Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 69

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2021/00069

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01005/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** тоот хаягт оршин суугаа, /утас ***/, ***регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** тоот хаягт оршин суугаа, /утас ***/, *** регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчөөс ногдох хувь 75 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.******* нь нөхөр Б.*******тэй 2008 онд анх танилцаж үерхэж байгаад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. Бидний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 02 р сарын 21-нд охин Д.Намуулан, 2015 оны 04 сарын 09-нд охин Д.Оюунтуяа нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд нөхөр Б.******* нь байнга архи ууж, ар гэртээ анхаарал тавихаа больсон бөгөөд гэр орондоо ирэх нь ч ховордсон. Архи уусан үедээ 2 охиныхоо дэргэд намайг элдэв бусаар хэлж, доромжлох болсон. Нэг бус удаа миний эрх чөлөөнд халдаж зодож, нүдэх болсон. Сүүлд 2020 оны 05 сарын 01-ний өдөр намайг зодож биед минь хөнгөн гэмтэл учруулсан хэрэг нь одоо цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Архи уусан үедээ биеэ зөв авч явж чадахгүй байнга хүнтэй зодоон цохион хийж зодуулж орж ирдэг. Согтуу орж ирсэн үедээ бэлэг эрхтэнээ гаргаад шээж, бөөлжинө. Согтуу орж ирсэн үед нь би шөнөжин харж нойргүй хонодог. Хэрэлдэж байхдаа 2-3 удаа хоолойг минь боож байсан. Энэ хугацаанд би 2 хүүхдээ бодож олон удаа уучилж, амьдарч ирсэн. Гэвч энэ байдал дээрдэхгүй улам дордож байнга доромжлох болсон. Бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэж дайрч доромжилж байна. Иймд би ийм орчинд 2 охиноо өсгөхийг хүсэхгүй байна. Би түүнд 2 охиноо том болохоос өмнө өөрийнхөө байгаа байдалд дүгнэлт хий засар гэж хэлэхээр өөрийгөө өмөөрөөд уурлаад байдаг. Ийм нөхцөл байдлаас болж бид 2 тусдаа амьдарч байгаа. Би нэг өрөө байранд машиныг нь авч үлдээд таксинд тойрч 2 охиноо тэжээж байсан. Гэтэл 2020 оны 07 сарын 02-ны өдөр гэнэт ээж, аавтайгаа орж ирээд машинаа байрны гэрчилгээнүүдийн хамт аваад явсан.

Гэтэл би үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар дээр байрнуудын гэрчилгээг солиулахаар явж байгааг харсан. Бидний хамтын амьдралын явцад бий болсон Дархан сумын 1*** тоот 1 өрөө орон сууц, Дархан сумын ***3 өрөө орон сууц, приүс-30 маркийн *** улсын дугаартай автомашин байдаг юм. Иймд Б.******* бидний гэрлэлтийн баталгааг цуцалж, охин Д.Намуулан, Д.Оюунтуяа нарыг миний асрамжинд үлдээж, Б.*******гээс 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгож, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Дархан сумын*** өрөө орон сууцыг 30,000,000 төгрөг, Дархан сумын ****0 тоот 3 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр, приүс-30 маркийн 1998ДАА улсын дугаартай автомашиныг 12,000,000 төгрөгөөр нийт 100,000,000 төгрөгөөр тооцож 2 хүүхэд болон өөрт ноогдох хэсгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч А.*******, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.*******гээс гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй охин Д.Намуулан, Д.Оюунтуяа нарыг өөрийн асрамжид авах, 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох, нийт 100,000,000 төгрөгийн үнэ бүхий дундын эд хөрөнгөөс Дархан сумын *** тоот 1 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөг, Дархан сумын 9-р баг, 4-р хороолол,*** тоот 3 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр, приүс-30 маркийн ****А улсын дугаартай автомашиныг 12,000,000 төгрөгөөр үнэлж 2 хүүхдэд болон өөрт ногдох хэсэг болох 75,000,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Одоо шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул дүгнэлтэд дурдсан дүнгээс 3 хүнд ногдох хэсэг буюу 68 625 000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна... гэв.

 

Хариуцагч Б.******* түүний өмгөөлөгч Л.Цуурай нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би А.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй.

Учир нь энэ хүний ярьж бичээд байгаа шиг 100 хувь муу муухай хүн бишээ би. Бид анх амьдрахдаа эхнэр нөхрөө хүндэтгэнэ, хайрлана, жаргаана гэж л итгэлцэж, хайрлаж, амьдарцгаасан.

Би оюутан байхдаа энэ хүнтэй танилцаж 2 хүүхэдтэй аав, ээж болж амьдарсаар 12 жил болсон. Би барилгын инженер байж байгаад амьдрахын төлөө зүтгэж ажлаа орхин 8 жил хотын тендерт таксинд явснаар амьдралаа дээшлүүлсэн. Би эхнэртээ олсон, авснаа харамгүй зарцуулж, идэж уух, өмсөх зүүх, унах унаагаар юугаар ч дутаагаагүй. Булган дээл өмсөнө, харрьер машин унана, годон гутал өмсөнө гэхэд би бүгдийг нь авч өгч эхнэртээ бүхнээ зориулж байсан. Бид хоёр бусдын адил сайхан амьдарсан. А.******* амьдралдаа огт ажил хийж үзээгүй, одоо ч ажилгүй байгаа. Би 2016 оноос эхлэн өшөө дээш нь амьдралаа сайжруулах гэж цалин ахиутайг нь бодон Таван толгой компанид шаланз машинаар түрээсэнд явж байсан. Ингээд хааяа амралтаар ирж цалин мөнгөө өгчхөөд буцдаг байсан юм. Хэсэг хугацааны дараа намайг ирэхэд эхнэрийн ааш, хаяг нь өөрчлөгдөж халамжгүй, хөндийрч эхэлсэн. Учир байдлыг мэдтэл эхнэр маань Дархан-Уул аймгийн Замын цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахлах ахлагч Б.Зоригтбаатар гэдэг хүнтэй гэр бүл, эр эмийн харилцаатай болж түүнтэйгээ мессеж бичилцэж, амьдралаа бусниулахаар шийдсэн байсан. Энэ цагаас би эхнэртээ гомдож архи ууж гар хүрсэн нь үнэн. Энэ үе бол цагаан сарын үе юм. Үүнээс өмнө дээрх хүнтэй холбоотой болсон байсан. Ингээд гомдсон сэтгэл минь эцэстээ гэр бүлийн хүчирхийлэгч гэдэг нэр зүүсэн. Цаашид гомдсон сэтгэл минь энэ хүнтэй амьдрах хүсэлгүй болсон. Харин 2 охин минь хойд эцгийн гар харах болсонд дэндүү харамсалтай. Үргэлж зүрх сэтгэлд охидоо бодож сэтгэл зовж явна. Иймд

1.    Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

2.    Хүүхдүүддээ тэтгэлгийг нь өгнө. Харин 2 хүүхэдтэйгээ дуртай үедээ уулзаж, авч байхыг шүүхийн шийдвэрт дурдуулах хүсэлттэй байна.

3.    Эд хөрөнгийн хувьд Сувд-Эрдэнийн яриад бичээд байгаа бүх хөрөнгийг би өөрийн хөлс хүчээр авсан. Энэ хүнээс 1 ч төгрөг ороогүй. Ялангуяа 1 өрөө байр бол миний хуваарьт хөрөнгө, А.*******тэй суугаагүй байхдаа би авсан байсан юм. Энэ байрыг би эхнэр хүүхдэдээ үлдээгээд гэр орны тавилга бүх зүйлтэйгээ үлдээж, хэдэн хувцсаа торонд хийгээд гарсан. Приүс-30 маркийн машиныг зарж 2 охиндоо хадгаламжид нь хийж өгсөн.

** тоот байр бол миний аавын байр. Миний аав, ээж насаараа хөдөө мал ахуйтай, хөдөө орон нутагт амьдарсан тул хот бараадуулж байр авч өгөхөөр шийдэж би авч өгсөн юм. Эцэг эхдээ ганц байр аваад бэлэглэчих эрх надад байгаа гэж ойлгож байна. Иймд 1 өрөө байраа өгсөн. Өөр хөрөнгө байхгүй. Приүс-30 машиныг зарж 2 охиндоо хадгаламжид өгөөд би өөртөө амьдрахад хэрэглэх гэж портер гэдэг машин авсан юм. Үүнийгээ өөрөө авна. Гэр орны тавилгыг би ч бас авах эрхтэй байх. Гэвч би авахгүй.

Хариуцагч нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: ...өмнөх тайлбартаа нэмж уг тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлдээ ******* намайг 100 хувь буруутган гэр бүл салгах болсон үндэслэлээ ...байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болсон гэж байгаа хэдий ч хариуцагчийн хувьд зарим орхигдуулсан зүйлээ нэмж тайлбарлахаас гадна нэхэмжилж буй эд хөрөнгө зэрэгт зарим нотлох баримтуудыг гарган өгч хавсаргаж өгөхийг хүслээ.

1. А.******* бидний амьдрал дандаа айдас хүйдэс хүчирхийлэлд байгаагүй. би нөхрийн зүгээс хүлээсэн үүрэг, гэр бүлээ халамжлах, эдийн засгийн хувьд юугаар ч дутаалгүй байсан нь амьдралын ихэнх хугацаанд байсан. Харин А.******* нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, утсан харилцаагаар тэр хүнтэйгээ харьцаж байсан нь надад баригдсанаар би өөрийн уур бухимдал гомдлоо барьж дийлэхгүй гар хүрч архи дарс хүртэж байсан нь үнэн. Үүний баримтыг би хавсаргалаа. Эхнэртэй маань эр эмийн харьцаатай байдаг Зоригтбаатар гэгч замын цагдаа, А.******* нар Даашка гэж намайг хэлж байгаа зүгээр л чамайг минь орхиод явчихдаггүй юм байхдаа гэж А.******* ...өөрийгөө ч дийлэхгүй чам руу мессеж бичиж чамтай уулзахыг хүсдэг гэж мессежлэн хоорондоо харьдаг байсан. Үүнийг нь мэдсэн үзсэн эр хүн би гомдож цөхөрсөн. Би 2 охиноо өнчрүүлэхгүй гэж хичээсэн ч болсонгүй. Шүүхэд зөвхөн намайг буруутган 10 жилийн амьдралаа үрэн таран хийж үр хүүхдээ өнчрүүлж байгаа Б.Сувд-Эрдэнийн үнэн байдлыг ойлгоосой гэж бодож байна.

2. Намайг дандаа гунигийн сүүдэр, харуулж зодож зовоож байсан юм шиг хэтэрхий харлуулж бичсэнд нь хариу болгож ямархуу жаргалтай амьдарч явсныг нь сануулах гэж сайн сайхан явсан үеийн фото зургаас хавсаргаж өгч байна.

3. Эд хөрөнгийн хувьд би А.*******д харрьер машин авч өгсөн тансаглуулж сүүлд нь өөрийнх нь хүсэлтээр приүс-30 маркийн машин болгож өгсөн. Үүнийг зарж 2 охиндоо хадгаламжид нь хийж өгсөн. Мөнгө нь Б.Сувд-Эрдэнийн мэдэлд байгаа. Ингээд би эцэст нь унах унаагүй, орох орон ч үгүй болоод хөөгдөж гарсан. Одоо надад энэ хүнд өгөх эд хөрөнгө байхгүй. Дархан сумын 14-р багийн *** тоот орон сууц нь миний нэр дээр байдаг хэдий ч 2 охин болон А.******* нар одоо эзэмшээд байж байгаа. 9-р багийн *** тоот байрыг би эцэг эхийн өөрсдийн мөнгөөр тэдэнд авч өгсөн. Худалдан авах үед аав ээж минь Сэлэнгэ аймгийн Номгон суманд амьдардаг болохоор би өөрт нэр дээр аваад дараа нь хууль ёсоор аавдаа шилжүүлж өгсөн нь үнэн юм. Энэ байр бол бидэнд огт хамаагүй А.******* энэ нэхэмжлэл дээрээ *** гэсэн байна лээ. Байрны дугаарыг нь мэдэхгүй, шагайж үзээгүй байж хөгшин эцэг эхийн минь байр оронг булаалдах эрх байхгүй гэж би ойлгож байна. Харин би өөрсдийн эзэмшлийн ** байрнаас өөрт ногдуулах хэсгээ авна. Хэдийгээр энэ хүн надтай амьдрахгүй ч би цаашид амьд явж амьдрахыг хүснэ гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 75 000 000 төгрөг гэж тодорхойлж ирүүлжээ. /хх-ийн 24-25 дугаар тал/

 

Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан бууруулж гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 68 625 000 төгрөг гаргуулна гэж тайлбар гаргасан.

 

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 1 өрөө 26 сая төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцыг нэхэмжлэгч болон хүүхдүүдээ өгнө, 3 өрөө орон сууц миний эцгийн хөрөнгө тул дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцохгүй, машинаа өөрөө авч зарж борлуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна. /хх-ийн 27-30 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зохигчид нь 2008 онд танилцаж гэр бүл болох зорилгоор үерхэж байгаад 2011 онд албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулсан байна. Энэ хугацаанд буюу 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Д.Намуулан, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Д.Оюунтуяа нарыг төрүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн 0165287 тоот гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-12 дугаар тал/

Нэхэмжлэгч нь ...сүүлийн жилүүдэд нөхөр Б.******* архи ууж, ар гэртээ анхаарал тавихаа больсон гэр орондоо ирэх нь ховордсон, архи уусан үедээ 2 охиныхоо дэргэд элдэв бусаар хэлж доромжлох болсон. Нэг бус удаа эрх чөлөөнд халдаж, зодох, нүдэх болсон гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь өөр бусадтай холбоотой болсныг цахим чатаас нь мэдсэн цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.******* нь 2020 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 39 дүгээр байрны 116 тоот гэртээ хүүхдүүд болох Д.Намуулан, Д.Оюунтуяа нарын дэргэд архидан согтуурч, эхнэр А.Сувд-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь баруун хацар, доод эрүү, баруун бугалга, доод далны доод хэсэг, бүсэлхий нуруунд цус хуралт үүсгэсэн гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ЗШ/211 дугаартай шийтгэвэрээр 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 45-46 дугаар тал/

 

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар хариуцагч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхнэр болон хүүхдийн амгалан тайван амьдрах нөхцөл байдлыг алдагдуулдаг, хардалтын улмаас гэр орондоо хэрүүл маргаан үүсгэж, бусдын эрх чөлөөнд халдсан байдал тогтоогдож, талууд цаашид хамтран амьдрах боломжгүй талаар гаргасан тайлбар зэргийг үндэслэн зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Д.Намуулан, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн Д.Оюунтуяа нарыг эх А.Сувд-Эрдэнийн асрамжинд үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.4-д Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан тул Д.Намуулан, Д.Оюунтуяа нарт эцэг Б.*******гээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч А.******* нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд Дархан сумын 14-р баг 39 дүгээр байрны 116 тоот, 1 өрөө орон сууц, Дархан сумын 9 дүгээр баг 4-***3 өрөө орон сууц, Приус 30 маркийн ** ДАА улсын дугаартай автомашин гэж тодорхойлон нийт 100 сая төгрөг гэж ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 81-82 дугаар тал/

Капитал зууч ХХК-ны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг ***т /хуучнаар/-ын 21,0 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**дугаартай бүхий 1 өрөө орон сууцыг 26 000 000 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол ***тоотын / хуучнаар/ 39,0 мкв талбай бүхий 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай орон сууцыг 54 000 000 төгрөгөөр, Тоёота Приус-30 маркийн ** улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн суудлын автомашиныг 11 500 000 төгрөгөөр тус тус үнэлж ирүүлсэн үнэлгээний тайлантай зохигчдын хэн аль нь танилцаж санал хүсэлт гаргаагүй байна. /хх-ийн 90-103 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ирүүлсэн байх бөгөөд маргааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол *** тоот орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.*******д, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.Болдбарсад өмчлөх эрхийг шилжүүлсэн талаар холбогдох нотлох баримтууд, /хх-ийн 53, 73-77 дугаар тал/

Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол ** тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 2003 оны 8 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Болдбарс, С.Хашхүү, Б.******* нарт 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэлээр иргэн Б.*******д өмчлөх эрх шилжсэн талаар холбогдох баримтууд, /хх-ийн 110-123 дугаар тал/

 

Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 387 дугаартай лавлагаагаар 1*** ДАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Б.******* 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдэж, 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эзэмших эрх бусдад шилжсэн талаар холбогдох баримтуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 53-54 дүгээр тал/

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2007 онд аав Барсболд 45 сая төгрөгөөр Шланз машин авч өгснөөр Өмнөговьд нүүрсэнд явж амьдрал ахуйгаа дээшлүүлж байсан, түүнийгээ зарж борлуулаад Toyota Harrier маркийн авто машин үлдсэн мөнгөөр нь Приус 30 маркийн автомашиныг авч унаж байгаад 2020 оны 5 сард Toyota Harrier маркийн авто машиныг зарж 3 өрөө орон сууцыг авсан. Тэгээд эцэг эхээс өгсөн мөнгөөр байр авсан тул орон сууцыг шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд дээрх тайлбар нь хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс архив, лавлагааны тасгийн архивын мэргэжилтний тодорхойлолт /хх-ийн 127 дугаар тал/, Ц.******* Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 45 сая төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-ийн 61 дүгээр тал/, гэрч Ц.Болдбарс, С.Хашхүү нарт хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.******* нь хадам аав Болдбарсаас шланз машин авахад 45 сая төгрөг шилжүүлсэн гэж маргаагүй боловч Б.******* нь өөрийн мал хөрөнгөтэй тэр хөрөнгийг нь эцэг нь малладаг учир түүний сүү, сааль болон бусад олсон орлогоос бий болсон мөнгө тул буцааж өгөх шаардлагагүй гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө, 126.4-д Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэжээ.

 

Хэдийгээр хариуцагч Б.******* нь гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдарч байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрны №253 тоотын /хуучнаар/ 39,0 мкв талбай бүхий 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006863 дугаартай орон сууцыг өөрийн эцэг Ц.******* өмчлөлд шилжүүлсэн, Приус 30 маркийн 1998 ДАА улсын дугаартай автомашиныг зарж борлуулсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч эдгээр хөрөнгийг гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх бөгөөд бусдын өмчлөлд шилжүүлсэн болон зарж борлуулсан байдал нь дээрх хөрөнгийн үнийн дүнгээс ногдох хэсэг гаргуулахад саад болохгүй.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна, 130 дугаар зүйлийн 130.1-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно, 129 дүгээр зүйлийн 129.4-т Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно гэжээ.

 

Дээрх хуулинд зааснаар гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдгээрийн хүүхдүүд орохгүй бөгөөд хөрөнгө бий болоход оруулсан гэр бүлийн бусад этгээд орох тул Капитал зууч ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн нийт үнийн дүн болох 91 500 000 төгрөгөөс гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг бий болоход эцэг Ц.Болдбарсаас оруулсан 45 сая төгрөгийг хасаж / 91 500 000 - 45 000 000 = 46 500 000/ үлдэх төгрөгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хэмжээгээр хувааж 46 500 000 : 4 = 11 625 000 /нэг хүнд ногдох/, 11 625 000 х 3 = 34 875 000 төгрөгийг / А.*******, Д.Намуулан, Д.Оюунтуяа нарт оногдох/ хариуцагч Б.*******гээс гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 868 600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн бууруулсан шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож, илүү төлсөн 125 050 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 342 925 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 53 024 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******, ******* овогт Адьяасүрэнгийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Д.Намуулан, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн Д.Оюунтуяа нарыг эх А.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.*******гээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Б.*******, эх А.******* нарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-д тус тус зааснаар хариуцагч Б.*******гээс 34 875 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож, үлдэх 33 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 868 600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 125 050 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.*******д, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 342 925 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 53 024 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Банзрагчид даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА