Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг

хохирогч Л.Даваасүрэн

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Ган-Эрдэнэ

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа

шүүгдэгч Ж.Бөхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Жигдэнгийн Бөхбатад холбогдох 201619000816 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар 2017 оны 03 дугаар  сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Путрохими ХХК-д жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Жаргалант сумын Хэрлэн булаг баг 20-06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Жигдэнгийн Бөхбат, /РД:ФМ86092170/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Бөхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хустайн даваа гэх газар Кио Бонго маркийн 62-11 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2а дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Х.Аеро Сити маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас Л.Даваасүрэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, Э.Ган-Эрдэнэд 5.470.000 төгрөг, С.Батдэлгэрт 5.083.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

 

Шүүгдэгч Ж.Бөхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт ачаа хүргэж өгөхөөр болж Батбаатар бид 2 явж байгаад замаасаа Даваасүрэнг аваад явсан. Даваасүрэн нь нэг шил архи авч ирэхээр нь Төв аймаг руу явах замдаа бид 3 хувааж уусан. Төв аймаг орж, нэгдсэн эмнэлэгт баллоноо оруулж өгөхөд Батбаатарын хөл дээр баллон унасан. Батбаатарыг эмнэлэг орж хөлөнд нь боолт хийлгэж Улаанбаатар хот руу буцаж явах замд хустайн даваа дээр зогсож байгаад үлдэгдэл архиа уугаад цааш явж байгаад осол гаргасан. Осол гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Надад ял шийтгэл оногдуулахад гомдолгүй гэв.                                   

 

Хохирогч Л.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байхад найз Батбаатар над руу залгаад хаана байна гэж асуухаар нь ажил дээрээ байна гэж хэлэхэд Батбаатар би Төв аймаг руу явах гэж байна, чи 19 дүгээр хорооллын буудал дээр хүрээд ир ирэхдээ архи авч ирээрэй гэхээр би дэлгүүрээс архи худалдаж аваад Батбаатар дээр очтол Бонго Жи-3 маркийн машинтай Бөхбатын хамт ирсэн. Батбаатар Төв аймаг руу очоод ирье гээд 3-уулаа машинтай хөдлөөд явж байгаад замдаа клонкын дэлгүүрээс орж ундаа аваад нөгөө авсан архи хувааж уусан. Архи ууж байхад Бөхбат ганц уучихъя, өчигдөр архи уучихсан чинь дотор муу байна гэхээр нь чи машин барьж яваа, чи өөрөө л мэд гэж хэлээд архинаас Бөхбат 2-3 удаа уусан. Төв аймгийн эмнэлэг дээр ирээд машинаас баллон буулгаж байгаад Батбаатар хөл дээрээ баллон унагааж хөлөө гэмтээж эмнэлэг рүү орж боолт хийлгүүлж, буцаад Улаанбаатар хот руу явсан. Замдаа би унтчихсан байсан. Нэг мэдэхэд би эмнэлэгт ухаан орсон. Миний дух баруун талаараа хагарч оёдол тавьсан. Мөн баруун талын 2 хавирга хугарсан. Би хохирлын 4.315.750 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

              Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллага нь хүчилтөрөгч, азот болон аж үйлдвэрийн худалдааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Би уг компаний захирал ажилтай. Ж.Бөхбат нь манай компанид жолоочоор ажилладаг. Тухайн хэрэг гардаг өдөр өөрийн эзэмшлийн 62-11 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулж Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Би Бөхбатыг хэрэг гарахын урьд өдөр архи уугаагүй гэдгийг мэдэж байна, хохирогч Л.Даваасүрэн худлаа ярьж байна. Л.Даваасүрэн, Батбаатар нар урьд өдөр нь архи ууж шараа тайлах гэж дахин архи ууснаас болж осол гарсан. Бөхбатыг хохирогч Даваасүрэнгийн гэр рүү нь 2 удаа явуулж эмчилгээний зардалд гарсан мөнгийг төлөх гэсэн боловч Л.Даваасүрэнгийн эхнэр нь самарт явчихсан гэж хэлээд уулзахгүй байсан. Иргэний хариуцагчийн хувьд хохирогч Л.Даваасүрэнд шүүхээс хохирол төлбөрийг гаргуулахаар заасан тохиолдолд төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Хохирогч Л.Даваасүрэнг хохирлын баримтуудаа бүрдүүлээд ирвэл хохирлын мөнгийг төлнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгааныг миний хувьд хохирогч Л.Даваасүрэнгийн архи авч очсон үйлдлээс болсон гэж бодож байна. Ж.Бөхбатын хувьд манай компанид ажиллаж хохирол төлбөрөө гэрээгээр төлж байгаа тул гомдол саналгүй гэв.

 

              Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Хэрэг учрал болсон гэх газар Төв аймгийн Сэргэлэн сум Хустайн давааны баруун талын замд Х.Аеро сити маркийн 09-27 УНД улсын дугаарын автомашин, Киа бонго жи-3, маркийн 62-11 УНЧ дугаартай автомашинууд мөргөлдсөн байв. Автомашинуудын мөргөлдсөн гэх цэгийг А зам дээр үүссэн зураасан мөр болон хагарч бутарсан эд зүйлүүдээр үндэслэн авч хэмжилтийг хийв гэснээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүд..../хх-ийн 5, 8, 10 дугаар хуудас/

 

              Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал..../хх-ийн 7 дугаар хуудас/

 

              Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Уг тээврийн хэрэгсэл нь гражийн зүүн урд баруун хойд зүг рүү харсан байдалтай харж зогссон 62-11 УНЧ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн урд бамбай байхгүй салхины шил хагарсан кабин хэсэг баруун урд талаараа нилэнхүйдээ чихэгдсэн цаашаа орсон баруун урд дугуй байхгүй баруун талын 2 хаалга онгойх боломжгүй чихэгдэж орсон дотор салон нь баруун урд хэсгээрээ дотогшоо чихэгдэн орсон тээврийн хэрэглийн зүүн талд моторын заалт гол хэсэгтээ түлшний заалт гол хэсэгтээ хурдны заалт 50 км цаг өнгөрч заасан байх салоны баруун тал тэр чигээрээ дотогшоо чихэгдэж орсон байдалтай, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд..../хх-ийн 11-14 дүгээр хуудас/

             

              Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Үзлэгийг шаргал өнгийн улсын дугаартай Хюьндай Аеро сити маркийн автобусанд хийв. Уг автобус нь урд салхины шил байхгүй урд бамбай байхгүй, баруун урд хэсэг хонхойж цааш орсон, хаалга байхгүй, баруун талын урд толь хагарч байхгүй болсон баруун хойд арын жижиг цонх байхгүй, дотор талд хянах болон салон байхгүй, бусад хэсэг зүгээр хэвийн байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...гэх тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/
 

              Хохирогч С.Батдэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Драгон дээрээс 14 цагт Дундговь аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн Хараацай жигүүр ХХК-ны нэр дээр байх 09-27 УНД улсын дугаартай Х.Аеро сити маркийн автобустай 31 зорчигчтой гарсан юм. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хустайн давааны ар гэх газар явж байхад миний өөдөөс халз урсгад сөрж Кио бонго маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл ороод ирэхэд харсан чинь жолооч болон хажуу талд сууж байсан хүмүүс нь доошоо тонгойчихсон унтаж байгаа юм шиг харагдсан. Би гэрлээр дохиод сигнал өгсөн чинь ямар ч хариу байхгүй. Тэгээд би тулаад өөдөөс ороод ирэхээр нь бултуулаад зүүн гар тал руугаа жолооны хүрдээ дарсан чинь нөгөө машин миний автобусны баруун урд талаас мөргөсөн. Х.Аеро сити маркийн 09-27 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.083.000 төгрөгний шууд зардал, ажлын хөлс нь нийлээд 6.000.000 төгрөг болж байна...С.Батдэлгэр би Ж.Бөхбатаас 5.950.000 төгрөгний хохирлоо бүрэн хүлээн авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/


              Гэрч О.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Бөхбат Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт түгээлт хийхээр гарах гэж байсан би Эрдэнэт явахаар болоод явсан хооронд Ж.Бөхбат явсан байсан. Удалгүй осол болсон талаар сонссон. Албан ёсны ажилчин эсэхийг нь мэдэхгүй байна. Би ажилд түр хэсэг тээвэрт явуулж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

              Гэрч Б.Батбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Бөхбаттай таараад Ган-Эрдэнэ захирал Бөхбаттай түгээлтэнд яв гэхээр нь хамт явсан. Ажлаас гарах гэж байхад манай найз Даваасүрэн над руу утасдаад ажил дээр ирж байна гэхээр нь би түгээлтэнд гарах гэж байна гээд хамт явахаар болоод Даваасүрэнг аваад замаараа дэлгүүр орж тамхи аваад Төв аймаг орох замдаа Хустайн даваан дээр ирээд Даваасүрэнгийн авч ирсэн 0.75 граммын Хараа архийг Бөхбат, Даваасүрэн бид 3 хувааж уусан. Төв аймгийн Зуунмод сумын нэгдсэн эмнэлэг дээр ирээд ачиж байсан баллоноо буулгаж байгаад хөл дээрээ баллоноо унагааж эмнэлэг орж хөлөө боолгож дуусгаад эмнэлэгийн гадна зогсож байгаад нөгөө архинаасаа уусан. Тэгээд эмнэлэгийн гаднаас хөдлөөд Хустайн даваа дээр гарч ирээд дахиад нөгөө архинаасаа гурвуулаа хувааж уугаад би ард талд хэвтээд явсан. Удалгүй тар няр гээд явчихсан нэг мэдсэн чинь осол болчихсон байсан. Яаж осол гарсан талаар мэдэхгүй байна. Машин замын эсрэг урсгалын шороон хөвөөн дээр гарчихсан байсан. Бөхбат машинаа бариад хажууд нь Даваасүрэн суугаад би арын суудалд хэвтэж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

              Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №15068 тоот дүгнэлт:

              1.Даваасүрэнгийн биед хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, дээд зүүн 5 дугаар шүдний булгарал, зүүн дээд 2, 4 дүгээр шүдний хугарал, дух, баруун хацар, доод уруулд шарх, зүүн гарын сарвуунд цус хуралт, зулгаралт, цээж, баруун бугалга, тохойн баруун ташаа, баруун гуянд цус хуралт, баруун шүдний алимны салтанд цус харвалт, тархи доргилт  гэмтэл тогтоогдлоо.

              2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

              4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/

 

              “Ашид Билгүүн” ХХК-ний хийсэн Х.Арео ситс маркийн 09-27 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 52 дугаар хуудас/

 

              Ашид Билгүүн ХХК-ний хийсэн Кио Бонго маркийн 62-11 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээний тайлан автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 53 дугаар хуудас/

 

              Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 127 дугаартай дүгнэлт: Хавтаст хэрэгт байгаа материалтай уншиж танилцахад Кио Бонго маркийн 62-11 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Бөхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна гэж үзэв.

              Хавтаст хэрэгт байгаа материалтай уншиж танилцахад Кио Бонго маркийн 62-11 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Бөхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хохирлоно гэснийг зөрчсөн байна гэж үзэв.

              Хавтаст хэрэгт байгаа материалтай уншиж танилцахад Зам тээврийн осол нь Ж.Бөхбатын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн үйлдлээс болсон гэж үзэв...гэсэн дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/

 

              Шүүгдэгч Ж.Бөхбатын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 19 минутанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Драйгер багажаар шалгахад 2.06 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ВС ангиллын 634434 дугаартай жолооний үнэмлэхийг хураан авав...гэх тэмдэглэл /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Бөхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хустайн даваа гэх газар Кио Бонго маркийн 62-11 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2а дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Х.Аеро Сити маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас Л.Даваасүрэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, Э.Ган-Эрдэнэд 5.470.000 төгрөг, С.Батдэлгэрт 5.083.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

              хохирогч С.Батдэлгэрийн....”Төв аймгийн Сэргэлэн сумы нутаг Хустайн давааны ар гэх газар явж байхад миний өөдөөс халз урсгад сөрж Кио бонго маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл ороод ирэхэд харсан чинь жолооч болон хажуу талд сууж байсан хүмүүс нь доошоо тонгойчихсон унтаж байгаа юм шиг харагдсан. Би гэрлээр дохиод сигнал өгсөн чинь ямар ч хариу байхгүй. Тэгээд би тулаад өөдөөс ороод ирэхээр нь бултуулаад зүүн гар тал руугаа жолооны хүрдээ дараад нөгөө машин миний автобусны баруун урд талаас мөргөсөн... С.Батдэлгэр би Ж.Бөхбатаас 5.950.000 төгрөгний хохирлоо бүрэн хүлээн авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

              гэрч Б.Батбаатарын....016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг орох замдаа Хустайн даваан дээр ирээд Даваасүрэнгийн авч ирсэн 0.75 граммын Хараа архийг Бөхбат, Даваасүрэн бид 3 хувааж уусан. Төв аймгийн Зуунмод сумын нэгдсэн эмнэлэг дээр ирээд ачиж байсан баллоноо буулгаж байгаад хөл дээрээ баллоноо унагааж эмнэлэг орж хөлөө боолгож дуусгаад эмнэлэгийн гадна зогсож байгаад нөгөө архинаасаа уусан. Тэгээд эмнэлэгийн гаднаас хөдлөөд Хустайн даваа дээр гарч ирээд дахиад нөгөө архинаасаа гурвуулаа хувааж уугаад би ард талд хэвтээд явсан. Удалгүй тар няр гээд явчихсан нэг мэдсэн чинь осол болчихсон байсан. Яаж осол гарсан талаар мэдэхгүй байна. Машин замын эсрэг урсгалын шороон хөвөөн дээр гарчихсан байсан. Бөхбат машинаа бариад хажууд нь Даваасүрэн суугаад би арын суудалд хэвтэж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41/, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №15068 тоот дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 127 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ж.Бөхбатын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл болон шүүгдэгч Ж.Бөхбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Ж.Бөхбатад ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

           

            Шүүгдэгч Ж.Бөхбатад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ж.Бөхбатад хохирол төлөх боломж олгох болон хувийн байдлыг харгалзан баривчлах ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна.

           

            Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Бөхбатад цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Батдэлгэрт 5.950.000 төгрөгний хохирол төлбөрийг төлсөн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Ган-Эрдэнэд гэрээгээр хохирол төлбөрөө төлж байгаа, хохирогч Л.Даваасүрэн нь энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан шүүгдэгч Ж.Бөхбат нь эмчилгээний зардал болох хохирлыг төлж барагдуулаагүй байна. Хохирогч Л.Даваасүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулснаас хойш бүрдүүлсэн хохирлын баримтууд нь нотлох баримтын нотолгооны шаардлага хангахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:

            1.Л.Даваасүрэнгийн эмчилгээний зардлын тухайд гэмтэлд тохирсон шаардлагатай эмчилгээг бичсэн эмчийн бичиггүй,  эм авсан санхүүгийн баримтгүй, эмчилгээ Л.Даваасүрэнд хийсэн баримтгүйгээс гадна эм тариа авсан паданууд нь он сар, өдөр байхгүй, хэнд олгосон нь тодорхойгүй, нэг гарын үсгээр бичсэн байна.

            2. Замын зардлын тухайд хохирогч Л.Даваасүрэнгийн биш, өөр хүний нэр дээрх Вагоны билет, он сар өдрийн зөрөөтэй байна. Түүнчлэн дараа гарах зардал зэргийг энэ тогтоолоор гаргуулах боломжгүй байна гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар шүүхэд хураагдан ирсэн 62-11 УНЧ улсын дугаартай №0314916 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Э.Ган-Эрдэнэд буцаан олгох, шүүгдэгч Ж.Бөхбатын жолооны үнэмлэх болох №634434 дугаартай жолоочийн эрхийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяалах шүүхийн шийдвэр газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Жигдэнгийн Бөхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бөхбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хасч, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Бөхбатад 4 сарын хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

4. Ялтан Ж.Бөхбатад авсан бусдын батлан дааланд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Бөхбатын тээврийн хэрэгсэл жолоодох 2 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

            6. Ялтан Ж.Бөхбат нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн №0314916 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Ган-Эрдэнэд буцаан олгохыг дурьдсугай.

            7. Ялтан Ж.Бөхбат нь хохирогч С.Батдэлгэрт 5.950.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Ган-Эрдэнэтэй хохирол төлбөрийг төлөх гэрээ байгуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.  

            8. Хохирогч Л.Даваасүрэн нь эмчилгээнд гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

            9. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болох Ж.Бөхбатын №634434  дугаартай В,С ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ж.Бөхбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ