Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 54

 

О.Д-, Б.Б-, Б.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0083/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.М- даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Б.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Л.Цуурай, Ө.Ганзориг, Т.Энхжаргал

Хохирогч                                       Б.Д-

Нарийн бичгийн дарга                 Т.Төмөрчөдөр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолтой, О-ийн Д-, Б-ын Б-, Б-гийн М- нарт холбогдох, 1818002910556  дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт О-ийн Д-.

Монгол Улсын иргэн, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Д- овогт Б-ын Б-.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Ө- овогт Б-гийн М-.

Шүүгдэгч О.Д- нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Э- И-” ХХК-ийн Дархан салбарт /”Я-” авто ломбард/ зээлийн эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байхдаа “Э- И-” ХХК-ийн Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б-, иргэн Б.М- нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “Э- И-” ХХК-иас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Э- И-” ХХК-ийн Дархан салбарт /”Я-” авто ломбард/ зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа “Э- И-” ХХК-ийн Дархан салбарын /“Я-” авто ломбард/ зээлийн эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байсан О.Д-, иргэн Б.М- нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “Э- И-” ХХК-иас 26 удаагийн үйлдлээр 54.765.400 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М- нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Э- И-” ХХК-ийн Дархан салбарт /”Я-” авто ломбард/ эрхлэгчээр ажиллаж байсан О.Д-, “Э- И-” ХХК-ийн Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б- нартай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “Э- И-” ХХК-иас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

-Шүүгдэгч Б- овогт О-ийн Д-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “Э- И-” ХХК-нд 52.047.599 /тавин хоёр сая дөчин долоон мянга таван зуун ерэн ес/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

-Шүүгдэгч Д- овогт Б-ын Б-г албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “Э- И-” ХХК-нд 51.675.400 /тавин нэгэн сая зургаан зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

-Шүүгдэгч Ө- овогт Б-гийн М-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “Э- И-” ХХК-нд 45.951.600 /дөчин таван сая есөн зуун тавин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч Б- овогт О-ийн Д-, Д- овогт Б-ын Б- нарт тус бүр 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ө- овогт Б-гийн М-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.3 дугаар зүйлийн 5., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар шүүгдэгч О.Д-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялын 10.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эхний 35 сарын хугацаанд сар бүр 280.000 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 200.000 төгрөгөөр тооцон, нийт 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О.Д-, Б.Б- нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч О.Д-, Б.Б- нарт анхааруулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-ад анхааруулж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч О.Д-өөс 5.255.233 /таван сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуун гучин гурав/, шүүгдэгч Б.Б-гаас 11.241.233 /арван нэгэн сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун гучин гурав/, шүүгдэгч Б.М-аас 8.879.233 /найман сая найман зуун далан есөн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, “Э- И-” ХХК-нд, шүүгдэгч О.Д-өөс 2.375.233 /хоёр сая гурван зуун далан таван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч Б.Б-гаас 2.375.233 /хоёр сая гурван зуун далан таван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч Б.М-аас 2.375.233 /хоёр сая гурван зуун далан таван мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 4 дүгээр хэсгийн 19 тоотод оршин суух Г-ын Ц-т /РД:**********/ тус тус олгож, “Э- И-” ХХК-ийн иргэний нэхэмжлэлээс 3.090.000 төгрөг, Г.Ц-ын иргэний нэхэмжпэлээс 400.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3., 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Г.Н-, Л.Ш- нар нь шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан зээлийн төлбөрийг шүүгдэгч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-, Б.Б-, Б.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Д- давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч нар нь эрүүгийн хэрэг үүссэн цагаас хойш буюу 2018 оны 3 дугаар сараас эхлэн хохирол барагдуулах асуудлыг хойшлуулж огт төлөлт хийхгүй явсаар шүүх хуралдааны шийдвэр гарахын өмнө л төлөлт хийсэн боловч одоог хүртэл хохирлоо бүрэн барагдуулж дуусгаагүй ба Б.М- 8,879,233 төгрөг, Б.Б- 11,241,233 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайлбал шүүгдэгч нь учруулсан хохирлын хэмжээний тал хувьд ч хүрэхгүй хэмжээний төлбөрийг л төлсөн байна.

Түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1.д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэсэн боловч шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хүндрүүлэх заалтуудыг бүрэн үндэслээгүй юм.

Шүүгдэгч нар нь тус хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, урьдаас үгсэн тохиролцож хамтарсан үйлдлээр байгууллагын нэрийн дор үйлчлүүлэгч нарын бичиг баримтыг ашиглаж энэхүү гэмт хэргийг ноцтой шинж байдлаар, маш олон удаагийн үйлдлээр буюу 27 удаагийн үйлдлээр өмнөх үйлдлүүдээ нуун дарагдуулах замаар байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулаад зогсохгүй байгууллагын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон. Дээрх шүүгдэгч нарын үйлдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3.1, 3.2, 3.3.т тодорхой зааж өгсөн байна.

Гэтэл шүүхээс шүүгдэгч нарын хийсэн үйлдэлд тохироогүй, хэт хөнгөн ял оноож байгаа явдалд хохирогчийн зүгээс маш их гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч нарт прокурорын санал болгосон хийсэн үйлдэлд нь тохирох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Д- тайлбартаа:

Шүүгдэгч нар хохирлыг төлөхгүй байгаад гомдолтой байна. Шүүгдэгч нар шүүх хуралдаан болохын өмнө л бага хэмжээний мөнгө өгсөн.  Б.Б-, Б.М- нар утсаа ч авахаа больсон гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Д-ий өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:

Шүүгдэгч О.Д- нийт 18.427.233 төгрөгийн хохирол учруулснаас  13.000.522 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үйлдсэн хэргээ ухамсарласан. 4.905.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. О.Д- хохирлыг төлж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Ө.Ганзориг тайлбартаа:

Б.Б- хохирлыг төлж байгаа бөгөөд  5.000.000 төгрөгийг төлсөн, одоо 6.241.233 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Б.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн гэмт хэрэг нь торгох эсвэл хорих ял оногдуулах санкцтай бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Т.Энхжаргал тайлбартаа:

Б.М- нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эхнэр нь жирэмсэн, залуу хүн, ажил хийж байж хохирлыг төлж барагдуулна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт учруулсан хохирлоо төлөх боломжийг хангах үүднээс шүүх торгох шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Д-, Б.Б-, Б.М- нарт холбогдох хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь хянаж үзвэл:

Прокуророос О.Д-ийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Э- И-” ХХК-ийн Дархан салбарт /”Я-” авто ломбард/ зээлийн эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байхдаа “Э- И-” ХХК-ийн Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б-, иргэн Б.М- нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “Э- И-” ХХК-иас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан.

Шүүгдэгч Б.Б-г 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Э- И-” ХХК-ийн Дархан салбарт /”Я-” авто ломбард/ зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа “Э- И-” ХХК-ийн Дархан салбарын /“Я-” авто ломбард/ зээлийн эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байсан О.Д-, иргэн Б.М- нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “Э- И-” ХХК-иас 26 удаагийн үйлдлээр 54.765.400 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан.

шүүгдэгч Б.М-ыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Э- И-” ХХК-ийн Дархан салбарт /”Я-” авто ломбард/ эрхлэгчээр ажиллаж байсан О.Д-, “Э- И-” ХХК-ийн Дархан салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б- нартай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар баримт бичиг, эд зүйл ашиглан, бусдыг хуурч, “Э- И-” ХХК-иас 27 удаагийн үйлдлээр 55.137.600.01 төгрөг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Прокуророос шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.М-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “Э- И-” ХХК-нд 45.951.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 300 цагийн хугацаагаар өдөрт 8-аас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-ад анхааруулж, шүүгдэгч О.Д-, шүүгдэгч Б.Б- нарыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, “Э- И-” ХХК-нд шүүгдэгч О.Д- нь 52.047.599 төгрөгийн, шүүгдэгч Б.Б- нь 51.675.400 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч О.Д-, Б.Б- нарыг тус бүр 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялын 10.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эхний 35 сарын хугацаанд сар бүр 280.000 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 200.000 төгрөгөөр тооцон, нийт 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О.Д-, Б.Б- нарт үүрэг болгож, шүүгдэгч О.Д-өөс 5.255.233 төгрөг, шүүгдэгч Б.Б-гаас 11.241.233 төгрөг, шүүгдэгч Б.М-аас 8.879.233 төгрөгийг тус тус гаргуулж, “Э- И-” ХХК-нд олгуулах, шүүгдэгч О.Д-өөс 2.375.233 төгрөг, шүүгдэгч Б.Б-гаас 2.375.233 төгрөг, шүүгдэгч Б.М-аас 2.375.233 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч   Г.Ц-т олгож, “Э- И-” ХХК-ийн иргэний нэхэмжлэлээс 3.090.000 төгрөг, Г.Ц-ын иргэний нэхэмжпэлээс 400.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Д-, Б.Б-, Б.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нэг бүрийн үйлдэл, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нэг бүрчлэн ялган зааглан шүүгдэгч нэг бүр дээр зөв тогтоосон байх ба тэдний гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийнх нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлэг, гэрч М.М-, Д.Д-, Б.Н-, П.З-, Б.А-, П.Х-, Г.А-, А.Б-, Х.М-, иргэний нэхэмжлэгч Г.Ц-, Г.Н- нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019-10-25-ны өдрийн 182 дугаар дүгнэлт, зээлийн гэрээний хуулбарууд, “Э- И-” ХХК-ийн захирлын ажилд авсан тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ХААН банкны дансны хуулгууд зэрэг нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар хангалттай нотлогдон тогтоогджээ. 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Д-, Б.Б-, Б.М- нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял тэдний гэм бурууд тохирсон байна. 

            Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч нараас хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан хохирогч Б.Д-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б- нь хохирогч “Э- И-” ХХК-нд давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 5.000.000 төгрөг төлснийг дурдсугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                    ШҮҮГЧИД                            Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ