Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1097

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00588 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Э-д холбогдох

 

36 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Хариуцагч Д.Э-,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрчний гудамж, 29а байрны 45 тоот хаягт байрлах, 56.35 м.кв орон сууц худалдаж авахаар тохиролцсон. Хариуцагчийн зүгээс анх 90 гаруй сая төгрөгөөр байраа үнэлж, нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөр 36 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Ипотекийн 8 хувийн зээлээр төлж барагдуулна гэж тохиролцсон боловч ипотекийн зээлийн үндсэн шалгуур нь 1 м.кв-ыг 1 500 000 төгрөгөөр тооцож ипотекийн зээл олгох боломжтой гэх хариу өгсөн. Гэсэн хэдий ч ашиглалтад ороод 7 жил болчихсон байр тул 1 500 000 төгрөгөөс дээш үнэлэхгүй гэх гол шалгуурыг тавьсан боловч хариуцагчийн зүгээс 1 м.кв-ыг 1 730 000 төгрөгөөс доош үнээр үнэлэхгүй гэсэн. Үүнээс шалтгаалан ипотекийн зээл гарах боломжгүй болсон. Тиймээс талуудын хооронд хэд хэдэн маргаантай нөхцөл байдал бий болж, талууд байр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан. Нөгөөтэйгүүр талууд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд 36 800 000 төгрөгийг өгөх үүрэгтэй, тиймээс нэхэмжлэгчийн зүгээс шаардахад эхэндээ өгнө гэх боловч сүүлдээ өгөхгүй гэж дарамталсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс 36 800 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна гэж үзэн хүлээж аваагүй.

Тиймээс байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 36 800 000 төгрөгийг Д.Э-эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэрүүн компанийн ерөнхий захирлаар 27 жилийн турш ажиллаж байна. Энэ хугацаанд ажилчдынхаа нийгмийн асуудлыг судалж, дэмжиж ирсэн. Д.Б- нь 2015 оны намар манайд анх ажилд орж байсан. Тухайн үед бололцоогоор ажиллаж, хамт олноос итгэл хүлээлгэж байсан. Би удирдах хүмүүстэй ярилцаж, Д.Б-гийн гэр орныг судалсан ба миний нэр дээр Хан-Уул дүүрэгт Хос-Өргөө гэх 2 өрөө байр байсан, тэр байранд оруулахаар болж, урьдчилгаа төлбөрийг манай компаниас бүрдүүлээд өгчихье гэж тохирч бүрдүүлж өгөх асуудлыг менежер н.Баасанжав, н.Пүрэвтуяа нарт үүрэг болгосон. н.Пүрэвтуяа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надаас 5 500 орчим ам.долларыг чекээр авч тооцооны касс н.Оюунчимэгт хамгийн анхны байрны урьдчилгаа мөнгө гэж хэлээд Д.Б-гийн дансанд хийлгэсэн. Үүнийг манай хамт олон мэдэж байгаа. Хамгийн анхны 8 000 000 төгрөгийг АТМ-ийн бололцоот мөнгөөр гаргаж, буцааж хийж, авсаар 20 гаруй сая төгрөг болсон. Үүний дараа үлдэгдэл 10 000 000 төгрөгийг Д.Б- биеэрээ очиж авч, өөрийн Хас банкны цалингийн карт руу хийж дараа нь миний данс руу 10 200 000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж 12 сарын дундуур хийсэн. Ингээд урьдчилгаа төлбөрийн бичиг баримт бүрдсэн. Үүний дагуу Д.Б- бичиг баримтыг бүрдүүлж, Хас банкны Урт цагааны салбарын эдийн засагчтай уулзаж 36 000 000 төгрөгийн эх үүсвэрээ тодорхойлж чадаагүй тул болохгүй юм байна гээд больсон. Дараа нь би Голомт банкны харилцагч болж, салбарын захиралтай ярьж эдийн засагчтай уулзахад таны материалтай танилцсан, зарим зүйл дутуу байсан тул буцааж явуулсан. Танай хүн ярихгүй байсан гэж хэлэхэд нь Д.Б-гаас асуухад зээл авахаа больсон гэж надад хэлсэн. Нэг өдөр Д.Б- ирээд манай компанийн бүх хард дискийг хуулж аваад алга болсон. Тэгээд шууд мөнгө шаардсан. Д.Б- амьдраад 2 жил болохдоо нэг ч мөнгө өгөөгүй. Байртай болж болно гэхдээ ийм аргаар авах ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Би хэн нэгнийг байртай болгох гэж дэмжсэн. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Э.Энх-Эрдэнээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 181/ШШ2018/00588 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг хэт хийсвэрээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Б- нь Д.Э-тэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/а байрны 45 тоот хаягт байрлах 56.35 м.кв талбай бүхий байрыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 36 800 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2015 оны 12 дугаар сард дээрх байранд орсон. Худалдагч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул Д.Б- нь байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 36 800 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

Хэргийн материалын 6, 7, 8 дахь талд авагдсан баримтуудын гүйлгээний утгыг харвал Д.Б-гаас байрны урьдчилгаа төлж байсан болох нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн дансанд 36 800 000 төгрөг орсон болох нь тогтоогдож байгаа.

Хариуцагч Д.Э-ийн зүгээс нэхэмжлэгч Д.Б-д мөнгө шилжүүлэн өгч байсан зүйл байхгүй. Хууль зүйн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн мөнгөн хөрөнгийг өөрийн төлбөр гэж маргаж байгаа тохиолдолд уг мөнгө шилжүүлэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны нотлох үүрэгтэй. Нөгөөтэйгүүр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

“Сэрүүн” ХХК болон Ч.Энх-Эрдэнийн зүгээс Д.Б-д мөнгө шилжүүлэн өгч байгаагүй болохыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 183/ШШ2017/02512 тоот Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 383 тоот Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэрээс илэрхий зөрүүтэй хэт хийсвэр шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Нөгөөтэйгүүр хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг бодоод үзсэн ч АТМ буюу бэлэн мөнгөний машинаас гарсан зарлага болгоныг Д.Б-г авсан гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх хэргийг таамаглаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Дээрх 36 800 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан орлогын баримтуудаар нотлогдож байгаа. Мөн түүн дээр бичигдсэн гүйлгээний утгаар харагдаж байгаа. Зохигчид хооронд маргаан бүхий үйл явдал болох үед /2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл хугацаанд/ талуудын хооронд байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцож байсан учраас нэхэмжлэгч нь байрны урьдчилгаа гэж мөнгө шилжүүлж байсан.

Хариуцагчийн гаргаж буй тайлбарт дүн шинжилгээ хийвэл шүүхэд нэхэмжлэл гаргах болохоороо би Д.Б-г миний данс руу байрны урьдчилгаа хийлгээд байсан мэтээр тайлбарладаг. Гэтэл цагдаагийн байгууллагад хандах болохоороо “над руу мөнгө хийгээд байсныг огт мэдээгүй гэх зөрүүтэй” тайлбарыг гаргаж байгаа нь хүнээс байрны урьдчилгаанд төлсөн мөнгийг өгөхгүй байх арга хайж байгаа болохыг илтгэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт /нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 36 800 000 төгрөгийг хариуцагч Д.Э-эс гаргуулж Д.Б-д олгож/ оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч Д.Э-д холбогдуулан байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 36 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Б- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бодитоор байрны урьдчилгаанд зориулж мөнгө төлөөгүй, миний болон компанийн мөнгийг миний дансанд шилжүүлсэн гэж маргасан байна.

 

Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас үзэхэд зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар хүсэл зориг илэрхийлж байсан боловч уг гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Д.Э-эс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 29/а байр 45 тоот хаягт байрлах 56.35.м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцож, уг байрны урьдчилгаанд зориулж нийт 36 800 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Манай компани ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор М.Болормаад 56.35 м.кв талбайтай орон сууцыг банкны зээлээр худалдахаар болж, орон сууцны урьдчилгаа төлбөрийг миний болон компанийн данснаас авч, эгүүлэн хийх хэлбэрээр бүрдүүлсэн” гэж тус тус тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дансанд шилжүүлсэн мөнгөний эх үүсвэрийн талаар маргажээ.

 

Хэрэгт цугларсан хариуцагч Д.Э-ийн Хас банкны 5001465586 тоот дансны хуулга, “Сэрүүн” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт, гэрч Э.Булгантамир, Н.Оюунчимэг, Б.Пүрэвтуяа нарын мэдүүлэг зэргээр хариуцагчийн дансанд байрны урьдчилгаа төлбөрийн зориулалтаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн 36 800 000 төгрөг нь түүний банкнаас орон сууцны зээл авах материал бүрүүлэхэд зориулж хариуцагч өөрийн хувийн болон компанийн хөрөнгөнөөс гаргаж өгсөн мөнгө болох нь тогтоогджээ. /хэргийн 144, 145, 147-149, 173-177 дугаар тал/

 

Түүнчлэн, Д.Э- болон “Сэрүүн” ХХК-иас Д.Б-д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/02512 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт хариуцагч Д.Б- нь “36 800 000 төгрөгийг Д.Э-д шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл аваад, мөн өөрийн цалингаас төлөхөөр болсон” гэж тайлбар гаргаж байснаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч болон түүний компаниас 36 800 000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрийг байршуулах зорилгоор авсан гэх үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн уг шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 383 дугаар магадлалд нэхэмжлэгчийн шилжүүлсэн дээрх мөнгө хариуцагч болон түүний компанийн үйл ажиллагаанд буцаан зарцуулагдсан талаар дүгнэсэн байх бөгөөд хариуцагч Д.Э-д нэхэмжлэгч Д.Б- төлөх зээлийн төлбөргүй буюу уг мөнгийг зээлэх зорилгоор шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч уг мөнгийг хариуцагчид зээлэх зорилгоор шилжүүлээгүй ба буцаан авсан гэж үзжээ. /хэргийн 112 дугаар талын ар тал/

 

Нэхэмжлэгч хариуцагчийн дансанд байрны урьдчилгаа төлбөрийн зориулалтаар шилжүүлсэн мөнгийг түүнээс аваагүй буюу өөр эх үүсвэрээс бүрдүүлсэн болохыг нотолсон болон дээрх үйл баримтуудыг няцаасан баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-гийн хариуцагч Д.Э-эс 36 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                   С.ЭНХТӨР