Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

2024         02           20                                       2024/ШЦТ/175                              

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Э,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч М.Батмөнх /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даваа овогт З.Эд холбогдох эрүүгийн 2306 05889 0105 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт ***************** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, **************** оршин суух, ял шийтгэлгүй,

Даваа овогт З.Э /регистрийн дугаар: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч З.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч З.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ****************** гэх газарт хүү Э.Хтай маргалдаж, улмаар хохирогч Г.Зын эзэмшлийн “Тоёота акуа” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун дээд багана, баруун урд хаалга зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цэргийн он жав болох Э.Хын хамт гэрт нь очиход эцэг болох З.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо гэр бүлийн асуудлаас болоод маргалдаад хоорондоо барилцаад авахаар нь би найз Э.Хыг гэрээс гаргасан чинь эцэг нь гэрийн модон унь барьж гарч ирээд гэрийн үүдэнд тавьсан байсан миний машины урд талын салхины шил, баруун талын хаалга зэргийг цохиод шил хагалчихаар нь бид хоёр машиндаа суугаад хөдөлсөн чинь араас Э ах морьтой хөөхөөр нь шууд цагдаагийн хэлтэс рүү ирж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд байх ээжийнхээ гэрт орой 20 цагийн орчим очсон. Тухайн үед хойд аав Э архи уусан байдалтай согтуу байсан. Тэгэхээр нь би цааш нь түлхээд гэрээс гартал гэрийн унь суга татаад манай найзын машины цонхыг нь хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20184/ДД№28368840 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 11-12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч З.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Г.З нь хохирлоо бүрэн барагдуулж авсан талаар хүсэлт /хх-ийн 47, 62-63-р хуудас/-ийг гаргасан байх тул шүүгдэгч З.Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч З.Э-ийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч З.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Даваа овогт З.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эрдэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эд оногдуулсан торгох ялыг зургаа (6) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОТГОНБААТАР