Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01181

 

С.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр магадлалтай,

С.Дын нэхэмжлэлтэй,

Ш.Эөд холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2,972,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ш.Эөд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2,972,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш.Эөөс гэм хорын хохиролд 2,972,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Д нь Улсын тэмдэгтийн хураамжид 62,516 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Ш.Эөөс 62,516 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд олгож шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш.Эөөс эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1,558,212 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,414,638 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг: “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Ш.Эөөс тэмдэгтийн хураамж 39,881 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ш.Эөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 62,520 төгрөгөөс давж заалдах гомдол хангагдсан хэсэгт ногдох 37,584 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх хэсгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Ш.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Д нь эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардал 2,972,850 төгрөг надаас нэхэмжилсэн ба би давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүх хянаад зарим баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр хасаж 1,414,638 төгрөг төлүүлэхээр болсон. Би тодорхой хэсэг хасагдсан баярлаж байгаа боловч амьдралын хувьд үнэхээр хүн ямар ч орлогогүй, ажилгүй бие муу учир группэд байдаг. Уг нь бид хоёр сайн танил байсан. С.Дын бөөгийн асуудлаар Дархан хот ороод буцаж явахдаа осол болж Дуламхандын хүү, миний охин нас барж, бид хоёр биедээ гэмтэл авсан. Энэ хэргийн улмаас би хорих ял эдэлж саяхан гарсан. Миний энэ байдлыг С.Д сайн мэдэж, өөрийн биеийн байдал гайгүй л ажил төрөл хийж байгаа гэж би сонссон. Би хэрэгт цугларсан нотлох баримтад ч эргэлзэж давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй. Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж нотлох баримтыг нарийн шалгаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Ш.Эөд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2,972,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

7.Анхан шатны шүүх хариуцагчаас 2,972,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 1,558,212 төгрөг олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

8.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зөв гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ш.Э нь автомашин жолоодон явахдаа болгоомжгүй хууль бус үйлдлийн улмаас осол гаргасан, уг ослоос бусдын амь нас хохироосон, түүнчлэн нэхэмжлэгч С.Дын биемахбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор тогтоосон байх тул уг үйлдлээс нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хүлээнэ.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч эмчилгээ сувилгаа хийлгэх, эм тариа худалдан авсан зардлаа шаардсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс гарсан осол, уг ослоос биемахбодид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодитоор харьцуулан үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн гомдолд дурдсан “ажил эрхэлдэггүй, орлогогүй, ослын улмаас хэн аль нь хохирсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ш.Эийн 2021.01.18-ны өдөр 37,600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН