Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 44

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

 улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

хохирогч П.Ганхуяг

хохирогчийн өмгөөлөгч З.Ганчимэг /үнэмлэхний дугаар 1625/

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан

шүүгдэгч Б.Дэмбэрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Батбаярын Дэмбэрэлд холбогдох эрүүгийн 201619000766 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн овоот 5-4 тоотод оршин суух,  одоо Тэнхун ХХК-нд операторчин ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Урианхай овогт Батбаярын Дэмбэрэл /РД:НМ94090912/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Дэмбэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг “Наран толгой” гэх газар П.Ганхуягийг санаатайгаар зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Дэмбэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөөний 08 цагт ажлаасаа буугаад гэр рүүгээ явах гэтэл хамт ажилладаг Ц.Ариунжаргал С.Мөнхжаргал, П.Ганхуяг нар сумын төв рүү цуг явцгаая гэхээр нь хамтдаа сумын төв рүү явсан. Сумын төвөөс Ц.Ариунжаргал, С.Мөнхжаргал нар дэлгүүрээс пиво аваад ажлын газрын нэг ахын гэрт очиж авсан пивоо бүгд хувааж уусан. С.Мөнхжаргал, П.Ганхуяг нар караоке оръё гээд явсан. Би С.Мөнхжаргал, Ц.Ариунжаргал, П.Ганхуяг нарыг буцаад уурхай руу хүргэж өгөх гэтэл П.Ганхуяг дахиад пиво авъя, буурлын 3 дугаар баг руу яваад өг гэж гуйхаар нь буурлын 3 дугаар багийн дэлгүүрээс пиво аваад уурхай руу явах замд 2 пивоо уусан. Сумын төвийн караокед байхад П.Ганхуяг бид хоёр өнгөрсөн явдлаа ярилцаад үл ойлголцох хэмжээнд хүрчихсэн байсан болохоор уурхайн цаана иртэл П.Ганхуяг машинаас буухаар нь би дагаж машинаас буугаад караокед болсон үл ойлголцсон асуудлаас болж хэрэлдэж, зодолдсон. Би эхлээд П.Ганхуягийг цохиход П.Ганхуяг намайг хойшоо түлхээд унахаар нь дээрээс нь нүүр рүү нь өшиглөсөн гэв.   

 

Хохирогч П.Ганхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад сумын төв рүү цуг явъя гээд сумын төв орж дэлгүүрээс пиво аваад ажлын ахын гэрт очиж ууцгаасан. Пиво ууж байхад Дэмбэрэл бид хоёр маргах гээд байхаар нь би “2-уулаа ер нь пиво уух хэрэггүй юм байна, гэхэд Дэмбэрэл “би юу гэж хүргэнээ зоддог юм бэ” гэж хэлж байсан. Уурхай руу явах замд Баянбулагын 3 дугаар багийн дэлгүүрээс 2 ширхэг пиво аваад уурхайн цааш ирээд уугаад сууж байсан. Тэр үед би ухаан алдчихсан байсан, зарим зүйлээ санахгүй байсан. Дэмбэрэлээс 900.000 төгрөг авсан. Эмчилгээний 600.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан. Одоо шүдээ хийлгэх зардал болох 8.933.500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Ц.Ариунжаргал хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр С.Мөнхжаргал, Д.Тэлмүүн, Б.Дэмбэрэл, П.Ганхуяг бид нар амарсан бөгөөд сумын төвд орж ирээд айлын хашаанд очиж пиво ууж байгаад караоке ороод 2,5 литрийн 2 сав пиво уугаад караокенаас гараад Баянбулаг 3 дугаар багаас авсан пиво хувааж ууцгаасан. Тэр үед бид бараг тасарчихсан ухаан орж гараад байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан уурхайн наад талд П.Ганхуяг, С.Мөнхжаргал хоёрыг буулгах үед Б.Дэмбэрэл П.Ганхуягтай зодолдоод П.Ганхуягын нүүр ам цус болсон байсныг санаж байна. Тэгээд Б.Дэмбэрэл, Д.Тэлмүүн бид 3 сумын төв орчихоод буцаж очоод П.Ганхуяг, С.Мөнхжаргал хоёрыг аваад уурхай орсон. Би тэр үед их согтуу байсан болохоор П.Ганхуягийг Б.Дэмбэрэл ямар учраас юугаар цохиж зодсоныг мэдэхгүй байна. П.Ганхуяг шүд уначихсан байна гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Тэлмүүн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад С.Мөнхжаргал, Ц.Ариунжаргал, Б.Дэмбэрэл, П.Ганхуяг бид нар сумын төв рүү хамт явцгаасан. Сумын төвд ирээд хэдэн пиво уугаад караоке орж дахиад хэдэн пиво уугаад П.Ганхуяг, Ц.Ариунжаргал бид 3 уурхайд байрладаг учир хүргүүлэхээр уурхай явсан уурхай явах замдаа цаашаа Баянбулаг 3 дугаар баг орсон. Тэгээд Баянбулаг ороод дэлгүүрээс 2 сав 2,5 литрийн пиво аваад буцаж яваад уурхайн наад талд очиж зогссон. Тэгээд Б.Дэмбэрэл, Ц.Ариунжаргал бид 3 буцаад сум явахаар болоход Б.Дэмбэрэл, П.Ганхуяг нар маргалдсан. Тэгээд би машинаас гал авахаар явах хооронд ар талд хүмүүсийн дуу гарсан. Тэгтэл П.Ганхуяг Д.Тэлмүүнээ аваарай гэсэн тэгээд очиход Б.Дэмбэрэл П.Ганхуягийн дээр гарчихсан байхаар нь Б.Дэмбэрэлийг татаж босгож авсан. Тэр үед П.Ганхуягийн амнаас цус гарсан байсан. П.Ганхуяг, Б.Дэмбэрэл нар хоорондоо таарамж муутай хэрүүл өдсөн байдалтай байсан. Зодоон болох үед юу ярьж муудалцсаныг бол сайн мэдэхгүй байна. Б.Дэмбэрэлийн гарт ямар нэгэн багаж зэвсэг байгаагүй. П.Ганхуяг миний шүд хөдөлчихлөө би ярьж чадахгүй байна гээд байсан...  гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Гэрч С.Мөнхжаргал хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байхад Д.Тэлмүүн намайг дуудаад сумын төвд байдаг караокед хүрээд ирээч 20.000 төгрөгний хэрэг байна гэсэн. Тэгээд би караокед очиход Ц.Ариунжаргал, Б.Дэмбэрэл, Д.Тэлмүүн, П.Ганхуяг нар байсан. Бид нар караокенаас гаргаад Ц.Ариунжаргал, Д.Тэлмүүн, П.Ганхуяг нарыг уурхай оруулж өгөхөөр яваад замаараас Баянбулаг 3 дугаар баг орж 2,5 литрийн 2 сав пиво авсан. Тэгээд уурхай явах замд байдаг өвөлжөөний харалдаа очиж зогсоод пивоо уусан. Манай эхнэр залгахаар нь би нөгөө хэдээс хол зайтай очоод утсаар ярьчихаад буцаад ирэхэд П.Ганхуяг ганцаараа доошоо харчихсан Б.Дэмбэрэлд зодуулчихлаа гээд сууж байсан. Юу болсон талаар асуухад Б.Дэмбэрэл намайг зодоод шүд унагачихлаа гэж П.Ганхуяг хэлсэн. Намайг харахад хамар амнаас нь цус гарчихсан байсан. Нөгөө хэд машинтайгаа ирээд хамт уурхай орсон. П.Ганхуягийн хамар бага зэргийн хавдартай, өөрөө шүд унасан гээд нэг шүдний хугархай надад үзүүлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2016 оны 10  сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14283 тоот актанд:

1. П.Ганхуягийн биед хамар ясны хугарал, 3-н шүдний сулрал, 1 шүдний хугарал, дух, хамар, зовхи, эрүү, уруулд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй.

5. дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-21 тал/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 1. 2016 оны 10 дугаар сарын 14-ний 14283 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

       2. П.Ганхуягийн дээр баруун 2 дугаар шүдний цөгцний хугарал, дээд баруун зүүн 1 дүгээр шүдний ёзоор сулрал, дух, хамар, зүүн нүдний зовхи, эрүүнд зулгаралт, цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салтанд цус хуралт, гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр цохих, өшиглөх, унах үед үүсгэгдэх боломжтой, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 112-113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дэмбэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг “Наран толгой” гэх газар П.Ганхуягийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Тэлмүүний... тэгтэл П.Ганхуяг Д.Тэлмүүнээ аваарай гэсэн тэгээд очиход Б.Дэмбэрэл П.Ганхуягийн дээр гарчихсан байхаар нь Б.Дэмбэрэлийг татаж босгож авсан. Тэр үед П.Ганхуягийн амнаас цус гарсан байсан. П.Ганхуяг, Б.Дэмбэрэл нар хоорондоо таарамж муутай хэрүүл өдсөн байдалтай байсан. Зодоон болох үед юу ярьж муудалцсаныг сайн мэдэхгүй байна. Б.Дэмбэрэлийн гарт ямар нэгэн багаж зэвсэг байгаагүй. П.Ганхуяг миний шүд хөдөлчихлөө би ярьж чадахгүй байна гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч С.Мөнхжаргалын... манай эхнэр залгахаар нь би нөгөө хэдээс хол зайтай очоод утсаар ярьчихаад буцаад ирэхэд П.Ганхуяг ганцаараа доошоо харчихсан Б.Дэмбэрэлд зодуулчихлаа гээд сууж байсан. Юу болсон талаар асуухад Б.Дэмбэрэл намайг зодоод шүд унагачихлаа гэж П.Ганхуяг хэлсэн. Намайг харахад хамар амнаас нь цус гарчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Ц.Ариунжаргалын.... ямар ч байсан уурхайн наад талд П.Ганхуяг, С.Мөнхжаргал хоёрыг буулгах үед Б.Дэмбэрэл П.Ганхуягтай зодолдоод П.Ганхуягын нүүр ам цус болсон байсныг санаж байна. Тэгээд Б.Дэмбэрэл, Д.Тэлмүүн бид 3 сумын төв орчихоод буцаж очоод П.Ганхуяг, С.Мөнхжаргал хоёрыг аваад уурхай орсон. Би тэр үед их согтуу байсан болохоор П.Ганхуягийг Б.Дэмбэрэл ямар учраас юугаар цохиж зодсоныг мэдэхгүй байна. П.Ганхуяг шүд уначихсан байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дэмбэрэлийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Б.Дэмбэрэлд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

       

Шүүгдэгч Б.Дэмбэрэлд холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

            Шүүгдэгч Б.Дэмбэрэлд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Дэмбэрэл нь хохирогч П.Ганхуягт хохирлын 900.000 төгрөг төлсөн, хохирогч П.Ганхуяг нь шүдээ хийлгэх зардал болон 45 хоногийн эмчилгээ хийлгэсэн зардал нийт 8.933.500 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч уг нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

             Шүүгдэгч Б.Дэмбэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

1. Урианхай овогт Батбаярын Дэмбэрэлийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэмбэрэлийг 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Дэмбэрэлд оногдуулсан 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

4. Ялтан Б.Дэмбэрэлд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Б.Дэмбэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Ялтан Б.Дэмбэрэл нь хохирогч П.Ганхуягт 900.000 төгрөг төлсөн хохирогч П.Ганхуяг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Дэмбэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  •             , ШҮҮГЧ                                  Д.БУЯНТОГТОХ