Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 12

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/01150/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, өөрийн байранд байрлах, ... регистрийн дугаартай, ... -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... тоот хаягт байрлах, ...регистрийн дугаартай, Б ХХК-д холбогдох

Гэрээт ажлын хөлс 292 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д-ийн гүйцэтгэх захирал Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Б-тай 2019 оны 10 сарын 15-ны өдөр Гадны дулааны шугам хоолой угсрах ажил гүйцэтгэх ... тоот гэрээг байгуулж, ******* аймгийн ******* хотод ******* ус ХХК-ийн гадна дулааны шугам хоолой угсрах ажлыг хийж гүйцэтгэж, 2019 оны 11 сарын 23-ны өдөр туршилт тохируулга хийн, хүлээлгэн өгч, гэрээний үүрэг биелүүлсэн. Б нь ...тоот гэрээний 4-р зүйлийн 4.2 “... Захиалагч Б нь гэрээт ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 5 сая төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дотор, гэрээт ажлын хөлс гүйцэтгэл 40 хувьд хүрмэгц 140 сая төгрөгийг, үлдэгдэл 135 000 000 төгрөгийг ажлын үр дүнг хүлээн авч, акт үйлдсэний дараа хуанлийн 14-30 хоногийн дотор ажил гүйцэтгэгч Д-ийн хаан банкны ... тоот дансанд тус тус төлнө” гэж заасны дагуу манай компанид 45 000 000 төгрөгийг төлсөн ба гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 235 000 000 төгрөгийг төлөхгүй, хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байсан тул гэрээний 4.3-д заасныг үндэслэн 2019 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэн хоног тутмын алданги тооцож, эхэлсэн ба энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэж байсан. манай компани Б руу гэрээт ажлын хөлсний төлбөр төлөхийг шаардаж, 2020 оны 01 сарын 03-ны өдөр Гэрээний үүрэг биелүүлж, ажлын хөлс төлөх тухай №1/04 тоот албан бичгийг хүргүүлсэн. Гэвч тус компаниас 2020 оны 1 сарын 08-ны өдөр №4, мөн сарын 09-ний өдөр №5, 4 сарын 09-ний өдөр №13, 8 сарын 30-ны өдөр №1/18 тоот албан бичгүүд ирүүлсэн. Манай компани гэрээт ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг Б-аас төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан ба одоог болтол ямар нэгэн төлбөр төлөөгүй байгаа тул Б-аас ажлын хөлсний үлдэгдэл 235 000 000 төгрөг, гэрээт ажлын хөлс нийт үнийн дүнгийн 20 хувь болох 56 000 000 төгрөгийн алданги, 450 литр дизель түлшний үнэ 1 000 000 төгрөг, нийт 292 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Талуудын хооронд 2019 оны 10 сарын 15-ны өдөр байгуулагдсан ...дугаартай гадна дулааны шугам хоолой угсрах ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөл зохих 280 000 000 төгрөгийн төлбөрөөс хариуцагч тал 2019 онд 45 000 000 төгрөг, 2020 онд 5 000 000 төгрөг, 2020 оны 03 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр ...  улсын дугаартай Volvo F13 Маркийн ачааны автомашин, ... улсын дугаартай SCHMIT SKO-24 маркийн чиргүүлийн хамт хүлээлгэн өгсөн. Манай компани нь Д-аас 924 548 төгрөгийн шатахуун авч хэрэглэсэн. Дээрх компанийн өгсөн, авсан тооцоог нэхэмжлэгч талаас тооцоо нийлж 155 924 540 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа ирүүлснийг манай талаас хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэхдээ тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагч компаниас нийлүүлсэн 8 096 936 төгрөгийн сэлбэг, материал нийлүүлсэн тооцоо болон ажил гүйцэтгэж байх үед хүйтэрсний улмаас Д-ийн машин, техникүүдийг 2019.11.28-2019.12.05-ны өдрийн хугацаанд ******* аймгийн ******* ус ХХК-ийн дулаан гараашт тавьсан хөлс 487 600 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулж байсан тооцоог тус тус орхигдуулсан байсан тул манай компаниас 2020 оны 4 сарын 09-ний өдөр ******* дугаартай албан бичгээр ... нийлүүлсэн материалын үнэ 8 096 936 төгрөг, У ХХК-ийн дулаан гараашт машин тавьсан хөлс 487 600 төгрөгийг тооцоо нийлсэн 155 924 548 төгрөгийн үнийн дүнгээс хасаж 133 340 022 төгрөгийн тооцооны үлдэгдлийг шилжүүлэх болсныг мэдэгдье гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгч Д-д хүргүүлсэн боловч манайд хариу ирүүлээгүй. Дээрх тооцоог нийлсний дараа 2020 оны 04 сарын 09-ний өдөр нэмж 5 000 000 төгрөг төлсөн. Энэ байдлаар нийт 139 509 084 төгрөгийн төлбөрийг төлсөн байх тул төлбөрийн бодит үлдэгдэл нь 142 340 012 төгрөг байна. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 235 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 92 659 988 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин ажлын хөлсний бодит үлдэгдэл 142 340 012 төгрөгийг төлнө.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдлийг 235 000 000 төгрөгөөр тооцож, үнийн дүнгийн 20 хувь болох 56 000 000 төгрөгийн алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Ковид-19 цар тахалтай холбоотой онцгой нөхцөл байдлын улмаас хариуцагч тал санхүүгийн маш хүнд байдалд орсон. Ковид-19 цар тахлын эрсдлийг бууруулах, аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих зорилгоор Улсын их хурал, Засгийн газраас татвар, ниймийн даатгалын хүү, алдангиас чөлөөлөх зэргээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа энэ цаг үед манай компани алданги төлөх санхүүгийн ямар ч боломжгүй байна. Иймд 56 000 000 төгрөгийн алданги нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Б-тай 2019 оны 10 сарын 15-ны өдөр Гадна дулааны шугам хоолой угсрах ажил гүйцэтгэх ...тоот гэрээг байгуулж, ******* аймгийн ******* хотод У ХХК-ийн гадна дулааны шугам хоолой угсрах ажлыг хийж гүйцэтгэж, 2019 оны 11 сарын 23-ны өдөр туршилт тохируулга хийн, хүлээлгэн өгч, гэрээний үүрэг биелүүлсэн. Б нь ...тоот гэрээний 4-р зүйлийн 4.2 “Захиалагч Б нь гэрээт ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 5 сая төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дотор, гэрээт ажлын хөлс гүйцэтгэл 40 хувьд хүрмэгц 140 сая төгрөгийг, үлдэгдэл 135 000 000 төгрөгийг ажлын үр дүнг хүлээн авч, акт үйлдсэний дараа хуанлийн 14-30 хоногийн дотор ажил гүйцэтгэгч Д-ийн хаан банкны ... тоот дансанд тус тус төлнө” гэж заасны дагуу манай компанид 45 000 000 төгрөгийг төлсөн ба гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 235 000 000 төгрөгийг төлөхгүй, хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байсан тул гэрээний 4.3-д заасныг үндэслэн 2019 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэн хоног тутмын алданги тооцож, эхэлсэн ба энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэж байсан. манай компани Б руу гэрээт ажлын хөлсний төлбөр төлөхийг шаардаж, 2020 оны 01 сарын 03-ны өдөр Гэрээний үүрэг биелүүлж, ажлын хөлс төлөх тухай №1/04 тоот албан бичгийг хүргүүлсэн. Гэвч тус компаниас 2020 оны 1 сарын 08-ны өдөр №4, мөн сарын 09-ний өдөр №5, 4 сарын 09-ний өдөр №13, 8 сарын 30-ны өдөр №1/18 тоот албан бичгүүд ирүүлсэн. Манай компани гэрээт ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг Б-аас төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан. Талууд үлдэгдэл төлбөр дээрээ маргасан. Талуудын удирдлага уулзсан, утсаар ярьсан. Албан бичгээр санал ирсэн. Volvo FH13 маркийн зүтгүүр, SCHMITZ 0-24 маркийн ачааны чиргүүлийн хамт гэрээт ажлын үнийн дүнгийн 75,000,000 сая төгрөгт тооцох талаар талаар ярилцсан. Тус зүтгүүрийг 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээлцээд Д-ийн төв байрны гаршт хадгалсан байгаа. Одоо болтол хадгалсаар байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 8.096.936 төгрөгийн  бараа материал манай байгууллага худалдаж авсан. Алдангийн хувьд гэрээний 4.3-т заасны дагуу нийт дүнгийн 20 хувиас хэтрэхгүй гэж үзсэн. Тиймээс хуулийн дагуу шүүхээс нэхэмжилсэн. Ерөнхий захиалагч буюу Б ковид-19 цар тахлын улмаас алданги төлөх боломжгүй байгаа талаар албан бусаар мэдэгдсэн. Гэхдээ бид хуулийн дагуу алданги шаардаж байгаа. Үнийн дүнгийн 75 сая төгрөгт тооцуулахаар өгсөн зүтгүүр манай нягтлан бодох бүртгэлийн тайлан тооцоонд ороогүй байгаа. Б-аас ажлын хөлсний үлдэгдэл 235 000 000 төгрөг, гэрээт ажлын хөлс нийт үнийн дүнгийн 20 хувь болох 56 000 000 төгрөгийн алданги, 450 литр дизель түлшний үнэ 1 000 000 төгрөг, нийт 292 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д ХХК нь Б-аас 292,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан.  Мөнгөн дүн дээр жижиг зөрөө гардаг. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу дараах мөнгийг төлсөн байгаа. 2019 оны 10 дугаар сарын 15-нд 5 сая төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-нд 10 сая төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-нд 30 сая төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09-нд 5 сая төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 15-нд 5 сая төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 08-нд 8,096,926 төгрөг нийт 63.096.926 төгрөг төлсөн байгаа. Энэ мөнгөн дүн дээр талууд маргахгүй байгаа. Дээрх мөнгийг хасаад үлдэгдэл 217,827,612 төгрөгөөс машиныг худалдан худалдан авах гэрээний дагуу 75.000.000 төгрөгийг хасаад 142,827,612 төгрөгийн төлбөрийг төлнө. Алданги төлөх боломжгүй. Ковид 19 вирус гарсантай холбогдуулан онцгой нөхцөл байдлын улмаас хариуцагч тал санхүүгийн маш хүнд байдалд орсон. Мөн нэхэмжлэгч тал алдангийг буруу тооцож орж ирсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал талуудын гэрээнд алдангийн гэрээний заалт ойлгомжгүй байгаа юм. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан. Тиймээс гэрээний заалт ойлгомжгүй, эргэлзээтэй байх тул нэхэмжилсэн алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Б-д холбогдуулан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 235 000 000 төгрөг, алданги 56 000 000 төгрөг, 450 л дизель түлшний үнэ 1 000 000 төгрөг, нийт 292 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, дизель түлшний үнэ нийт 63 096 926 төгрөг төлсөн, түүн дээр төлбөрт тооцож 75 сая төгрөгийн үнэ бүхий Волва маркийн ... улсын дугаартай ачааны автомашин, ... SCHMITZ SKO-24 маркийн чиргүүлийг эзэмшилд нь шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох бөгөөд алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талууд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 79/2019 дугаартай Гадна дулааны шугам хоолой угсрах ажил гүйцэтгэх гэрээгээр ******* аймгийн ******* сумын ******* ус ХХК-ийн гадна дулааны шугам хоолой угсрах ажлыг хийж гүйцэтгэх, ажлыг хуанлийн 30 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр, ажлын хөлс 280 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр 5 сая төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дотор, гэрээт ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрмэгц 140 сая төгрөгийг, үлдэгдэл 135 сая төгрөгийг ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдсэний дараа хуанлийн 14-30 хоногийн дотор ажил гүйцэтгэгч Д-ийн дансанд шилжүүлэхээр, захиалагч гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг захиалагчид төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид нөхөн төлөх ба алдангийн нийт хэмжээ нийт үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч Д нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр туршилт тохируулга хийн, хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлын хөлс, дизелийн түлшний үнэд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5 сая төгрөг, 10 сарын 21-ний өдөр 10 сая төгрөг, 12 сарын 31-ний өдөр 30 сая төгрөг, 2020 оны 4 сарын 9-ний өдөр 5 сая төгрөг, 4 сарын 9-ний өдөр 5 сая төгрөг, 4 сарын 15-ны өдөр 8 096 926 төгрөг, нийт 63 096 926 төгрөгийг шилжүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд талууд энэ талаар тооцоо нийлсэн гэж тайлбар гаргаж маргаагүй болно.

Харин төлбөрт тооцож шилжүүлсэн автомашин, чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан эзэмшилдээ авсан талаар тайлбар гаргаж байгаа боловч гэрээнд заасан үнийн дүнгээр өөрийн компанийн блансад бүртгээгүй, компанийн ТУЗ нь шийдвэр гаргаагүй гэж тайлбар гаргаж байгаа болно.

Талууд нь харилцан тохиролцож Гадна дулааны шугам хоолой угсрах ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулан 75 сая төгрөгөөр тохирч Волва маркийн ... улсын дугаартай ачааны автомашин, ... SCHMITZ SKO-24 маркийн чиргүүлийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагч Б-ийн Д-ийн захиргаанд гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 20/0101 дугаартай албан бичигт ... үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул үнийн дүнд оролцуулан 2008 онд үйлдвэрлэж, 2018 оны 7 сард Монгол улсын гаалиар орж ирсэн .... автомашиныг 75 сая төгрөгт тооцож, үлдэгдэл төлбөрийг даруй төлөх саналыг хүргүүлж байна, Б-ийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны 1/28 дугаартай Мэдэгдэлд ...Волва маркийн автомашин, чиргүүлийн хамт 75 сая төгрөг тооцож актаар хүлээлцсэн. Танай компани машины НӨАТ-ын баримтыг манай компанид шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг, Д-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б-д ...гэрээний ажлын хөлс болох 280,0 сая төгрөгөөс 75,0 сая төгрөгт тооцуулахаар өгсөн... автомашин, чиргүүлийг захиран зарцуулах бүрэн эрх, борлуулах, төлбөрийг авах, нэр шилжүүлэхийг манай компанид олгоно уу гэсэн албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Автомашин хүлээлцсэн акт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... автомашин, чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээний дагуу актаар хүлээн авсан, энэ гэрээний талаар ямар нэгэн маргаан байхгүй гэсэн тайлбар, гэрч Б.Батнасангийн шүүх хуралдаанд мэдүүлсэн... автомашин, чиргүүлийн хамт миний нэр дээр байдаг хэдий ч манай ах Б-ийн захирал Б.Бийн машин байгаа юм. Ачаа тээвэрт явах гээд миний нэр дээр шилжүүлсэн байсан. 12 дугаар сард Дулааны сүлжээнд өгнө гээд 2020 оны 03 дугаар сарын 13-нд Д-д зарах гэрээ байгуулаад би гарын үсэг зурж шилжүүлсэн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар гэрээнд заасан ажлын хөлс 280 сая төгрөг, дизелийн түлшний үнэ 1 сая төгрөг нийт 281 сая төгрөгөөс төлбөрт шилжүүлсэн 63 096 926 төгрөг, автомашин, чиргүүлийн үнэ 75 сая төгрөгийг тус тус хасч үлдэх /281 000 000 төгрөг– 63 096 926 төгрөг -75 000 000 төгрөг/ 142 903 074 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулсан Гадна дулааны шугам хоолой угсрах ажил гүйцэтгэх гэрээний 4.3-д захиалагч гэрээнд заасан нөхцлийн дагуу ажлын хөлсийг захиалагчид төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид нөхөн төлөх ба алдангийн нийт хэмжээ нийт үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тохирчээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-д ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэжээ.

Өөрөөр хэлбэл гэрээнд оролцож байгаа талууд гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээр тохиролцож болохыг хуулиар зохицуулсан бөгөөд ингэхдээ хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс төлбөр төлөх, нийт төлбөр нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулалт юм.

Гэтэл талууд гэрээгээр төлбөрөө төлөөгүй тохилдолд алданги төлөх буюу хариуцлага тооцохоор тохирсон боловч үгийн шууд утгын агуулгаас харахад үндсэн үнийн дүнгээс алданги тооцох, гэхдээ нийт үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй гэж тохирсон нь дээр хуульд заасан алданги тооцох хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх бөгөөд хариуцлага тооцох арга гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний 4.3-д заасан үндэслэлээр гэрээний үндсэн төлбөр 280 сая төгрөгийн 20 хувиар тооцож 56 сая төгрөгийн алданги нэхэмжилснийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр шүүх хуралдаанд Д.Ц  оролцуулсан боловч түүний ... Б 2019.10.15-ны өдрийн гэрээгээр гүйцэтгэх ажлыг хийх явцад 1.638.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг Б-аас нийлүүлсэн гэсэн хариулт нь тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Б-аас 142 903 074 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгож, үлдэх 149 096 926 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 617 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 872 466 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА