Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2022/0025

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.Б

              Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс,

              Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,

              Гуравдагч этгээд: Х.А нарын хоорондох төрийн албатай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комиссын дарга н.Б, гишүүд, Д.Е, М.Н, Б.С, Б.Н, гуравдагч этгээд Х.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Бахыт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1.  Нэхэмжлэгч Х.Б нь анх тус шүүхэд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон шалгалтын комисст тус тус холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн Х.Аыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох (1), Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын “Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар” ярилцлагын шатны шалгалтын А.Анарт өгсөн шалгалтын оноо хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох (2), салбар зөвлөлийн Х.Аыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох (3), тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Х.Аыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилсон тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох (4), Салбар зөвлөлд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын “Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар” ярилцлагын шатны шалгалтыг дахин явуулахыг даалгах (5), Төрийн албаны зөвлөлийн шалгалтын нэгдсэн дүнг үндэслэн Х.Б намайг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгах (6), мөн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах (7) шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын  “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын “Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар” ярилцлагын шатны шалгалтыг дахин явуулахыг салбар зөвлөлд даалгах (5)” хэсгийг “Х.Аын ярилцлагын шалгалтад дахин үнэлгээ хийхийг  шалгалтын комисст даалгах”  гэж өөрчилж, мөн шүүх хуралдаанд “ярилцлагын шалгалтын нэхэмжлэгчийн өөрт өгсөн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, бусад шаардлагуудыг хэвээр гэж тайлбарласан.

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалтын ярилцлагын шат ил тод бус болсон, шаардлага хангаагүй хүнийг бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулсан, шалгалтын комисс хууль зөрчсөн гэх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлөөс Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэж нэхэмжлэгчид 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/402 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн ,  улмаар Авлигатай тэмцэх газраас  2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05/2943 дугаар албан бичгээр  “хянан үзэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлжээ.

4. Нэхэмжлэгч Х.Б нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

5.1. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарын дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад тухайн орон тоонд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Х.Атай өрсөлдсөн. Сонгон шалгаруулалт 2 шаттай явагдаж эхний цахимаар өгсөн 4 шалгалтаас миний бие 64.0 оноо авч, өрсөлдөгч Х.А 46.0 оноо авсан.

5.2. Үйл ажиллагааны сүүлийн 3 жилийн үнэлгээнд Х.А бид хоёр тус тус 30.0 оноо авснаар би 94.0 оноотой, Х.А 76.0 оноотой болж, би Х.Ааас 18.0 оноогоор илүү байсан. Бид цахим хэлбэрийн 4 төрлийн шалгалтыг Төрийн албаны төв зөвлөлийн хяналтын доор бүрэн камертай шалгалт авах зориулалтын өрөөнд өгсөн. Сонгон шалгаруулалтын 2 дахь шат буюу ярилцлагын шалгалтыг аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон шалгалтын комисс зохион байгуулсан. Комиссын даргаар Н.Б, нарийн бичгийн даргаар М.Н, гишүүдээр Д.Е, Б.С, Б.Н нарын 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Комиссын нарийн бичгийн дарга М.Н нь эхний шат буюу цахимаар өгсөн 4 төрлийн шалгалтын дараа бидэнд ярилцлагын шалгалтыг орон нутгийн цагаар 15:00 цагт эхлэхийг мэдэгдсэн. Гэтэл ярилцлагын шалгалт тодорхой бус хугацаагаар хойшлогдсоор байгаад орой 17:00 цагт эхэлсэн.

5.3. Шалгалтын комисс ярилцлагын шалгалтыг өөрсдийн дураар хойшлуулсаар байгаад товлосон цагаасаа 2 цагийн дараа эхэлсэн. Эхлээд ярилцлага авах гээд намайг оруулсан. Ярилцлагыг яаж дүгнэх талаар тодорхой дүрэм, журам танилцуулаагүй. Би 3 асуултын хүрээнд 3 асуулт сугалж, ярилцлагын шалгалт өгсөн. Гэтэл миний асуултад яаж хариулсан тухай, ямар дүрэм журмаар дүгнэсэн талаар комисс нэг ч тайлбар хийгээгүй. Сүүлд нарийн бичгийн дарга М.Н  шалгалтын дүнг танилцуулж, эхний цахимаар өгсөн 4 төрлийн шалгалтын дүнг танилцуулан, одоо ярилцлагын шалгалтад 10.0 оноо авсан гэж хэлээд нийлбэр дүнгээр 104.0 оноотой байна, та шалгалт өгч дууссан гэж гаргасан. Миний дараа Х.Аыг оруулж 29.16 оноо өгсөн байдаг. Тэгэхэд миний шалгалтын нийлбэр дүн 104.0 оноо болж, Х.Аын нийлбэр дүн 105.16 болтол өсөж надаас 1.16 оноогоор илүү гарсан нь комиссын гишүүд шударга бус дүгнэж намайг хохироосон нь бид  хоёрын ярилцлагын онооноос илт харагдаж байна.

5.4.  Шалгалтын цахим систем бидний хэдэн асуултад  зөв хариулсан, хэдэн асуултад буруу хариулсан  гэдгийг автоматаар бодож байхад ярилцлагыг комиссын гишүүд яаж дүгнэсэн нь тодорхой бус нотолгоогүй болохоор ярилцлагын шалгалтад өгсөн оноог хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нэгэнт хоорондоо өрсөлдөж байгаа болохоор комисс шударгаар шүүнэ гэвэл өрсөлдөгч нарыг хамт байлцуулан бие биедээ хяналт тавих, эсхүл дүрс бичлэг хийж баталгаажуулах ёстой байсан. Харамсалтай нь комиссын гишүүд ярилцлагын шалгалтад ямар ч хяналтгүй өөрсдийн дураар оноо өгч, өрсөлдөгч Х.Ааас 18.0 оноогоор илүү байсан намайг өрсөлдөгчөөс нийлбэр оноогоор 1.16 оноогоор доогуур үнэлэн хохироож байна. Бидний ярилцлага өгсөн өрөө бүрэн камержуулсан өрөө атлаа камерыг салгасныг би сүүлд мэдлээ. Тиймээс ярилцлагын шалгалт шударга бус болсон гэж үзэх үндэслэлтэй. Энэхүү шударга бус ярилцлагын шалгалтын үнэлгээг үндэслэн сонгон шалгаруулалтад эхний байранд орсон гэх утгаар хэлтсийн даргын албан тушаалд Х.Аын нэрийг дэвшүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга тушаал гаргаж тухайн албан тушаалд томилсон байгаа. Ингэж шалгалтын комисс сонгон шалгаруулалтын сүүлчийн буюу ярилцлагын шатны шалгалтыг хууль бус зохион байгуулсан тул надад болон Х.Ат өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.5.  Энэхүү ярилцлагын шалгалтыг авсан шалгалтын комисс нь видео бичлэг байхгүй, өрөөний камерыг салгасан байж шалгуулагч нарыг хамт оролцуулж нэг нэгнээ хянах боломжоор хангаагүй байгаа нь төрийн ил тод байх, цахим сонгон шалгаруулалтаар 18 оноо илүү байсан надад ямар ч тайлбаргүйгээр ярилцлагын шалгалтад 10 оноо өгч, Х.Ат 29.16 оноо өгч надаас 1.16 оноогоор илүү болгож төрийн албаны ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.6.  Х.А нь өмнө нь Төрийн өмчит компани, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт ажиллаж байсан, төрийн албанд анх 2011 оны 7 дугаар сард Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр орж ажиллаж байгаад 2012 оны 10 дугаар сард иргэншлийн асуудлаар Монгол Улсын харьяатаас гарч, төрийн албанаас халагдсан. Тэрээр эргээд 2016 оны сүүлд Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад өнгөрсөн 2021 оны 7 дугаар сараас эхэлж хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор төрийн албанд нийтдээ 6 жил ажиллаж байгаа төрийн албан хаагч. Бид өрсөлдсөн сул орон тоо бол ахлах түшмэлд хамаарах албан тушаал болохоор Төрийн албаны тухай хуульд “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсэн байхад төрийн албанд 8 жил ажиллаагүй хүнийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүртгэхийг баталгаажуулан сонгон шалгаруулалтад оруулж хууль зөрчсөн. Хэрэв ажилласан жил нь шаардлагад нийцээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан ажилласан жилийг тогтоосон тусгаж шаардлагын 50 хувийг  хангасан төрийн албан хаагчийн хувьд томилох эрх бүхий байгууллага тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай санал бичгээр гаргах гэсэн заалтыг мөрдөх ёстой. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Х.Аыг шатлан дэвшүүлэх тухай бичгээр санал гаргаж өгөөгүй байхад шалгалтын комисс түүнийг сонгон шалгаруулалтад оруулах бүртгэлийг баталгаажуулан хууль зөрчсөн.

5.7. Миний бие салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргаж, бусдад давуу байдал бий болгосон талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргахад тус газар нь сонгон шалгаруулалт болон сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан комиссын гишүүдтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөл хянан шалгах үүрэгтэй болж гэж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05/2650 албан тоотоор хариу өгсөн. Тэгээд 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр миний бие сонгон шалгаруулалтын ярилцлагын  шат ил тод бус болсон шаардлага хангаагүй хүнийг бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулсан, шалгалтын комисс хууль зөрчсөн гэж үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл миний гаргасан гомдлыг хүлээн авч шалгах явцдаа нэг удаа 30 хоногоор сунгаж, улмаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэж 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/402 тоот бичгээр хариу мэдэгдсэн.Төрийн албаны зөвлөлөөс миний гаргасан гомдлыг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлснийг тус газраас дахин хянан үзэх боломжгүй гэж 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 05/2943 албан бичгээр хариу өгсөн. Энэ бүхнээс үзэхэд, миний гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл Авлигатай тэмцэх газарт, Авлигатай тэмцэх газар төрийн албаны зөвлөлд харилцан шилжүүлж, ямар ч тодорхой хариу өгөхгүй байгаа нь жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, хуулийн дагуу шударга шийдвэр гаргах биш эсрэгээр эрх мэдэлтэй эрх бүхий албан тушаалтнуудын талд ажиллаж байна.

5.8. Төрийн албаны зөвлөл миний гомдлыг нягтлан шалгаж тодорхой шийдвэр гаргаж өгөөгүй тул сонгон шалгаруулалтын ярилцлагын шат хууль бус болсныг мөн сонгон шалгаруулалтад орсон Х.Аын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгуулахаар  шүүхэд хандан Х.Б миний Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, төрийн албаны сонгон шалгаруулалтад шударгаар шалгуулах, төрийн албанд адил тэгш томилогдох, ялгаварлан гадуурхлаас ангид байх буюу төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг  шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлан шударгаар үнэлүүлэх, төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрх ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна гэжээ.

6. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

6.1. Тус шүүхэд 7 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо уг шаардлагаа Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн Х.Аыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шатны шалгалтын Х.Ат өгсөн болон Х.Б надад өгсөн шалгалтын оноо хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, салбар зөвлөлийн Х.Аыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Х.Аыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилсон тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, салбар зөвлөлд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шатны шалгалтын Х.Ат болон Х.Б надад холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах,  Төрийн албаны зөвлөлийн шалгалтын нэгдсэн дүнг үндэслэн Х.Б намайг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгах, мөн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагын 2 болон 5 дахь хэсгийг  нэмж тодруулж байна.

6.2. Х.А нь төрийн албанд 8 жил ажиллаагүй, 4 жил дэс түшмэлийн албан тушаалд хашиж байсан эсэхэд эргэлзээтэй байсан. Х.А төрийн албанд 8 жил ажиллаагүй гэдгийг мэддэг болохоор нарийн асуудлыг мэдээгүй. Тиймээс Төрийн албаны салбар зөвлөл хууль бус бүртгэсэн гэж эргэлзэж байсан, одоо ажилласан жилийн хувьд хангасан байна, энэ үндэслэлээр маргахгүй.

6.3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, 50 хувийг хангасан төрийн албан хаагч сонгон шалгаруулалтад орох үед 3 төрлийн шаардлагыг тустай зааж өгсөн байдаг. Үүнд, Х.Аын сүүлийн 3 жилийн ажлын үнэлгээг үнэлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, 2019, 2020, 2021 оны үнэлгээ А, В хангалттай гэдгийг нотолж ирүүлэх ёстой. Мөн тухайн албан хаагч сахилгын шийтгэлгүй гэдгийг нотлох ёстой. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “ Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасан. Сонгон шалгаруулалтын зард тодорхой зааж өгсөн болохоор Х.Аын бичиг баримтуудыг үзэхэд, тухайн шаардлагад заасан нотлох баримтуудаа ирүүлээгүй гэж үзэж байна. Х.А бид хоёр хоёулаа “А” үнэлгээтэй гэдэг утгаар 30 оноо өгсөн болохоор Х.Аын сүүлийн 3 жилийн үнэлгээг хангалтгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2019, 2020, 2021 онуудын үнэлгээнээс 2021 оны үнэлгээ байхгүй.

6.4.  Томилох эрх бүхий байгууллага тухайн албан хаагчийн шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал, томилох эрх бүхий байгууллага албан тушаалтан тухайн албан хаагчийн сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа, сүүлийн 3 жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээнд хамгийн дээд үнэлгээ авсан байх “А”, “В” бүрэн хангалттай гэсэн бичиг баримтуудаа ирүүлэн бүртгүүлэх ёстой байтал Х.А нь  сахилгын шийтгэлтэй эсэх талаарх  томилох эрх бүхий этгээдийн лавлагааг, 2021 оны  жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг ирүүлээгүй, миний хувьд 2021 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг ирүүлсэн.

6.5. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шатны шалгалтын Х.Ат өгсөн болон Х.Б надад өгсөн шалгалтын оноо хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай шаардлага гаргаж байна. Ярилцлагын шатанд 3 өрсөлдөгч 3-3 асуултад тус бүр хариулсан. Асуултад хариулах үед комиссын гишүүд ямар журмаар бид нарын ярилцлагыг дүгнэж байгаа нь ойлгомжгүй байсан. Асуултад хариулсны дараа ямар нэгэн нэмэлт тайлбар хийгээгүй. Бүх зүйл ил тод байх ёстой мөртлөө ямар учраас тийм оноо тавьсан гэдгээ тайлбарлаагүй. Тиймээс комиссын гишүүд өөрсдийн үзэмжээр дүгнэсэн гэж үзэж байна. Цахимд бүх юм  ил тод хэдэн оноо авсан нь харагдаж байхад ярилцлагын шат ийм бүрхэг байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ярилцлагын шатанд асуусан 3 асуултад би хариулсан. Би 1, 2 дахь асуултад хариулаад 3 дахь асуултад хариулж байхад Н.Б дарга “...таны цаг болсон” гэж зогсоосон. Дараа нь комиссын гишүүн Д.Е дарга “....та асуултад дэлгэрэнгүй хариулж дуусгаарай” гэсэн хэлж байсан. Гэтэл нотлох баримтаар авагдсан аудио бичлэг болон тухайн үеийн тэмдэглэлд Д.Е даргын хэлсэн үг, яриа байхгүй тусгагдаагүй байсан. Би 3 дахь асуултад хариулж байхад гэнэт тасалдсан, ямар ч ойлгомжгүй аудио бичлэгийг нотлох баримтаар өгснийг зөвшөөрөхгүй. Х.Аын ярилцлагын шатанд өгсөн ярилцлагыг сонссон. Өмнө нь бид хоёр тус тусдаа орсон болохоор Х.А яаж хариулсныг мэдээгүй болохоор аудио бичлэгээс сонсоход, Х.А асуултуудад оновчтой хариулсан гэдэгт эргэлзэж байна. Х.А бид хоёр адилхан хэмжээнд хариулсан байхад Х.Ат 29.16 оноо өгч, надад 10 оноо өгсөнд гомдолтой байна. Шалгалтын комиссын гишүүд шударга бус ажилласан гэж үзэж байна.

Тийм учраас сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шатны шалгалтын Х.Ат өгсөн болон Х.Б надад өгсөн шалгалтын оноо хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

 6.6. Салбар зөвлөлийн Х.Аыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагын талаар хэлэхэд, нэгэнт ярилцлагын шатны шалгалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан учраас Х.Аыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргах нь хууль бус гэж үзэж байна. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Х.Аыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилсон тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгэнт салбар зөвлөлөөс Х.Аыг нэр дэвшүүлж томилуулахаар гаргасан тогтоол нь хүчингүй болсон тохиолдолд Х.Аыг хэлтсийн даргаар томилсон нь хууль бус болно.

6.7. Салбар зөвлөлд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шатны шалгалтын Х.Ат болон Х.Б надад холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах шаардлагын талаар хэлэхэд, бид хоёрын өгсөн ярилцлагын шатны шалгалтын үнэлгээнд дахин үнэлгээ хийхийг комисст даалгаж өгөхийг хүсэж байна. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын нэгдсэн дүнг үндэслэн Х.Б намайг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгах тухайн нэхэмжлэлийн шаардлагын талаар хэлэхэд,  би эхний 4 төрлийн шалгалтад ил тод 18 оноогоор Х.Ааас илүү гарч ирсэн. Комиссын зүгээс үйл ажиллагааны үнэлгээнд 30 оноо өгч байна. 2021 оны үйл ажиллагааны дүн байхгүй болохоор Х.Ат бүтэн 30 оноо өгөх нь хууль бус гэж үзэж байна. Нэгдсэн дүнгээр миний дүн Х.Ааас хамаагүй илүү гарах учраас нэгдсэн дүнг үндэслэн Х.Б намайг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгаж өгөхийг хүсэж байна.

6.8. Мөн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар хэлэхэд, нэгэнт салбар зөвлөлөөс миний нэрийг дэвшүүлбэл Тамгын газрын даргад тухайн орон тоонд томилохыг даалгах тухай 7 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Нэхэмжлэгч нь хуульд нийцээгүй шалгалтыг үндэслэж, тухайн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь дараах хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтын хүрээнд ханган шийдвэрлэх шаардлагатай.

7.2. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төрийн албан тусгай шалгалтыг өгөх болзол, журмын холбогдох зорилгыг зөрчиж, хууль бусаар шалгалтыг зохион байгуулсан. Төрийн албан тусгай шалгалтыг өгөх болзол, журмын 1.2-д “Шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино” гэж заасан. Ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг томилон ажиллуулна гэж  хуульчилсан байхад тухайн шалгалтыг хууль бусаар зохион байгуулсан.

7.3. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасны дагуу тавигдсан ёс зүй, сахилгын зөрчил хүлээгээгүйтэй холбоотой лавлагааг гаргуулсан хүнийг тухайн шалгалтад бүртгэн оролцуулна гэсэн зар тавигдсан.

7.4. Оролцогчдод өгөх зааварчилгаа, тавигдах шаардлага гэж байна. Тухайн шаардлагыг хангасан иргэнийг бүртгэх ёстой. Х.Аыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хөнгөлөлттэй нөхцөлөөр ажиллаж байгаад 50 хувийг хангасан гэдэг байдлаар шалгалтад бүртгэсэн учраас урьдчилан тавьсан шаардлага буюу ёс зүй болон сахилгын шийтгэл хүлээгээгүй талаар лавлагааг зайлшгүй ирүүлэх ёстой байсан. Энэ лавлагаа нэгэнт ирээгүй учраас Х.Аыг Х.Б гэдэг хүнтэй өрсөлдүүлснээс болж, Х.Б нь тухайн ахлах түшмэлийн албан тушаалд томилогдон ажиллах эрх нь зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ талаар хариуцагч тал ямар ч тайлбар хэлж чадаагүй. Тиймээс хууль зөрчиж бүртгэгдсэн оролцогчийн бүртгэлийг хүчингүй болгоё гэсэн утгаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

7.5. Ярилцлагын шалгалтыг хүчингүй болгох  маш олон үндэслэл тогтоогдож байна. Нэгдүгээрт журам зөрчсөн, журам зөрчсөнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж, шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Ярилцлагын шалгалтын аудио бичлэгийг бүрэн эхээр нь гаргуулж авъя гэсэн боловч гаргаж өгөх боломжгүй, бид архивлан хадгалах үүрэггүй гэдэг байдлаар хариулсан. 2020 оны 141 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх аргачлалын 23-д шалгалтын үйл явцыг камерын бичлэгээр баталгаажуулж, салбар зөвлөл зохих ёсоор архивлана, хадгална гэсэн журмыг зөрчсөн.

7.6. Мөн ярилцлагын шалгалт хугацаандаа эхлээгүй байсан. Нэхэмжлэгчээс 18 оноогоор хоцорсон хүнийг хүчээр ярилцлагын шалгалтад оролц, бид дэмжинэ гэдэг байдлаар тухайн хүнийг ятгасаар байгаад шалгалт хойшлогдсон гэдэг зүйл яригдаж байна. 14 цагаас эхлэх ёстой ярилцлагын шалгалт 2 цаг хожимдож эхэлсэн. Энэ нь өөрөө хууль бус, тогтоосон хугацаандаа шалгалтыг эхлээгүй, журам зөрчсөн. Ярилцлагын шалгалтын асуултыг боловсруулахдаа шалгалтын комисс тухайн ажил мэргэжилтэй шууд хамааралтай, оновчтой асуултуудыг боловсруулаагүй. Асуулт боловсруулсан хэдий ч тухайн асуултын хариултыг өөрсдөө боловсруулаагүй. Шалгалтыг яаж дүгнэх журмыг хийгээгүй. Жишээ нь, Улсын нэгдсэн төсвийн тогтолцоог хэд ангилна, ангиллыг зөв хэлж чадвал хэдэн оноо өгнө гэж урьдчилан тохиролцож баталсан байх ёстой. Улсын төсвийг тогтолцооны хувьд 4 ангилна. Гэтэл Х.А 2 ангилна гэж хариулсан. Хэрэв улсын төсвийн тогтолцоог зөв ангилж, тус бүрд нь дэлгэрэнгүй ярьсан бол 10 оноог гүйцэт авна. Гэтэл улсын төсвийг орон нутгийн төсөв, улсын төсөв гэж 2 ангилна гэж хариулаад болсон. Өөр тайлбар хэлээгүй, цаг нь ч дуусчихсан. Бусад асуултуудад ч гүйцэт хариулаагүй байхад бүрэн хариулсан гэж бүтэн оноог өгсөн.

7.6 Хэлтсийн даргын зорилгыг ярих  асуултад хэлтсийн зорилгыг яриад явсан. Тэр ч оновчтой хариулт биш байсан. Х.Бд 30 онооноос яагаад 10 оноог өгсөн. Ямар мэдлэг чадварыг үндэслэн дүгнэж ийм оноо өгсөн нь ойлгомжгүй. Бүхэл бүтэн 18 оноогоор илүү байгаа хүнийг ярилцлагын шатанд ирэхэд асуултад хариулж чадаагүй гэдэг байдлаар гүйцэт оноо өгөлгүй, хоёр дахь байранд үлдсэн хүнийг гүйцэлдүүлэхийн тулд бүтэн оноо өгч шударга бус хандсанд маш их гомдолтой байна. Тиймээс үнэлгээг хүчингүй болгуулах нь шударга ёсонд нийцнэ. Шалгалтын комисс байгуулсан салбар зөвлөл тогтоол гаргасан. Шалгалтын комиссын нэг гишүүн нь нөгөө гишүүнээс хараат бус байх ёстой. Салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд эрх бүхий албан тушаалтны томилсон шийдвэр нь аяндаа хүчингүй болох боломжтой гэдэг байдлаар нэхэмжлэгч өөрөө тайлбарласан учраас нэмэлт тайлбар байхгүй. 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

8. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 59 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссоос шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

8.1. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 59 дүгээр тогтоолоор тусгай шалгалтыг зохион байгуулах комиссын даргаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, салбар зөвлөлийн гишүүн Н.Б, нарийн бичгийн даргаар салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н, гишүүдээр аймгийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Е, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.С, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Н нар тус тус ажилласан болно.

8.2. Тусгай шалгалтын комисс нь уг шалгалтыг зохион байгуулахдаа Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам, Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн журам, Шатлан дэвшүүлэх журам, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 141 дүгээр тогтоолыг тус тус удирдлага болгон зохион байгуулсан. Тусгай шалгалт авах комисс нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах Төрийн захиргааны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийн материалыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулсан болно. Нийт зарлагдсан 14 ажлын байранд 36 иргэн бүртгүүлэх хүсэлт ирүүлснээс 8 сул орон тоонд шаардлага хангасан 29 иргэний бүртгэлийг баталгаажуулах шийдвэр гаргаж, баталгаажуулалт хийсэн болно.

8.3. Маргаан бүхий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд 3 хүн бүртгүүлэх материал ирүүлсэн ба шалгалтын комиссоос материалыг хянаад Х.Бахыгүл, Х.А нарыг тухайн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан гэж үзээд бүртгэн баталгаажуулж, шалгалтад оруулсан болно. Комиссоос Х.Аыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримтлан бүртгэсэн болно. Комисст зөвхөн бүртгүүлсэн иргэдийн материалыг харах эрх нь байдаг ба ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй.

8.4. Тусгай шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08:30 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын компьютерын танхимд эхлүүлж, журмын дагуу сорилын шалгалтыг цахимаар, ярилцлагын шалгалтыг тухайн өдрийн 16:36 цагаас эхлэн авч, 18:00 цагт дуусгасан. Нэхэмжлэгч Х.Б нь тусгай шалгалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын шалгалт буюу ярилцлагын шалгалтын талаар гомдол гаргажээ.

8.5. Цахим шалгалтын дууссаны дараа ярилцлагын шалгалт өгөх иргэдэд үдээс хойш 15:00 цагт ирэхийг мэдэгдэж, шалгалтын танхимаас гаргасан. Тухайн өдрийн 13:00 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт болох төлөвлөгөөтэй байсан ба шалгалтын гишүүн, нарийн бичгийн дарга нар шагнал авах тул комиссын даргаас зөвшөөрөл авсан байсан. Тусгай шалгалтын комисс нь 14:30 цагаас цугларч комиссын нарийн бичгийн даргын албан өрөөнд ярилцлагын шалгалтын асуултыг бэлтгэсэн. Журмын дагуу ярилцлагын шалгалтын асуултыг бэлдэж, дугтуйлж ярилцлагын шалгалт авах танхимд орсон. Ярилцлагын шалгалт өгөх 5 хүнийг байлцуулж, дугтуйг нээсэн ба ярилцлагын шалгалт авах процессыг энэ үеэр мөн тайлбарлаж өгсөн.

8.6. Ярилцлагын шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16:36 цагт эхэлсэн ба уг шалгалтад нийт оролцогчдоос ахлах түшмэлийн албан тушаалд 3, дэс түшмэлийн албан тушаалд 2 иргэн оролцох юм. Тодруулбал, туслах түшмэлийн албан тушаалын шалгалтад оролцсон иргэдээс зөвхөн хууль, эрх зүйн мэдлэг, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтыг сорил хэлбэрээр цахимаар авдаг журамтай тул ярилцлагын шалгалтад ороогүй. Ярилцлагын шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 6.1-д заасан агуулгын хүрээнд зохион байгуулсан ба удирдан зохион байгуулах манлайлах, багаар ажиллах чадварыг ярилцлагаар шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор үнэлэхээр заасан ба энэ тухай тухайн өдрийн цахим шалгалтыг эхлэх үеэр болон ярилцлагын шалгалтыг эхлэх үеэр шалгалтын нарийн бичгийн дарга танилцуулсан юм.

8.7. Ярилцлагын шалгалтыг дэс түшмэлийн албан тушаалд орсон Х.Досболат, Д.Майра нараас эхэлсэн ба өрсөлдөгчтэй маргаан бүхий албан тушаалд өрсөлдөж буй 2 хүнийг нэр дуудаж оруулаагүй. Өрсөлдөгчид нэр зааж дуудсан гэх гомдол гаргадаг тул Х.А, Х.Б нартай  тохироод аль нэг нь түрүүлж орохыг зөвлөсөн. Маргаан бүхий Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд горилогч Х.Б ярилцлагын шалгалтад түрүүлж орсон юм.

8.8. Н.Б, Д.Е, М.Н нар ярилцлагын шалгалтад үнэлгээ өгөх албан тушаалтнуудаар, гишүүн Б.С үнэлгээг нэгтгэх албан тушаалтнаар, Б.Н нь тэмдэглэл хөтлөх үүргийг тус тус хариуцахаар болсон. Оролцогч Х.Бийн хувьд авсан асуултаас тэс өөр хариулт яриад байсан тул шалгалтын комиссын дарга тодруулж асуулт асууж, чиглүүлж өгсөн боловч оновчтой хариу өгсөнгүй. Оролцогч Х.Аын хувьд авсан асуултуудаа дэлгэрэнгүй зөв хариулсан болно.

8.9. Сонгон шалгаруулалтад оролцогчид өөрсдийн бүх онооны нийлбэртэй танилцаад зөвшөөрөл гарын үсгээ зурах журмын хүрээнд тухай бүр өөрсдийн авсан оноог зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж гарсан байсан. Мөн шалгалттай холбоотой Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газарт тус тус гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын бүх үйл явцын талаарх материалыг татаж авч шалгасан болно. Нэхэмжлэгч Х.Б нь шалгалтад бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн иргэдийн материалыг үзэх боломжгүй тул комиссыг илт буруутгасан байна. Мөн ярилцлагын шалгалтын талаар удаа дараа тайлбарлаж хэлж өгснийг юу ч сонсоогүй мэт тайлбарлаж байгаа нь өөрөө шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг зөрчсөн байна.

8.10. Иймд, шалгалтын комиссоос холбогдох хууль, журмын дагуу тусгай шалгалтыг зохион байгуулсан ба 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан тусгай шалгалтын аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын шалгалтын бүртгэл, ярилцлагын шатны шалгалттай холбогдох хэсгийг хүчингүй болгох, дахин явуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

8.11. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд бүртгүүлэхээр хүсэлт, материал ирүүлсэн Х.А нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэжил хэсэгт заасан “Бизнес ба удирдахуй, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт, эдийн засаг болон салбарын чиглэлийн мэргэжил" гэсэн мэргэжлүүдээс “эдийн засагч, хүн ам зүйч” мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй тул мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа, мэргэшил хэсэгт заасан “Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэсэн шаардлагад 2021 онд Удирдлагын академийн Төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан, туршлага хэсэгт заасан “Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлагад Төрийн албанд 7 жил, дэс түшмэлийн албан тушаалд 5 жил ажилласан байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу тухай албан тушаалын туршлага хэсэгт заасан шаардлагын 50 хувийг хангаж байгаа гэж, мөн энэ тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан бичгээр шатлан дэвшүүлэх санал ирүүлсэн байсан ба хуулийн уг заалт нь зөвхөн тухайн байгууллагаас шатлан дэвшүүлэх саналыг томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн тул шалгалтын комиссоос тухайн сул орон тооны албан тушаалын тодорхойлолтын мэргэжил, мэргэшил, туршлагад заасан тусгай шаардлагыг хангаж байгаа гэж үзээд бүртгэл баталгаажуулж, тухайн албан тушаалын шалгалтад оруулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т заасан дарааллын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг бүртгэж өрсөлдүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шатлан дэвшүүлэх журмын талаар тухайн албан тушаалын зар дээр тодорхой мэдээлсэн болно.

 

8.12. Тусгай шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилохоор журамласан. Шалгалтын агуулга нь 8 төрлөөс бүрдэх ба удирдан зохион байгуулах чадвар; манлайлах чадвар; багаар ажиллах чадварын шалгалт буюу ярилцлагын шалгалтын хувьд оролцогч нарын авсан асуултад хариулсан байдал, тухайн албан хаагчийн хандлага, зан үйл, манлайлах чадварыг гишүүд тус тусдаа өөрийнхөө дотоод үнэлэмжээр үнэлгээ өгсөн тул ярилцлагын шатны шалгалтыг хүчингүй болгох, дахин зохион байгуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

8.13.  Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулж зөвшөөрч байвал гарын үсгээ зурна уу гэхэд дүнгийн хуудаст гарын үсэг зурж танхимаас гарсан. Шалгалтын комиссоос шалгуулагч нарын ярианы бичлэгийг аудио бичлэгээр баталгаажуулсан ба тухайн үед шилэн танхимд камер тавигдаагүй байсан. Нэхэмжлэгчээс шилэн өрөөний камерыг салгасан байсан гэж худлаа мэдүүлсэн байна. Энэхүү өрөө нь Орон нутгийн өмчийн газрын мэдэлд байдаг ба тухайн үед дүрс бичлэг хийдэг камер суурилуулаагүй байсан. Х.Б нь шалгалтын талаарх гомдлоо шалгалтын комиссын даргад гаргаагүй.

Иймд Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга  М.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 

9.1. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 3.5.2-д “сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүлээн авах, хянах, зарлуулах”, 3.5.3-д “шалгалтын комисс байгуулах”, 5.7-д “салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, тэмдэглэл гарна”, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт авах болзол журмын 3.1-д “Зөвлөл, салбар зөвлөлийн шийдвэрээр шалгалтын комисс тухай бүр байгуулна. Мэргэжлийн холбоо, эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрдсэн шалгалтын зөвлөл байгуулж болно” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дэх хуралдаанаар хэлэлцээд 12 дугаар сарын 30-ны өдөр төрийн үйлчилгээний ажилтны удирдах ажилтны сонгон шалгаруулалт, 12 дугаар сарын 31-ний өдөр төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зохион байгуулах комиссыг томилсон.

9.2. Энэхүү тусгай шалгалт зохион байгуулах комисс нь тухайн шалгалтыг зохион байгуулахдаа Төрийн албаны тухай, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам, Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн журам, шатлан дэвшүүлэх журам, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 дүгээр тогтоолыг тус  тус удирдлага болгон тухайн шалгалтыг зохион байгуулсан. Тусгай шалгалт авах комиссоос сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдийн материалыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж хянаж баталгаажуулалт хийгдсэн. Бүртгэл авах хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байсан. Маргаан бүхий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд бүртгүүлэхээр нийтдээ 3 хүн материал ирүүлснээс шалгалтын комиссоос материалыг хянаад Х.Б, Х.А нар тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан гэдэг үүднээс бүртгэж, тухайн шалгалтад оруулах шийдвэр гаргасан. Бүртгэлийн тухай хэлэхэд, шалгалтын комиссоос Х.Аыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан шаардлагын дагуу бүртгэсэн. Цахим системд бүртгүүлсэн хүмүүсийн материал ирсэн байдаг. Бүртгэл хаагдсанаас хойш материалаа хянаад шалгаад явдаг. Цахим системд ирүүлсэн материалыг үндэслэн бүртгэлээ явуулдаг.

9.3. Шалгалтыг зохион байгуулсан талаар тайлбар хэлэхэд,  Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Төрийн жинхэнэ албаны шалгалт нь сорил, ярилцлага болон бусад хэлбэртэй байна”,  33.6-д “Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан агуулгатай байна” 33.6.1-д “удирдан зохион байгуулах чадварыг шалгах”, 33.6.2-д дүн шинжилгээ хийх чадварыг шалгах; 33.6.3-д асуудал шийдвэрлэх чадварыг шалгах;33.6.4-д манлайлах чадварыг шалгах; 33.6.5-д монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах; 33.6.6-д багаар ажиллах чадварыг шалгах; 33.6.7-д бусад гэсэн хэлбэртэй байдаг. Уг агуулгын хүрээнд шалгалтыг зохион байгуулсан. Нэхэмжлэгчээс удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын шалгалт буюу ярилцлагын шалгалтын талаар гомдол гаргасан. Ярилцлагын шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай шалгалт зохион байгуулах журам”-ын  6.1-д заасан агуулгын хүрээнд зохион байгуулсан. Үүнд, манлайлах, удирдан зохион байгуулах, багаар ажиллах гэсэн.

9.4.  Шалгалт тус бүрт 10 хүртэлх оноо өгөгдөхөөр байна. Уг агуулгын хүрээнд шалгалт явагдана гэдгийг шалгалтын явцад шалгуулагч нарт нэг бүрчлэн тайлбарласан. Ярилцлагын шалгалтад Н.Б дарга, Д.Е дарга болон миний бие бид 3 ярилцлагын шалгалтад үнэлгээ өгсөн. Ярилцлагын шалгалтын үнэлгээг нэгтгэх үүргийг шалгалтын комиссын гишүүн Б.С, тухайн ярилцлагын шалгалтын тэмдэглэлийг Б.Н хөтөлсөн. Шалгалтад үнэлгээ өгөхдөө 3 хүн хоорондоо зайтай сууж, өгсөн үнэлгээг Б.С харж нэгтгээд эцсийн дүнг нарийн бичгийн дарга надад авчирч, би дүнгийн хуудсанд бичээд танилцуулах маягаар явсан. Шалгалтын бүртгэлийн талаар дэлгэрэнгүй  тайлбарлахад, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын туршлага хэсэгт төрийн албанд 8 жил, дэс түшмэлийн албан тушаалд 4 жил ажилласан байх гэсэн шаардлага тавигдсан. Уг шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч бүртгүүлсэн тохиолдолд бүртгэж болно гэсэн зарыг сонгон шалгаруулалтын зард тавьсан.

9.5. Үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу өрсөлдөгч Х.А нь томилох эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга санал болгосон албан тоотыг ирүүлсэн байсан. Бид үүнийг Засаг даргын Тамгын газрын даргаас ямар нэгэн байдлаар аваагүй. Тухайн шалгалт өгч байгаа хүн өөрөө тодорхойлолтоо гаргуулж авч, системд материалаа оруулсан байсан. Тухайн албан тоотод Х.А сахилгын зөрчил гаргаагүй гэдгийг дурдаад явсан байсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан маань шатлан дэвшүүлэхээр санал болгосон байх ёстой, ёс зүйн зөрчил гаргаагүй байх ёстой, сүүлийн 3 жилд өндөр үнэлгээ авсан байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьсан.

9.6. Энэ шаардлагуудыг бүрэн хангасны улмаас шатлан дэвших зарчмын дагуу бүртгэж, шалгалтад оруулсан. Засаг даргын Тамгын газрын даргын саналыг лавлагаа гэж үзсэн. Мөн эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх ёстой гэсэн шийдвэрийг хавсаргасан байх ёстой. Үүнийг мөн адил хоёр өрсөлдөгч маань хоёулаа  ирүүлсэн байсан. Мөн сүүлийн 3 жилийн төрийн жинхэнэ албаны үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээнд хамгийн дээд үнэлгээ авсан байх гэсэн шаардлага тавьсан. Сүүлийн 3 жил гэхээр 2018, 2019, 2020 оныг авдаг. Х.Б нь 2019, 2020, 2021 он буюу 2021 оны 12 дугаар сард үнэлгээгээ хийлгэсэн байсан. Уг нь хуулийн хугацаа нь 01 дүгээр сард үнэлгээгээ хийж, эцсийн байдлаар дүгнэж дуусах ёстой байсан. Гэхдээ бид нар тухайн хоёр хүний хоёулангийн ирүүлсэн байдлаар нь үнэлгээг авч явсан. Мөн тухайн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шалгалт өгсөн Х.Вита, Х.Майра нар мөн адил үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ нь 2018, 2019, 2020 оны үр дүнгийн үнэлгээгээр үнэлгээ авсан. Тиймээс үүнд маргаан байхгүй гэж үзэж байна гэв.

10. Хариуцагч шалгалтын комиссын дарга Н.Бэс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

10.1 Миний бие Төрийн албаны салбар зөвлөлд 2 дахь жилдээ ажиллаж байна. Ерөнхийдөө нарийн бичгийн дарга бүх тайлбаруудыг хэлсэн. Бид гурав үнэлгээ өгөхдөө хоорондоо зайтай суудаг. Бидний өгсөн үнэлгээ нэг нэгэндээ харагдахгүй. Бид тухайн хүнд ижилхэн оноо өгч байна гэдэг маань тухайн хүн яг тэр хэмжээнд ярьсан гэсэн үг. Нэхэмжлэгч Х.Б 2 дахь асуултад хариулах үед асуултын талаар нэмж тайлбарлах уу гэсэн зүйл хэлсэн. 2 дахь асуултад удирдан зохион байгуулах чадвар гэж юу вэ  гэдэг асуулт орж ирсэн. Асуултуудыг хоёр оролцогчдод адилхан 1 минут бодох, 3 минут ярих гэдэг байдлаар зохион байгуулсан. 2 дахь асуултыг буруу яриад байхаар нь засуулах маягаар хэлж өгсөн. Тухайн үед жоохон тойруу маягаар хариулж байхад би чиглүүлж өгсөн. Х.Аын хувьд асуултын хүрээнд оновчтой хариултаа хэлж байсан. Шалгалтад оролцогчдын ярьсан хэмжээнд бодит үнэлгээг өгсөн гэв

11. Хариуцагч шалгалтын комиссын гишүүн Д.Еоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

11.1. Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Салбар зөвлөлийн тодорхой шалгаруулалтуудад гишүүнээр орж явдаг. Нэхэмжлэгч талаас “...ярилцлагын шалгалтын үед тэмдэглэл дутуу үйлдэгдсэн, Д.Е дарга надаас тодруулж асуулт асуусан” гэж эргэлзээтэй зүйл ярьж байна. Тухайн үед би ямар нэгэн тодруулсан асуулт асуугаагүй.  Тэмдэглэлд тухайн үед бидний ярьж, сонссон үйл явц бичигдсэн байна. Манлайлах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах гэдэг сонгон шалгаруулалтын ажлын үндсэн гол хэсэг нь болж тооцогддог. Яагаад гэвэл, харилцаа, хандлага үндсэндээ хүний бодит байдлыг илэрхийлдэг. Энэ хүрээнд бид үнэлгээ хийсэн. Сонгон шалгаруулалтын үнэлгээг хангалтгүй өгсөн гэдэгтэй санал нийлэхгүй. Нэгэнт иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас бодитой үнэлгээ өгөхийг хичээдэг. Нэг жишээ ярихад, Засгийн газраас 2020 оны 100 дугаар тушаалаар батлагдсан бидний гүйцэтгэлийн төлөвлөгөө бүх мэргэжилтний өдөр тутмын ширээн дээр мөрддөг албан бичиг. Тэрэнд өдөр тутам гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, тухайн жилд гүйцэтгэх ажлын үр дүн, хүрэх үр дүн, ажлын үнэлэмж тэрүүгээр тооцогдоод явдаг учраас бидний ширээний ном. Нэхэмжлэгч миний сүүлийн 3 жилийн үнэлгээг авч үзээгүй гэж ярьж байгаа нь тухайн өдөр ч энэ тушаал шийдвэрийн огноо, дугаар, агуулгын талаар тайлбар хэлээгүй байсан. Х.Ат тухайн хэлтсийн мэргэжилд ойр асуултууд таарч байсан. Асуултуудад хууль журмын дагуу нэлээн сайн тайлбарлаж байсан учраас илүү оноо авах үндэслэл бүрдсэн гэв

 

12. Хариуцагч шалгалтын комиссын гишүүн Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

12.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтын комисст гишүүнээр орсон. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шаардлагын хүрээнд сүүлийн 3 жил гэхээр тухайн 2021 он биш 2018, 2019, 2020 онуудыг авдаг байсан. Мөн томилох эрх бүхий албан тушаалтнаас авах ёстой материалууд дотор сахилгын шийтгэлгүй гэж дурдсан байсан. Ярилцлагын шалгалт 16 цагийн үед эхэлсэн. Ярилцлагын шалгалтын үнэлгээг шалгалтын комиссын дарга Н.Б, Д.Е дарга, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н нар өгсөн. Комиссын гишүүн Б.Н тэмдэглэл хөтөлсөн, би тухайн үнэлгээг нэгтгэж байсан. Үнэлгээ өгч байгаа 3 гишүүн маань хоорондоо зайтай суудаг. Нэг нэгний үнэлгээг харах боломжгүй. Хамгийн сүүлд үнэлгээ өгч дууссаны дараа үнэлгээний хуудсыг авч, дүнг нэгтгээд нарийн бичгийн даргад өгдөг  гэв.

13. Хариуцагч шалгалтын комиссын гишүүн Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

13.1. Тухайн өдөр миний бие тэмдэглэл хөтөлж байсан. Тухайн үед болсон бүх үйл явцыг тэмдэглэсэн, дутуу тэмдэглээгүй зүйл байхгүй байсан гэв.

14. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

             14.1. Төрийн албан зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 59 дүгээр тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулах комисс нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр удирдах албан тушаалтны тусгай шалгалтыг зохион байгуулж сонгон шалгаруулалтын дүнг ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн албан зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн хуралд танилцуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд Х.Аын нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргасны дагуу салбар зөвлөлийн даргын хувьд нэр дэвшүүлэх тухай 2022 оны 09 дүгээр тогтоолыг гаргасан. Аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 09 дүгээр тогтоолын дагуу томилох эрх бүхий албан тушаалтны хувьд Х.Аыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилсон болно.

Иймд нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

15. Гуравдагч этгээд Х.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

15.1. Миний бие Х.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт 2008 онд Засгийн газрын НҮБ-тай хамтран хэрэгжүүлсэн Мянганы хөгжлийн зорилтууд төслийн экспертээр 2010 оны 3 дугаар сар хүртэл, 2010 оны 3 дугаар сараас эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Тамгын газрын даргын туслах, Төрийн захиргаа удирдлагын хэлтэст өргөдөл гомдол хариуцсан ажилтан хийж байгаад 2011 оны 12 дугаар сараас ар гэрийн гачигдлаар жилийн чөлөө авч 2012 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

15.2. 2016 оны 12 дугаар сард эргээд төрийн албанд орж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст эдийн засаг, стратеги төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 2 дугаар сард төрийн албаны шалгалт өгч тэнцэн, 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдэж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 34 дүгээр тогтоолоор нэр дэвшигдэн эдийн засаг, стратеги төлөвлөлт, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 2018.11.28-ны өдөр “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон.

15.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8, 43 дугаар зүйлийн 43.1, 43.3.3, 43.4, 43.5 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журмын 2.1 дэх заалт, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05/2220 тоот албан бичиг зэргийг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Улмаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сард аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдсан.

15.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Х.Аыг шатлан дэвшүүлэх тухай бичгээр санал гаргаж өгөөгүй байхад шалгалтын комисс түүний бүртгэлийг баталгаажуулсан” гэсэн нь худлаа, бусдыг гүтгэсэн үйлдэл байна, учир нь, миний бие тус шалгалтад бүртгүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу томилох эрх бүхий этгээдээс шатлан дэвшүүлэх тухай албан бичиг авч, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу бусад материалын хамт цахимаар илгээсэн болно.

Ярилцлагын шалгалтад орох үед шалгалт зохион байгуулах комиссын зүгээс “Удирдах, манлайлах, багаар ажиллах чадварын талаар асуултууд байгаа 1 асуултад 3 хүртэл минутад хариулна” гэдгийг тайлбарлаж өгсөн. Миний бие асуултаа авч тэдгээр асуултад бүрэн гүйцэд хариулсан ба шалгалтын комиссын зүгээс миний тухайн өдрийн шалгалтад авсан оноог танилцуулж, гарын үсэг зуруулсан.

15.5. Улмаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 09 дүгээр тогтоолоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад нэр дэвшүүлсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус албан тушаалд томилогдон ажиллаж байна.

15.6. Тус албан тушаалын сонгон шалгаруулалт нь Төрийн албаны хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд миний хувьд хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 5 жил ажиллахдаа улс, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, тайлагналт, хэрэгжилт, тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагаа, барилга, хот байгуулалтын салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт зэрэг ажлыг холбогдох хууль, журмыг баримтлан хариуцлагатайгаар ажиллаж ирсэн ба тухайн салбарт мэргэшсэн албан хаагч тул томилох эрх бүхий этгээдийн зүгээс тухайн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилон ажиллуулж байсан.

Иймд нэхэмжлэгч Х.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

16. Гуравдагч этгээд Х.Ааас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

16.1. Нэхэмжлэгчийн маргаж байгаа бүртгэлтэй холбоотой хэлэхэд, бүх төрийн албан хаагчдын адил материалаа нягталж үзээд, тухайн үед цахимд оруулж бүртгүүлсэн. Тиймээс ямар нэгэн материал үлдээгүй гэж үзэж байна. Гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой тайлбарлахад, тухайн үед бүртгүүлсэн төрийн албан хаагчид 2018, 2019, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгийн үнэлгээ гэж ойлгож байсан. Яагаад гэвэл, тухайн үед он дуусаагүй, 2021 оны ажлаа үнэлүүлээгүй байсан. Тиймээс бүртгэл дээр ямар нэгэн асуудал байхгүй, хуулийн дагуу бүртгүүлсэн.

16.2. Ярилцлагын шалгалтад комиссын гишүүд удирдах, манлайлах чиглэлээр асуултууд байгаа. Асуултыг аваад 1 минут бэлдээд 3 минут асуултад хариулна гэдгийг хэлж өгсөн. Миний бие асуултаа авч, асуултуудад бүрэн гүйцэд хариулсан. Шалгалтын комиссоос ярилцлагын дүнг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Улмаар Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 9 дүгээр тогтоолоор Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлийн хэлтсийн даргад нэр дэвшүүлсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б\04 дүгээр тушаалаар тус албан тушаалд томилогдон ажиллаж байна. Тус сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд миний хувьд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 5 жил ажиллахдаа улс, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагаа, мөн барилга хот байгуулалтын салбарын хэрэгжилт зэрэг ажлыг холбогдох хууль журмыг баримтлан хариуцлагатайгаар тухайн хэлтэст ажилласан. Тухайн хэлтэст мэргэшсэн албан хаагч болсон. Тухайн албан тушаалд томилогдон ажиллах бүрэн эрхтэй, шалгалтаа хуулийн дагуу өгсөн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

17. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

17.1. Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Б шүүхэд 7 төрлийн нэхэмжлэл гаргасан. 2, 5 дахь нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийн шүүх хуралдаанд тодруулж байна. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шатны шалгалтын Х.Ат өгсөн болон Х.Б надад өгсөн шалгалтын оноо хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, салбар зөвлөлд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шатны шалгалтын Х.Ат болон Х.Б надад холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах  гэж шаардлагаа тодруулсан. Үлдсэн 5 шаардлагаа хангуулсны үндсэн дээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна.

17.2. Үндсэн 2 шаардлага гаргаж байна. Нэгдүгээрт, бүртгэлтэй холбоотой. Бүртгэлтэй холбоотой тайлбарыг урьд нь шалгалтын комиссоос өгсөн. Бүртгэлтэй холбоотой хариуцагч тус бүр өөрсдөө тайлбараа хэлсэн. Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад 3 хүн бүртгүүлэхээр материал ирүүлсэн ба материалуудыг хянаад Х.Б, Х.А нар албан тушаалын тусгай шаардлагыг хангасан гэж үзээд бүртгэлийг баталгаажуулж, шалгалтад оруулсан. Х.А сахилгын зөрчил гаргаагүйтэй холбоотой лавлагаа аваагүй гэж байна. Үүнтэй холбоотой тайлбарыг хариуцагч М.Н тодорхой тайлбар өгсөн. Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс аймаг дахь салбар зөвлөлд тодорхойлолт хүргүүлсэн.

17.3. Х.А Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолыг үндэслээд төрийн албанд шатлан дэвших журамд заасны дагуу Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд шатлан дэвшүүлэх санал гаргаж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн албан хаагч үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүйн мэдлэг, туршлага ур чадварыг бүрэн хангаж байгаа тул нэр дэвшүүлж байна гэсэн. Урьд нь ял шийтгүүлж байгаагүй, сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын зөрчил гаргаж байгаагүй гэдгийг саналд дурдаж өгсөн учраас лавлагаа өгсөн гэж тооцож болно.

17.4. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг Х.Аын хувьд 2018, 2019, 2020 оны байдлаар сүүлийн 3 жилд дүгнүүлсэн материалаа хүргүүлсэн. 2021 оны ажлын үр дүнг үнэлүүлснийг ирүүлэх ёстой байсан гэж нэхэмжлэгч маргаж байна. 2021 оны 12 дугаар сарын 31-ний шалгалт авсан. Тухайн үед тухайн жилийн ажлын үр дүнг дүгнээгүй байсан. Үр дүнгийн гэрээ байгуулахдаа тухайн оны 01 дүгээр сарын 01-ээс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үр дүнгийн гэрээг байгуулдаг. 2021 оны ажлыг дүгнээгүй байсан учраас 2018, 2019, 2020 оны ажлын үр дүнгийн үнэлгээг ирүүлсэн нь үндэслэлтэй.

17.5.  Тухайн өдөр оны эцсийн өдөр болохоор Засаг даргын Тамгын газрын баярын хурал болж, ярилцлагын шалгалт хугацаанаас хоцорч эхэлсэн. Журмын дагуу ярилцлагын шалгалтын асуултыг бэлдэж дугтуйлсан. Шалгалтын үеийн тэмдэглэлийг нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн. Шалгалтын явцыг аудио бичлэгт буулгаж, тэмдэглэл хөтөлсөн учраас хууль бус гэж үзэх боломжгүй. Ярилцлагын шалгалтад салбар зөвлөлөөс томилсон шалгалтын комисс бүрэн бүрэлдэхүүнтэй оролцож, хууль журмын дагуу шалгалт авсан. Х.Б асуултад хангалтгүй хариулсан гэдэг нь тэмдэглэлд тодорхой дурдагдсан.  Тухайн өдрийн өмнөх өдөр шалгалттай байсан болохоор диктофон цэнэггүй болоод тухайн өдөр утсаар бичлэг хийж баталгаажуулсан байна. Үүнийг хууль журам зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэх ямар боломжгүй. Х.Б асуултад дутуу хариулсан, Х.А оновчтой хариулсан гэдгийг комиссын дарга Н.Б тэмдэглэлдээ дурдсан байна.

17.6.  Шалгалтад оролцогчдод оноог зохих хууль журмын дагуу өгсөн. Ярилцлагын шалгалт хожимдож эхэлснээс болж хэн нэгний эрх ашиг зөрчигдсөн, хууль журам зөрчигдсөн талаар нотлох баримт байхгүй.

Иймд нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах  салбар зөвлөлөөс /цаашид салбар зөвлөл гэх/ байгуулсан шалгалтын комиссын Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын “удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар” ярилцлагын  шалгалтын гуравдагч этгээдэд өгсөн үнэлгээг (1), салбар зөвлөлийн гуравдагч этгээдийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоолыг (2), Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын гуравдагч этгээдийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон тушаалыг (3) тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын гуравдагч этгээдэд холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах (4)  нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, үлдсэн хэсэг болох гуравдагч этгээдийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг (5),  шалгалтын комиссын  ярилцлагын  шалгалтын нэхэмжлэгчид  өгсөн  үнэлгээг (6) тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгчийн ярилцлагын шалгалтын холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст (7), нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх  тогтоол гаргахыг салбар зөвлөлд (8), нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад  тус тус даалгах (9)  нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч нь анх  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  “... надад болон гуравдагч этгээдэд өгсөн ярилцлагын шалгалтын үнэлгээ нь шударга бус, мөн гуравдагч этгээд нь хуульд заасан шаардлага болох төрийн албанд ажилласан хугацааг хангаагүй байхад  шалгалтад хууль бусаар бүртгэсэн” гэж маргасан бол шүүх хуралдаанд “... гуравдагч этгээдийн ажилласан хугацааны талаар маргахгүй, харин гуравдагч этгээд нь шалгалтад ороход бүрдүүлэх  бичиг баримтад заасан томилох эрх бүхий албан тушаалтны сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл хүлээгээгүй байх лавлагааг, сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг тус тус ирүүлээгүй, бичиг баримтын бүрдэл  дутуу байхад бүртгэсэн” үндэслэлээр  маргасан.

3. Маргаан бүхий албан тушаалын сул орон тооны захиалгыг салбар зөвлөлөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаар албан бичгийн хавсралтын холбогдох хэсгээр  Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн цахим санд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс нийтэд уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар зарласан,  зарын дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  нэхэмжлэгч, гуравдагч этгээд, С.Галья нар нь шалгалтад оролцохоор  бичиг баримтаа цахимаар илгээсэн,  салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 дүгээр “Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс томилох тухай” тогтоолоор байгуулагдсан шалгалтын комисс нь   2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  шалгалтад оролцох хүсэлттэй иргэдийн илгээсэн бичиг баримтуудыг  шалгаж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалын тодорхойлолт болон хуульд заасан шаардлагыг хангасан үндэслэлээр бүртгэж, харин иргэн С.Гальяг “ажилласан жилийн шаардлага хангаагүй” үндэслэлээр бүртгэхээс татгалзсан зэрэг үйл баримтууд нь  хэрэгт авагдсан салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаар албан бичиг,  2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  “Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисс томилох тухай” 59 дүгээр тогтоол, тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар, шалгалтын комиссын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн төрийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалын тусгай шалгалтын бүртгэлийн материал шалгасан тухай тэмдэглэл”, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн албаны тусгай шалгалт явуулсан тухай” Дугаар-ТШ/202106 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            4. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр явагдсан маргаан бүхий албан тушаалын тусгай шалгалтад  оролцогчид нь нийт 6 төрлийн шалгалтыг өгсөн, үүнээс,   хууль, эрх зүйн мэдлэгийн шалгалтад авах ёстой 30 онооноос нэхэмжлэгч нь 28 оноог, гуравдагч этгээд нь 16 оноог,  дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад авах ёстой 20 онооноос  нэхэмжлэгч нь 4 оноог,  гуравдагч этгээд нь 8 оноог, асуудал шийдвэрлэх чадварын шалгалтад авах ёстой 20 онооноос нэхэмжлэгч нь 12 оноог, гуравдагч этгээд нь 8 оноог, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтад авах ёстой 20 онооноос нэхэмжлэгч нь 20 оноог, гуравдагч этгээд нь 14 оноог, мэргэшлийн үйл ажиллагааны үнэлгээнд авах ёстой 30 онооноос нэхэмжлэгч 30 оноог, гуравдагч этгээд нь 30 оноог, удирдан зохион байгуулах багаар ажиллах ярилцлагын шалгалтад авах ёстой 30 онооноос нэхэмжлэгч нь 10 оноог, гуравдагч этгээд нь 29.16 оноог тус тус авч, нэхэмжлэгчийн  нийт  оноо 104, гуравдагч этгээдийн   нийт оноо 105.16 болсон нь хэрэгт авагдсан тусгай шалгалт авсан тайлангийн нэгдүгээр хавсралтын холбогдох хэсгүүд, төрийн жинхэнэ албан тушаалын нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн үнэлгээний хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

            5. Салбар зөвлөл нь  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн ажиллах журам”-ын 3.1.5, 3.5, 3.5.4, 5.7, 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 7.2, 2019 оны 14 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”, 2020 оны  141 дүгээр тогтоол,шалгалтын комиссын ТШ/2021-06 дугаартай тайланг тус тус үндэслэн маргаан бүхий албан тушаалд гуравдагч этгээдийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор дэвшүүлснээр томилох эрх бүхий этгээд нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Х.Аыг албан тушаалд шатлан дэвшүүлж томилох тухай” Б/04 дүгээр тушаалаар томилжээ.

            6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж зааснаар  шалгалтын комисс нь үнэлгээ өгөх эрхээ хэрэгжүүлэхдээ уг эрхээ хэтрүүлсэн эсэх, эрхээ буруу хэрэгжүүлсэн эсэх, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх үйл баримтад шүүх дүгнэлт хийх бүрэн эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  гуравдагч этгээд болон нэхэмжлэгчид  өгсөн шалгалтын комиссын үнэлгээнд   дүгнэлт хийсэн болно.

            7. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.5-т “Төрийн жинхэнэ албаны шалгалт нь сорил, ярилцлага болон бусад хэлбэртэй байна”, 33.6-д “Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан агуулгатай байна”, 33.6.1-т “удирдан зохион байгуулах чадварыг шалгах”, 33.6.2-т “дүн шинжилгээ хийх чадварыг шалгах”,  33.6.3-т “асуудал шийдвэрлэх чадварыг шалгах”, 33.6.4-т “манлайлах чадварыг шалгах”, 33.6.5-т “монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах”, 33.6.6-д “багаар ажиллах чадварыг шалгах”, 33.6.7-д “бусад” гэж,  Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын  1 дүгээр хавсралтын 6.1-т “Шалгалтын агуулга дараах бүрэлдэхүүнтэй байна: 6.1.1.тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг; 6.1.2.дүн шинжилгээ хийх чадвар; 6.1.3.асуудал шийдвэрлэх чадвар; 6.1.4.монгол хэлний ярианы болон бичгийн чадвар; 6.1.5.удирдан зохион байгуулах чадвар; 6.1.6.манлайлах чадвар; 6.1.7.багаар ажиллах чадвар; 6.1.8.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин”,  6.5-т “Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг ярилцлагаар шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор үнэлнэ” гэж тус тус заажээ.

            8. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6  болон журмын   6.5-т зааснаар явагдсан  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  ярилцлагын шалгалтад  гуравдагч этгээд нь “Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын эрхэм зорилго” (1),  “Монгол Улсын нэгдсэн төсөв, түүний тогтолцоо”(2), “Тулгамдсан асуудлыг бусдаас онцлог, өвөрмөц байдлаар шийдвэрлэж байсан бол тэр тухай, ямар үр дүн гарсан, гарсан үр дүнд сэтгэл ханамж ямар байсан (3)” гэх 3 асуултад  хариулсан байх ба шалгалтын комиссын дарга болон  2 гишүүн тус бүр нь эхний асуулт буюу манлайлах ур чадвартай холбоотой асуултын хариулалтад  “10, 10, 10”, 2 дах асуулт буюу удирдан зохион байгуулах ур чадвартай холбоотой асуултын хариулалтад  “9, 9.5, 9”,   3 дах асуулт буюу багаар ажиллах чадвартай холбоотой асуултын хариултад “10, 10, 10 “ оноог тус тус өгч, нийт авах ёстой 30 онооноос 29,16 оноог өгсөн нь хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтад оролцогчдын ярилцлагын оноо, төрийн албаны тусгай шалгалтын комиссын дарга болон гишүүдийн тус  бүрийн өгсөн  үнэлгээгээр тус тус тогтоогдож байна.

            9. Маргаан бүхий албан тушаалын эрхэм зорилго буюу 1 дэх асуултын талаар тухайн албан тушаалын тодорхойлолтын II-т “Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлагад мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж, бодит мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн  Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнана” гэж тодорхойлсон.

            10. Мөн Монгол Улсын нэгдсэн төсөв, түүний бүрдэл, тогтолцооны талаар Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ”,  4 дүгээр зүйлийн  4.1.6-д “"улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг”,  4.1.27-д “"орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” 4.1.32-т “"Нийгмийн даатгалын сангийн төсөв" гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг”, 4.1.51-т “"эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв" гэж Нийгмийн даатгалын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг”, 4.1.55-т ““Ирээдүйн өв сангийн төсөв” гэж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, хуримтлал үүсгэх зорилгоор тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг” гэж тус тус заажээ.

            11. Хэрэгт авагдсан шалгалтын  ярилцлагын дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзэхэд,  1 дүгээр асуултын хувьд гуравдагч этгээд нь  Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын эрхэм зорилгын талаар хариулах ёстой  атал  аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн буюу нэгж байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, үйл ажиллагаа,  зорилгоо тодорхойлсон байдал, зохион байгуулалт, бүтэц орон тоо, хийж гүйцэтгэсэн  ажлын талаар,   2 дугаар асуултын хувьд нэгдсэн төсвийг  зөвхөн  улсын төсөв болон орон нутгийн төсвөөс бүрддэг мэтээр   хариулж, бүрэн гүйцэт байдлаар хариулаагүй, мөн асуултад хамааралгүй асуудлаар буюу төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн талаар  хариулт болгож тайлбарласан нь тогтоогдож байна.

            12. Гуравдагч этгээдийн ярилцлагын 3 асуултад  хариулсан байдлыг   шалгалтын комиссын дарга болон гишүүд нь   “9, 9.5, 10”   оноогоор  үнэлсэн  бөгөөд уг үнэлгээг бодит хариултад тохирсон гэж үзэх боломжгүй,  хариуцагчдын уг үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-т заасан “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан …  шударга ёс, …  тэгш байдал, …  хууль дээдлэх” үндсэн  зарчимтай, 7.1.4-т заасан  “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчимтай, 3  дугаар зүйлийн  3.1.3-т “"чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг” гэж  заасантай нийцээгүй,  хууль бус гэж шүүхээс дүгнэлээ.

13. Дээрх  үнэлгээг үндэслэж салбар зөвлөлөөс тухайн албан тушаалд гуравдагч этгээдийг томилуулахаар нэр дэвшүүлсэн,  мөн уг тогтоолыг үндэслэж томилох эрх бүхий этгээдээс  гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилсон зэрэг хариуцагчдын үйлдэл нь  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.1-т заасан “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэснийг зөрчсөнөөс гадна дээрх үнэлгээ нь  шалгалтын үр дүнд нөлөөлсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд нэр дэвшигдэх, томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул гуравдагч этгээдийн ярилцлагын шалгалтын үнэлгээг, салбар зөвлөлийн тухайн албан тушаалд гуравдагч этгээдийг нэр дэвшүүлсэн  2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг, томилох эрх бүхий этгээдийн  2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Х.Аыг албан  Б/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн ярилцлагын шалгалтын хариултад тохируулан бодит байдлаар дахин үнэлгээ хийхийг  даалгаж шийдвэрлэлээ.

            14. Маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтын зарын гуравт  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан шаардлагыг хангасан төрийн албан хаагчдад  “...томилох эрх бүхий албан тушаалтны ... тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа”, “ сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ авсан байхыг” зэрэг бичиг баримтуудыг ирүүлсэн байхыг шаарджээ.

            15. Гуравдагч этгээд нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байх бөгөөд шалгалтад бүртгүүлэхдээ  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3-02/850 дугаартай шатлан дэвшүүлэх талаар санал гаргасан тодорхойлолтыг, мөн 2018, 2019, 2020 онуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг,  төрийн жинхэнэ албан хаагчийн 2020 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг тус тус  шалгалтын комисст хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            16. Томилох эрх бүхий албан тушаалтны  гуравдагч этгээдийн  ажлын байдлыг тодорхойлсон тодорхойлолтод  “... Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй,мэдлэг мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг бүрэн хангаж буй ...” гэж тусгаснаас үзэхэд,  гуравдагч этгээд нь ёс зүйн талаар сахилгын зөрчил хүлээж байгаагүй гэж дүгнэх  боломжтой,  энэ талаарх хариуцагчдын тайлбар үндэслэлтэй, түүнчлэн, “... сүүлийн гурван жилийн ...” гэдэгт   дүгнүүлсэн сүүлийн гурван удаагийн  үр дүнгийн гэрээний биелэлт болон  үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан гэж ойлгох ба гуравдагч этгээд нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлүүлээгүй байх тул  үнэлүүлсэн, дүгнүүлсэн сүүлийн 3 удаагийн үнэлгээ  болох 2018, 2019, 2020 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг ирүүлсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1 дүгээр хавсралтын 6.6-д заасан “Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ сүүлийн гурван удаагийн үнэлгээнээс ...” гэсэнтэй нийцсэн байх тул нэхэмжлэгчийн  гуравдагч этгээдийг шалгалтад  бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

            17. Нэхэмжлэгчийн гаргасан ярилцлагын шалгалтын өөрт холбогдох үнэлгээг хууль бусад тооцож хүчингүй болгуулах,  дахин үнэлгээ хийлгэх тухай шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ. Учир нь,

            Нэхэмжлэгчийн  манлайлах чадвартай холбоотой “Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” (1) гэх  1 дэх асуултын хувьд  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын  хавсралтаар баталсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын гурав дах хэсэгт 3.2-т “Төлөвлөгөөнд байгууллагын стратеги зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ, тухайн жилийн хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлт, хариуцан ажиллах албан хаагч, хэрэгжүүлэх хугацааг тодорхой тусган боловсруулна” гэж журамласан байх ба нэхэмжлэгчийг энэ тогтоолын холбогдох заалтуудын хүрээнд дэлгэрэнгүй хариулсан гэж үзэх, мөн  2,3 дах асуулт  буюу удирдан зохион байгуулах чадвар (2) болон өөрийн ба байгууллагын зорилтыг хангахын тулд хамтран ажилладаг хүний ажлын барилд нийцэж ажилласан тухай (3)  асуултуудад  бүрэн гүйцэт, зөв, оновчтой, логик дараалалтай хариулсан гэж үзэх боломжгүй тул  нэхэмжлэгчид өгсөн шалгалтын комиссын үнэлгээ нь бодит байдалд тохирсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

18. Нэгэнт шүүхээс шалгалтын комиссын гуравдагч этгээдэд өгсөн  ярилцлагын үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан тул шүүхийн энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн шалгалтын үнэлгээний эцсийн үр дүнг үндэслэж салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэх тогтоол гаргах, томилох эрх бүхий этгээд томилох шийдвэр гаргах үйл ажиллагаанууд нь Төрийн албаны хуулийн болон холбогдох журамд заасны дагуу явагдах учир нэхэмжлэгчийн гаргасан “... нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, томилох шийдвэр гаргахыг томилох эрх бүхий этгээдэд  тус тус даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4,   26 дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах  салбар зөвлөлөөс  байгуулсан шалгалтын комиссын Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын “удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар” ярилцлагын  шалгалтын Х.Ат өгсөн үнэлгээг, салбар зөвлөлийн Х.Аыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Х.Аыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ярилцлагын шалгалтын Х.Ат холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгаж,   нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох Х.Аыг  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг,  шалгалтын комиссын  ярилцлагын  шалгалтын Х.Бд  өгсөн  үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,  ярилцлагын шалгалтын Х.Бд холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст, Х.Бийг  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх  тогтоол гаргахыг салбар зөвлөлд, Х.Бийг  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад  тус тус даалгах   нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША