Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00478

 

“.........ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00711 дүгээр шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2020/00031 дүгээр магадлалтай,

“.........ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“.........” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19,731,827.40 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чулуунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.........ББСБ” ХХК нь хариуцагч “.........” ХХК-д холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 9,800,000 төгрөг, төлөөгүй сарын хүү 9,907,950.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,876.71 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 19,731,827.40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00711 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан “.........” ХХК-аас зээлийн төлбөр 19,295,676.71 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 21,000 төгрөг, нийт 19,316,676.71 төгрөг гаргуулан “.........ББСБ” ХХК-д олгож, 415,150.69 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “.........ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,609 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “.........” ХХК-аас 254,533 төгрөг гаргуулж, “.........ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2020/00031 дүгээр магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Зээлдүүлэгч буюу “.........ББСБ” ХХК нь 2018.05.07-ны өдрийн 17/597 дугаартай зээлийн гэрээгээр “.........” ХХК-д 9,800,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлээд зээлийн гэрээний хугацаа 2018.11.07-ны өдөр дууссан байна. “.........” ХХК нь “.........ББСБ” ХХК-д гэрээний үүрэгт 2,500,000 төгрөгийг өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаж зээлдэгч гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд нь биелүүлээгүй байхад зээлдүүлэгч тал зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт заасан барьцаа хөрөнгийг гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусмагц худалдан борлуулж, гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаад 18 сар өнгөрчхөөд байхад зээлдүүлэгч тал шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэх мэт ямар ч арга хэмжээ авахгүйгээр хугацаа хэтрүүлсэн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү авах эрхээ алдана гэж хуульд заасан байхад дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн хэтэрсэн хугацааны хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

4.2. Зээлдэгч “.........ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,000,000 төгрөг, хүүнд 500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд одоо нэмж үндсэн зээл 7,800,000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны үндсэн хүү 2,146,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү болох 9,370,676 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хэтэрсэн хугацааны хүү болох 9,370,676 төгрөгөөс 6,870,676 төгрөгийг хасуулах хүсэлтэй байгаа билээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “19,316,676.71 төгрөг гэснийг” гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа 6,870,676 төгрөгийг хасч “12,446,000” болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “.........ББСБ” ХХК нь хариуцагч “.........” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 9,800,000 төгрөг, гэрээний хугацаан дахь болон хэтэрсэн хугацааны хүү 9,907,950.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,876.71 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 19,731,827.40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “...бизнесийн үйл ажиллагаа алдагдалтайн улмаас зээлээ хугацаандаа төлж чадаагүй, зээл 9,800,000 төгрөг, гэрээгээр тогтоосон 6 сарын хүү 2,646,000 төгрөг, нийт 12,446,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө” гэжээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 19,295,676.71 төгрөг гаргуулж, 45,150.69 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

8. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Зохигчийн хооронд 2018.05.07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр “.........ББСБ” ХХК нь “.........” ХХК-д 9,800,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь зээлийн хүүг сар бүр, үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусгавар болоход төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлнө”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

10. Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд буюу 2018.07.31-ны өдөр 500,000 төгрөгийг зээлийн хүүд төлснөөс өөр төлөлт хийгээгүй, хугацаа 2018.11.07-ны өдөр дуусгавар болсон, хожим 2020.01.30-ны өдөр 2,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч 698,000 төгрөгийг зээлийн хүүд, 1,302,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцон, шүүхэд 2020.06.12-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, гэрээний хугацаан дахь хүүгийн үлдэгдэл болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаарджээ.

11. Харин анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлохдоо зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш хариуцагчийн төлсөн дээрх 2,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан “үүргийн гүйцэтгэл нь төлөх болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэсний дагуу үндсэн зээлийн төлбөрөөс хасч 7,800,000 төгрөгөөс /9,800,000-2,000,000/ хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож нийт 19,295,676.71 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

12. Хариуцагчийн өмгөөлөгчийн “...гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжийг хэрэгжүүлээгүй, шүүхэд хандаагүйгээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр ихэссэн, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасан зохицуулалтыг шүүх хэрэглээгүй тул 6,870,676 төгрөгийг хасч өгнө үү” гэсэн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

12.1. Зээлийн гэрээний хугацаа 2018.11.07-ны өдөр дуусгавар болсноор нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн үүргийг шаардах эрх үүссэн хэдий ч хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдэх хүртэл зээл төлөх хугацааг хойшлуулахыг хариуцагч хүсч байсан тухай нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, үүнээс үзвэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй байна.

Дээрх байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэх хугацааг хариуцагч хойшлуулж байсан тул тухайн үүрэгтэй салшгүй холбоотой дагалдах эрх буюу барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйгээс төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэж дүгнэх боломжгүй.

12.2. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх” үндэслэл нь гэрээний талуудын харилцан гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоос бус гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоогүй байна.

Тодруулбал, дээрх зохицуулалтын “Үүрэг гүйцэтгүүлэгч хугацааг хэтрүүлсэн” гэж үзэхийн тулд хоёр талын гэрээнд харилцан үүрэг хүлээсэн байхаас гадна гэрээгээр нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс шалтгаалсан, зайлшгүй шаардлагатай ямар нэгэн үйлдэл эхэлж хийсний дараа нөгөө тал үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэх тохиолдлын тухай бөгөөд энэ нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан” үүрэг гүйцэтгэхээс татгалзах” буюу нэг тал эхэлж үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь үүргээ гүйцэтгэхээс татгалзах утга юм.

Иймээс нэхэмжлэгч (үүрэг гүйцэтгүүлэгч) олгосон зээлээ хариуцагчаас (үүрэг гүйцэтгэгч) шаардаагүй хугацаа сунжирсныг “үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн” гэсэн агуулгаар тайлбарлах нь хуульд нийцээгүй тул түүнийг хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан гэж дүгнэх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224.2.3-т заасан нөхцөл тогтоогдоогүй гэж үзнэ.

13. Дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00711 дүгээр шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2020/00031 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “.........” ХХК /өмгөөлөгч Б.Хандмаа/-ийн 2021.01.04-ний өдөр 123,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД