| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/0166/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/188 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/188
2024 02 22 2024/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч М.Батзаяа,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Бөх овогт Д.Ад холбогдох эрүүгийн 2406 00244 0185 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ***************** зохион байгуулагч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ********************* тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, *************** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
Бөх овогт Д.А /регистрийн дугаар: ***********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулах “*******” гэх караокед хохирогч С.Хг “удаа дараа шаардлага тавиллаа” гэх шалтгаанаар янхан, гичий гэх зэргээр доромжилж улмаар түүнийг гараараа нүүрэн тус газарт цохиж, үснээс нь зулгааж С.Хгийн биед тархи доргилт, зулайн хуйханд үс уналт, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн шуу, баруун ташаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****** төвийн 3 давхарт ******* ажлаа хийж байтал шөнийн 03 цагийн орчимд... хар үстэй шубатай шаргал үстэй эгч агсраад яваад байхаар нь би очоод байгууллагынхаа дотоод дүрэм, журмыг тайлбарлан хэлээд та ширээндээ суугаарай гэж хэлэхэд үгүй гээд миний шаардлагыг биелүүлэхгүй, дотор агсраад өөр ширээний хүмүүстэй зууралдаад байхаар нь би очоод та болиоч гэж шаардлага тавихад над руу агсраад чи муу янхан, чи миний өөдөөс ингэж хэлж болохгүй гээд намайг зодох гээд хөөхөөр нь би зугтаж байгаад ширээ тулаад нөгөө эгчид баригдаад намайг үсдээд доош даран, сэгсрээд тавихгүй байгаад байхаар нь хамт ажиллаж байсан менежер Долгор салгах гэж оролдсон боловч дийлдэхгүй байсан. Хамт явсан нөхөр нь ирээд салгахад намайг ахин хэл амаар доромжилж, янхан, гичий, эр болгоны дэвсгэр хийдэг, эцэггүй хүүхэд төрүүлсэн, миний дүүгийн амьдралаар тоглосон янхан биздээ гээд орилоод байсан. Энэ үед би текний араар ороод зогсож байтал ахин над руу ирээд үсдээд дух, 2 хацар орчимд цохиод үснээс тавихгүй байхаар нь Долгор эгч ирээд салгахад би зугтаан хувцас солих өрөөнд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... манай зөөгч Х очиж удаа дараа шаардлага тавихад эсэргүүцэн хэл амаар доромжилж манай зөөгч охин Хг зодох гээд хөөн барьж аван өшиглөн, үснээс нь зулгаан чирээд, хацар нүүр хэсэгт нь цохиж байсан. Энэ үед би болон түүний хамт явж байсан нөхөртэй нь салгахад ахин зөөгч Х руу очоод текний ард үсдэн зодоод, хэл амаар доромжлоод байхаар нь би очиж салгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-49-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 973 дугаартай “С.Хгийн биед тархи доргилт, зулайн хуйханд үс уналт-зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн шуу, баруун ташаанд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.А нь хохирогч С.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд тэрээр 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч С.Хд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 72-р тал/, шүүх хуралдаанд улсын яллагчаас хохирогч С.Х нь гомдол, саналгүй болсон талаараа илэрхийлсэн гэсэн тайлбар гаргаж байх тул шүүгдэгч Д.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч С.Х нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Д.Агаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Агийн хүлээн зөвшөөрсөн дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөх овогт Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.
7. Хохирогч С.Х нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Агаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР