Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/291

 

 

 

 

 

 

      2024      03         20                                   2024/ШЦТ/291

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч О.Д , түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д д холбогдох эрүүгийн 2406 00000 0098 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон хэргийн талаар:

О.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” караокед шалтгаангүйгээр хохирогч Б.Д ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 48 минутад 990785... дугаараас “Бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7 дахь тал/,

Хохирогч Б.Д ын “Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний 23 цагийн орчим найз Э ийн хамт Баянзүрх дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  караоке руу орж 0,5 литрийн Heineken нэртэй шар айраг 2 шилийг уусан. Тэгээд би найз Э ийг караокены гаднаас таксинд суулгаж өгчхөөд буцаж караоке руу орж өөрийн куртикийг авах гээд явах замд караокены үүдэнд 30 орчим насны, 175 см өндөртэй үл таних эрэгтэй хүн намайг оруулахгүй гээд шууд нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би газарт унах үед караокены хамгаалагч намайг босгож ирээд дотогш оруулж духны шалбархайн дээр лент нааж, ариун цэврийн өрөөнд нүүрний цусыг угаалгасан. Тухайн үл таних хүнд зодуулснаас болж миний дух шалбарч, баруун нүд бүрэлзээд байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 дугаартай “Б.Д ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “Таньж олуулах ажиллагаанд сэжиглэж буй О.Д ий 3х4 хэмжээтэй цээж зургийг адил төстэй хүмүүсийн 3х4 хэмжээтэй 5 ширхэг өөр өөр зурагтай хамт байршуулан дугаарласан ба О.Д ий зургийг  5 дугаарт байршуулан ажиллагааг эхлүүлэхээр тогтов. Хохирогч Б.Д  нь 5 дугаарт байрлуулсан О.Д ий зургийг харсан даруйдаа заах бөгөөд ямар шинж тэмдгээр таньж байгааг асуухад царайны ерөнхий төрхөөр нь таньж чадна, тухайн үед халимаг үстэй, өндөр хамартай, онигор нүдтэй, 175 см орчим өндөртэй, 30-35 орчим насны том биетэй, сартгар хамартай эрэгтэй байсан энэ хүн мөн байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 19-22 дахь тал/,

Яллагдагч О.Д ий “Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  караокед хуурай дүү болох У ын хамт очсон. Тэгээд би 0.5 литрийн Экс нэртэй цагаан архи 1 шилийг, 0.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 12 шилийг У , Т  нарын хамт хувааж уусан байсан. Түүнээс хойш нэг мэдэхэд уусан архиндаа согтож 35 орчим насны эрэгтэй хүнтэй маргаан үүсгэж цагдаагийн байгууллагад ирсэн байсан. Би тухайн хүнтэй ямар шалтгаанаас болж маргаан үүсгэсэн, биед нь халдсан эсэх талаараа санахгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн биеэ хянах чадваргүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дахь тал/,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 72-77 дахь тал/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний 04/6162 дугаартай “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Ялтан О.Д ий ялын тооцоог 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар тооцоход 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас 01 сар 25 хоногийг эдэлж, 04 сар 05 хоногийн ялын үлдэгдэлтэй байна. Иймд ялтан О.Д ий эдлээгүй үлдсэн 04 сар 05 хоногийн ялыг нэмж нэгтгэж өгнө үү” гэсэн  албан бичиг /хх-ийн 95 дахь тал/, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Д ын эзэмшлийн хаан банкны .. тоот данс руу Дөлгөөн гэх утгатайгаар 400,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга 1 хуудас,

ТБА ХХК-ийн “Манай ТБА ХХК /РД:..../ нь .....  ...  төвд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд О овогтой Д нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн манай байгууллагад хамгаалагчаар ажиллаж эхэлсэн ба одоо зохион байгуулагч албан тушаалтай ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт 1 хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

  Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч О.Д , түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч О.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” караокед шалтгаангүйгээр хохирогч Б.Д ын нүүрэн тус газарт цохьж эрүүл мэндэд духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч Б.Д , яллагдагч О.Д  нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байна.

            Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр О.Д д холбогдох хэрэг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн, тус өдрийн орой О.Д  нь өөрийн ажилладаг ...  караокед найз нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн цаг хугацаанд тус газарт хохирогч Б.Д  найз нарын хамт үйлчлүүлж байсан, улмаар 23 цагийн орчим О.Д , Б.Д  нар караокены үүд хэсэгт  таарсан, улмаар О.Д  нь Б.Д ыг үгийн зөрүүгүй нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон, Б.Д ын эрүүл мэндэд хөнгөн зэргийг гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдлоо.  

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Хохирогч мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

Шүүгдэгч  О.Д  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Д ий хохирогч Б.Д  руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийг гэмтэл учирсан байх О.Д ий үйлдэл, хохирогч Б.Д ын биед учирсан эрүүл мэндийн хохирол 2 шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул О.Д ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Д  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлыг баримтаар нэхэмжлээгүй боловч шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 400,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Д ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Д  нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэх санал гаргасан бол, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нямсүрэн улсын яллагчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

О.Д ий хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Д  нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ба 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 4 сар 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн байна.

Шүүхээс урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн өдрөө дахин хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршин суух тодорхой хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, согтуугаар олон нийтийн газар шалтгаангүйгээр хүний биед хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

О.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д ийг 6 /зургаа/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөл дээрх ялыг эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Д  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Д  нь энэ хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдрийг хүртэл 5 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон, уг хугацааг эдэлбэл зохих зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Зорчих эрхийг хязгаарлах ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу ял солих эсэх асуудал хөндөгдөх учиртайг анхаарвал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Д д мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Д ий цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д  нь бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ