Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 110/IШШ2022/0024

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Д.А,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга,

              Гуравдагч этгээд: Л.Ж нарын хоорондын  багийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Айбек, хариуцагч Цэнгэл сумын Засаг дарга Т.А,  тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга Б.М, гуравдагч этгээд Л.Ж, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Т.А, тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга Б.М нарт холбогдуулан “Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, тус сумын Засаг  даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/03 дугаар “Ажилд томилох тухай” захирамжийг  тус тус хүчингүй болгож,  хуралдааныг дахин зарлан  явуулахыг  даалгах”-аар маргаж байна.

              Нэхэмжлэгч Д.А нь анх   “2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Цэнгэл сумын 3 дугаар багийн Засаг даргыг сонгох ажил хууль бус явагдсан тул  хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, хуралдааныг дахин зарлан  явуулахыг  даалгах, тус сумын Засаг  даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/03 дугаар “Ажилд томилох тухай” захирамжийг   хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  шүүх хуралдаанд эхний шаардлагаа Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох гэж тодруулсан болно.

            2. Цэнгэл  сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, хуралдаанаар  багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны даргыг сонгох болон  багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, багийн Засаг даргад нэхэмжлэгч Д.А, гуравдагч этгээд Л.Ж нарыг нэр дэвшүүлж, Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор  олонхын санал авсан гэсэн үндэслэлээр Л.Жйг  багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж,  улмаар сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/03 дугаар  захирамжаар Л.Жйг  3 дугаар багийн Засаг даргаар түр томилсон.

            3. Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан  Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны  багийн Засаг даргыг сонгох санал хураалтын  үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан  гомдлыг тус аймаг дахь Цагдаагийн газрын Цэнгэл сум хариуцсан эрүүгийн мөрдөгч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Зөрчил шалган  шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1-т  зааснаар  “зөрчлийн шинжгүй” гэх үндэслэлээр  хүлээн авахаас татгалзсан байна.

            Улмаар нэхэмжлэгчээс  Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  хуралдаанаас гаргасан шийдвэр, тус сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/03 дугаар  захирамжийн талаар тус шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох санал хураалт явагдсан. Багийн Засаг даргад Д.А би нэр дэвшүүлсэн. Ардчилсан намаас Л.Ж нэр дэвшүүлсэн өрсөлдөж  оролцсон. Багийн Нийтийн Хурлын бүртгэл хөтлөгдөөгүй хуралдааныг эхлүүлсэн нь ирц тодорхой бус байсан юм. Хуралдааныг өмнөх багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга байсан Х.М удирдах ёстой байтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ж удирдан зохион байгуулан, хэлэлцэх асуудлыг хэлэлцүүлэн ажилласан юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуулиар  олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд  оролцохыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Багийн Засаг даргын санал хураалтад 740 саналын хуудас гаргасан байна. Гэвч нийт санал өгсөн  хүний бодит тоо 609 болж гарч байна. Хуралдааны эцсийн дүнг танилцуулахдаа 711 хүн санал өгсөн, 413 хүний санал авч 58,08 хувиар Л.Ж ялалт байгуулсан гэж мэдэгдсэн юм. Хуралдааны дүнг гаргах үеэр ажиглагчаар суусан А.Шынарбек, Р.Алтангүл нарт саналын хуудас олгосон иргэдийн жагсаалтыг гар утсаар татаж авахыг зөвшөөрснөөр Р.Алтангүл жагсаалтын зургийг тухайн үед татаж авсан юм. Уг нэрсийн жагсаалтыг үзэхэд Казахстан улсад ажиллаж амьдарч байгаа Т.Ахмерген, А.Сандугаш, “Хатуу” гэх газарт оторт байсан Д.Елеусиз, Цэнгэл сумын 3 дугаар багт шилжиж ирээгүй, 1 дүгээр багт түр оршин сууж байсан Т.Алданыш, Е.Айжулдыз,  тухайн  үед санал хураалтад оролцоогүй Дэлүүн суманд байсан Ж.Елик, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын  хүний асаргаанд байгаа Ш.Жибек, Цэнгэл сумын 5 дугаар багийн иргэн А.Марал, тус 3 дугаар багт бүртгэлгүй байгаа Х.Мурат, мөн нас барсан Х.Муратбек нарын хүмүүсийн нэр саналын хуудас олгосон иргэдийн жагсаалтад санал өгснөөр бүртгэлд  бичигдсэн байв.

Иймд багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг  зохион байгуулсан ажлын хэсэг, холбогдох албан тушаалтнууд хариуцлагагүй  ажилласнаас болж багийн Засаг даргыг сонгох  санал хураалт маш замбараагүй явагдаж, маргаан дагуулсан байгаа. Багийн Засаг даргын санал хураалтын үйл ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэж байна. Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын иргэдийн өөрийн удирдлагын байгууллага болох зарчим алдагдсан, тухайн багийн иргэд иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцох, хуралдаанд асуудал санаачлах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох,  хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох, хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудад заасан суурь эрхийг зөрчөөд байна.

Тухайлбал: 32.2-д заасан “Иргэдийг Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” , 48 дугаар зүйлийн 48.1-д ”Баг, хорооны хуралдаанаас тогтоол гаргах бөгөөд түүнийг баг, хорооны хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэснийг тус тус зөрчиж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан  хийгээгүй мөртлөө багийн иргэдийн санал, тэдний Хуралд асуудал оруулах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох эрхийг хясан боогдуулсан юм. Багийн иргэдийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан “асуудлыг шийдвэрлэх, Хурлын даргыг сонгох, баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх, хуралдааны дэг  батлах,  таслах эрхтэй оролцох, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хуралдааны тогтоолд санал гаргах, батлах” зэрэг хуульд заасан нийтийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрсөн явдал юм.

Цэнгэл сумын Засаг даргын захирамжаар сумын багуудад багийн Засаг даргын сонгууль явуулах тухай захирамж гаргаж, улмаар сонгуулийн комисс томилох захирамж гаргаж сонгуулийн үйл ажиллагаанд сумын Засаг даргын Тамгын газарт харьяалагдан ажилладаг төрийн алба хаагч нарыг томилж оролцуулсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх” гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмын бүхэлд нь зөрчсөн юм.

Цэнгэл сумын Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоол гараагүй байхад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/03 дугаар захирамж гаргаж Л.Жйг тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар томилсон нь хууль зөрчсөн асуудал юм. Миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байгаа учир нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа:

“2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр явагдсан Цэнгэл сумын 3 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгууль хууль бус явагдсан. Жишээ нь: “А.С Цэнгэл сумын 3 дугаар багт бүртгэлтэй боловч Казахстан улсад амьдардаг, 2019 онд Монголд ирээд явсан, тэрнээс хойш дахиж ирээгүй” гэсэн мэдүүлгийг А.С ах А.С мэдүүлсэн. Мөн тус багийн иргэн Х.Б  гэрчээр асуухад “охин нь болох Ж нь төрөлхийн өвчтэй хүүхэд,Цэнгэл сумын 3 дугаар багт бүртгэлтэй боловч тухайн 01 дүгээр сарын 23-ны өдөр багийн Засаг даргыг сонгох сонгуульд оролцоогүй” гэж мэдүүлсэн. Б.Тойлат гэдэг хүнийг гэрчээр асуухад, “миний хүү болох Т.А нь Казахстан улсад оюутан, тухайн багийн Засаг даргын сонгуульд оролцоогүй” гэж мэдүүлсэн. Ж.Е с мэдүүлэг авахад, “би 01 дүгээр сарын 23-ны өдөр Өлгийд байсан, Цэнгэл сумын 3 дугаар багт очоогүй, санал хураалтад оролцоогүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Б.Мийг Хуралдааны даргаар сонгосон тогтоолд Х.М гарын үсэггүй, багийн Нийтийн Хурлын тамга дарагдаагүй байсан. Багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн хүн  болгон гарын үсэг зурах ёстой байсан. Гэтэл  нэрсийн жагсаалтад санал өгсөн хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй, иргэний үнэмлэхийг нь харж бүртгээгүй зэрэг зөрчлүүд гарсан. Шүүхээс үзлэг хийхэд Х.М санал 308 гэж бичээстэй байсан боловч 256 хүний саналын хуудас гарсан, 52 саналын хуудас байхгүй. Багийн Нийтийн Хурлын даргад 711 хүн санал өгсөн боловч 11 саналын хуудас байхгүй байсан. Тухайн үед Цагдаагийн газарт албан ёсоор гомдол гаргаад эрх бүхий албан тушаалтан шалгаж, тогтоол гаргасан. Уг тогтоолыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулсан ажлын хэсэг хариуцлагагүй ажилласнаас болж ийм асуудал үүссэн. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

5. Хариуцагч  Цэнгэл сумын Засаг дарга  хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.М 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 02 дугаар тогтоолоор багийн Засаг дарга, багийн хурал даргалагчийг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 23-нд хуралдуулахаар зарласан. Үүнтэй холбогдуулан  миний бие 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А/17 дугаар захирамж гарган багуудын иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах, бэлтгэх ажлыг хангах ажлын хэсгийг байгуулсан. Хөдөөгийн багуудын иргэд техник хэрэгсэл ажиллуулах талаар тааруу, саналын хуудас хэвлэж чадахгүй, мөн өмнөх багийн Засаг дарга, Хурлын дарга нь дахин нэр дэвших магадлалтай учраас зохион байгуулахад хөндлөнгийн хүн оролцох боломжгүй. Тиймээс сумаас ажлын хэсэг томилж,  төрийн албан хаагч нарыг зохион байгуулахад оролцуулсан. Ажлын хэсэг 2022 оны 1 дүгээр сарын 21-29-ний өдөр хүртэл 9 багийн хуралд оролцож, багийн Засаг дарга, хурал даргалагчийг сонгох санал хураалтын ажлыг зохион байгуулсан. Маргаантай байгаа 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 01 дүгээр сарын 23-ны өдөр тухайн багийн төвд зохион байгуулагдсан. Тухайн өдөр өглөөний 10 цагт хуралдахаар зарлагдсан боловч иргэд цагтаа ирээгүй учраас 11:30 цагийн хуралдаан эхэлсэн.  Хурлыг өмнөх багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.М  нээж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ж, мөн сумын Засаг даргын хувьд миний бие цаг үеийн асуудлын талаар мэдээлэл хийсэн. Мөн өмнөх багийн Засаг дарга Ү.Ыхылас үг хэлж 4 жилд хийсэн ажлаа танилцуулсан. Дараа нь нэр дэвших ажиллагаа эхэлж, багийн Засаг даргад Л.Ж, Д.А нар нэр дэвшиж, багийн иргэдийн Нийтийн Хурал даргалагчаар Х.М , Б.М нар нэр дэвшиж санал хураалт явуулахаар болов. Санал хураалтыг нууцаар, оройн 18:00 цаг хүртэл явуулахаар багийн иргэд хэлэлцэн шийдвэрлэж, ажлын хэсгийн 5 гишүүн, нэр дэвшигчдийн ажиглагч нар хурлын зааланд үлдэж сумын удирдлага болон багийн иргэд заалнаас гарсан. Ажлын хэсэг  нь ажиглагчдын хяналтын доор саналын хуудсыг хэвлэн бэлтгэсэн боловч багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг дарга хоёр тамга авч ирээгүй байсан. Тэгээд Х.М тамгаа авч ир гэхэд сумын төвд үлдсэн гэсэн. Тэгээд ойрхноор нь багийн Засаг дарга Ү.Ы тамгыг  авхуулж, саналын хуудаст тамга дарж, санал хураалтыг 14:30 цагийн үед эхлүүлсэн. Тухайн өдөр маш хүйтэн байсан учир гадаа байсан  багийн иргэд их бухимдаж хурлын заал руу бөөнөөрөө дайран, дэс  дараалалд  ороогүй. Заалны хаалга эвдэх, хөгшин болон жирэмсэн хүмүүс дарагдах эрсдэлтэй, мөн дотор ажиллаж байгаа хүмүүст ачаалал үүсгэж болзошгүй учир сумын цагдаа П.Б, ажлын хэсгийн гишүүн И.Х нарыг үүдэнд ажиллуулж, 18:00 цагт санал хураалтын ажлыг дуусгасан. Санал хураалтын ажиллагааг ажлын хэсэг зохион байгуулна гэдгийг танилцуулсан байсан. Ажлын хэсгийг ард иргэд хүлээн зөвшөөрсөн. Нэр дэвшигч Л.Жйн ажиглагчаар К.А, Д.Аийн ажиглагчаар А.Ш нар ажилласан. Санал хуудас тоолох явцад ажиглагч нар өөрсдөө оролцсон. Тухайн үед зарим иргэд хоёр удаа санал өгсөн байж болзошгүй, тухайн хүмүүс өөр хүний нэрээр орж санал өгсөн байж болзошгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж байна. Багийн Засаг даргыг сонгоход заавал иргэний үнэмлэхтэй, хурууны хээ дарж, Улсын бүртгэлийн хэлтсээс авсан жагсаалтын дагуу орно гэсэн хуульчилсан зүйл байхгүй.

Санал өгөх иргэдийн жагсаалтыг сумын улсын бүртгэгч Ц.О  гаргаж өгөхийг хүссэн боловч Улсын бүртгэлийн хэлтсийн дарга жагсаалт гаргахыг зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбар өгсөн. Харин жагсаалтыг  багийн Засаг дарга, Хурлын дарга хоёр бэлдэх үүрэгтэй гэсэн боловч бэлдэж өгөөгүй, ажилдаа хайнга хандсан. Тийм учраас орсон хүн болгоныг ажиглагч нар ажиглаад энэ 3 дугаар багийн иргэн мөн байна гэж оруулж байгаа гэж ойлгосон. Тухайн үед санал хураалт орой эхлээд цаг давчуу байсан учраас овгийг нь бүтнээр бичээгүй, шууд хэлснээр нь бичээд явсан. Тэрнээс болж ийм маргаан гарсан. Тухайн маргаантай байгаа 10 хэдэн хүн хэний  хэн бэ гэдэг нь тодорхой бус. Ажлын хэсэг үүргээ биелүүлж ирсэн хүн болгоноор саналыг нь өгүүлсэн. Тухайн хуралдаан хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Хэрэв маргаантай байгаа 10-аад хүний саналыг хассан ч Л.Ж илүү 150-аад хүний санал авсан байсан. Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Б.М мөн адил олонхын саналаар нэгдүгээр байранд орсон. Ард иргэд эрхийнхээ дагуу саналаа өгсөн гэж ойлгоод 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б/03 дугаар захирамжаар Л.Жйг багийн Засаг даргаар түр томилсон. Энэ маргаан эцэслэвэл бүр томилох боломжтой гэж үзэж байна.

Иймээс Л.Жйг багийн Засаг даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгох, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулах Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус багийн  өмнөх иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.М одоо хүртэл иргэдийн Нийтийн Хурлын тамгыг шинээр сонгогдсон  Б.Мд хүлээлгэж  өгөхгүй хууль зөрчиж байна.  Үүнээс болж Б.Мийн гаргасан тогтоолуудад  тамга дарагдаагүй байна” гэв.

6. Хариуцагч Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга Б.М хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болсон.Тус хурлыг өмнө ажиллаж байсан дарга Х. М  даргалж нээж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ж, сумын Засаг дарга Т.А, багийн Засаг дарга Ү.Ы нар багийн иргэдэд хандаж үг хэлсэн. Дараа нь иргэдийн саналаар хурлын дэг баталж, санал хураалтыг нууцаар явуулахаар тогтоож,  санал хураалтыг оройн 18:00 цагт зогсоохоор олонхын саналаар шийдвэрлэсэн юм. Багийн Засаг даргад Л.Ж,  Д.А нар, хуралдаан даргалагчаар миний бие болон өмнөх багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.М нар нэрээ дэвшүүлсэн юм. Хурлын тэмдэглэлийг сумаас томилогдсон комисс болон Х.С хөтөлсөн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ж болон сумын Засаг дарга Т.А нар хурлын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй юм. 18:00 цагт дүнг танилцуулсан. Багийн нийт иргэдийн 711 хүн санал хураалтад оролцсон. Л.Ж 413 хүний санал авсан ба Д.А нь 267 хүний санал авсан юм. Өмнө ажиллаж байсан багийн Засаг дарга Ү.Ыхылас сонгогчийн нэрсийн жагсаалт гаргаж өгөөгүйгээс сумаас томилогдсон комисс санал хураалтад оролцсон иргэдийн нэрсийг бичиж авч санал авсан болно. Багийн Засаг даргад өрсөлдсөн Д.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нийт иргэдийн олонхын санал авсан хүнийг багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэрийг нь дэвшүүлж сумын Засаг даргад уламжлах ёстой юм. Хурлыг хүчингүйд тооцуулахаар гаргасан Д.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

7. Гуравдагч этгээд  Л.Ж хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тус сумын  3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болсон. Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг өмнөх багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.М даргалан нээж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ж, сумын Засаг дарга Т.А, багийн өмнөх Засаг дарга Ү.Ы нар нийт ирсэн багийн иргэдэд хандаж үг хэлж хуралдааныг эхлүүлсэн юм. Дараа нь багийн ард иргэдийн оролцоотойгоор хурлын дэгийг баталж, санал хураалтыг нууцаар явуулахаар тогтсон ба санал хураалтын хугацааг орой 18 цаг хүртэл явуулахаар тогтоосон юм. Тус сумын 3 дугаар багийн Засаг даргаар нэрээ дэвшүүлэх хүмүүсийг тухайн багийн иргэд гараа өргөн баталж, 3 дугаар багийн иргэн Л.Ж би багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн юм. Мөн тус багийн иргэн Д.А нэрээ дэвшүүлсэн. Хуралдаан даргалагчаар Х. М сонгогдсон ба тэрээр  монгол хэл сайн мэдэхгүй байгаа учир хурлын протоколыг Х.Соронзонболд хөтөлж байсан. Тухайн өдрийн эхний ирцийн бүртгэлийг өмнө нь багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга байсан Х.М  хийх байсан боловч өөрөө ямар ч тамга  тэмдэг, бичгийн цаас авч ирээгүйгээс бүртгэл хийх, хурал удирдах ямар ч бэлтгэлгүй ирж, шууд хурлыг эхлүүлэн удирдсан. Тухайн өглөө 10:00 цагт заал хүмүүсээр дүүрч, заал танхимын багтаамжаас шалтгаалан зарим хүмүүс заалны гадаа байсан. Багийн  Хурлын хуралдааныг Х.М даргалсан ба хөдөөгийн багийн иргэд компьютерын мэдлэг болон монгол хэл бичгээр хөтлөх чадвар тааруухан учир багийн нийтийн Хурлын санал хураах ажлыг сумын Засаг даргаас байгуулсан ажлын хэсэг эрхлэн явуулсан ба үүнийг багийн иргэд тухайн үед бүгд дэмжсэн болно. Санал хураалт явуулах үед ажлын хэсэг, ажиглагч нараас бусад бүх хүмүүс заалны гадна байсан ба ажлын хэсгийн хүмүүс санал хураалт явуулж дүнгээ танилцуулсан.  Хуралдаанд нийт 711 хүн оролцож, 413 хүний санал буюу 58.08 хувийн саналыг миний бие авсан ба Д.А нь 267 хүний санал буюу 37.5 хувийн санал авсан. Хайрцгаас нийт 711 ширхэг саналын хуудас гарч, үүнээс 11 ширхэг цагаан хуудас, 20 ширхэг хүчингүй хуудас, 680 ширхэг хүчинтэй хуудас гарсан .Багийн хурал  даргалагчийн төлөө мөн адил 711 хүн санал өгснөөр 34 ширхэг цагаан хуудас, 11 ширхэг хүчингүй хуудас гарсан, үүнээс Х.М төлөө 308 хүний санал буюу 43,3 хувь, Б.Мийн төлөө 358 хүний санал буюу 50,3 хувийн санал авсан гэж дүнгээ танилцуулсан. Хуралдааны дүн гаргаж саналын хуудсыг тоолоход миний ажиглагч болох К.А, Д.Аийн ажиглагчаар А.Ш болон Р.А нар сууж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, санал хураалтын нэрсийн жагсаалтад байгаа Т.А, А.С, Д.Е, Т.А, Е.А, Ж.Е, Д.Ж, А.М, Х.М, Х.Мк нар нь надтай ямар нэгэн найз, нөхөд, хамаатан садан, ураг төрлийн холбоогүй ба харин багийн Засаг даргад нэр дэвшиж өрсөлдсөн Д.Аийн хамаатан садны хүмүүс болохыг санал хураалтын дараа Д.А гомдол гаргах үед олж мэдсэн юм. Багийн Засаг даргад өрсөлдсөн Д.А нь багийн иргэдийн олонхын санал авч чадаагүй болохоор иргэдийг улс төрийн үзэл бодлоор нь талцуулж, өөрийн хийсэн булхайгаа бусдад тохож, улмаар иргэдийн олонхын саналыг үл хүндэтгэж, иргэдийн саналыг хууль бус мэт болгохоор зүтгэж шүүхэд хандсан байна гэж ойлгож байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар  “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж“ бөгөөд иргэд өөрийн эрх, үүргээр чөлөөтэй хуралд оролцсон болно. Мөн хуулийн 32 дугаар зүйлд “багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн багийн сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэж заасны дагуу тухайн багийн иргэд оролцсон ба багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг  өмнөх 3 дугаар багийн Тэргүүлэгчид тогтоол гаргаж 2022 оны 01 дүгээр сарын 23-нд хуралдуулахаар нийтэд зарласан ба товлосон тухайн өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болсон. Тус 3 дугаар багт нийт 320 гаруй өрхтэй тул нийт 711 хүн хуралд оролцсон нь хуралдааныг хүчинтэйд тооцох боломжтой гэж үзэж байна.

            Багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаатай холбоотой ямар нэг гомдол мэдээлэл  тухайн багийн иргэдээс гаргаагүй ба зөвхөн багийн Засаг даргад нэр дэвшээд санал хураалтаар ялагдсан Д.А нь иргэдийн олонхын санал бодлыг үгүйсгэж, өөрөө заавал ялалт байгуулж багийн Засаг дарга болох ёстой  мэт хандаж, бусдыг үл хүндэтгэх, харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад хуулийн байгууллага хяналтаа тавьж, хууль ёсны шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, тус сумын Засаг  даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/03 дугаар “Ажилд томилох тухай” захирамжийг  тус тус хүчингүй болгож,  хуралдааныг дахин зарлан  явуулахыг  даалгах” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч уг маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох, хуралдааныг дахин зарлан  явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хуралдааныг   өмнөх багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга  байсан Х.М удирдах ёстой байтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ж удирдан зохион байгуулсан,...сумын Засаг дарга  багийн Засаг даргын сонгууль явуулах тухай, улмаар  сонгуулийн комисс томилох захирамж гаргаж сонгуулийн үйл ажиллагаанд  төрийн албан хаагч нарыг оролцуулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.5-д заасан “Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд  хөндлөнгөөс оролцохгүй байх”гэсэн зарчмыг, 35.2-т заасан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг  шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн, ... хуралдааны ирц тодорхой бус байсан, ...нэрсийн жагсаалтыг үзэхэд  Казахстан улсад амьдарч байгаа,  санал хураалтад оролцоогүй, 3 дугаар багт бүртгэлгүй, нас барсан Т.А, А.С, Д.Е, Т.Алданыш, Е.А,  Ж.Е, Ш.Ж, А.М, Х.М,  Х.М нарын  хүмүүсийг санал өгснөөр жагсаалтад бичсэн, ...тухайн багийн иргэдийн  хуралдаанд оролцох, асуудал санаачлах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох, Хуралдааны даргыг сонгох, сонгогдох, хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэх, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг  эрх зөрчигдсөн, Цэнгэл сумын Засаг дарга  нь  багийн иргэдийн  Нийтийн  Хурлын тогтоол гараагүй байхад захирамж гаргаж Л.Жйг  багийн Засаг даргаар томилсон нь  хууль зөрчсөн, ...миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлан маргасан.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 32 дугаар зүйлийн  32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох; 32.5.4. Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох”, 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.2.Хурлын хуралдааны дэг,зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх; 32.8.3.Хурлын хуралдааны даргыг сонгох; 32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж  тус тус зохицуулжээ.

4. Цэнгэл сумын  3  дугаар багийн  бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор  тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх болон Хурлын Хуралдааны дарга сонгох асуудлыг хэлэлцэх уг хуралдааны товыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орон нутгийн олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгээр нийтэд мэдээлсэн.

Тухайн тогтоолын дагуу хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3 дугаар багийн  төвийн байранд  зохион байгуулагдсан  байх ба зай багтаамжтай холбоотойгоор байрны дотор болон гадна талд нь багийн иргэд цугларсан байсан,  цугларсан иргэд Хурлын Хуралдааны даргыг сонгох болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг зэрэг явуулахаар, мөн уг санал хураалтад оролцсон иргэдийн тоогоор  хуралдааны ирцийг тооцохоор зохион байгуулалтын асуудлаа хуралдааны эхэнд хэлэлцэн  шийдвэрлэсэн нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  /Хавтаст  хэргийн 59,164-166,173-175,187,188,189,196-197,201-203 дах тал/ нотлогдсон.

Цэнгэл сумын 3 дугаар баг нь 316 өрх, 806 сонгуулийн насны  хүнтэй бөгөөд тус багийн Засаг  даргад нэр дэвшүүлэх, Хурлын Хуралдааны даргыг сонгох санал хураалтад оролцсон иргэдийн нэрийг бичсэн “Саналын хуудас олгосон иргэдийн жагсаалт” гэх баримт бичигт 711 хүний нэр бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгчийн маргаж буй, уг жагсаалтад нэр нь бичигдсэн Т.А, А.С, Д.Е, Т.А, Е.А,  Ж.Е, Ш.Ж, А.М гэх 8 хүний хувьд  хуралдаан явагдсан 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  Баян-Өлгий аймагт байгаагүй, санал хураалтад оролцож санал  өгөөгүй,  3 дугаар багийн байнгын оршин суугчаар  бүртгүүлээгүй гэх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 104-105,110-128,130-140, 145-148, 155, 160, 176, 177, 178, 196-197, 213-214, 217-219,  220-223, 224-226, 238-239 дэх тал/ тогтоогдсон ба  нэхэмжлэгчээс санал өгсөн бусад иргэдийн талаар маргаагүй болно.

Иймээс уг  хуралдаан буюу  Хурлын Хуралдааны  дарга болон Засаг даргыг сонгох   санал хураалтад  эдгээр 8  хүнийг хасаж тооцоход  бодит байдалд 3 дугаар багт бүртгэлтэй, сонгуулийн эрх бүхий 703  иргэн  оролцож, санал өгсөн  гэж үзэхээр байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 32 дугаар зүйлийн 32.2,32.3,32.4,32.6-д  заасантай тус тус нийцсэн, хуралдааны ирц хүчинтэй байх шаардлагыг хангасан байна.

Мөн хуулийн  32 дугаар зүйлийн 32.8.2-т зааснаар хуралдааны зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх  нь  иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх буюу Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн эрх  тул тухайн өдрийн хуралдаанд оролцсон иргэдээс  хуралдааны ирцийн асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэснийг буруутгах  боломжгүй, нэхэмжлэгчийн энэ талаарх “хуралдааны ирц тодорхой бус байсан” гэх  маргаан үндэслэлгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

5. Цэнгэл сумын  3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 60, 81-82, 83, 164-166, 173-175, 184, 196-197, 201-203 дах тал/ уг хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын дарга Х.М нээж удирдсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Жгаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  өнгөрсөн  жилийн ажлын тайланг танилцуулсны дараа багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дотоод журмыг /дэг/, мөн Хурлын Хуралдааны даргыг сонгох болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлын талаар танилцуулсан, хуралдаанд оролцогчдоос Хурлын Хуралдааны даргад  Х.М, Б.М, багийн Засаг даргад  Д.А,  Л.Ж нарыг тус тус  нэр дэвшүүлсэн,  тухайн багийн 703 иргэн Хурлын Хуралдааны даргыг сонгох болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцож саналаа өгсөн, санал хураалтын үйл ажиллагааг  Цэнгэл сумын Засаг даргын  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/17 дугаар захирамжаар   байгуулсан ажлын хэсэг зохион байгуулан явуулж, дүнг гаргасан болох нь тус тус тогтоогдсон болно.

Хэдийгээр Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Жгаас хуралдааны дотоод журам, Хурлын Хуралдааны даргыг сонгох болон багийн Засаг даргад нэр  дэвшүүлэх асуудлын талаар танилцуулсан, сумын Засаг  даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг Хурлын Хуралдааны даргыг сонгох болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх  санал хураалтыг зөвхөн зохион байгуулалтын хувьд хариуцаж явуулсан нь  тус тус тогтоогдож байгаа боловч энэ талаар тухайн үед хуралдаанд оролцсон иргэдээс болон нэхэмжлэгчээс маргаагүй. Түүнчлэн уг хуралдаанд оролцсон  иргэдээс хуралдааны дотоод журмыг батлах, Хуралдааны даргыг сонгох болон  багийн Засаг даргад  нэр дэвшүүлэх, санал хураалтад оролцож, саналаа өгөх зэргээр хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудлыг өөрсдөө шийдвэрлэсэн  нь тогтоогдож байх  тул  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 12 дугаар зүйлийн  12.1.5-д заасан “нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд  хөндлөнгөөс оролцохгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.2-т заасан “...сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэсэн заалтууд зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

6.Дээрх байдлаар  Цэнгэл сумын 3 дугаар багийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар  болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс товлон зарлаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө нийтэд  мэдээлснээр 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан, Хурлын Хуралдааны даргыг сонгох болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх  асуудлыг хэлэлцэх хуралдаанд тухайн багийн 703 иргэн оролцсон, иргэд хуралдааны ирцтэй холбоотой зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэсэн, хуралдааны дотоод журам /дэг/-ыг баталсан, хуралдаанд оролцсон иргэдээс Хурлын Хуралдааны дарга болон багийн Засаг даргад нэр дэвшүүлж, улмаар  санал хураалтад  оролцож саналаа өгсөн болох нь тус тус  тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн “тухайн багийн иргэд  хуралдаанд оролцох, асуудал санаачлах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох, Хуралдааны даргыг сонгох, сонгогдох, хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэх, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг  эрх зөрчигдсөн” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

7. Цэнгэл сумын 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигчдийн санал хураалтын дүнг  ажлын хэсгээс  саналын хайрцгаас нийт 711 саналын хуудас тоологдсоноос  багийн Засаг даргад нэр дэвшигч Д.А  267 санал, Л.Ж 413 санал  авсан, хүчингүй саналын хуудас 20 ширхэг, цагаан хуудас 11 ширхэг гэж гаргасан байна.

Гэтэл шүүхийн  үзлэгээр /Хавтаст хэргийн 180-182-р хуудас/ нийт 711 саналын хуудасны гуравдагч этгээд Л.Жд  санал өгснөөр тооцсон   413 саналын хуудасны 1 нь  иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны даргад нэр дэвшигч Х.М, Б.М нарын нэр бичигдсэн саналын хуудас байсан, 400 саналын хуудас  нь  Л.Жйн   нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлсан, үлдсэн 12 саналын хуудас нь Л.Жйн   нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн байсан.

Нэхэмжлэгч Д.Ат санал өгснөөр тооцсон   267 саналын хуудасны 255 саналын хуудас  нь  Д.Аийн  нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлсан, үлдсэн 12 саналын хуудас нь Д.Аийн   нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн байсан.

Хүчингүйд тооцсон 20 саналын хуудасны 17 нь 2 нэр дэвшигчийн нэрийн өмнөх 1 гэсэн тоог зэрэг дугуйлсан, 1 саналын хуудас нь Л.Жйн нэрийн хойд талд дугуй тэмдэглэгээ хийсэн, 2 саналын хуудас нь  Д.Аийн нэрийн хойд талд дугуй тэмдэглэгээ хийсэн, цагаан хуудас гэх   11 саналын  хуудас нь  ямар ч тэмдэглэгээ хийгээгүй   буюу хэнд ч санал өгөөгүй саналын  хуудас байсан нь тус тус тогтоогдсон.

8. Дээрх байдлаар тус бүр 12  саналын хуудас нь нэхэмжлэгч  Д.А  болон гуравдагч этгээд  Л.Жйн нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн боловч  хэнд санал өгсөн нь тодорхой саналын хуудас байх   тул ажлын хэсгээс уг саналын хуудаснуудыг хүчинтэй саналын хуудаст тооцсоныг буруутгах үндэслэлгүй, харин Л.Жд  санал өгснөөр тооцсон   1 саналын хуудас нь   иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны даргад нэр дэвшигчдийн саналын хуудас байсан тул түүнийг хасаж тооцох үндэслэлтэй байна.

Хүчингүйд тооцсон 20  саналын хуудасны 1 нь  Л.Жйн нэрийн хойд талд дугуй тэмдэглэгээ хийсэн, 2 нь  Д.Аийн нэрийн  хойд талд дугуй тэмдэглэгээ хийсэн буюу хэнд санал өгсөн нь тодорхой байсан бөгөөд ажлын хэсгээс уг 3 саналын хуудсыг хүчингүйд тооцсон нь үндэслэл муутай байх  тул шүүхээс хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн 3 дугаар багийн  Хурлын Хуралдааны дарга болон  Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон иргэдийн нэрсийн жагсаалт болох “Саналын хуудас олгосон иргэдийн жагсаалт” гэх баримт бичигт нэр нь байгаа, нэхэмжлэгчийн маргаж  буй иргэд болох Т.А, А.С нар нь  хуралдаан болсон  өдөр   Баян-Өлгий аймагт байгаагүй, Д.Е, Ж.Е , Ш.Ж нар нь   санал хураалтад оролцож, санал өгөөгүй, Т.А, Е.А,  А.М нар нь  Цэнгэл сумын 3 дугаар багийн  байнгын оршин суугчаар бүртгүүлээгүй. Харин Х.М, Х.М гэсэн нэр Саналын хуудас олгосон иргэдийн жагсаалт”-д байхгүй, уг жагсаалтын  5 дугаар хуудасны   дэс дугаарын 5-д  А.Мгэсэн нэр бичигдсэн байгаа бөгөөд 3 дугаар багт бүртгэлтэй Айпаны Мурат гэсэн 1  хүн байгаа,тэрээр санал хураалтад оролцсон болох нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 110-128,149,150,164-166,196-197 дах тал/ тогтоогдсон,  мөн нэхэмжлэгчээс А.Мн талаар маргахгүй гэсэн  тайлбар  шүүх хуралдаанд гаргасан болно.

Иймд багийн Засаг даргад нэр дэвшигч  нэхэмжлэгч Д.А  269 /267+2/ санал, гуравдагч этгээд Л.Ж 413 /413-1+1/ санал авсан нь тогтоогдож байгаа бөгөөд санал хураалтад оролцож, санал өгснөөр тооцогдсон  дээрх 8 хүний саналын хуудасны хувьд  хэнд санал өгснийг тодорхойлох боломжгүй боловч гуравдагч этгээд Л.Ж өгсөн гэж үзэж, түүний  авсан саналаас хасаж тооцоход 405 /413-8/  болох  бөгөөд энэ нь  Цэнгэл сумын 3 дугаар багт бүртгэлтэй,  2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  хуралдаанд буюу  багийн Засаг  даргын санал хураалтад оролцож, санал өгсөн 703 иргэний олонхын санал авсан  байх хуулийн шаардлагыг хангаж байна  гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, дээрх байдлаар гуравдагч этгээдийн авсан саналаас хасаж тооцсон ч хуралдаанд оролцсон 703  иргэний  олонхын саналыг авсан  үр дүн хэвээр байх  ба тухайн 8 иргэний санал нь багийн Засаг даргад  нэр дэвшигчдийн санал хураалтын эцсийн үр дүнд нөлөөлөхгүй, энэ зөрчлөөс болж тус багийн иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ” гэсэн  үндсэн эрхийн дагуу өгсөн  хүчинтэйд тооцогдсон саналыг буюу санал хураалтын үр дүнг хүчингүй болох үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөсшүүхээс үзлэг хийхэд Х.Мын санал 308 гэж бичээстэй байсан боловч 256 хүний саналын хуудас гарсан, 52 саналын хуудас байхгүй. Багийн Нийтийн Хурлын даргад 711 хүн санал өгсөн боловч 11 саналын хуудас байхгүй байсан”  гэж маргасан боловч  ажлын хэсгээс Хурлын   Хуралдааны даргыг сонгох  санал  хураалтын  дүнг гаргаж, тухайн үед тэмдэглэл  үйлдсэн байгаагаас гадна энэхүү маргаан нь тус багийн иргэдийн  Нийтийн Хурлын  Хуралдааны  даргыг сонгох асуудалтай холбогдолгүй,  өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн  асуудалтай холбогдуулан маргаж шаардлага гаргасан байгааг  дурдах нь зүйтэй.

9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 48 дугаар зүйлийн 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна”, 56 дугаар зүйлийн  56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж тус тус заасан.

Цэнгэл сумын 3 дугаар багийн Засаг даргад  нэр дэвшигчдийн санал хураалтын дүнг үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олонхын санал авсан гэсэн үндэслэлээр Л.Жйг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн 03 дугаар тогтоол гаргасан, түүнд  ХХАХуралдааны даргад  нэр дэвшиж, ажлын хэсгээс гаргасан санал хураалтын дүнгээр олонхын санал авсан Б.М гарын үсэг зурсан,  өмнөх  багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга  Х.М   Хурлын  тамгыг хүлээлгэн өгөөгүй  гэх үйл баримт нь хэргийн оролцогчдын тайлбар,хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 62,81-82,83, 164-166,173-175,196-197,201-203 дах тал/  тогтоогдсон.   

Улмаар  уг тогтоолын үндэслэн Цэнгэл сумын Засаг  даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах үндэслэлээр Л.Жйг 3 дугаар багийн Засаг даргаар түр томилсон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 32 дугаар зүйлийн 32.8.4,48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.6-д заалттай  тус тус нийцсэн байх ба  нэхэмжлэгчийн  “Цэнгэл сумын Засаг дарга  нь  багийн иргэдийн  Нийтийн  Хурлын тогтоол гараагүй байхад захирамж гаргаж Л.Жйг  багийн Засаг даргаар томилсон нь  хууль зөрчсөн” гэх  тайлбар нь үндэслэлгүй байна.

  10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-т тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд  уг актын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн  болох нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хүчингүй болгохоор хуульчилсан.  

Дээрх байдлаар гуравдагч этгээд Л.Жйг Цэнгэл сумын  3 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж,  Засаг даргаар томилсон  шийдвэрүүдийн улмаас  тус багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал аваагүй нэхэмжлэгч Д.Аийн  багийн Засаг даргад нэр дэвших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх, мөн маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзэх  тус тус үндэслэлгүй тул  уг актуудыг хүчингүй болгох, хуралдааныг дахин зарлан  явуулахыг  даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 32 дугаар зүйлийн 32.8.4,  56 дугаар зүйлийн 56.5.2, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар “Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Цэнгэл сумын Засаг  даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/03 дугаар “Ажилд томилох тухай” захирамжийг  тус тус  хүчингүй болгож,  хуралдааныг дахин зарлан  явуулахыг  даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 -д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

          

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ