| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2020/00915/è |
| Дугаар | 35 |
| Огноо | 2021-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 35
| 2021 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 135/ШШ2021/00035 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00915/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, **дүгээр баг, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:**/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, 14 дүгээр байрны 6-0 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:****/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, Залуучуудын 4-49 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: ****/-д холбогдох,
"Зээлийн гэрээний үүрэгт 6,964,000 төгрөг, банкны өр төлбөрт төлсөн 1,420,000 төгрөг, нийт 5,324,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.*******, Л.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оноос С.******* нь нэхэмжлэгч нарын хүү Баатарчулуунтай хамт амьдрах болсон. Тэдний амьдралд эцэг, эхийн зүгээс тусалж дэмжиж, бусдаас авсан зээлийн өрийг нь өөрсдийн газраа зарж төлж өгч байсан. 2018 оны 09 сард С.******* нь бид хоёр дээр ирээд тэтгэврийн зээл аваад өгөөч гэж гуйсны дагуу Ж.*******ийн нэр дээр 2018 оны 09 сарын 13-ны өдөр 2,952,000 төгрөгийн тэтгэврийн зээл, 2018 оны 09 сарын 24-ний өдөр Л.*******гийн нэр дээр 4,012,000 төгрөгийн тэтгэврийн зээл тус тус авахуулж, тухай бүрт нь С.*******гийн Хаан банкны ***** дугаарын дансруу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 6,964,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өгөөд, өөрсдөө орц цэвэрлээд амьдарч байна. 2019 оны 10 сард С.*******гийн ах дүү нар ирээд гэр орныг нь нүүлгээд аваад явсан байсан. Тэгээд манай хүүгээс салсан. 2019 оны 10 сард С.*******гийн охин нь ирээд ээжийн банкны мөнгийг та 2 төл гээд хэл ам хийгээд байсан тул нийт 1,420,000 төгрөгийг 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэл цувуулж Төрийн банкинд төлсөн. Иймээс тэтгэврийн зээл авч өгсөн нийт 6,964,000 төгрөг, зээлийн өр төлбөрийг нь төлсөн 1,420,000 төгрөг, нийт 8,324,0000 төгрөгийг С.*******гээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.*******, Л.******* нар бол манай ээж С.*******тэй хамт амьдарч байсан Баатарчулууны эцэг, эх юм. Ээж С.******* нь мэдрэлийн моя моя гэсэн оноштойгоор группт байдаг, унаж татдаг, юмны учир байдлыг тунгааж мэдэхгүй, хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай өвчтэй хүн юм. Баатарчулуун ээжийн энэ байдлыг ашиглан ээжийн данс, картыг ашиглан хүнээс авсан мөнгөө шилжүүлэн авч, үрдэг байсан. Тэгээд ээжийн өвчтэйг далимдуулж, миний дүүг хүчиндсэн хэргээр ял эдэлж байгаа.
Манай ээж С.*******д энэ хүмүүс хэзээ ч зээл өгөхгүй, өөрсдийнх нь хүү Баатарчулуун эцэг эхээсээ мөнгө авч ээжийн дансаар шилжүүлж авдаг, манай ээж нарийн зүйл ойлгох чадваргүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нарын зүгээс С.*******д холбогдуулж 6,964,000 төгрөгийн тэтгэврийн зээл, 1,424,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хариуцагчийн зүгээс татгалзаж байгааг дэмжиж байна. 2,952,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг С.*******д зээлдүүлсэн гэж шаардаж байна. Гэтэл С.*******тэй нэхэмжлэгч нар зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй нөхцөл байдал байна. Ж.******* С.*******гийн дансанд мөнгө оруулж, өөр дансаар 3 сая төгрөгийг буцаагаад авсан байдаг. С.******* нэхэмжлэгч нарын зээлсэн мөнгийг өөрөө авсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй байдаг. н.Баатарчулууны эхнэр тул нэхэмжлэгч нар мөнгө өгч, улмаар нэхэмжлэгч нарын өгсөн мөнгийг хүү н.Баатарчулуун нь зарцуулсан байдал харагдаад байна. Нэхэмжлэгч нараас н.Баатарчулуун нь С.*******гийн зээлийг хаагаад өгөөч гэж хэлсэн тул нэхэмжлэгч нар зээлийг хааж өгөөд байхад н.Баатарчулуун дахин дахин зээл авсан гэж нэхэмжлэгч нар ярьсан байдаг. 1,420,000 төгрөгийн зээлийг С.******* төлөөд өгөөч гэж хэлсэн гэсэн нь үндэслэлгүй байна. С.******* осолд орох шалтгаан нь н.Баатарчулуун охиныг нь хүчирхийлсэн хэрэг үйлдсэнээс сэтгэл санааны хямралд орж осолд орсон байдаг. Төрийн банкны зээлийг н.Баатарчулуун эцэг эхээрээ төлүүлсэн байж болохоор байх ба С.******* зээл төлөөд өгөөч гэж гуйх боломж байгаагүй. С.*******гийн өмнөөс зээл төлөх тохиролцоо байгаагүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар С.******* зээлийн төлөлтийг буцааж өгөх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул С.*******гээс гаргуулах боломжгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.*******, Л.******* нар нь хариуцагч С.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 8,324,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаан дээр тэтгэврийн зээл нийт 6,964,000 төгрөг, С.*******гийн банкинд төлөх өр төлбөрт төлсөн 1,420,000 төгрөгийг тус тус буцаан шаардаж байна гэж тодруулжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. болон түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг бөгөөд түүний үндэслэлээ С.*******гийн хамтран амьдарч байсан нэхэмжлэгч нарын хүү Л.Баатарчулуун нь С.*******гийн өвчтэй байдлыг ашиглан эцэг, эхээсээ авсан мөнгөө түүний дансанд шилжүүлэн авч, өөрөө ашигладаг байсан. С.******* энэ мөнгийг огт авч ашиглаагүй бөгөөд 3,000,000 төгрөг Ж.*******ийн дансанд буцаад шилжигдэн орсон байгаа. Төрийн банкны зээлийг төлсөн талаар Л.Баатарчулуунтай хамтран авсан зээл бөгөөд эцэг, эх нь хүүгийнхээ өр төлбөрийг төлсөн тул түүнийг С.******* төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр С.******* нь иргэний эрх зүйн чадамжтай эсэх талаар шинжээч томилсон бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 95/20 дугаартай магадлагаагаар эрүүл буюу сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл учир иргэний эрх зүйн чадамжтай гэж тогтоогдсон байна.
2018 оны 09 сарын 13-ны өдрийн ** дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ-ээр Ж.******* нь Хаан банкнаас 2,952,000 төгрөг зээлэн авч, мөн өдрөө Ж.*******ээс С.*******гийн ** тоот дансанд, 2018 оны 09 сарын 24-ний өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ-ээр Л.******* нь Хаан банкнаас 4,012,000 төгрөг зээлэн авч, мөн өдрөө Л.*******гээс С.*******гийн ** тоот дансанд тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч тал нэхэмжлэгч нарын хүү Л.Баатарчулуун энэхүү мөнгийг авч ашигласан, С.*******д хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч талын энэхүү тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзал, тайлбарын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь ....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагчийн өмгөөлөгч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хэзээ буцаан төлөх болон гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон зүйл байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нараас хариуцагч С.*******гийн эзэмшлийн дансанд мөнгө шилжин орсон болох нь тогтоогдсон, түүнийг С.******* авч хэрэглээгүй гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн болно.
Мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээнд зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан байна.
Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Ж.*******, Л.******* нарт 6,964,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан С.*******гийн Хаан банкин дахь 5045606434 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 09 сарын 24-ний өдөр С.*******гээс Ж.*******ийн эзэмшлийн *** тоот дансруу 3,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Тус *** тоот данс нь нэхэмжлэгч Ж.*******ийн эзэмшлийн данс болох нь Хаан банкны 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 5045/20/1114 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул С.******* нь дээрх зээлийн гэрээний үүргээс 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна гэж үзнэ.
Иймд хариуцагч С.******* нь нэхэмжлэгч нарт зээлийн гэрээний үүрэгт 3,964,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч С.*******гийн зээлийн өр төлбөрөөс түүний өмнөөс Төрийн банкинд төлсөн 1,420,000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь буцаан шаардаж байгаа бөгөөд хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
Хэрэгт авагдсан Төрийн банкны орлогын мэдүүлэг, кассын орлогын баримтуудаар Ж.******* нь С.*******гийн зээлд гэсэн утгаар нийт 1,420,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү төлбөрийг төлсөн үндэслэлээ С.*******гийн охин ирж ээжийн төлбөрийг төл гэж хэлсэн, мөн Төрийн банкнаас биднийг зээл төлөхийг шаардаад байсан тул төлсөн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг гэж шаардаж байгаа боловч талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заажээ.
Хэрэгт авагдсан Төрийн банкны зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэлд үндсэн зээлдэгч нь С.*******, хамтран зээлдэгч нь Л.Баатарчулуун байх бөгөөд тус зээл нь гэрээт цалингийн зээл гэсэн төрлөөр олгогдсон байна.
Хариуцагч тал тус шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ хамтран зээлдэгч Л.Баатарчулуун мөнгийг авсан, мөн түүний зээл төлөх үүрэг байгаа гэх агуулгаар тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Л.Баатарчулууныг оролцуулахаар хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болно.
Харин энэхүү зээлийн төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэггүй бөгөөд ийнхүү төлснөөр дээрх хуульд заасны дагуу тухайн төлбөрөөс чөлөөлөгдсөн этгээдээс буцаан шаардах эрхтэй байна.
Нөгөө талаас хариуцагч С.*******гийн хувьд Төрийн банкны өмнө Л.Баатарчулуунтай хамтран үүрэг хүлээсэн байгаа боловч нэхэмжлэгч Ж.*******ийн төлсөн төлбөр нь зөвхөн Л.Баатарчулууны Төрийн банкны өмнө хүлээсэн үүрэгт хамааралтай, хариуцагч С.*******д хамааралгүй гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу хамтран үүрэг хүлээсэн этгээдүүдийн алинаас нь ч шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч С.*******гээс 1,420,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Нэхэмжлэгч Ж.*******, Л.******* нар нь нэхэмжлэлийн шааардлагад дурдсан нийт үнийн дүнг бүхэлд нь хамтран нэхэмжлэгчийн хувиар шаардаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан тэтгэврийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нарын тус тусын С.*******д шилжүүлсэн үнийн дүн тодорхой, хуваагдах боломжтой байгаа, мөн С.*******гийн өмнөөс Төрийн банкинд төлсөн төлбөрийн баримт дээрх мөнгө тушаагч нь Ж.******* байгаа боловч нэхэмжлэгч нар нь үүргийн зүйлийг хувааж шаардаагүй, нэг гэр бүлийн гишүүд тул төлбөрийг хэн алиныхаа цалин хөлснөөс төлж байсан, энэ талаар маргаан байхгүй гэж тайлбарлаж байгаа, нөгөө талаас нэхэмжлэгч Л.*******гийн тэтгэврийн зээл болох 4,012,000 төгрөгийг С.******* дансандаа шилжүүлэн авсан өдрөө 3,000,000 төгрөгийг Ж.*******ийн эзэмшлийн дансанд буцаан шилжүүлсэн байдал зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хамтран нэхэмжлэгч нар тус бүрээр хуваарилаагүй шийдвэрлэсэн болно.
Энэ нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэсэн заалтыг зөрчихгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч С.*******гээс нийт 5,384,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******, Л.******* нарт олгож, нэхэмжлэлийн шарадлагаас үлдэх хэсэг болох 2,940,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******гээс нийт 5,384,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******, Л.******* нарт олгож, нэхэмжлэлийн шарадлагаас үлдэх хэсэг болох 2,940,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 101,094 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ