг харуулсан гэрэл зургийг хавсаргасан /хх-24-29/ байна.
Нэхэмжлэгч Х.А нь “...дээврийн засварын ажил хийхээс өмнө өөрийн өмчлөлийн орон сууцанд дээврээс ус алддаггүй байсан” гэж тайлбарлаж, энэхүү тайлбартай холбогдуулан 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Орон сууцыг газар дээр нь үзэж шалгасан тухай акт” гэх /хх-12/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримт хуульд заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй, хуулбар хувь байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Х.А нь тухайн орон сууцандаа 2013 оноос хойш засвар хийгээгүй гэх тайлбарыг гаргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Х.А “...дээврийн засварын ажил хийхээс өмнө өөрийн өмчлөлийн орон сууцанд дээврээс ус алддаггүй байсан” гэх тайлбар, үйл баримт нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч талаас дээрх 380 айлын байрны дээврийг нийтэд нь засан сайжруулж, засварласнаас үүдэн өмнөх байдлаасаа дээврийн чанар байдал дордох, мөн “Капитал зууч” ХХК-ний үнэлгээ болон гэрэл зурагт тусгагдсан хэмжээний хохирол учрах нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх гэм хорын хохирлыг учруулсан гэх хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүй, шалтгаант холбоо, хамаарал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Х.А гаргасан хохирол 3,330,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А гаргасан хариуцагч . . . аймгийн З.Д, “Т И” ХХК нараас хохирол 3,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,980 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ
М.ОЮУНЦЭЦЭГ