Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл   

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын Д.Мөнхцэцэг

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энх-Амгалан  

шүүгдэгч Б.Баяр, Г.Зоригтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баясгалангийн Баяр, Ганбаатарын Зоригтсайхан нарт холбогдох 201619000763 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Б.Баярын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 4 дүгээр курсийн оюунтан, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт  Төв аймгийн Жаргалант сумын буурлын 1 дүгээр баг Овоотын 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Баясгалангийн Баяр /РД:НМ94061714/

 

            Шүүгдэгч Г.Зоригтсайханы биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг Замтын 1-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбаатарын Зоригтсайхан, /РД:НМ95110411/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Зоригтсайхан, Б.Баяр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний шөнийн 23 цаг 40 минутын орчим Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах караокед иргэн М.Оюунболдыг гаргахдаа мөрлөлөө гэж уурлан маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Б.Баяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр бид 2 пиво уугаад сууж байсан чинь хохирогч гаднаас орж ирээд Зоригтсайхантай шүргэлцээд, маргалдсан. Би хохирогчийн нуруу луу 1 удаа өшиглөсөн гэв.

Шүүгдэгч Г.Зоригтсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Баяр бид хоёр бааранд пиво уугаад сууж байсан чинь гаднаас хохирогч болох залуу орж ирсэн. Хохирогч залуу пиво зардаг юм уу гээд бид хоёроос асуухаар нь бид хоёр пиво зардаггүй цаана чинь зардаг гэж хэлсэн. тэгээд пиво аваад гарч явахдаа та хоёроос асуугаагүй шүү гэж хэлээд гарсан. Тэгээд хохирогчтой маргалдаад зодолдсон гэв.

 

Хохирогч М.Оюунболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Харанхуй гэх газраас төмс ачаад сумын төв рүү оруулж, зооринд хийсэн. Тухайн үед хамт төмс хурааж байсан 3 байлдагч, 2 грушикийн хамт явж байсан, сумын нээлттэй байсан караокед пиво авах гээд орсон. Тухайн караокед 1 охин 2 залуу байсан. Намайг пиво аваад гарах гэтэл тэр 2 залуу өдөж хоргоогоод байхаар нь та 2 зүгээр байгаарай гээд гарах гэтэл тэр 2 залуу хаалган дээр зогсож байхаар нь би нэгнийх нь гарыг түлхээд караокенээс гартал хойноос татаж чангаагаад байхаар нь машинд сууж байсан 3 цэрэг, 2 грушик юу болж байна гээд гараад ирэхэд Зоригоо гэх залуу намайг хавсарахад би унаагүй, тэгтэл намайг тонгорч унагаад толгой руу 1 удаа өшиглөхөд нөгөө 1 залуу нь миний нуруу руу 1-2 удаа өшиглөсөн. Надтай хамт явсан 5 залуу тэр 2-ыг надаас салгахад Зоригоо гэх залуу намайг барьж байгаад нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Миний толгой хагараад цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Э.Гантулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Зэвсэгт хүчний 032 дугаар ангид цэргийн алба хааж байсан. Төв аймгийн Жаргалант сумын нутагт ногоо хураалтаар очсон. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр жолооч Оюунболд, 2 ачигч, Бат-Эрдэнэ, Дорж гээд 2 байлдагчийн хамт ногоо ачаад зооринд буулгаад буцаж явах замдаа сумын караокений өмнө зогссон. Тэгээд манай жолооч тус караоке руу орсон. Хэсэг хугацааны дараа 2 залуутай муудалцаад гараад ирсэн. Манай хэд буугаад би араас нь гутлаа өмсөөд гарахад 1 намхан залуу жолооч Оюунболдыг тонгорч унагаахад арай өндөр залуу нь өшиглөж байгаа харагдсан. Яг хаана нь өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Манайхан тэд нарыг салгаад жолооч машиндаа суугаад цагдаа дуудахаар явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

Гэрч П.Дорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Зэвсэгт хүчний 032 дугаар ангид цэргийн алба хааж байсан. Тухайн үед би Төв аймгийн Жаргалант сумын нутагт ногоо хураалтаар очсон байсан. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр жолооч Оюунболд, 2 ачигч, 1 настай ах, Бат-Эрдэнэ, Гантулга гэх 2 байлдагчийн хамт ногоо ачаад зооринд буулгаад буцаж явах замдаа сумын караокений өмнө зогсоод манай жолооч караоке руу орсон. Хэсэг хугацааны дараа 1 залуутай муудалцсан байдалтай гарч ирэхээр нь бид нар машинаасаа буугаад ирэхэд жолооч Оюунболд нь бид нарт эдгээр залуус том дуугараад байна гэж хэлсэн. Тэгтэл нэг намхан залуу нь тонгорч унагаагаад толгой руу нь өшиглөхөд хажууд нь байсан 1 залуу нь бас өшиглөсөн. Тэгээд бид нар салгаад жолооч цагдаа дуудна гээд явсан. Оюунболд эхлээд намхан залуутай муудалцаад гарч ирсэн. Юунаас болж муудалцсныг мэдэхгүй байна. Жолоочийн биед тэр 2 залуу гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

Гэрч П.Хулан мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багт байрлах өөрийн ээж Даваанямын караокег ажиллуулаад байж байхад 19 цагийн үед Зоригтсайхан, Баяр, Лхагваа нар гаднаас 2.5 литрийн пиво аваад орж ирээд уугаад Лхагваа явчихсан, Зоригтсайхан, Баяр хоёр үлдээд архи авч дээрээс нь бага зэрэг уугаад сууж байтал шөнийн 23 цаг 40 минутад гаднаас танихгүй залуу орж ирээд пиво байгаа юм уу гэхэд би пиво байгаа гэж хэлэхэд Баяр тэр залуугаас чи хаанахынх вэ асуухад тэр залуу хаанахынх байх та нарт хамаатай юу гэж хэлсэн. Би цаад өрөө рүү ороод пиво аваад гараад ирэхэд тэр танихгүй залуу Баяртай хэрэлдээд зогсож байсан. Би тэр танихгүй залууд пиво өгтөл гараад явахад Зоригтсайхан орж ирж таараад тэр хоёр хаалганы дэргэд мөрлөлдсөн. Тэгтэл нөгөө танихгүй залуу машин руугаа даллаад шүгэлдтэл машинаас 4-5 хүн бууж ирсэн. Баяр танихгүй залуугаас зүгээр л хаанахынх вэ гэж асуухад тэр залуу эхлээд хаанахынх байх нь та нарт хамаагүй юу гээд маргаан эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Гэрч П.Мягмардорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутагт Зоригтсайхан ахаас морь авах гээд утсаар холоо барихад Зоригтсайхан ах Буурлын 1 дүгээр багийн нутагт байдаг караокед сууж байна гэхээр 23 цагийн орчим очиход Зоригтсайхан, Баяр ах нар нэг ширээн дээр сууж байсан. Тэгтэл гаднаас танихгүй ах орж ирээд Зоригтсайхан, Баяр ах нар руу хандан энд пиво зардаг юм уу гэж асуухад Баяр ах түүнд хандан би пиво зардаг юм шиг харагдаад байна уу гэхэд Хулан эгч пиво байгаа гэж хэлээд цаашаа явсан. Баяр ах тэр залуугаас чи хаанахынх вэ гэхэд тэр танихгүй ах хаанахынх байх нь чамд тийм хамаатай юу гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Би караокенээс гараад явсан, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Жолооч пиво авна гээд ороод хэсэг хугацааны дараа нутгийн Зоригоо гэх залуутай муудалцаад гарч ирсэн. Араас нь нэг залуу гарч ирэхээр нь эхлээд Энхмандах буугаад араас нь цэргүүд буугаад хамгийн сүүлд би гутлаа өмсөөд буусан. Тэгтэл жолоочийн толгойноос цус гарсан, Зоригоо түүний араас хөөж байсан. Жолооч пиво авах гэж ороод Зоригоо болон түүний найзтай маргалдсан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 13764 тоот дүгнэлт: Оюунболдын биед баруун зулайн хуйхны шарх, тархи доргилт, дух, хамрын уг, зүүн шуу, нурууны зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Зоригтсайхан, Б.Баяр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний шөнийн 23 цаг 40 минутын орчим Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах караокед иргэн М.Оюунболдыг гарахдаа мөрлөлөө гэж уурлан маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Оюунболдын.... “Зоригоо гэх залуу намайг хавсарахад би унаагүй, тэгтэл намайг тонгорч унагаад толгой руу 1 удаа өшиглөхөд нөгөө 1 залуу нь миний нуруу руу 1-2 удаа өшиглөсөн. Надтай хамт явсан 5 залуу тэр 2-ыг надаас салгахад Зоригоо гэх залуу намайг барьж байгаад нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Миний толгой хагараад цус гарсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

гэрч Э.Гантулгын... “хэсэг хугацааны дараа 2 залуутай муудалцаад гараад ирсэн. Манай хэд буугаад би араас нь гутлаа өмсөөд гарахад 1 намхан залуу жолооч Оюунболдыг тонгорч унагаахад арай өндөр залуу нь өшиглөж байгаа харагдсан. Яг хаана нь өшиглөсөн талаар мэдэхгүй байна”...гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

гэрч П.Доржийн... “нэг намхан залуу нь тонгорч унагаагаад толгой руу нь өшиглөхөд хажууд нь байсан 1 залуу нь бас өшиглөсөн. Тэгээд бид нар салгаад жолооч цагдаа дуудна гээд явсан. Жолооч эхлээд намхан залуутай муудалцаад гарч ирсэн. Юунаас болж муудалцсныг мэдэхгүй байна. Жолоочийн биед тэр 2 залуу гэмтэл учруулсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

гэрч П.Хулангийн... “би цаад өрөө рүү ороод пиво аваад гараад ирэхэд тэр танихгүй залуу Баяртай хэрэлдээд зогсож байсан. Би тэр танихгүй залууд пиво өгөөд гараад явахад Зоригтсайхан орж ирж таараад тэр хоёр хаалганы дэргэд мөрлөлдсөн. Тэгтэл нөгөө танихгүй залуу машин руугаа даллаад шүгэлдтэл машинаас 4-5 хүн бууж ирсэн. Баяр танихгүй залуугаас зүгээр л хаанахынх вэ гэж асуухад тэр залуу хаанахынх байх нь та нарт хамаагүй юу гээд маргаан эхэлсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

гэрч Д.Мөнх-Эрдэнийн... “тэгтэл жолоочийн толгойноос цус гарсан, Зоригоо түүний араас хөөж байсан. Жолооч пиво авах гэж ороод Зоригоо болон түүний найзтай маргалдсан юм шиг байна”...гэх мэдүүлэг /хх-ийн 28/, шүүх эмнэлэгийн 13746 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баяр, Г.Зоригтсайхан нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл хэсгээр шүүгдэгч Б.Баяр, Г.Зоригтсайхан нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь давтан буюу бүлэглэж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх,  эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Б.Баяр, Г.Зоригтсайхан нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт  хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Оюунболд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Баясгалангийн Баяр, Боржигон овогт Ганбаатарын Зоригтсайхан нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяр, Г.Зоригтсайхан тус бүрийг 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Баяр, Г.Зоригтсайхан нарт оногдуулсан 251 цагийн албадан ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Баяр, Г.Зоригтсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, ялтан нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж насанд хүрээгүй ялтан Б.Баяр, Г.Зоригтсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ