Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1139

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00481 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А н у” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 167 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр,

Хариуцагчийн төлөөлөгч Э.Б-,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А н у” ХХК-ийг нэг хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 2014 оны намар Ж.Б-, Э.Б-нарын “чиний газар дээр хамтарч цацагт хяруулын аж ахуй байгуулъя” гэсэн саналыг би хүлээн авч, компанийнхаа хувьцаанаас тус бүрт нь 25 хувийг бэлэглэж, өөрөө 25 хувьтай үлдэж байсан. Түүнээс гадна дээрх хүмүүсийн хүсэлтийн дагуу өөрийн эзэмшлийн 20 га газрыг компанийхаа нэр дээр шилжүүлэн компанийн бизнесийн үйл ажиллагаа явуулах хамгийн чухал зүйл бааз суурь болох газрын асуудлыг дангаар шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оноос хойш удаа дараа намайг компанид мөнгө нэмж оруулахыг шаардсан. Ж.Б- “энэ төслийг хариуцаж байсан Э.Б-д өгөх нь зүйтэй” гэсэн саналыг удаа дараа гаргасан бөгөөд Э.Б-2017 оны 02 дугаар сарын 15-нд “би авна, учир нь би энэ төслийг хариуцаж байсан сайн мэднэ” гэж хэлэхэд нь миний хувьд зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой хэлж байсан. Учир нь, би өөрийн байгуулсан компанийн хувьцааг үнэ төлбөргүй өгсөн, өөрийн эзэмшлийн газраа үнэ төлбөргүй тэдний шаардлагын дагуу компанид шилжүүлж, өөрт байсан мөнгөө зээлж байсны хувьд хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар намайг нотариат дээр дуудан ирүүлж Э.Б-хувьцаа зарахыг надаас шаардан бусад нь хүлээн зөвшөөрч хувьцаа шилжүүлэх гэрээ, бусад бичиг баримтад гарын үсгээ зурахыг тулгасан, би аргагүй эрхэнд гарын үсэг зурсан. Компанийн хөрөнгө болон хувьцааны зах зээлийн үнэлгээ хийлгэх, хөндлөнгийн аудит оруулах боломж ч олгохгүйгээр богино хугацаанд буюу 1 хоногийн дотор шахаж шаардан, хувьцаа эзэмшигчдийг ноцтой төөрөгдөлд оруулж бэлэн мөнгө нотариат дээр авчирч хүчээр тулган дарамталж, аргагүй нөхцөл байдалд оруулж компанид эзэмшиж байсан миний сүүлийн 25 хувийн хувьцааг үнэгүйдүүлэн авсанд гомдолтой. Хэдийгээр би өөрийн 25 хувийн хувьцаагаа бусад хувьцаа эзэмшигчид бага үнээр зарсан хэдий ч тус компанид хувьцаанаас гадуур хувиасаа зээлдүүлж, хариуд нь хувьцаа нэмж аваагүй буюу хувьцаанд хөрвүүлээгүй тул ийнхүү зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардах бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргаж байна. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3 сая төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 60 000 000 төгрөг, бэлнээр зээлдүүлсэн 44 000 000 буюу нийт 167 000 000 төгрөг зээлдүүлсэн. Иймд 167 000 000 төгрөгийн зээлийн хөрөнгийг хариуцагч “А н у” ХХК-аас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг заавал хугацаа, хүү тохирч байгуулна гэсэн ойлголт Иргэний хуульд  байхгүй. Харин уг зээл хариу төлбөргүй байсан учраас заавал бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар Д.Н- хэзээ ч  нэхэмжлэх эрхтэй бөгөөд мөнгөө нэхэхгүй бол компанийн санхүүгийн тайланд өглөг дээр бичилт хийхгүй байх байсан. Иймд Д.Н-ийн мөнгө “А н у” ХХК-ийн данс руу орсон нь баримтаар нотлогдоно. 123 000 000 төгрөгийн баримт хэрэгт байгаа ба 44 000 000 төгрөгийн баримт өөр хүнд компанийн нэр шилжсэн тул энэ талаар баримт гаргаж ирж чадаагүй. Иймд үүнийг зээлийн эрх зүйн харилцаа биш хөрөнгө оруулалт, хувьцаа нийлүүлэлт, хувьцаат хөрөнгө гэж болохгүй. Компанийн санхүүгийн тайлангийн эздийн өмчид бүртгэгдээгүй, дүрмийн санд энэ мөнгө нь бүгд өглөг байдлаар бүртгэсэн байгаагаар мөнгө зээлдүүлсэн гэдэг нь нотлогдоно. Хариуцагч компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан гэдгээрээ 167 000 000 төгрөгөөрөө хохирох ёсгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Учир нь Д.Н- нь “А н у” ХХК-нд дээрх мөнгийг зээлсэн асуудал огтхон ч байхгүй. Харин 2014 оны 12 сараас 2017 оны 02 сар хүртэл Д.Н- тус компаний хувь нийлүүлэгч хувьцаа эзэмшигч байсан. Анх Д.Н-, Т.Б- нарын санал санаачилгаар Ж.Б-, Э.Б-бид харилцан зөвшилцсөний эцэст цацагт хяруулын ферм байгууллахаар харилцан тохиролцож цаашид үйл ажиллагаагаа явуулах компани байгуулах, компаний үйл ажиллагаанд зориулж бүгд хөрөнгө оруулалт хийхээр, мөн хэн хэн нь ямар ажил үүрэг гүйцэтгэхээ сайн дураараа ярилцан тохиролцож бүх гишүүдийн саналаар Э.Б-намайг гүйцэтгэх захирлаар томилон улмаар надад уг фермийг үүсгэн байгуулахад шувуутайгаа сайн танилцах, зах зээлийн судалгаа хийх, цацагт хяруулыг монголд тэжээх орчин нөхцөлийг нь судлах, түүнийг тэжээн турших, үүнтэй холбоотойгоор гарах урьдчилсан зардал тооцоог гаргах тус зардлыг бүгд хувь тэнцүү хувааж гаргахаар тохиролцсон. Бид ярилцаж байгаад “А н у” нэрийг сонгон байгуулсан. Бид эхний ээлжинд хөрөнгө оруулалт яаралтай олох, хэрэв олж чадахгүй бол өөрсдийн хөрөнгө оруулалтаар цацагт хяруулын фермийг байгуулан ажиллуулахаар тохирч үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон ба эхний ээлжинд хүн тус бүр 1 500 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Цаашид зайлшгүй шаардлагатай зардалд 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж хүн тус бүр 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр тохиролцсон талаар бүх гишүүдийн хувьцаа эзэмших гэрээ болон хамтран ажиллах гэрээнд тусгахдаа гэрээний 3.1.1, 3.1.2-т заасны дагуу Э.Б-гаас хөрөнгө оруулалтанд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 45 000 000 төгрөг, Д.Н-ээс хөрөнгө оруулалтанд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 50 000 000 төгрөг, Ж.Б-гаас хөрөнгө оруулалтанд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 50 000 000 төгрөг тус тус оруулсан. Д.Н-ээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хөрөнгө оруулалтаар 3 000 000 төгрөг оруулсан боловч энэ нь бизнес төлөвлөгөөний урьдчилгаа, тог, шувууны төлбөр зэрэгт тус тус зарцуулагдсан. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Э.Б-, Ж.Б-, Д.Н- бид хүн тус бүр 60 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт дахин хийсэн мөн 2015 оны 08 дугаар сарын 24-нд Ж.Б- 40 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж дээрх хөрөнгө оруулалтаар цацагт хяруулын ферм барих, цацагт хяруулыг оруулж ирэх, сортлох, үржүүлэх, түүний түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах, борлуулах, сурталчлах болон компаний бүхий л үйл ажиллагааны зардлуудад тооцогдон гарч орж байсан. Ж.Б-, Т.Б-, Э.Б-, Д.Н- бид хөрөнгө оруулалт хийхээс гадна хувьцаа эзэмшигч тус бүрийн хүлээх эрх, үүргийн талаар харилцан тохиролцож энэ талаар хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээнд тусгасан. Э.Б-миний бие өөрийн хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэхийн тулд компаний менежментийн үйл ажиллагааг бүхэлд нь удирдан явуулж ажиллаж ирсэн ба цацагт хяруулыг үржүүлэн өсгөж нутагшуулж чадсан боловч шинэ зүйл гэдэг утгаараа, хүмүүс цацагт хяруулын махыг сайн мэддэггүй, мөн идэж сураагуйн улмаас борлуулалт муутай ашиггүй ажиллаж байсан юм. Одоо ч ашиггүй ажиллаж байгаа билээ. Гэвч цаашид ашигтай ажиллахын тулд түүхий эд бүтээгдэхүүнийг боловсронгуй болгох, сав баглаа боодлын үзэмж чанарыг сайжруулах, эрүүл мэндийн ач тусыг таниулж сурталчлах, хэрэглэж сургах зэрэг үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад тодорхой цаг хугацаа, хөрөнгө шаардагдана. Э.Б-би ажиллах хугацаандаа аливаа шийдвэр болон төлбөр төлөлтийг 4 гишүүдийн зөвшөөрлөөр гаргадаг байсан ба дор хаяж сардаа нэг санхүүгийн тайланг гаргаж танилцуулж цаашид яах талаар сануулж шахаж ажилладаг байсныг Д.Н- өөрөө мэдэх ба ТУЗ-ийн гишүүд ч гэрчлэх болно. Д.Н- Т.Б- нар нь анхнаасаа энэ бизнесийг өөрсдөө санаачилж биднийг татан оруулж бидний хөрөнгө мөнгийг гаргуулж цацагт хяруулын фермийг барьж босгуулсан боловч ашиггүй байгаагаас шалтгаалан дундаас нь шантарсан. Тэгээд ч өөрсдөд нь ноогдсон үүрэгт ажлаа маш хангалтгүй гүйцэтгэж байсан билээ. Т.Б- санаачлан гадаадаас хөрөнгө оруулалт олно хэмээн итгүүлэн Герман улсын тухайн үеийнхээр “ЕМР”1-1-С ажилтай хүнийг 2015 оны 07 дугаар сарын 10-нд ферм дээр дагуулан ирж танилцуулсан. Удалгүй намар нь мөн компанийн урилгаар 2015 оны 9 сард “А н у” ХХК-ийн 100 хувийн зардлаар 4 гишүүн томилолтоор явж үр ашиггүй зардал гаргасан, харин ч эсрэгээрээ Т.Б-, Д.Н- нар Герман Улсын иргэн Брюнинг, Ханс нартай нийлж вино импортолж оруулах бизнес эрхэлж эхэлсэн. Тухайн үедээ Брюнинг, Ханс Планс нартай үгсэн хуйвалдаж 6 000 000 еврогийн хөрөнгө оруулалт хийнэ гэж худал хэлэн хөрөнгө оруулалт орохоор нэн тэргүүнд өөрсдийн оруулсан хөрөнгийг гаргаж авах нь зөв, тийм учраас өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг зээл гээд бүртгүүлчихэе гэж хууль бус санал тавьж байсан. Гэтэл хаанаас ч ямар ч хөрөнгө оруулалт, зээл орж ирээгүйг санхүүгийн тайлан гэрчилнэ. 2016 оны эхээс эхлэн цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахын тулд шаардлагатай хөрөнгө оруулалтыг яаж шийдэх талаар удаа дараа асуудал болгон тавихад Д.Н- хөнгөлөлттэй зээл авна гэж компанийн үнэлгээг бодит байдлаас хиймлээр өсгөн бичиг баримт бүрдүүлэн Улаанбаатар банкинд материал гарган өгсөн боловч амжилтгүй болсон. 2016 оны эхэн үеэс эхлэн би гүйцэтгэх захирлын хувьд цацагт хяруулыг таниулж хэрэглэж сургахад цаг хугацаа хэрэгтэй хэдийгээр нутагшуулах явц сайн явж байгаа ч бүтээгдэхүүн гаргах хүртэл дахиад нэг жил хэрэгтэйг тайлбарлаж дансанд байгаа 130 000 000 төгрөгийг дэмий урсгал зардал болгохгүйн тулд байгаа бааз сууриндаа тулгуурлаж тахианы аж ахуйг хамтад нь явуулах талаар удаа дараа гишүүдэд танилцуулж байсан боловч Т.Б-, Д.Н- нар эсэргүүцэж, удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэсээр 2016 оны 12 сар хүргэж мөн л шийдэл гаргалгүй 2017 оныг хүргэсэн. Гүйцэтгэх захирал би 2017 оны төсөв оруулж танилцуулахад гишүүд хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд бүх гишүүд компаниа зарах зах зээл хайя гэж тохироод салцгаасан боловч зарагдаагүй. Би давуу эрхээ эдлэж өөрөө авмаар байна гэсэн саналын дагуу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “А н у” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бид хуралдан компаний үйл ажиллагаа, дүрэм, бүтцэд өөрчлөлт оруулахаар болж бүх гишүүдийн 100 хувийн саналаар 4 гишүүн өөрсдийн эзэмшлийн хувьцаа компаниа 160 000 000 төгрөгөөр үнэлэн Э.Б-би бусдаас мөнгө зээлэн 160 000 000 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс Д.Н-т 55 225 500 төгрөг, Т.Б-д 18 084 000 төгрөг, Ж.Б-д 69 225 500 төгрөг тус тус өгснөөр бидний асуудал шийдэгдэж миний нэр дээр компани хууль ёсны дагуу шилжигдэн ирсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй буюу 167 000 000 төгрөгийг хэрхэн, яаж зээлсэн талаарх хуулийн шаардлагад нийцсэн баримт хэрэгт Хувьцаа эзэзмшигч нарын хөрөнгө оруулалт байсан гэдэг нь хэрэгт авагдсан банкны санхүүгийн баримтаар буюу хэргийн 6, 7, 8, 9 дүгээр талд авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, зээлийн гэрээний харилцааны эрх зүйн шинж, хэлбэрийг хангаагүй байгаа тул Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “А н у” ХХК-аас 167 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бух овогт Дондовын Нандинцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 150 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00481 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

- Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “А н у” ХХК-д зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө оруулалтаа баталгаажуулахын тулд банкаар шилжүүлсэн бөгөөд нотлох баримт хэрэгт авагдсан.

- Шүүхийн шийдвэрт 2015 оны 4 дүгээр улирлын тайлангаар 854 891 700 төгрөгийн өр төлбөртэй болж өөрчлөгдсөн гэж компанийн санхүүгийн тайлангийн задаргааг иш татсан.

- Санхүү-эдийн засгийн сонгодог утгаараа хөрөнгө оруулалт гэдэг нь ашиг авах зорилгоор мөнгөөр худалдан авч байгаа аливаа зүйлийг хэлдэг бөгөөд компанид оруулж байгаа хөрөнгө оруулалт нь үндсэн 2 хэлбэрээр хийгддэг. Үүнд: эхнийх нь хөрөнгө оруулалт хийсэн бол түүндээ дүйцэхүйц хувьцаа эзэмших байдлаар шууд өмчилдөг /хувьцааны хөрөнгө оруулалт/ байдаг бол нөгөөх нь урт болон богино хугацаатай зээл олгох, түүнийг нь зээлдэгч буцааж өгөх тул бусдад өгөх өглөг нэртэйгээр санхүүгийн тайландаа тусгаж явдаг зээлийн хөрөнгө оруулалт байдаг.

- Нэхэмжлэгчийн анх оруулсан хөрөнгө оруулалтад нь компани 25 хувийн хувьцааг нь эзэмшүүлсэн бол сүүлд зээлдүүлсэн хөрөнгө оруулалтыг бусдад өгөх өглөг нэрээр хуримтлуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн хөрөнгийг хувьцаанд хөрвүүлээгүй буюу шинээр хувьцаа гаргаж эзэмшүүлээгүй.

- Шүүхийн шийдвэрт “хэрэгт авагдсан “А н у” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5084183422 дугаартай депозит дансны хуулгыг үзвэл нэхэмжлэгч Д.Н- нийт 123 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэсэн утгатай шилжүүлсэн байна” хэмээн хангалттай нотлох баримтыг дурдаж тогтоосон байна.

- Ийм хөдлөшгүй нотлох баримт байсаар байхад нэхэмжлэлийн шаардлага нотлогдсонгүй хэмээн дүгнэж байгаа нь ойлгомжгүй болжээ.

2.. Шүүхийн шийдвэрт “А н у” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар богино хугацаат төлбөр 10 500 000, эздийн өмч өөрчлөлтгүй, 2015 оны 4 дүгээр улирлын тайлангаар 854 891 700 төгрөгийн өр төлбөртэй болж өөрчлөгдсөн ба энэ бусдад өгөх өглөг хэсэгт буртгэгдсэн мөнгөн дүн нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг эргэлзээгүй нотолно гэж үзэхээргүй байна” гэсэн хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд бүх аж аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлдээ бүх өр төлбөрийг заавал бүртгэхээр заасан (14.4.3 дахь заалт) бөгөөд гэхдээ авлагатай этгээдийн нэрийг дурдаж тусгах үүрэг хүлээдэггүй. Тиймээс, авлагатай этгээд нь тодорхой бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч Д.Н- компаниас авлагагүй гэж дүгнэж болохгүй.

- Зээлийн гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу биш эд хөрөнгө/мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан, зээл олгогдсон гэж тооцох учиртай.

- Нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн зүгээс огт үгүйсгээгүй, харин хөрөнгө оруулалт гэж маргаж байхад шүүх “нотлогдохгүй байна” хэмээн хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй. Д.Н-ийн “А н у” компанид шилжүүлсэн 123 сая төгрөг санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдсон төдийгүй хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг.

- Хариуцагчийн зүгээс энэхүү хөрөнгө оруулалтыг буцаан төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа хэдий ч “А н у” ХХК тус мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалт /эздийн өмч/-аар бус харин бусдад өгөх өглөг хэлбэрээр бүртгэсэн /хөдлөшгүй нотлох баримт/.

- Хариуцагчийн төлөөлөгч Э.Б-хүргэн ахаасаа 160 сая төгрөг зээлэн Д.Н-т 55 225 500 төгрөг өгч компанийн 25 хувийн хувьцааг шилжүүлэн авсан гэж шүүхэд мэдүүлсээр байхад нэхэмжлэгчийн компанид оруулсан хөрөнгө оруулалт болох баримтаар нотлогдож байгаа 123 сая төгрөгийн зээлийн хөрөнгө оруулалтыг шууд үнэгүйдүүлэн нэхэмжилж байгаа эзэнд нь бус харин одоогийн хувьцаа эзэмшигч Э.Б-д шүүх ирээдүйд үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгож байна.

3. Шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

- Нэхэмжлэгчийн банкаар дамжуулан шилжүүлсэн зээлийн хөрөнгө оруулалтыг “А н у” ХХК санхүүгийн тайландаа бусдад буцаан төлөх өглөг/зээл хэлбэрээр бүртгэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа байгааг хангалттай нотолж байна.

- Иргэний хуульд талууд хүү тооцохгүй тохиолдолд зээлийн гэрээг хэлбэрийн хувьд заавал бичгээр байгуулах шаардлагагүй байдаг.

- Мөн Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бол мөн хуулийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан байдаг.

Ийнхүү Д.Н- нь хуульд заасны дагуу “А н у” ХХК-д зээлүүлсэн мөнгөн зээлийн хөрөнгөө буцаан шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд түүнийг хэн нэгэн этгээд шууд шилжүүлэн авах боломжгүй. Нэхэмжлэгч Д.Н- компанийн 25 хувийн хувьцаагаа Э.Б-д шилжүүлэхдээ компанид оруулсан зээлийн хөрөнгө оруулалтаа буцаан авах, эсхүл нэхэмжлэх буюу шаардах эрхээсээ татгалзсан, эсхүл Э.Б-д шилжүүлсэн талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарсангүй.

Зүй нь нэхэмжлэгч зээлийн шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд хариуцагч шаардах эрхээсээ татгалзсан, эсхүл гуравдагч этгээд /Э.Б-/-д шилжүүлсэн гэсэн үндэслэлээ гаргаж тавихаас бус шүүх өмнүүр нь орж зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй байна гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэж болохгүй билээ.

Эцэст нь тэмдэглэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчихийн хамт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Хариуцагч “А н у” ХХК-д холбогдуулан 167 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Н- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, уг мөнгийг хувьцаа эзэмшигчийн хувиар хөрөнгө оруулсан гэж тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд зохигчид хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан талаар талууд маргаагүй бөгөөд ХААН банк ХХК-дахь хариуцагч “А н у” ХХК-ийн нэр дээрх 5084183422 дугаар дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 5 удаагийн гүйлгээгээр 123 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэсэн утгаар шилжүүлжээ. /хэргийн 52-54 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Д.Н- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Компанийн хувьцаа эзэмшигч байх үедээ компанид хувьцаанаас гадуур 167 000 000 төгрөгийг зээл хэлбэрээр шилжүүлсэн” гэж тайлбарлаж байх боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх мөнгийг зээлийн гэрээний зориулалтаар хариуцагчид шилжүүлсэн болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 44 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Мөн нэхэмжлэгч 123 000 000 төгрөг компанийн санхүүгийн тайланд өглөг байдлаар бүртгэгдсэн талаар хариуцагч “А н у” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд тусгагдсан гэх боловч нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө хариуцагч компанийн бусдад буюу нэхэмжлэгчид өгөх өр төлбөрт багтсан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00481 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Н-, өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                       ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                   С.ЭНХТӨР