Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1093

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00444 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б-, Н.О-нарт холбогдох

 

8 522 646 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

6 120 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н,

Хариуцагч Н.О-гийн өмгөөлөгч Ш.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Н.Б-, Н.О-нараас төрсөн ах Ш.Н-ийн нас барсны дараах өвлөгч нарт үлдээсэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ЗБУ-9-2 тоот хашаа байшин, газрыг 10 жил харж хамгаалж байсан. Миний болон талийгч ах Ш.Н- бидний ээж М.Долгор, миний бие 4 хүүхдийн хамт 2004 оноос эхлэн хамт амьдарч байсан бөгөөд ах бид хоёр ээжийгээ асарч тэтгэдэг байсан. Ах Ш.Н- маань 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Ах Ш.Н-ийг нас барах үед ээж М.Д-амьд сэрүүн байсан ба тэрээр ахын өмчлөлийн хөрөнгөөс зохих хувийг өвлөн авах ёстой байсан. Бидний ээж М.Д-2012 онд нас барсан. Ээж М.Д-ахын асрамжинд байсан, түүний хөрөнгөөс зохих хувийг өвлөх учиртай байсны хувьд ээжийгээ асран тэтгэж, оршуулсны зардлыг ахын хөрөнгийг өвлөн авсан хүүхдүүдээс нь нэхэмжилж байна.

Ах Ш.Н-ийн хүүхдүүд болох Н.Б-, Н.О-нар 2016 оны 04 дүгээр сард ахын хөрөнгө болох хашаа байшинг өвлөн авах хүртэл 10 жил арчлан хамгаалж, нурж унах дөхсөн зуны байшинг нь өвлийн байшин болгож өргөтгөсөн мөн засварласны зардлаа эдгээр өвлөгч нараас нэхэмжилж байна. Миний бие 2012 онд зуны байрыг нь өвлийн болгож засварласан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00815 шийдвэрт намайг хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсан. Иймд Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1-530.2.4-т заасны дагуу өвлөгч нараас дараах зардлуудыг гаргуулахаар нэхэмжилж байна.Үүнд:

Өвлөгч нарт үлдээсэн зуны байшинг харж, хамгаалж өвлийн болгон өргөтгөн засварласан зардал 4 018 680 төгрөг, 2000-2003 оны талийгаач ахын амьдарч байх үеийн цахилгааны төлбөрийн төлөөгүй үлдэгдэл 78 622 төгрөг, уг хашаа байшинг барьж засварлахад ажилласан хүмүүсийн ажлын хөлс болох 749 000 төгрөг, 2006-2017 оны 9 сар хүртэл цахилгааны нийт зардал 2 682 124 төгрөг, ээж М.Долгорын оршуулгын зардал 850 000 төгрөг. Энэ өвийн асуудлаар 2012 оноос хойш цагдаа, шүүхээр явсан бичиг баримт, нотариат, архивын бичиг баримтын зардал 144 220 төгрөг, нийт 8 522 646 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний эцэг 2008 онд хүнд өвчний улмаас таалал төгсөж, эцэг Ш.Н-ийн өмчлөлийн Ү-2201020381 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн-Баян уулын 9 дүгээр гудамж, 2 тоот үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2201008963 тоот улсын бүртгэлийн дугаартай 429 м.кв хувийн өмчийн газар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу хууль ёсны өмчлөгч болох хүү Н.Б-, охин Н.Гэрэлт-Од нарт өвлөгдөж ирсэн.

Хариуцагч бие Н.О-нь хуульд заасан журмын дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уг хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. Ш.О- нь өөрийн хашаа байшингүй эцэг н.Шатар, эх н.Долгор мөн өөрийн 4 хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд эцэг Ш.Н-ийг өөд болсны дараа манай хашаанд хоёр байшин байсны нэг байшинг түрээслээд сар бүрийн төлбөрийг Н.Б-гийн дансанд хийж байхаар харилцан тохиролцож амьдрахаар орж байсан. Гэтэл 10 жил амьдрах хугацаандаа нэг ч төгрөг төлөөгүй, түрээс төлөлгүй амьдарч ирснээр барахгүй дүү Н.Б- нь нас биед хүрч гэр бүлтэй болж эцгийн гал голомтоо үргэлжлүүлэхээр хашаа, байшингаа авъя гэхэд зөвшөөрөхгүй өөрийн өмч хэмээн үзэж өдийг хүртэл маргалдсаар байгаа нь бидний хувьд үнэхээр гомдолтой байна.

Манай хашаанд байсан зуны байшинг засварлаж өвлийн байшин болгож засварлахдаа хууль ёсны өмчлөгчдөөс асууж зөвшөөрөл аваагүй өөрийн дураараа шийдвэр гаргаж засвар хийсэн. Тийм учраас Иргэний хуульд “хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх” гэсэн заалт байгааг зөрчсөн байгаа тул хариуцагчаас хамааралгүй гарсан зардлыг төлөх боломжгүй. 2006-2017 оны 9 сар хүртэлх цахилгааны нийт зардлаа нэхэмжилсэн нь хуульд заасан журмыг зөрчиж байна. Өөрийн амьдарч байсан байрныхаа зардлыг өөрөө төлөх үүрэгтэй болно.

Миний эмэг эх М.Долгорын нас барсан оршуулгын зардлыг ач нараас нь нэхэмжилж байгаа нь үнэхээр хүний мөс чанаргүй хэрэг юм. Энэ бол үр нь болж мэндэлсэний хувьд үр хүүхдийнх нь үүрэг юм. Оршуулгын зардал нэхэмжилж байгаа зэрэг нь үнэхээр сэтгэл санааны хувьд бид бүхнийг хүнд цочролд оруулж байна.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэхэд гарсан зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Энэ хугацаанд шүүх цагдаад хүрсэн явдал нь хариуцагчдаас болоогүй бөгөөд нэхэмжлэгчийн буруугаас болсон үйлдэл. Хариуцагч Н.О-гаас нэхэмжлэгчээс хууль бус зүйл шаардаагүй бөгөөд зөвхөн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө буцаан авахыг хүссэн хүсэлт тавьсан боловч бидний өмчлөлийн хашаа, байшинг өөрийн мэт үзэж өдийг хүртэл маргаж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай холбоотой учраас өөрөө энэ бүх зардлаа хариуцах нь зүйн хэрэг тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байгаа тул хуульд заасан зохих журмын дагуу хүчингүй болгож өгнө үү. Анх манай байшинд амьдрахаар орж байхдаа сарын түрээсийн төлбөр 70 000 төгрөгийг төлнө гэж тохиролцоод орсон боловч нэг ч төгрөг төлөөгүй гэжээ.

 

Хариуцагч Н.О-шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний аав Ш.Н- нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уул 9-2 тоотод байрлах хаягт амьдарч байгаад 2007 онд нас барсан байдаг. Тухайн үед манай хашаанд 2 байшин байсан ба том байшинд нь Ш.О-ыг амьдрахыг зөвшөөрч, жижиг байшинг түрээслэн түрээсийн төлбөрийг Н.Б-гийн нэр дээрх дансанд шилжүүлж байхаар тохиролцсон. Ш.О- нь нэг ч түрээсийн төлбөр нэг ч удаа шилжүүлж байгаагүй ба дээрх хашаа байшинг өөрийн өмч хэмээн маргаж, хашаа байшинг маань суллаж өгөлгүй, өмчлөгч бидний өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байна.  Тэрээр дээрх хувийн  сууц, газрыг чөлөөлж өгөлгүй, өмчлөгчийн эрхийг зөрчсөний улмаас Н.Б-, Н.О-нар нь 2016 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00315 тоот шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 1851 дугаартай магадлал гарсан байдаг.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал гарсан байтал Ш.О- нь дээрх хувийн сууц, газрыг чөлөөлж өгөлгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж, албадан гүйцэтгүүлж, Ш.О-ыг дээрх хувийн сууц, газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу нүүлгэж, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон.

Ш.О- нь 2007 оноос хойш нэхэмжлэгчийн өмчлөлийн хувийн сууц, газарт амьдарч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар өнөөдрийг хүрсэн тул Н.О-нь бусдын орон сууцыг хөлслөн амьдарч эхэлсэн. Сүүлд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг 10 сараар урьдчилан төлсөн. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаа буюу 1 жил 3 сарын хугацааны орон сууц хөлсөлсөнтэй холбоотойгоор Н.О-д учирсан хохирол болох 6 120 000 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар Ш.О- нь төлөх үүрэгтэй. Иймд Н.О-гийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулан, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2017 оны 09 сарын 26-ны хүртэл хугацаанд орон сууц хөлсөлсөнтэй холбоотойгоор учирсан хохирол 6 120 000 төгрөгийг Ш.О-оос гаргуулж, нэхэмжлэгч Н.О-д олгож, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Аав Ш.Н- нь 2007 оны 03 дугаар сарын 21-ний өвчний улмаас нас барсан. 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч өвлөх эрхээ аваад Капитал банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлээ төлөлгүйгээр 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Н.Ундрахаас 4 сая төгрөгийн урьдчилгаа авч, тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан. Уг гэрээний дагуу Н.Ундрах 2012 оны 10 сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган 2013 оны 04 дүгээр сарын 03-нд Н.Ундрах нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2000-аад оны үеэс хэл сураггүй болсон Н.Б-тэй холбогдож хашаа байшинг чинь харж хамгаалж байгаа тухайгаа хэлж цаашид хэрхэх бодолтойг асуухад иргэний үнэмлэхний сунгалтаа хийлгэж ирээд ярилцахаар тохирсон боловч эргэж холбогдоогүй. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар чимээ сураггүй байж байгаад 2017 оны 06 сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байсан. Улмаар сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр суллаж өгснөөс хойш 2017 оны 02 дугаар сарын 13 хүртэл цоожтой эзэнгүй байсан. Энэ өдрөөс бусдад хөлслүүлсэн тул уг хашаа байшинд амьдрах хүсэлгүй зөвхөн зарах мөнгөний эх үүсвэр болгох зорилгоор авсан. Үүнээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т заасны дагуу хариуцагч Н.Б-гээс 3 214 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.О-д олгож, Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,307,666 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Н.О-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.О-ийн нэхэмжлэгч Ш.О-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ш.О- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус удирдлага болгон хариуцагч Н.Б-гээс 66 390 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Н.О-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 444 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заэлдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Н.Б-гийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулах 2 465 980 төгрөг, засан сайжруулалт хийсэн ажилчдын хөлсөнд 749 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна, эд хөрөнгийн байр байдал илтэд сайжирч, үнэ нэмэгдсэн байх боломжтой байна гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан гал түймэр гарсан тухай акт, шинжээчийн дүгнэлт, гал түймрийн улмаас шатаж үрэгдсэн эд зүйлийн үнэлгээг харгалзаж үзээгүй, засвар хийхээс өмнөх үеийн уг эд хөрөнгө нь 469 950 төгрөгөөр үнэ буурсан болох засан сайжруулсан гэх зардлаас шатаж үрэгдсэн эд зүйлийн үнийг хасч тооцоогүй байна.

Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зарлагын баримтуудад хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, зарим баримтад хүлээлгэн өгсөн хүний нэр болон тамга нь зөрүүтэй байгаа ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т заасан хуулийн шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О-гийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00444 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Ш.О- нь анх 2007 онд хашаа байшинд нүүж орохдоо том байшинд нь өөрөө амьдарч, жижиг байшинг бусдад түрээслэн түрээсийн төлбөрийг Н.Б-гийн нэр дээрх дансанд шилжүүлж байхаар тохиролцсон. Нэхэмжлэлд анх хариу тайлбар гаргахдаа сар бүрийн түрээсийн төлбөр 70 000 төгрөгийг төлөхөөр тохирч байсан талаар дурьдсан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор учирсан хохирлыг нэхэмжлээгүй.

Ш.О- нь Н.Б-, Н.О-нарын хувийн сууц, газрыг чөлөөлж өгөлгүй, өмчлөгчийн эрхийг зөрчсөний улмаас Н.Б-, Н.О-нар нь 2016 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 07-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00315 тоот шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 1851 дугаартай магадлал гарсан. Улмаас 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж, албадан гүйцэтгүүлж, Ш.О-ыг дээрх хувийн сууц, газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу нүүлгэж, 2017 оны 09 дүгээр сарын 26-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсон.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэсэн байдаг.

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Н.Б-, Н.О-нарын өмчлөх эрхийг зөрчсөн Ш.О-ын үйлдэл үргэлжилсээр байсан тул өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас орон сууц хөлслөн амьдарсантай холбоотойгоор учирсан хохирол 6 120 000 төгрөгийг өмчлөх эрхийг зөрчсөн Ш.О-ын үйлдэлтэй холбоотойгоор Н.О-д учирсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймээс шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Хариуцагч Н.О-, Н.Б- нарт холбогдуулан 8 522 646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ш.О- гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, түрээсийн гэрээний төлбөр төлөөгүйгээс учирсан гэм хорын хохиролд 6 120 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нарын талийгч эцэг Ш.Н-ийн өмчлөлд байсан хувийн байшинг засан сайжруулсан зардал 4 018 680 төгрөг, ажилчдын ажлын хөлс 749 000 төгрөг, түүний амьд сэрүүн байх хугацаанд болон нас барснаас нь хойшхи хугацааны цахилгааны төлбөр 78 622 төгрөг, өвлүүлэгч Ш.Н-ийн асрамжид байсан М.Долгорын оршуулгын зардал 850 000 төгрөг, 2006-2017 оны 9 сар хүртэлх хугацааны цахилгааны зардал 2 682 124 төгрөг, нотариатын зардал 144 220 төгрөг, нийт 8 522 646 төгрөг нь өв хамгаалах зардалд хамаарна” гэж тайлбарлаж байна.

 

Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамж, 2 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2201020381 дугаарт бүртгэлтэй 50,07 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлд бүртгэгдээгүй зуны зориулалттай хувийн сууцнууд нь 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Н.Б-, Н.Гэрэлт-Од нарын өмчлөлд, 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Н.Ундрахын өмчлөлд, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хариуцагч Н.Б-, Н.О-нарын өмчлөлд шилжсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00815 дугаар шийдвэрээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна. /хэргийн 125 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь зуны сууцанд 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гал түймэр гарснаас хойш байшинг сэлбэн засварлаж, улмаар өвлийн зориулалттай болгосныг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй боловч засан сайжруулалтыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн гэсэн тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2012 оны 06 дугаар сараас 2016 оныг хүртэлх хугацаанд дээрх зуны сууцыг өвлийн сууц болгосон гэх үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Мөн дээрх хугацаанд нэхэмжлэгч Ш.О- нь уг хувийн сууцны хувьд шударга бус эзэмшигч байсан гэж шүүх үзэж, тэрээр хариуцагч нараас Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “Шударга бус эзэмшигч эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад зориулж гаргасан зардал нь эрх бүхий этгээдэд орох ашгийг нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж зааснаар зуны сууцыг өвөл амьдрах зориулалттай болгож, засан сайжруулахад гарсан зардлыг шаардах эрхтэй талаар дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд маргаан бүхий хувийн сууцны шинж чанар илтэд сайжирч, үнэ нэмэгдсэн болох нь гал түймэр гарсан тухай акт, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний талаарх дүгнэлт, гэрэл зураг зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар үүнийг үгүйсгэж чадаагүй, тухайн сууцны үнэ ханш нэмэгдээгүй, тэдгээрт бодитой ашиг авчраагүй талаар аливаа баримт хэрэгт өгөөгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг болох зуны сууцыг засан сайжруулалттай холбоотой 2 465 980 төгрөг, засан сайжруулалтыг хийсэн ажилчдын хөлс 749 000 төгрөг, нийт 3 214 980 төгрөгийг хариуцагч Н.Б-гээс гаргуулж, нэхэмжлэгч Ш.О-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээслэл биелүүлэгч эсхүл бусад өвлөгчдийг ирэх хүртэлх хугацаанд өв хүлээн авсан өвлөгчийн хувьд өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалж зайлшгүй зардал гаргасан бол уг зардлаа өвлөгдөх эд хөрөнгөөс гаргуулах хуулийн зохицуулалттай юм. Иймээс түүний гаргасан гэх зуны байшинг өвлийн зориулалттай болгон засварласантай холбоотой зардлыг өв хамгаалах зардал гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн 2000-2017 оныг хүртэлх хугацааны цахилгааны зардал 2 760 746 төгрөг нь маргаан бүхий сууцанд бодитой амьдарч байсан хүмүүсийн хэрэглээний зардал байх тул өв хамгаалах зардал болон Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт заасан зардал гэж тус тус үзэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч Н.О-нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “талуудын хооронд эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдаагүй, харин түрээсийн гэрээ байгуулагдсан сар бүр 70 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, Ш.О- үүргээ биелүүлээгүйн улмаас бусдаас орон сууц түрээслэн амьдарснаас учирсан хохирол” гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Ш.О-той хариуцагч Н.О-нь маргаан бүхий сууцыг сар бүр 70 000 төгрөгөөр сууц хөлслөх тухай гэрээ байгуулсан болон хашаа, хувийн сууцыг чөлөөлж өгөөгүйгээс хариуцагч бусдаас орон сууц хөлслөх болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байх тул түүний нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 6 120 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00444 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “302.1-д” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Б-гийн төлсөн 66 500 төгрөгийг, хариуцагч Н.О-гийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын төлсөн 113 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

                       

                                                                                              С.ЭНХТӨР