Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 55

 

Э.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Г.Уянга

Хохирогч                                      Ц.Э-

Нарийн бичгийн дарга                Т.Төмөрчөдөр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 433 дугаар шүүгчийн захирамжтай, Э-гийн А-д холбогдох, 2018001470118 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Ш- овогт Э-гийн А-.

Яллагдагч Э.А- нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 433 дугаар шийтгэх тогтоолоор:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш- овогт Э-гийн А-д холбогдох эрүүгийн 2018001470118 дугаартай хэргийг прокурорт буцааж,

-Хэргийг прокурорт очтол Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Ц.Э-ын гар утсаа алдсан гэх үйлдэлд холбогдох ажиллагааг хангалттай хийж гүйцэтгэсэн. Тухайлбал хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.Э-ын 275.000 төгрөгийн үнэ бүхий “Huawai В6” маркийн утсыг гудамжинд буюу газарт унасан байхад нь Г.А- нь авсан болох нь тогтоогдсон. Г.А- нь тухайн хэрэг үйл явдал болох үед яллагдагч Э.А-тай цуг явж байсан нөхцөл байдал нь тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, эсхүл бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж шууд дүгнэн үзэх боломжгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Э.А- гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр нь хангалтгай тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Э.А- нь олон нийтийн газарт зүй бус үйлдэл гаргасан хохирогч Ц.Э-ын үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүний бие махбодид санаатай халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Харин Г.А-гийн хувьд дээрх хэрэг үйлдэгдэх үед хохирогч Ц.Э- болгоомжгүйгээр газарт унагасан байсан гар утсыг хууль бусаар өөрийн эзэмшилд авах буюу завших сэдэлт, зорилгоор авсан болох нь хэрэгг авагдсан баримтаар тогтоогдсон.

Түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжтэй байх боловч уг үйлдлийн улмаас бусдад хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учраагүй тул Г.А-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлгүй байна. Иймд түүнд холбогдох уг үйлдэл зөрчлийн хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоолгохоор зөрчлийн хэрэг бүртгэлтэд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан болно.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд яллагдагч Э.А-, иргэн Г.А- нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу яллагдагч Э.А- нь хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 433 дугаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гвэ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Э-:

Ярих зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байх тул хүлээн авч, анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл яллагдагч Э.А- нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан талаар эрх бүхий шинжээчийн дүгнэлт гарсан.,  хэргийн талаар ямар нэг маргаан гараагүй байна,

          -Хэрэгт хохирогч Ц.Э- мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан, энэ талаар бусад гэрчүүд гэрчилсэн, түүнчлэн яллагдагч Э.А- нь болсон үйл явдлыг тодорхой ярьж, хэргээ хүлээн мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг харилцан зөрүүтэй, нэгнийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн, эсхүл үйл баримт нь яллагдагч, гэрч, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлттэй зөрчилдсөн зүйлгүй,

          -Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйгээс гадна шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч Ц.Э-ын 275.000 төгрөгийн үнэ бүхий “Huawai В6” маркийн гар утас газарт унасан байсныг бусдынх гэдгийг мэдсээр байж Г.А- нь завших сэдэлт, зорилгоор хууль бусаар өөрийн эзэмшилдээ авсан болох нь хэрэгг авагдсан баримтаар тогтоогдсон байх боловч уг үйлдлийн улмаас хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учраагүй, гар утсыг нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө хохирогчид буцаан өгсөн байх тул Г.А-д эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзээд түүний үйлдэл нь зөрчлийн хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тоггоолгохоор зөрчлийн хэрэг бүртгэлтэд шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ.   

Үүнээс үзвэл яллагдагч Э.А-д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэх бүрэн боломжтой байх бөгөөд Г.А-д холбогдох зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт хавсаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 433 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э-гийн А-д холбогдох, 2018001470118 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

            2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                               Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ