Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/173

 

 

 

 

 

 2024       02          20                                   2024/ШЦТ/173

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Сайнхүү /томилолтоор/,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Боржигон овогт Ц-ны Гт холбогдох эрүүгийн 2325 00301 0492 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *****-д гэрээт борлуулагчаар ажиллаж байгаа гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ************** тоотод оршин суух,

Урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 362-А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.2, 91.2.11-д зааснаар 17 жил хорих ялаар шийтгүүлж байсан,

Боржигон овогт Ц.Г /регистрийн дугаар: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Централ таунд байрлах “Lavazza” кофены газраар үйлчлүүлэхдээ өөрийгөө Нийслэлийн Засаг даргын ажлын албанд нууцыг хариуцсан даргаар ажилладаг “100 хувь төрөөс хариуцах нөхцөлтэйгөөр үнэгүй байранд оруулж өгнө” гэж хохирогч Г.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 26 удаагийн үйлдлээр нийт 17,450,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************, охин Г.Ц-ийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “миний дэлгүүр” дотор байх хараа зүйн төвөөр үйлчлүүлэхдээ өөрийгөө Засгийн газрын хяналт шалгалтын газарт дэд даргаар ажилладаг “Чингисийн хүрээний аманд байрлах 2 газар авч өгнө”, “охиныг нь Австрали улс руу явуулах тэтгэлэгт хамруулж өгнө, явахад асран хамгаалах нэг насанд хүрсэн хүн хамт явах эрхтэй” гэж хохирогч П.Г-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 4 удаагийн үйлдлээр нийт 2,839,000 төгрөгийг бэлнээр болон охин Г.Ц-н эзэмшлийн Хаан банкны ************, С.Б-ын эзэмшлийн Хаан банкны ********* тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,

2023 оны 05 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэмүүлэл эрдэм” сургуулийн захиргаанд өөрийгөө “Олон улсын төсөл хөтөлбөр дээр ажилладаг” гэж хохирогч Х.Нямцэрэнг хуурч, “танай сургуулийн төсөл хөтөлбөр бүтэх магадлал өндөртэй байгаа, төслийг орчуулах шаардлагатай болсон тул 500,000 төгрөгийг шилжүүлээрэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг охин Г.Ц-ийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл

ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид байдалд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн “Олон улсын хөтөлбөрийн баруун бүс хариуцсан ажилтнаар ажилд оруулж өгнө” гэж хохирогч Л.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 17 удаагийн үйлдлээр нийт 17,450,000 төгрөгийг охин Г.Ц-н эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар шилжүүлэн авсан,

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн төвд өөрийгөө Олон Улсын Жайка монголия төвд ажилладаг “байранд оруулж өгнө, дарга нарын гар цайлгах хэрэгтэй байна” гэж хохирогч Ө.Ө-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,030,000 төгрөгийг охин Г.Ц-н эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо централ таурын 3 дугаар давхарт байрлах кофе шопт ажилладаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай ажил дээр Ц.Г гэж хүн үйлчлүүлж байхдаа та хэдэн хүүхэдтэй вэ гэж асуухаар нь би нэг хүүхэдтэй гэсэн тэгсэн өө ямар азгүй юм гэсэн тэгэхээр нь яасан гэж асуухад тэр залуу Хүрэлсүх ерөнхийлөгч ерөнхий сайд байхдаа гаргасан 3 хүүхэдтэй айлыг орон сууцанд оруулах байсан гэсэн тэгэхээр нь би “өрх толгойлсон хүн байж болдоггүй юм уу” гэсэн тэгсэн чинь надаас яагаад салсан юм бэ гэхээр нь би “үгүй хүнтэй суугаагүй” гэж хэлсэн тэгсэн чинь тэр залуу “за би асууя судалъя” гэсэн... Тэгээд тэр залуу эргээд жаахан байж байгаад ************ гэсэн дугаараас залгаж “болох юм байна, би буцаад танай ажил руу яваад оръё” гэсэн тэгээд удалгүй орж ирээд “2019 онд хүмүүс оруулах тушаал байгаа материалаа яаралтай бүрдүүлж өг гээд миний иргэний үнэмлэхийн зургийг дарж аваад одоо шууд төрийн сангийн мэдээлэлд орж байгаа гээд 860,000 төгрөг яг одоо шилжүүлчих гэсэн тухайн мөнгө нь 2019 онд тушаасан баримт байх ёстой гэсэн тэгээд шилжүүлэхдээ утга дээр П122728 гэсэн кодоор хаан банкны ********* тоот дансанд шилжүүлээрэй" гэсэн тэгээд би тухайн үед 860,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш ажил амжилттай, бүтэмжтэй байгаа гээд “ажил амжуулах мөнгө хэрэгтэй байна” гэж цувуулж авсаар байгаад нийт 16,881,000 төгрөг өгч залилуулсан байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 89-90, 92-р хуудас/,

Хохирогч Г.Б-ын эзэмшлийн Хаан банкны ***********, Голомт банкны 2015106506 тоот харилцах дансны лавлагаа /4-р хх-ийн 61-86-р тал/,

- Хохирогч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад нэг хүн ирж үйлчлүүлж, хараа зүйн талаар зөвлөгөө авч байх явцдаа надад өөрийгөө “Засгийн газрын хяналт шалгалтын газарт дэд даргаар ажилладаг Г гэж хүн байна" гэж танилцуулсан. Улмаар надаас төрөөс тэтгэлэг, газар, орон сууц зэрэг ямар нэг үйлчилгээ авч байсан эсэх талаар тодруулж асуусан. Тэгэхэд нь би үгүй гэж хэлтэл “би танд тусалж болно шүү та маргааш холбогдоорой” гэж хэлээд миний гар утасны дугаарыг авч, мөн өөрийнхөө ********** гэсэн дугаарын утсыг надад өгсөн. Ингээд маргааш өдөр нь над руу Г гэх хүн өөрөө залгаад “та газар авах уу, Чингисийн хүрээний мананд. Онцгой байдлын ерөнхий газрын амралтын хажууд 2 айлын газар байна гэхээр нь би зөвшөөрч...  “авъя” гэхэд газрын гэрчилгээ гаргуулах хүмүүсийнхээ үнэмлэх, гэрчилгээний зургийг нь миний энэ дугаар дээр байгаа Вайбер /viber/ хаяг руу явуулаарай гэж хэлсэн. Улмаар би өөрийн хоёр охин болох С, Са нарын мэдээллийг буюу иргэний үнэмлэхийнх нь зургийг түүний хаяг руу явуулсан. Тэгтэл Г код очихоор 512,000 төгрөг шилжүүлээрэй гэсэн ба нэг их удаагүй D150730 гэсэн код ирэхээр нь Гийн хэлсэн ********* тоот дугаарын данс руу 512,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Тэгтэл газрын гэрчилгээ 14 хоногийн дараа гарна гэж хэлсэн. Түүнээс хойш бид нартай “сонин сайхан юу байна” гэж мэнд мэдэх зорилгоор ярьж байгаад 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр над руу Г утсаар яриад “охиноо Австрали улс руу явуулах тэтгэлэгт хамруулах уу?” гэхээр нь тэгье гэж мөн дахин зөвшөөртөл “эхний ээлжид 1,000,000 төгрөг хэрэгтэй болно” гэхээр нь манай охин тэр даруйд нь бэлнээр аваачиж өгсөн. Тэгтэл түүний дараа үдээс хойш нь “270,000 төгрөг шилжүүлээрэй дутаж байна” гэхээр нь түүний явуулсан Б гэх хүний данс руу шилжүүлж өгсөн. Тэгэхэд “ийм ч бичиг, тийм ч бичиг хэрэгтэй байна” гээд янз бүрээр ярьдаг байсан. Бүр охины маань дүнгийн хуулга, сургуулийн тодорхойлолт зэрэг зүйлс хэрэгтэй байна гэж авч байсан. Мөн манай охиныг дуудаж 119 дүгээр сургууль болон хажуу талын цэцэрлэгт шалгалтаар явж байна, чи протокол хөтлөөд явж бай гэж дагуулж явсан байсан. Ингэж явж байхдаа охиныг чинь явахад асран хамгаалах, нэг насанд хүрсэн хүн явах эрхтэй юм байна, явж болно шүү гэхээр нь би том охиноо хамт явуулъя гэхэд “өө болно болно” гэж байсан. Ингээд хэд хоногийн дараа охинтой чинь хамт явах хүн 300 америк доллар хийх ёстой юм байна" гэхээр нь би тэр үед нь бодож 1,100,000 төгрөг ********* тоот дугаарын өөрийнх нь өгсөн данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд түүнээс хойш байнга надтай болон манай охинтой холбоотой байсан ба газрын гэрчилгээ болон хүүхдийн тэтгэлгийн талаар асуухад Г нь газрын тухай хэлэхдээ “жагсаал цуглаантай холбоотой бичиг цаас жаахан удаад байгаа, удахгүй гарна, харин хүүхдийн тэтгэлгийн талаар Австрали улсаас имейл ирсэн, бүтсэн байна лээ, 1 сар гаргаад 14 хоногийн хугацаатай сургалтад суух юм байна лээ гэж байсан. Энэ хугацаанд Гийн үг хэл, яриа нь зөрөөд байсан учраас “худлаа юм шиг байна” гэж сэжиг авч дахин 900,000 төгрөг, 1,200,000 төгрөг нэхэхэд нь одоогоор боломжгүй байна гэж түр хугацаанд аргалсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сард холбогдох гэтэл гар утас нь холбогдохоо больчихсон байсан... Тухайн Ц.Г гэх хүн надад 1,000,000, 2,000,000 миний Хаан банкны 526596234 дугаарын данс руу шилжүүлсэн ба надад учруулсан 2,839,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /4-р хх-167-р хуудас/,

Хохирогч П.Г-ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот харилцах дансны хуулга /4-р хх-ийн 157-160-р хуудас/,

- Хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тухайн асуудал 2023 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, намайг ажил дээр байхад өөрийгөө Г гэж танилцуулсан эрэгтэй хүн өрөөнд орж ирээд би олон улсын төсөл хөтөлбөр дээр ажилладаг юм. Аймгуудаар томилолтоор ажиллаж байгаа. Төрийн одон медаль, засгийн газрын шагналаар шагнуулах хүмүүс байвал тодорхойлолт өгч болно. Өөр ямар ч шаардлагатай зүйл байвал надад танилцуулж болно гэж хэлсэн. Тухайн үед манай урлаг заал засвар үйлчилгээ хийх шаардлагатай байсан тул тухайн Г гэх хүнд танилцуулахад би энэ тал дээр тусалж гадаадын төсөл хөтөлбөрт хамруулж өгье гэж хэлээд явсан... 2023 оны 06 дугаар сарын 20-ны үед утсаар залгаад танай сургуулийн төсөл хөтөлбөр бүтэх магадлал өндөртэй байгаа. Тийм учраас та нарын бичсэн төслийг орчуулах шаардлагатай болсон. Орчуулагчийн хөлс 500,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсэн... орчуулагчийн данс гэж ********* Ц гэж хүний данс шүү гээд өгөхөөр нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ************ дугаарын данснаас ********* дугаарын Ц гэсэн нэртэй данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн... Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гийн дүү гэх эрэгтэй хүн ********** дугаарын утаснаас миний дугаар луу залгаад би Гийн дүү байгаа юм. Г ахын гаргасан асуудлыг мэдсэн таныг залилсан юм байна. Таны хохирлыг би барагдуулъя гээд 500,000 төгрөг шилжүүлсэн. Би Г гэх хүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 247, 249-р хуудас/,

Хаан банкны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5540/335 дугаартай “********* тоот данстай Г овогтой Ц байх ба асран хамгаалагч Ц овогтой Г *******/ Хаан банканд бүргэлтэй, Улаанбаатар *********** тоот, Утас 88038777 байна. ********* тоот  тоот дансны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх дансны хуулгыг хүргүүлж байна” гэсэн лавлагаа, хуулга /5-р хх-ийн 2-3-р хуудас/,

Мобиком ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/7083 дугаартай “... 95887596 эзэмшигч нь Ц овогтой Г /**********/” гэсэн лавлагаа /5-р хх-ийн 8-р хуудас/,

- Хохирогч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ц.Г ************* дугаарын утаснаас залгаж таныг ажлын албаны хүмүүст танилцуулсан, материал чинь шаардлага хангасан, одоо цаг алдаад юу хийх билээ, ажлаа эхлүүлэх үү. Таны өгсөн материалыг гадаад улсын 3 хэлээр орчуулж, тухайн улс руу нь явуулдаг юм. Иймд орчуулга, ажлын хөлс гэж 2,000,000 төгрөгийг Хаан банкны ********* дугаарын данс руу *********** гэж гүйлгээний утгатай шилжүүлээрэй гэж хэлсний дагуу өөрийн ашигладаг Хаан банкны *********** дугаарын данснаас Гийн Ц гэх нэртэй Хаан банкны ********* дугаарын данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Ц.Гийн утас руу залгаж мөнгө орсон уу гэж асуухад орсон гэж хэлсэн. Үүнээс хойш Ц.Г нь удаа дараа утсаар залгаж, төсөл хөтөлбөр хариуцаж ажиллах ёстой болохоор олон улсын сургалтад сууж гэрчилгээ авах ёстой, гадаад улс руу олон удаа явах тул ногоон паспорт гаргаж авах хэрэгтэй байна, ажлын албаар дамжуулж ногоон паспорт гаргаж өгье гэх мэтээр худлаа хэлж 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ашигладаг Хаан банкны ************ данснаас Гийн Ц гэх хүний Хаан банкны ********* данс руу 2 удаагийн гүйлгээгээр 200,000 төгрөг, 3,600,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, /дарга нь сайхан баярлаарай гэх утгатай/, 2023 ны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг /510 гэх утгатай/, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,100,000 төгрөг /паспорт гэх утгатай/, 1,000,000 төгрөг /d гэх утгатай/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг /даргад гэх утгатай/, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг, 150,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн ашигладаг Төрийн банкны ************* данснаас 500,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банкны дээрх данснаас 400,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны данснаас 700,000 төгрөг, энэ оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, энэ оны 07 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, энэ оны 07 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг /төсөл гэх утгатай/ нийт 17 удаагийн гүйлгээгээр 17,450,000 төгрөгийг шилжүүлсэн боловч Ц.Гийн ярьж байсан нэг ч зүйл бүтээгүй, ногоон паспорт гараагүй, сүүлдээ утсаар худлаа ярьж эхэлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан... Би хохирлын 17,450,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаарын дансаар хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. ..." гэсэн мэдүүлэг /1-р xx-ийн 18-19, 21-р хуудас/,

Гэрч Н.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ээж О надад хандаж нөгөө мөнгө өгсөн хүн чинь алга болчихлоо би цагдаад өргөдөл бичиж өгсөн гэж хэлсэн. Сүүлд Ц.Г гэх нэртэй хүнд мөнгө өгч залилуулсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-р хуудас/,

Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23/748 дугаартай албан бичиг, Гийн Ц-н эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай харилцах дансны лавлагаа /1-р хх-ийн 96-98-р хуудас/,

- Хохирогч Ө.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх Хонхор тосгоны эмнэлэгт ажил дээрээ байхад Олон улсын нэрийг барьсан үл таних эрэгтэй орж ирээд нийт эмнэлгийн хүрээнд байр үнэгүй өгөх гэж байгаа, тэгээд чи яг тохирно, шалгуурыг хангасан хүн байна гэж хэлээд надаас бичиг баримтын мөнгө гэж хэлээд 3.400.000 төгрөгийг ********* тоот данс руу шилжүүлсэн, тэгээд бичиг баримт чинь болчихсон, одоо өөр том дарга руу орно, гар цайлгах мөнгө шилжүүлээрэй гэхээр нь 630,000 төгрөгийг өмнө өгсөн данс руу шилжүүлсэн, харвал танина, 180 см өндөртэй 40 орчим насны хүн байсан... Би хохирлоо барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 89, 95-р хуудас/,

Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 29/9654 дугаартай албан бичгээр ирүүлсэн Гийн Ц-н эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай харилцах дансны лавлагаа /5-р хх-ийн 97, 98-р хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5-р хх-ийн 99-101-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

 

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Харин хохирогч П.Г “... Би ээж Б-ийн тэтгэврийг 6 сарын хугацаатай 1,000,000 төгрөгийн зээл авхуулсан, зээлсэн хүү, алдагдлыг авах хүсэлтэй”  /4-р хх-ийн 167-р хуудаст/ гэж мэдүүлсэн байх тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Гоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Гийн хүлээн зөвшөөрсөн таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Гийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр баривчилж, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ЦХШЗ/135 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ЕШЗ/1819 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 38 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас хасаж тооцов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ц-ы Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй,

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан торгох ялыг нэг (1) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийн цагдан хоригдсон 38 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж, нийт оногдуулах торгох ялыг 4,430,000 төгрөгөөр тогтоосугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Хохирогч П.Г нь зээлийн хүү, алдагдлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Гоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОТГОНБААТАР