| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2023/00054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/64 |
| Огноо | 2023-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
2023 09 25 2023/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Ц.Одгэрэл нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Цолмонгийн Одгэрэлд холбогдох эрүүгийн 2340000000046 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, 38 настай, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг Эрдэнэцагаан 5-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Цолмонгийн Одгэрэл. /РД:ЕЮ85032702/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Одгэрэл 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын төвд өөрийн гэртээ нөхөр Б.Дашням, найз Э.Оюунболд түүний эхнэр Б.Уранчимэг нартай хамт архи ууж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нөхөр Б.Дашнямтай маргалдаж улмаар салгах гэж очсон Э.Оюунболдын хүзүүний ар хэсэг, цээжний зүүн суганы урд хэсгүүдэд хутгалж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Одгэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлттэй бүрэн танилцсан. Шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй. Хохирогч Э.Оюунболдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Уг ялыг төлнө” гэх мэдүүлэг.
Хоёр: Эрүүгийн 2340000000046 дугаартай хэргээс улсын яллагч:
-Хохирогч Э.Оюунболдын 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант 5 дугаар багт хөдөө хэсэг цагаан чулуут гэх газар эхнэр хүүгийн хамт мал маллан амьдардаг. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд нэг багийн малчин Тансагбаатарын гэрт гурван гэр бүл цуглаж гүзээний хорхог хийж идээд дараа нь Дашням түүний эхнэр Одгэрэл, Эрдэнэбулган нар сумын төв явж дэлгүүр ороод архи авчраад бид нар авчирсан архийг нь хувааж уусан. Тэгээд оройн 20 цагийн орчимд Дашням болон түүний эхнэр Одгэрэл манай эхнэр Уранчимэг бид дөрөв нэг машинаар сумын төв явсан, сумын төвд очоод Дашнямынд бууцгаасан. Тэгтэл Дашням дэлгүүр явж нэг шил архи авчирсан санагдаж байна. Тэгээд тэр архийг нь Дашням түүний эхнэр Одгэрэл манай эхнэр Уранчимэг бид дөрөв хувааж уугаад амрах гэтэл Дашням Одгэрэл нар хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь орж хоёр тийш нь болгох гэтэл тэврэлдээд салахгүй байсан. Тэгээд би Дашням, Одгэрэл нартай хэсэг түлхэлцэж ноцолдож байтал гэнэт миний шилэн хүзүү хорсоод байхаар нь үзсэн чинь миний шилэн хүзүү болон зүүн суганд маань хутганы үзүүр хүрчихсэн байсан. Тэр үед Одгэрэл гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд Дашням, манай эхнэр Уранчимэг нар намайг аваад сумын эмнэлэгт хүргэсэн. Миний ар шилэн хүзүү болон зүүн суганы орчимд зүсэгдсэн шарх үүссэн байсан. Тухайн үед Одгэрэл гартаа талх зүсэж байсан хутгаа барьсан байсан. Тэгээд ноцолдож байх үед миний шилэн хүзүү болон зүүн суга орчимд маань зүсчихсэн.
Миний биеийн байдал эмнэлэгт хэвтээд гайгүй болж байгаа. Надад ямар нэгэн санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар архи хэтрүүлэн хэрэглэснээс ийм асуудал боллоо гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
-Хохирогч Э.Оюунболдын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан: “Энхбаатар овогтой Оюунболд би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Галшар сумын нутаг дэвсгэрт архидан согтуурч байгаад найз болох Ц.Одгэрэлд хутгалуулсан. Бид сайн дураараа эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хүлээн авна уу” гэх хүсэлт /хх-ийн 70 дугаар хуудас/
-Гэрч Б.Дашнямын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өглөө тус сумын малчин Тансагбаатар гэх айлд гэр бүлийн найзуудаараа уулзацгааж гүзээний хорхог хийж идсэн. Дараа нь бүгдээрээ сумын төв явцгааж дэлгүүрээс 5 шил 0.75 литрийн архи, мөн ойр зуурын идэж уух юм авцгааж эргээд Тансагбаатарынд очиж авсан архиа ууцгаасан. Тэгээд архи ууж байгаад шөнө хэдэн цагт сумын төвд гэртээ ирснээ санахгүй байна. Нэг ухаан ортол гэртээ Оюунболд түүний эхнэр Уранчимэг, мөн манай эхнэр Одгэрэл бид дөрөв архи уугаад гал тогооны өрөөнд сууж байсан. Тэгээд би эхнэртээ хандан одоо амарцгаая гэсэн. Тэгтэл эхнэр маань уурлаж бид хоёр хоорондоо маргалдсан юуны талаар маргалдаад байснаа сайн санахгүй байна. Тухайн үед би их согтсон байсан болохоор унтаж амаръя гэж эхнэртээ хэлэхэд эхнэр маань найзууд ирээд байхад амрах болоогүй гээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд бид дөрөв манай гал тогооны ширээг тойрч сууж байгаад Одгэрэл над руу босоод ирсэн. Тэгтэл Оюунболд бид хоёрын дундуур орж бид гурав хэсэг ноцолдож байгаад салцгаасан. Тэгтэл Оюунболдын ар шилэн хүзүүнээс цус гарч байсан. Би юу болов оо гэхэд манай эхнэр Одгэрэл гал тогооны ширээний хойд талд газар шалан дээр намайг уучлаарай би яаснаа сайн санахгүй байна гээд уйлаад сууж байсан. Хажууд нь Уранчимэг зогсож байсан. Тэгээд Уранчимэг бид хоёр Оюунболдыг аваад сумын эмнэлэг рүү явсан. Одгэрэл гэртээ үлдсэн намайг Оюунболдыг эмнэлэгт хүргэж өгөөд эргээд гэртээ ирэхэд Одгэрэл гараад явчихсан байсан. Тэгээд би гэртээ унтсан, өглөө намайг унтаж байхад сумын цагдаа манайд орж ирээд Одгэрэл хаана байна гээд хайгаад явж байсан. Би тухайн үед Одгэрэлийг хаана очиж унтсаныг мэдээгүй гэж хэлсэн. Тэр өдрөө эрж хайгаад олоогүй. Тэгтэл өдөр 12 цагийн орчимд өөрөө гэртээ хүрээд ирсэн. Би нүдээрээ хараагүй учраас энэ талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Оюунболдын ар шилэн хүзүүнээс цус урсаж байсан. Харин миний эхнэр Одгэрэл намайг уучлаарай гээд уйлж байсан. Тэгээд Уранчимэг, бид хоёр Оюунболдыг эмнэлэгт хүргэж өгөхөд эмнэлэг дээр очоод Оюунболд надад Одгэрэл намайг хутгалчихлаа гэж хэлж байсан. Ар шилэн хүзүү болон зүүн гарын суганы орчимд зүсэгдсэн байсан. Би эхнэрийгээ зодож цохиогүй. Харин би эхнэрийгээ унтаж амар гээд эхнэр маань амрахгүй гээд маргалдаж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/
-Гэрч Б.Уранчимэгийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Би Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант 5 дугаар багт нөхөр хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Тухайн асуудал болдог өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын малчин Тансагбаатар гэх айлд гэр бүлийн найзуудаараа уулзацгааж архи ууж байгаад шөнө 01 цагийн үед Дашням, Одгэрэл нарын хамт сумын төвд гэрт нь ирсэн. Тухайн үед Дашням, Одгэрэл, нар болон манай нөхөр Оюунболд бид дөрөв байсан. Тэгээд бид дөрөв хоёр шил архи хувааж уух зуур Дашням нь өөрийн эхнэр болох Одгэрэлд агсам тавиад зодоод байсан. Тэр үед би нөхрийн хамт хажууд нь сууж байгаад сүүлдээ болихгүй болохоор нь манай нөхөр Оюунболд салгах гээд дундуур нь орсон юм. Тухайн үед би мөн салгалцах гээд хамт ноцолдсон. Тэгтэл гэнэт манай нөхрийн ар шилэн хүзүүнээс цус гарч байсныг би хараад нөхрийгөө эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгтэл манай нөхрийн ар шилэн хүзүү болон зүүн суга руу нь хутгалчихсан байсан. Тухайн үед бид нар нилээн согтолттой байсан учраас миний хувьд манай нөхрийг хэн хутгалсан талаар хараагүй. Харин манай нөхөр надад хэлэхдээ Одгэрэлийн гарт хутга байсан гэж хэлж байсан. Би тухайн үед их согтолттой байсан учраас хараагүй нэг мэдсэн чинь л ар шилэн хүзүүнээс нь цус гарч байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй.Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтээр:
1.Э.Оюунболдын биед хүзүүний ар хэсэг, цээжний зүүн суганы урд хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Одгэрэл нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын төвд өөрийн гэртээ нөхөр Б.Дашням, найз Э.Оюунболд түүний эхнэр Б.Уранчимэг нартай хамт архи ууж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нөхөр Б.Дашнямтай маргалдаж улмаар салгах гэж очсон Э.Оюунболдын хүзүүний ар хэсэг, цээжний зүүн суганы урд хэсгүүдэд хутгалсны улмаас түүний биед хүзүүний ар хэсэг, цээжний зүүн суганы урд хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:
-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан хохирогч Э.Оюунболдын мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Б.Дашнямын мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Б.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ц.Одгэрэл нь хохирогч Э.Оюунболдын хүзүүний ар хэсэг, цээжний зүүн суганы урд хэсгүүдэд хутгалсны улмаас түүний биед хүзүүний ар хэсэг, цээжний зүүн суганы урд хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ц.Одгэрэл нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.Одгэрэл нь хохирогч Э.Оюунболдын хүзүүний ар хэсэг, цээжний зүүн суганы урд хэсгүүдэд хутгалсны улмаас түүний биед хүзүүний ар хэсэг, цээжний зүүн суганы урд хэсгүүдийн хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулж, гэмтлийн хөнгөн хохиролд хамаарч байх бөгөөд хохирогч Э.Оюунболд нь “...2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Галшар сумын нутаг дэвсгэрт архидан согтуурч байгаад найз болох Ц.Одгэрэлд хутгалуулсан. Бид сайн дураараа эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байна.
Иймд шүүгдэгч Ц.Одгэрэл нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Одгэрэл нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгосон шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, архидан согтуурсан үедээ үйлдсэн, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Одгэрэлийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний хөрөнгө, сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ц.Одгэрэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Одгэрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн даавуун дотортой улаан хүрэн өнгийн давуун хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн даавуун подволк 1 ширхэг, цагаан хүрэн өнгийн шоотой саарал өнгийн давуун цамц 1 ширхэг, нийт 25 см урттай, ажлын хэсэг нь 20 см урт, бариул нь 5 см урттай цагаан өнгийн төмөр хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Одгэрэлд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Цолмонгийн Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цолмонгийн Одгэрэлийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Одгэрэлд оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Одгэрэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.Одгэрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн даавуун дотортой улаан хүрэн өнгийн давуун хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн даавуун подволк 1 ширхэг, цагаан хүрэн өнгийн шоотой саарал өнгийн давуун цамц 1 ширхэг, нийт 25 см урттай, ажлын хэсэг нь 20 см урт, бариул нь 5 см урттай цагаан өнгийн төмөр хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Одгэрэлд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Одгэрэлд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ