Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2021/00027/и |
Дугаар | 54 |
Огноо | 2021-01-14 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00027/и *******-******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-******* аймгийн ******* сумын Өргөө баг, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт*******ийн ******* /РД:Т***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-******* аймгийн Орхон сумын ** дугаар баг, Энхтал 9** дугаар зөрлөг гудамж ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:М**1/-т холбогдох
"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Бид 2018 онд танилцан, хамт амьдрах болсон. Бидний дундаас 2019 оны 06 сарын 21-ний өдөр хүү О.******* төрсөн. А.*******ын иргэний үнэмлэх зөрчилтэй байсан тул гэрлэлтээ батлуулаагүй. Харин хүүгээ эцэгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан. 2020 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдраад, хүүхдээ эргэж тойрох нь багассан. Цаашид бид хамт амьдрах боломжгүй. Хүү маань одоо 1 нас 4 сартай, миний асрамжинд байдаг. Иймээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү" гэв.
Хариуцагч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2018 оноос эхлэн хамт амьдарсан нь үнэн. 2019 оны 06 сарын 21-ний өдөр хүү О.******* төрсөн. Миний хүү мөн. Бидний хооронд маргаан үүссэний улмаас 2020 оны 09 сараас хойш тусдаа байгаа. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүгээ эх дээр нь байлгахад маргах зүйлгүй. Харин цаашдаа хүүтэйгээ уулзаж баймаар байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч А.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2018 онд танилцан, гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч байсан, улмаар 201** оны 06 сарын **-ний өдөр хүү О.*******ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 4501001145 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр ******* овогт *******ийн ******* гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар О.*******ын эцэг А.******* болохыг захиргааны журмаар тогтоосон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч А.*******аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүү О.******* нь эх Ж.*******ын асрамжинд байгаа тул хүү О.*******ыг эхийн асрамжинд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2019 оны 06 сарын 21-ний өдөр төрсөн хүү О.*******ыг эх Ж.*******ын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 201** оны ** сарын **-ний өдөр төрсөн хүү О.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.*******аас тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 33,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
|